Бидэнтэй нэгдэх

Цаг үе

СПОРТ ДАХЬ АВЛИГА: Дэлхий дахинаа өсөн нэмэгдэж буй асуудал

Огноо:

,

Спортын ертөнцөд авлигын дуулиан хаа сайгүй байна.

Спортын эргэн тойрон дахь авлигын хамгийн алдартай жишээ бол Орос, Катарын хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнтэй холбоотой дуулиан юм. Сануулахад, Азийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч асан Катар улсын иргэн Mohamed Bin Hammam нь 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхийн төлөө дэмжлэг авахын тулд Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA)-ны албан тушаалтнуудад  5 сая доллар өгч, энэ үйлдлийнх нь улмаас түүнийг бүх насаар нь FIFA-гийн гишүүнчлэлээс хассан юм. Энэхүү дуулиан нь FIFA-гийн ерөнхийлөгч Sepp Blatter, дэд ерөнхийлөгч Michel Platini нарыг огцроход хүргэсэн бөгөөд тэдний гэм буруугийн шүүх хурал 7 дугаар сарын 8-ны өдөр болох юм. Хэрэв тэд дээрх хууль бус үйлдлийг хийсэн нь нотлогдвол 5 хүртэлх жилийн хорих ял оноох юм. 

Гэвч Швейцарийн прокурорууд сул дорой гэдгээ харуулан тэдэнд хорих ял бус 20 сарын тэнсэн харгалзах ял санал болгоод байна.

Швейцарийн давж заалдах шатны шүүхээс Катарын бизнесмэн, beIN Media Group-ийн ТУЗ-ийн дарга, Катарын спортын хөрөнгө оруулалтын байгууллагын ТУЗ-ийн дарга, Парис Saint-Germain спорт клубийн ерөнхийлөгч, Катарын теннисний холбооны ерөнхийлөгч, Азийн теннисний холбооны Баруун Азийн дэд ерөнхийлөгч Nasser Al-Khelaifi-д холбогдох авлигын хэргийг хэрэгсэхгүй болгов.

Al-Khelaifi-ийг Швейцарийн эрх бүхий байгууллагаас хахууль өгөх, бичиг баримт хуурамчаар үйлдэх болон залилан мэхлэх гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байсан. Мөн түүний хэрэгтэй холбогдуулан FIFA-гийн ерөнхий нарийн бичгийн дарга асан Jerome Valcke-г хахууль авч 2026, 2030 оны Ойрх Дорнод, Хойд Африкийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг нэвтрүүлэх эрхийг Al-Khelaifi-ийн эзэмшдэг “beIN Sports”-д олгосон байж болзошгүй хэмээн шалгаж байжээ.

Учир нь “beIN Sports” нь тендерт оролцож шалгаралгүйгээр нэвтрүүлгийн эрхийг авсан байна. Мөн 100 сая долларын нууц гэрээ байгуулсны дараагаар Valke “FIFA beIN-гийн санал болгосноос илүү их мөнгө авч чадахгүй" гэсэн нь түүнийг мөн хэрэгт холбогдуулан шалгахад хүргэсэн.

Эцсийн дүндээ Valke-д 11 сарын хорих ял, мөн 20,000 швейцарь франк (ойролцоогоор 21,000 доллар)-ын торгууль ногдуулан, хорих ялыг тэнссэн байна. Энэ үйл явдал нь Швейцарьчууд спорт дахь авлигын хэргийг мөрдөн шалгахдаа чадварлаг хэдий ч ял оноохдоо тааруухан байгааг харуулж байна.

Мөн нэмж дурдахад Дэлхийн байт харвааны холбооноос эхлээд Дэлхийн волейболын холбоо, тэр дундаа FIFA, Олон улсын олимпын хороо зэрэг олон улсын спортын бараг бүх томоохон байгууллага Швейцарийн Лозанна хотод төвтэй байдаг.

ШВЕЙЦАРЬ УЛС- АВЛИГЫН ТӨВ

Swissinfo.ch сайт "Яагаад Швейцарь улсад спортын авлига голомтолж байна вэ" гэх  нийтлэлдээ Швейцарийг "өөрийн байгууллага дахь авлигатай тэмцэх ажлыг эрчимжүүлэх", "эрүүгийн хууль дахь авлигын гэмт хэрэгт оногдуулах ялыг чангатгах"-ыг уриалсан байна. 

Ердөө хоёрхон хоногийн өмнө Швейцарийн томоохон банкны нэг болох Credit Suisse-ийн ажилтан мөнгө угаах гэмт хэргээс урьдчилан сэргийлж чадаагүйг анхан шатны шүүхээс тогтоосон нь авлигатай тэмцэх тал дээр тус улсад сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд бараг ахиц дэвшил гараагүйг харуулж байна.

