Шударга мэдээ
Тохижилт бүтээн байгуулалтын ажлууд эрчимтэй өрнөж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, холбогдох албаны хүмүүс өнөөдөр нийслэлийн хэмжээнд хэрэгжиж буй зарим тохижилт, бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, газар дээр нь ажиллалаа.
БОГД ХААНЫ ОРДОН МУЗЕЙН ХАШААГ БУУЛГАЖ, ГОЁЛЫН БУТ ТАРИВ

Хотын дарга эхний ээлжинд хотын төвд өрнөж буй бүтээн байгуулалттай танилцсан бол удаах зорин очсон газар нь Богд хааны ордон музей байлаа. Богд хааны ордон музейн гадна орчинд авто зогсоол, орц гарц, зүлэгжүүлэлт, чулуун замын ажил, сити 00, гэрэлтүүлэг, сандал ширээ, мод тарилт, 60 метр урт дулааны шугам шинэчилж хүчитгэх ажлыг хийж буй юм. Богд хааны ордон музейг тойрсон 161 метр урт хашааг буулгаж, оронд нь 2500 орчим анхилам үнэрт гоёлын бут суулгажээ. Түүнчлэн нийслэлийн Засаг даргын захирамжилсны дагуу тус музейн ойролцоо байршуулсан хэд хэдэн том хэмжээний самбарыг буулгасан байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Бусад хөгжингүй улс орнууд эзэн хааны ордноо ихэд хүндэтгэн эрхэмлэж, тохижилтод нь гойд анхаардаг. Манай улсад энэ соёл дутмаг байгаа нь харамсалтай. Тиймээс ч энэ жилийн бүтээн байгуулалтад Богд хааны ордон музей орчмын тохижилтыг багтаалаа. Энэхүү ордны болоод бусад тохижилтын ажилд оролцож буй үндэсний компаниудад талархах нь зүйтэй гэсэн юм. Богд хааны ордон музей орчмын тохижилтыг ирэх есдүгээр сард багтаан дуусгахаар ажиллаж буй ажээ.
БАЙГАЛИЙН БОРЖИН ЧУЛУУ, ОЙН ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ МОДЫГ ТОХИЖИЛТОД АШИГЛАЖЭЭ

Иргэдийн ая тухтай орчинд амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Дугуй цагаан орчимд болон Туул голын эрэг орчмын Бага тэнгэрийн ам, АСЕМ вилла хотхоны баруун талд хийж буй амралт, зугаалгын цогцолбор байгуулах ажлууд үргэлжилж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр тухайн байршлуудад ажиллалаа. Дугуй цагаан орчимд хүүхдийн модон тоглоом, явган зам, сити 00, тойрог бүхий тохижилтын талбай, террас, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, камержуулалт хийж байна. Тус байршилд тохижилтын ажлыг гүйцэтгэж буй нь “Цагаан толгой нуур” ХХК. Тус компанийн захирал Б.Батцэнгэл дараах байр суурийг илэрхийллээ.

-Нийтдээ 2.1 га талбайд тохижилт хийхээр төлөвлөсөн. Одоогийн байдлаар эхний гурван тойрог болон туслах замын ажил дуусч байна. Үлдсэн тойрог болон хүүхдийн тоглоом, угтах хэсгийн барилгын ажлыг тун удахгүй ашиглалтад оруулж дуусгахаар ажиллаж байна. Хүүхдийн тоглоом болон явган замд ашиглаж буй модыг Сэлэнгэ аймгийн ойн цэвэрлэгээний модноос авч, үйлдвэрт боловсруулан тохижилтод ашиглаж байгаа. Дугуй цагаанаас дээш өгсөөд горхины дэргэд террас байгуулна. Тэрхүү террас нь хүмүүс горхины дэргэд суугаад амарч тухлахад зориулж хийснээрээ онцлог. Явган хүний замыг мод, чулуугаар бүтээж байна. Халтиргаа гулгаагүй мод, чулууг сонгосон. Энэ нь бетон замаас урт настайн дээр эко бүтээгдэхүүн гэдгээрээ онцлог юм. Мөн хүүхдийн модон тоглоом хийж байна. Тохижилтын ажил эхлэх үед хүмүүс шүүмжлэх хандлагатай байсан ч одоо бол уулзсан болгон дэмжиж байгаагаа илэрхийлэх болсон гэлээ.
Дугуй цагаан орчмын тохижилтын ажил төлөвлөсний дагуу үргэлжилж байна. Тусгай хамгаалалттай газар нутагт тохижилт хийхдээ байгалийн унаган төрхийг алдагдуулахгүй байхаар хуульчилсан байдаг. Тэр дагуу байгалийн тогтоц, унаган төрхийг хадгалсан ногоон байгууламж байгуулсны дээр тохижилтод байгалийн боржин чулуу, ойн цэвэрлэгээнэс гарсан модыг ашиглаж буй юм. Түүнчлэн хүүхдийн тоглоомын талбайг байгалийн унаган төрхийг хадгалсан, өвөрмөц байдлаар, байгальд ээлтэй байх шийдлүүдийг нэвтрүүлсэн байна. Дугуй цагаан орчмын явган хүний замын өргөн 3.5 метрээс багагүй байхаар бүтээжээ.
АСЕМ ВИЛЛА ОРЧМЫН ТОХИЖИЛТ 90 ХУВИЙН БИЕЛЭЛТТЭЙ БАЙНА

