Цаг үе
Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 300 айлын орон сууц ашиглалтад орлоо
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд өнөөдөр 300 айлын орон сууц ашиглалтад орлоо. Төсөл гүйцэтгэгч “Баганат өргөө” ХХК нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд өмнөх онуудад 1000 айлын орон сууцыг хүлээлгэн өгсөн. Тус аж ахуйн нэгж нийт 5000 айлын орон сууц ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа бөгөөд энэ ондоо багтаж 2500 айлын орон сууцыг хүлээлгэн өгөх юм. Ингэхдээ олон улсын жишигт нийцсэн ногоон байгууламж, автомашины зогсоолыг давхар шийджээ.

НИТХ-ын Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны дарга Б.Сүхбаатар “Цар тахлын дараах эдийн засгийн хүнд нөхцөлд гэр хорооллын дахин төлөвлөлт зогсолтгүй явж байгаа нь сайшаалтай. Анх Нийслэлийн Засаг даргын Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогчийн ажлаа авах үед энэ хүрээнд 30 гаруй аж ахуйн нэгж талбарт шалгарсан байсан. Үүнээс зөвхөн 10 орчим аж ахуйн нэгж бодитой үйл ажиллагаа явуулж байлаа. Харин одоо 43 аж ахуйн нэгж 53 хэсэгчилсэн талбайд үйл ажиллагаа явуулж байна.
Жилд 1500-1800 айлын орон сууц ашиглалтад ордог байсан бол энэ жил 4500-6000 айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. “Баганат өргөө” ХХК-ийн бүтээн байгуулсан 300 айлын орон сууцыг Улсын комисс хүлээн авч байна. Тухайн компани дахин төлөвлөлтийн ажилд манлайлан оролцож байгаа. Нийслэл болон Засгийн газраас аж ахуйн нэгжүүдээс хүсэж байгаа хэд хэдэн зүйл бий. Тухайлбал, ипотекийн зээлийг гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд түлхүү өгөхөд анхаарах, мөн хөнгөлөлттэй зээлийг санал болгох, дэд бүтцийг анхаарах зэрэг юм. Гэр хорооллын дахин төлөвлөлт нь агаар, орчны бохирдлыг бууруулах хамгийн чухал төслүүдийн нэг учир бид аль болох дэмжин ажиллана” хэмээв.

“Баганат өргөө” ХХК-ийн Ерөнхий захирал О.Батсайхан “Манай компани олон улсын жишигт нийцсэн барилга барихад анхаарч, инженерийн шугам сүлжээ, нийгмийн дэд бүтцээ бэлдсэний дараа барилгын ажлаа эхлүүлсэн. 250 мянган метр квадрат бүхий айлын орон сууц, 160 мянган метр квадрат үйлчилгээний талбай багтаж байгаа. Гэрээний үүргийн дагуу 260 өрхтэй гэрээ байгуулснаас 200 гаруй айлын гэрээ дүгнэгдэж, 420 айл байранд орсон. Газар чөлөөлөлт 80 хувьтай үргэлжилж байна. Мөн хоёр сургууль, хоёр цэцэрлэг төлөвлөсөн. Нэг цэцэрлэгийг өнгөрсөн жил ашиглалтад оруулсан. Нийт 30.3 га талбайн 4.7 га талбайд барилга байгууламж, дөрвөн га талбайд авто зам, 16 га талбайд ногоон байгууламж бий болохоор шийдвэрлэсэн. Бүх ажлаа олон улсын стандартад нийцсэнээр хийж гүйцэтгэсэн” гэлээ.