Шүүхээс Credit Suisse банканд 2 сая швейцарь франк буюу 2.1 сая ам.долларын торгууль ногдуулсан бөгөөд дээрх хэрэгт холбогдсон ажилтанд 20 сарын тэнсэн харгалзах ял болон торгууль ногдуулжээ. 33.13 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Credit Suisse-ийн хувьд 2 сая доллар нь дуслын төдий мөнгө боловч тэд тус улсын хоёр дахь том банкны хувьд давж заалдахаар төлөвлөж байна. Хэрэв Nasser Al-Khelaifi-ийн хэрэг шиг шийдэгдвэл Швейцарийн давж заалдах шатны шүүх  авлигын хэргийг хүчингүй болгох хамгийн таатай газар болох нь батлагдах юм.

Олон улсын волейболын холбооны ерөнхийлөгч, 79 настай Ary Graça өдгөө Бразил улсад татварын луйвар, мөнгө угаах болон залилан мэхлэх хэргээр шалгагдаж байгаа бөгөөд "Graça нь Banco do Brasil болон Бразилын волейболын холбооны хооронд байгуулсан гэрээний төлбөрийг өөр сэжигтэй гэрээний төлбөр барагдуулахад ашигласан" тухай мөрдөгч нар мэдээлсэн байна.

Бразилын цагдаа нар эдгээр гэрээ нь нийтдээ 10 сая ам.долларын үнэтэй гэж мэдэгдсэн байдаг. Харин Graça энэхүү мэдэгдлийг няцаасан байна.

Мөн Лозанна хотод төвтэй Олон улсын боксын холбоо (IBA) 2024 онд Парис хотноо болох Олимпын наадамд оролцох эрх болон боксын тэмцээн зохион байгуулах эрхээ алдсан байна. Олон улсын Олимпын хорооны (IOC) Гүйцэтгэх зөвлөлийн энэхүү шийдвэр нь 2016 оны Рио-де-Жанейрогийн олимпын тоглолтуудын шударга бус байдал болон санхүүгийн зөрчилтэй холбоотой юм. 

ТОГЛОЛТЫН ТОХИРОО

Спортын онлайн бооцоог хуульчилснаар дэлхийн өнцөг булан бүрт байгаа спортын байгууллагууд дохиоллын программ хангамж ашиглан мөрийтэй тоглоомын зөрчлийг илрүүлэхээр ажиллаж байна. Канадын хөлбөмбөгийн лиг эдгээр төрлийн зөрчлийг хянахын тулд Genius Sports-той хамтран ажиллах болсноо мөн зарлалаа. 

Genius Sports-ын хувьд тэд саяхан мөрдөн байцаалтын программ хангамжийн үйлчилгээ үзүүлэгч Clue-тэй хамтран тоглолт дахь булхайг илрүүлэх илүү хүчирхэг системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Тусгай зөвшөөрөлтэй бооцооны салбарт бооцооны шударга байдлын чиглэлээр дэлхийд тэргүүлэгч байгууллага болох Олон улсын бооцооны шударга байдлын нийгэмлэг (IBIA) нь спортын болон үйлчлүүлэгчдийн шударга байдлыг хамгаалах чиглэлээр уг салбар дахь авлигатай тэмцдэг. Хөлбөмбөг бооцооны зөрчлөөр хамгийн өндөр үзүүлэлттэй байгаа ч теннис тийм ч хол хоцрохгүй байна. 

Спортын бооцооны зах зээл 2021 онд 76.75 тэрбум ам.доллароор үнэлэгдэж, 2022 онд 83.65 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байгаа бөгөөд Technavio-ийн саяхан хийсэн зах зээлийн судалгаагаар 2020 оноос 2025 он хүртэл 106.25 тэрбум доллароор өсөх төлөвтэй байна.

Бооцоонд тавьж байгаа мөнгөний хэмжээ ийм их байхад спортын эргэн тойронд хахууль, мөнгө угаах, залилан мэхлэх гэмт хэрэг газар авч байгаад гайхах зүйлгүй.

2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Нигерийн Залуучууд, спортын хөгжлийн сайд Sunday Dare "тус улсын сагсан бөмбөгийн хөгжилд сөргөөр нөлөөлсөн эцэс төгсгөлгүй уналтын улмаас" энэ төрлөөр дахин олон улсын тэмцээнд оролцохгүй гэдгээ мэдэгдэв.

