Шударга мэдээ
Хувийн цэцэрлэгүүдэд 10330 хүүхдийг нэмэлтээр элсүүлэн сургана
Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны наймдугаар сарын 10-нд болж, Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авч хэрэгжүүлж байгаа цогц арга хэмжээний талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Засгийн газрын гишүүдэд танилцуулав.
Энэ ажлын хүрээнд ачаалал өндөртэй байршилд хувийн цэцэрлэгүүдэд хамран сургах тойргийн нийт 10330 хүүхдийг нэмэлтээр элсүүлэн сургахаар урьдчилан тохиролцож, нэг хүүхдэд ногдох талбайн хэмжээг бууруулан хувьсах зардлыг 2 дахин нэмэгдүүлж, хоолны зардлын хамт санхүүжүүлэхээр гэрээ хийж эхэлжээ. Мөн цэцэрлэгийн зориулалтаар түрээслэх болон худалдан авах байршлуудыг судалж, шаардлага хангасан байруудын засвар, тохижилтын ажлыг эхлүүлээд байна. Тодруулбал, цэцэрлэгийн зориулалтаар түрээслэх 83 байранд 8750, цэцэрлэгийн зориулалтаар тохижуулсан орон сууцны хороолол, хотхоны доод давхрын 14 байранд 1175, цэцэрлэгийн зориулалтаар баригдсан болон засварлаж, тохижуулсан бие даасан 7 байранд 1165 хүүхдийг тус тус хамруулахаар холбогдох тушаал шийдвэрийг үе шаттай баталгаажуулаад байна.
Түүнчлэн орчин үеийн дэвшилтэт технологийн гэр цэцэрлэгийн зураг төслийг боловсруулж, ачаалал ихтэй13 байршилд тус бүр 100 хүүхдийн хүчин чадалтай гэр цэцэрлэгийг богино хугацаанд байгуулж, 1200 хүүхдийг хамруулахаар салбарын яамнаас тооцжээ. Хүүхэд харах үйлчилгээнд 2000 хүүхэд хамруулахаар төлөвлөсөн бөгөөд одоогоор Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт 50 гаруй иргэнээс хүсэлт ирээд байна.
Энэ оны наймдугаар сарын 5-ны өдрийн байдлаар 24620 хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломж бүрдүүлээд байгааг Л.Энх-Амгалан сайд Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Үүнтэй холбогдуулан нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд батлагдсан хөрөнгийн эх үүсвэрийг үр дүнтэй зарцуулж, ажлын үр дүнг 2022 оны есдүгээр сарын 5-ны өдрийн дотор багтаан танилцуулахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд, энэ чиглэлд хийгдэх үйл ажиллагааг эрчимжүүлж, нийслэлийн дүүргийн Засаг дарга нарын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт тус тус даалгалаа.
Шударга мэдээ
ЦЕГ: Гадаад улсын виз гаргуулахтай холбоотой 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна
Цагдаагийн байгууллагад 2026 он гарснаас хойш гадаад улсын виз гаргуулахтай холбоотой нийт 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагаас зөвхөн “Бүгд найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж иргэдийг залилсан 102 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг зөвхөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар албан ёсоор бүртгэж, сонгон шалгаруулалт зохион байгуулан илгээдэг.
Тус байгууллага нь Е-9 визийн ангиллаар БНСУ-ын аж үйлдвэрийн салбарт ажиллах иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл, сонгон шалгаруулалт, үр дүнгийн мэдээллийг албан ёсны сувгуудаар хүргэдэг бөгөөд энэ төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх цорын ганц эрх бүхий байгууллага юм.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр /Е-9 визийн ангилал/ аж үйлдвэрийн салбарт ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг 2026 оны гуравдугаар сард зохион байгуулж эхэлсэн. Залилагч этгээдүүд "Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт ажилладаг", "Найдвартай виз гаргаж өгнө", "Дараалал харгалзахгүй явуулна" гэх мэт худал мэдээлэл тараан иргэдийг хуурч, их хэмжээний мөнгө залилан авах гэмт хэрэг гарсаар байгаа аж.
Энэхүү гэмт хэрэг нь жил бүрийн хавар, намрын бүртгэлийн үеүдэд идэвхэжсэн юм байна. Иймд иргэд та бүхэн БНСУ-ын хөдөлмөрийн гэрээт ажилтны бүртгэл, шалгалттай холбоотой мэдээллийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас авах, танил талаар дамжуулан виз гаргаж өгнө, шалгалтгүй явуулна гэсэн амлалтад итгэхгүй байх, урьдчилгаа төлбөр, үйлчилгээний хураамж нэрээр мөнгө шилжүүлэхээс татгалзах, сэжигтэй зар мэдээлэл, залилангийн шинжтэй үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэхийг зөвлөлөө.
Шударга мэдээ
Боловсролын зээлийн сангийн зээлээс 10.2 тэрбум төгрөг эргэн төлөгджээ
Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор “Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сангаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүд хууль бусаар тэтгэлэг авч, эргэн төлөөгүй” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг шалгах ажлын хэсэг байгуулсан байна.
Ажлын хэсгээс хэрэг бүртгэлтийн 11, мөрдөн байцаалтын 2 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Үүнээс хэрэг бүртгэлтийн 1 хэргийг хааж, 1 хэргийг нэгтгэн, мөрдөн байцаалтын 1 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
Одоогоор Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд хэрэг бүртгэлтийн 1, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 8 хэрэг шалгагдаж байгаа аж. Мөн яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай ирүүлсэн 1 хэрэг прокурорын хяналтын шатанд хянагдаж байна.
Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт 694 суралцагчаас 3,054,210 ам.долларын гадаад зээлийн эргэн төлөлт хийгджээ. Энэ нь одоогийн ханшаар 10.2 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.
Шударга мэдээ
Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо
Боловсролын сайд Л.Энх-Амгалан Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын дарга, сайд Маркус Лайтнерыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Өнгөрсөн хугацаанд Швейцарын Холбооны Улстай тогтвортой хөгжлийн боловсрол, мэргэжлийн боловсрол, сургалтын чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирснийг уулзалтын үеэр онцлон дурдлаа.
Цаашид мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт түлхүү хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхээр болов.
Мөн Швейцарын Холбооны Улсын хэрэгжүүлдэг хүртээмжтэй боловсролын бодлогоос туршлага судлах зэрэг чиглэлээр талууд санал солилцлоо.