Цаг үе
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-д хийж байгаа ажлын айлчлалын хүрээнд Онцгой байдлын удирдлагын сайд Жан Чэнжунтай албан уулзалт хийлээ.
Уулзалтаар Шадар сайд Н.Номтойбаяр хоёр улсын Онцгой байдлын салбар гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2021 онд Гамшигтай тэмцэх санамж бичиг, 2022 онд Хил орчмын ой хээрийн түймэртэй тэмцэх хэлэлцээрийг тус тус байгуулсан бөгөөд уг гэрээ хэлцлийг шинэ түвшинд гаргах нь чухал гэдгийг онцлов. Тодруулбал, Хятадын баруун хойд хязгаартай хиллэдэг Монгол Улсын баруун бүс нутагт газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж буй, зүүн хязгаар бүсэд хуурайшилтын улмаас ой хээрийн түймрийн давтамж их байгаа тул учраас хил орчмын бүс нутагт хоёр орны онцгой байдлын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх шаардлагатай байгааг тодотголоо.
Түүнчлэн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэхэд ашиглаж буй Хятадын дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж, хиймэл оюун ухаан, сансрын технологийн ашиглалт зэргийг судалж, худалдан авах талаар Шадар сайд Н.Номтойбаяр онцолж байна.
Тэрбээр, БНХАУ-ын Ус, цаг уурын орчны хүрээлэнд хэрэглэж буй гамшгийн мэдээллийн систем, радар болон онцгой байдлын салбарт ашиглаж буй дэвшилтэт, орчин үеийн технологи, тоног төхөөрөмжийг манай улс нэвтрүүлснээр бүс нутгийн хэмжээнд гамшгаас хамгаалах нөхцөл бүрдэнэ гэв. Мөн онцгой байдал, ус, цаг уурын алба хаагчдыг БНХАУ-д чадавхжуулах, сургах, удирдлага менежментийн арга барилыг мэргэжлийн түвшинд бэлтгэх чиглэлээр санал дэвшүүллээ.
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын сайд Жан хоёр улсын онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг Монгол Улс, БНХАУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны гол амжилтын нэг нь болгохыг хүсэж буйгаа онцлон тэмдэглэлээ.
Тэрбээр, Хятад Улс гамшигтай тэмцэх, гамшиг бууруулах, аюулгүй үйлдвэрлэл болон аврах ажиллагааны хөтөлбөрийн дагуу өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд гамшиг, ослын тоо, гарз хохирол 36-39 хувиар буурсан бөгөөд Монгол Улстай хил орчмын бүс нутгийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах чиглэлээр ажиллах бүрэн боломжтой хэмээв.
Хоёр орны онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаар хэрэгжүүлэх нэгдсэн үйл ажиллагааны хөтөлбөрийг нэн даруй боловсруулж, хэрэгжүүлэх ажлын жагсаалт гарган хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Мөн аврах ажиллагаа, дроны сургалт явуулах, Монгол Улсын онцгой байдлын алба хаагчдад гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр өөрсдийн ашиглаж буй дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжүүдийг танилцуулах, сургалт явуулахад хамтран ажиллаж, харилцаагаа өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

Цаг үе
Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөж байна
Шувууны томуу нь хүн болон амьтны эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй халдварт өвчин юм.
Иргэн бүр эрсдэлээс урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх нь чухал.
-Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байх
-Эрсдэлтэй бүс нутагт зорчихоос зайлсхийх
-Шувууны гаралтай түүхий бүтээгдэхүүнтэй харьцсаны дараа гараа сайтар угаах
-Шувууны аж ахуй, худалдааны газраар шаардлагагүй тохиолдолд зорчихгүй байхыг ЗӨСҮТ-өөс мэдээллээ.

Цаг үе
Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
Улсын хэмжээнд энэ төрлийн 174 хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагийн 163 буюу 93.7 хувь нь Нийслэл, дүүргийн, 11 буюу 6.3 хувь нь орон нутгийн прокурорын газрын хяналтад тус тус шалгагдаж байна.
Мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа 32 хэрэгт 1,283 хүнийг хохирогчоор тогтоож, 52 хүнийг яллагдагчаар татаж, 545,5 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, мөн хохирол нөхөн төлүүлэх зорилгоор 7,2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 490 сая төгрөгийн үнийн дүн бүхий эд хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээ аваад байна.
Хэргийн 93.7 хувь нь Нийслэлийн нутаг дэвсгэрт шалгагдаж байгаатай холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас ажлын хэсэг байгуулж, хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэх чиглэлээр прокурор болон мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллахаар болжээ.
Тодруулахад, 2024-2026 онуудад орон сууц худалдах, худалдан авах, түрээслэх нэрийдлээр бусдыг залилсантай холбоотой хэрэгт 10 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 44,6 тэрбум төгрөгийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч, 227,8 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилж хөрөнгө хамгаалах арга хэмжээ авсан байна.
Мөн 170 хэрэгт 3,651 хүнийг хохирогчоор тогтоож, 301 хүнийг яллагдагчаар татаж прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.
-
Шударга мэдээ2021/10/19
Цар тахлын дэглэм зөрчсөн “Собт трейд” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цу...
-
Цаг үе2022/02/15
Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн
-
Цаг үе2024/05/27
Үерийн аман дээр буусан айл өрхүүдэд газар чөлөөлөх мэдэгдэл хүргүүлж байна
-
Цаг үе2025/04/18
Хот, нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэл үргэлжилж байна