Dare нэмж хэлэхдээ "Нигерийг сагсан бөмбөгийн төрлөөр олон улсын тэмээнд оролцуулахгүй болсон нь засгийн газарт энэ спортыг анхан шатнаас нь шинэчлэх, мөн уналтад орсон дотоодын лигүүдийг сэргээх боломж олгох явдал юм" гэжээ.

Мөн энэ оны 12 дугаар сард Нигерийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос, тус холбооны ерөнхийлөгч асан Tijjani Umar-ийг тэтгэлгийн 12 сая ам.долларын гэрээнээс 2.2 сая ам.долларыг завшсан хэрэгт буруутгаж байгаа юм.

Нигерт болсон эдгээр эмх замбараагүй байдлын хохирогчид нь Африкийн аварга Нигерийн эмэгтэй сагсан бөмбөгийн баг бөгөөд тэд 2022 онд болох эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох боломжгүй болсон юм. Нигерийн эмэгтэй сагсан бөмбөгийн багийн тамирчид твиттер хуудастаа “Энэхүү хориг нь Нигерийг алдаршуулах болон бидний бүхий л ирээдүйн тэмцээн уралдаан, амжилт, зорилгыг үгүй хийж байна” хэмээн жиргэжээ.

Энэ спортын ирээдүй гэж үү? Хэлэх хэцүү ч спорт нэгдмэл байдлаа алдвал шүтэн бишрэгчдээ алдах нь ойлгомжтой. Үүний хамгийн тод жишээ бол Болгарын хөлбөмбөгт албан тушаалтнуудаар дамжуулан хахууль өгч тохироо хийх явдал түгээмэл болсон бөгөөд Болгарчууд уг спортыг Америкийн мэргэжлийн бөхтэй адилтгах болсон. Үүний үр дүнд 10,000 үзэгчтэй тоглолтууд 2,000 бүр 500 хүртэл буурч, дотоодын лигүүд үндсэндээ сүйрсэн байдаг.

ХАМГИЙН ӨРТӨМТГИЙ СПОРТ

НҮБ-ын 2021 оны Спорт дахь авлигын тайланд цалингийн тэгш бус байдлын улмаас эмэгтэйчүүдийн спорт авлигад өртөмтгий болж байгааг анхааруулжээ. Бага цалинтай тамирчид хахуульд өртөмтгий байдаг гэсэн судалгаа байдаг бөгөөд энэ нь ч ойлгомжтой юм. Эрэгтэй, эмэгтэй тамирчдын цалин хөлсний зөрүүг харгалзан АНУ, Канадын хөлбөмбөгийн холбооноос эмэгтэй хөлбөмбөгчдийн нөхөн олговрыг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан нь шударга ёсыг хангахад чухал алхам болсон юм. 

Коллежийн хөлбөмбөгийн хувьд, коллежийн тамирчдад ивээн тэтгэгчийн гэрээ болон бусад зар сурталчилгаанаас мөнгө олох боломж олгохоор "Нэр, дүр төрх, ижил төстэй байдал" бодлогыг нэвтрүүлсэн нь аль хэдийн тэнцвэргүй болоод байсан тоглоомын талбарыг илүү өөгшүүлэх нь дамжиггүй. Гэхдээ энэ бодлого нь эцсийн дүндээ шударга байдлыг хадгалахад ихээхэн ач холбогдолтой байж болох юм.

Энэ бүхэн хаашаа хөтөлж байгааг тааварлаж болох ч эхний ээлжинд авлигын хэрэгт оногдуулж буй ялыг бодитойгоор хэрэгжүүлэхэд анхаарах шаардлагатай байна. Мөн спортын удирдах байгууллагууд спорт дахь авлигыг бууруулахын тулд мөрийтэй тоглоомын үйл ажиллагааг сайтар хянаж байх шаардлагатай байна.

Эх сурвалж: https://boxscorenews.com

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Мал хулгайлах гэмт хэргийн улмаас учирсан 873 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ

Огноо:

,

Прокурорын байгууллагаас 2025 он, 2026 оны I улирлын байдлаар Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд заасан “Мал хулгайлах” нийт 2,144 хэрэгт хяналт тавьжээ.

Орон нутагт хамгийн ихээр мал хулгайлах гэмт хэрэг үйлдэгдэн гарч байгаа аймгуудын хувьд Хэнтий аймагт 326, Дорнод аймагт 189, Архангай аймагт 193, Сүхбаатар аймагт 163 бүртгэгдсэн байна. Нийслэлийн хэмжээнд Сонгинохайрхан дүүрэгт 65, Баянзүрх дүүрэгт 47, Хан-Уул дүүрэгт 43, Налайх, Багахангай дүүрэгт 13 бүртгэгдсэн нь хамгийн их байна.