Туул гол дагуу хоёр байршилд тохижилт, бүтээн байгуулалт хийж байна. Хүмүүсийн хүсэн хүлээж буй Туулын эрэг дагуух тохижилтын ажлын явцын талаар Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Барилга захиалагчийн хэлтсийн дарга Б.Ганзоригоос тодрууллаа.
-Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Бага тэнгэрийн ам, Туул гол дагуух амралт, зугаалгын цогцолборын бүтээн байгуулалтыг 3.7 га талбайд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байна. Иргэдийг амралт, чөлөөт цагаа тав тухтай өнгөрүүлэхэд чиглэсэн тохижилтын ажил 50 хувьтай өрнөж байна. Эхний ээлжийн ажлыг энэ ондоо багтаан ашиглалтад оруулах юм. Харин АСЕМ вилла хотхоны эсрэг талд хийж буй тохижилтын ажил 90 хувьтай үргэлжилж байгаа. Тус байршилд явган хүний болон авто зам, сүүдрэвч, асар, сити 00, гэрэлтүүлэг, голын эргийн усан дээрх тавцан, шорлогны талбай гэхчилэн иргэд тухтай амрах орчинг иж бүрнээр нь бүрдүүлсэн. Уг бүтээн байгуулалтын ажил тун удахгүй дуусна гэлээ.

Нийслэлд өрнөж буй тохижилт, бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөж байгааг дурдаад, төлөвлөсөн цаг хугацаандаа багтаан чанартай гүйцэтгэж дуусгахыг Хотын дарга санууллаа.




Шударга мэдээ
ЦЕГ: Гадаад улсын виз гаргуулахтай холбоотой 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна
Цагдаагийн байгууллагад 2026 он гарснаас хойш гадаад улсын виз гаргуулахтай холбоотой нийт 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагаас зөвхөн “Бүгд найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж иргэдийг залилсан 102 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг зөвхөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар албан ёсоор бүртгэж, сонгон шалгаруулалт зохион байгуулан илгээдэг.
Тус байгууллага нь Е-9 визийн ангиллаар БНСУ-ын аж үйлдвэрийн салбарт ажиллах иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл, сонгон шалгаруулалт, үр дүнгийн мэдээллийг албан ёсны сувгуудаар хүргэдэг бөгөөд энэ төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх цорын ганц эрх бүхий байгууллага юм.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр /Е-9 визийн ангилал/ аж үйлдвэрийн салбарт ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг 2026 оны гуравдугаар сард зохион байгуулж эхэлсэн. Залилагч этгээдүүд "Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт ажилладаг", "Найдвартай виз гаргаж өгнө", "Дараалал харгалзахгүй явуулна" гэх мэт худал мэдээлэл тараан иргэдийг хуурч, их хэмжээний мөнгө залилан авах гэмт хэрэг гарсаар байгаа аж.
Энэхүү гэмт хэрэг нь жил бүрийн хавар, намрын бүртгэлийн үеүдэд идэвхэжсэн юм байна. Иймд иргэд та бүхэн БНСУ-ын хөдөлмөрийн гэрээт ажилтны бүртгэл, шалгалттай холбоотой мэдээллийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас авах, танил талаар дамжуулан виз гаргаж өгнө, шалгалтгүй явуулна гэсэн амлалтад итгэхгүй байх, урьдчилгаа төлбөр, үйлчилгээний хураамж нэрээр мөнгө шилжүүлэхээс татгалзах, сэжигтэй зар мэдээлэл, залилангийн шинжтэй үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэхийг зөвлөлөө.
Шударга мэдээ
Боловсролын зээлийн сангийн зээлээс 10.2 тэрбум төгрөг эргэн төлөгджээ
Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор “Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сангаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүд хууль бусаар тэтгэлэг авч, эргэн төлөөгүй” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг шалгах ажлын хэсэг байгуулсан байна.
Ажлын хэсгээс хэрэг бүртгэлтийн 11, мөрдөн байцаалтын 2 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Үүнээс хэрэг бүртгэлтийн 1 хэргийг хааж, 1 хэргийг нэгтгэн, мөрдөн байцаалтын 1 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
Одоогоор Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд хэрэг бүртгэлтийн 1, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 8 хэрэг шалгагдаж байгаа аж. Мөн яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай ирүүлсэн 1 хэрэг прокурорын хяналтын шатанд хянагдаж байна.
Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт 694 суралцагчаас 3,054,210 ам.долларын гадаад зээлийн эргэн төлөлт хийгджээ. Энэ нь одоогийн ханшаар 10.2 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.
Шударга мэдээ
Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо
Боловсролын сайд Л.Энх-Амгалан Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын дарга, сайд Маркус Лайтнерыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Өнгөрсөн хугацаанд Швейцарын Холбооны Улстай тогтвортой хөгжлийн боловсрол, мэргэжлийн боловсрол, сургалтын чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирснийг уулзалтын үеэр онцлон дурдлаа.
Цаашид мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт түлхүү хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхээр болов.
Мөн Швейцарын Холбооны Улсын хэрэгжүүлдэг хүртээмжтэй боловсролын бодлогоос туршлага судлах зэрэг чиглэлээр талууд санал солилцлоо.
-
Цаг үе2024/02/26
“Цэргийн археологи” төслийг хэрэгжүүлнэ
-
Шударга мэдээ2022/08/29
Сайд Б.Мөнхбаатар барилгын зураг төслийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзана
-
Цаг үе2023/09/07
Ховд, Баян-Өлгий аймгийн авто зам, тээвэр, нисэх буудлуудад хяналт, шалгалт хийл...
-
Шударга мэдээ2022/11/03
ЗГ: Аялал жуулчлалын салбарт Турк улстай хамтран ажиллана