Прокуророос мал хулгайлах гэмт хэрэгт 551 хүнийг холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсанаас насны хувьд 18 хүртэл насны 6, 18-30 насны 183, 31-44 насны 261, 45-аас дээш насны 101 хүн, хүйсийн хувьд эрэгтэй 538, эмэгтэй 13 хүн байгаа бол, ажил эрхэлдэг 66, эрхэлсэн ажилгүй 485 хүн байна.

Мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн 393 хүнд холбогдох 246 хэргийг яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснээс 239 хэрэгт 333 шүүгдэгчийг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулжээ. Тодруулбал, 262 шүүгдэгчид 1-12 жил хүртэл хугацаагаар хорих ял, 29 шүүгдэгчид 6 сараас 4 жил, 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, 42 шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр 6 сараас 2 жил хүртэл хугацаагаар тэнсэж, хянан харгалзжээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг хангах зорилгоор мөрдөн шалгах ажиллагааны явцад 349,2 сая төгрөгийн эд хөрөнгө битүүмжилж, 55,6 сая төгрөгийн эд хөрөнгийг хураан авч, нийт 873 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ.

Сүүлийн жилүүдэд мал хулгайлах гэмт хэргийн гаралт өсөх хандлагатай байгаа тул малчид та бүхэн энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд малаа байнгын хариулгатай байлгах, тэмдэгжүүлэх, хотны зохион байгуулалтыг сайжруулах, хөршийн холбоог ашиглан малаа хамтран хамгаалах, сэжигтэй үйлдэл илэрвэл цагдаагийн байгууллагад мэдээлэх нь чухал болохыг Прокурорын байгууллагаас анхааруулж байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Нас барсан иргэдийн нэрээр тэтгэвэр авч, 2.6 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ

Огноо:

,

Авлигатай тэмцэх газар-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс 2026 оны нэгдүгээр улиралд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн авлига, ашиг сонирхлын зөрчлийн 398 гомдол, мэдээлэлд хяналт шалгалт явуулжээ.

Шалгалтаар 59 тохиолдолд зөрчил тогтоогдож, хууль зөрчсөн 22 албан тушаалтанд сахилгын шийтгэл оногдуулсан байна. Мөн зөрчил арилгуулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр 45 байгууллага, албан тушаалтанд зөвлөмж хүргүүлжээ. Түүнчлэн авлигын гэмт хэргийн шинжтэй 30 үйлдлийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаанд шилжүүлсэн байна.

Тухайлбал, Зээлийн батлан даалтын сантай холбоотой шалгалтаар нэр бүхий албан тушаалтнууд нэгэн компанид батлан даалт гаргахдаа хууль зөрчсөн, мөн хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн нөхцөл тогтоогдсон тул холбогдох албан тушаалтнуудад ажлаас чөлөөлөх, албан тушаал бууруулах, цалингийн хэмжээг багасгах зэрэг сахилгын шийтгэл ногдуулжээ.

Мөн “Цемент шохой” ХХК-д хийсэн шалгалтаар санхүүгийн зөрчил болон хуурамч боловсролын баримт бичиг ашигласан нөхцөл илэрч, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг холбогдох байгууллагад шилжүүлсэн байна. Үүнтэй холбоотойгоор албан тушаалын сонгон шалгаруулалтыг хууль журмын дагуу явуулах талаар Эрдэнэс Монгол-д мэдэгдэл хүргүүлжээ.

Мөн нас барсан иргэний тэтгэврийг үргэлжлүүлэн олгосон зөрчил илэрсэн байна. Шалгалтаар улсын бүртгэл болон нийгмийн даатгалын байгууллагын мэдээллийн солилцоо хангалтгүй, холбогдох зохицуулалт дутмаг байснаас ийм нөхцөл үүссэн гэж үзжээ.

Нийгмийн даатгалын ерөнхий газар-ын 2023-2025 оны шалгалтын дүнг нягтлахад нийт 721 иргэнд нас барснаас хойш 2.6 тэрбум төгрөгийн тэтгэвэр үндэслэлгүй олгогдсон байна. Үүнээс 1.8 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлэхээр тогтоож, 1.1 тэрбум төгрөгийг бүрэн болон хэсэгчлэн барагдуулжээ. Одоогоор 758.9 сая төгрөгийг нөхөн төлөх хариуцагчийг тодруулахаар ажиллаж байгаа талаар мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Бага тойруугийн 86 байршилд скүүтер, мопедын хэрэглээнд хяналт тавина

Огноо:

,

НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяраар ахлуулсан ажлын хэсгээс өнгөрсөн онд скүүтер, мопедын замбараагүй хэрэглээнээс үүдсэн осол эндэгдлийг бууруулах хүрээнд шат дараатай ажлуудыг хийж байна. Скүүтер, мопедыг явган хүний замаар явуулахгүй байх, авто замын баруун талын хөвөөгөөр явуулах шийдвэр гарсан билээ. Тэгвэл өнөөдрийн хурлаар хэрэгжилтэд хяналт тавих асуудлаар Нийслэлийн авто замын хөгжлийн газар, Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төв зэрэг холбогдох албаныхан хэлэлцлээ.

Улмаар Бага тойруу дотор 86 байршилд нийт 186 албан хаагч хяналт тавихаар боллоо. Ингэхдээ нэг цагдаагийн албан хаагч, нэг олон нийтийн цагдаа гэсэн зохион байгуулалтаар хяналт тавих бөгөөд олон нийтийн цагдаа нарыг өнөөдөр тусгайлан сургалтад хамруулах байна.

НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр “Скүүтер, мопедыг явган хүний замаас буулгах ажлыг үе шаттай хэрэгжүүлье. Эхний ээлжинд Бага тойруу дотор явган хүний замаар явуулахгүй байхад хяналт тавих шаардлагатай байна. Өнгөрсөн намраас л хавар 16 нас хүрээгүй тохиолдолд скүүтер, мопед унах боломжгүй байх тохиргоог хийхийг аж ахуй нэгжүүдэд уриалсан, анхааруулсан. Гэтэл одоо ч зарим газруудын мопедыг 11 настай хүүхэд унаад осол гаргаж байна. Азаар хүүхэд өөрөө бэртэж гэмтээгүй байна. Хүний амь наснаас илүү бизнес байх ёсгүй. Хаа хаанаа анхаарч хамтарч ажилламаар байна” гэв.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм, Нийслэлийн Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “Мопед (скүүтер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл)-ыг нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд хязгаарлалттайгаар оролцуулах тухай” А/387 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах хүрээнд дараах зохицуулалтыг хэрэгжүүлэхээр боллоо.

Тодруулбал:

-Бага тойруу дотор явган хүний зам дээр дугуйн тэмдэглэгээ байхгүй тохиолдолд скүүтер, мопедтой зорчихгүйгээр авто замаар зорчих. Жолооч нар баруун хөвөөгөө чөлөөлж өгөх. Хөвөөгүй тохиолдолд баруун талаар зорчих боломжийг олгож бусдад хүндэтгэлтэй хандах.

-Дугуйн тэмдэглэгээтэй замаар явж байгаа тохиолдолд явган зорчигч зам тавьж өгөх. Дугуйн тэмдэглэгээтэй замаар явган хүн зорчихгүй байх

-Эхний ээлжинд Бага тойруу доторх 86 байршилд 185 алба хаагч хяналт тавьж ажиллах

-Нийслэлийн авто замын хөгжлийн газраас авто замаар скүүтер, мопед зорчих тэмдэг, тэмдэглэгээг байршуулах

-Скүүтер, мопедын зогсоолыг нэмэгдүүлэх. Аж ахуй нэгжүүд тодорхой зориулалтын тэмдэг, тэмдэглэгээ бүхий зогсоол гаргах.

-Шат дараатай ажлуудыг хийж скүүтер, мопедыг явган хүний замаас бүрэн гаргаж авто зам руу оруулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар үүрэг өглөө.

Иймд иргэд болон жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмээ чанд мөрдөж, бусдын аюулгүй байдлыг хүндэтгэн, хариуцлагатай хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм2026/04/17

НҮБ-ын Хүн ам, хөгжлийн комиссын 59 дүгээр чуулганд Монгол Улс оролц...

Шударга мэдээ2026/04/17

Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын...

Цаг үе2026/04/17

Мал хулгайлах гэмт хэргийн улмаас учирсан 873 сая төгрөгийн хохирлыг...

Цаг үе2026/04/17

Нас барсан иргэдийн нэрээр тэтгэвэр авч, 2.6 тэрбум төгрөгийн хохиро...

Шударга мэдээ2026/04/17

"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин ө...

Улстөр нийгэм2026/04/17

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад т...

Цаг үе2026/04/17

Бага тойруугийн 86 байршилд скүүтер, мопедын хэрэглээнд хяналт тавин...

Улстөр нийгэм2026/04/17

Улсын хэмжээнд 9.2 сая төл хүлээн авч, бойжилт 98.9 хувьтай байна

Цаг үе2026/04/16

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэх 100 үйлчилгээнд зөвшө...

Шударга мэдээ2026/04/16

Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогыг цахимаар зохион байгуулна

Санал болгох