Шударга мэдээ
Санхүүгийн салбарын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 20.3 хувьд хүрчээ
Санхүүгийн зохицуулах хорооноос 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр санхүүгийн салбарын 2022 оны эхний хагас жилийн тойм мэдээллээ танилцуулж хэвлэлийн бага хурал хийлээ.
Хуралд Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны дарга Т.Жамбаажамц, Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн, Хяналт шалгалт зохицуулалтын газрын дарга Б.Долгорсүрэн, Банк бус санхүүгийн газрын дарга Б.Итгэлсүрэн, Хадгаламж зээлийн хоршооны газрын дарга Ц.Алтантуул болон газрын бусад дарга нар оролцсон юм.
Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтад хамаардаг хөрөнгийн зах зээл, даатгалын зах зээл, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоодын ДНБ-д эзлэх хувь хэмжээ энэ оны эхний хагас жилийн байдлаар 20.3 хувьд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 2.0 пунктээр өссөн үзүүлэлт юм. Үүнээс хөрөнгийн зах зээлийн үнэлгээг ДНБ-д харьцуулсан дүн 11.3, даатгалын зах зээл 1.0, ББСБ 7.4, ХЗХ 0.6 хувьтай байна.
Санхүүгийн зохицуулах хороо нь чиг үүргийнхээ хүрээнд 3,668 зохицуулалттай этгээд, 2,426 даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаанд зохицуулалт, хяналт тавин ажиллалаа. Зохицуулалттай этгээдүүдийг салбарын ангиллаар харвал үнэт цаасны зах зээлд бүртгэлтэй 314 ХК, 267 мэргэжлийн оролцогчид, даатгалын зах зээлд нийт 329 даатгалын компани, мэргэжлийн оролцогчид, аудитор, 527 ББСБ, 200 ХЗХ, 284 үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага, үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгч 454 хувь хүн, хуулийн этгээд, болон тэдгээрийн 1,249 салбар, төлөөлөгчийн газар тус тус үйл ажиллагаа явуулж байна.
ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ӨССӨН
Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өмнөх оны мөн үеэс 27.2 хувь буюу 1,033.87 тэрбум төгрөгөөр өсөж 4,841.0 тэрбум төгрөгт хүрч, хувьцааны хөрвөх чадвар 2.3 хувь байна. Нийт 275.9 тэрбум төгрөгийн үнэт цаас зах зээлд арилжаалагдсан ба нийт арилжааны 41.2 хувийг хувьцаа, 36.9 хувийг компанийн бонд, 21.0 хувийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, 0.9 хувийг хөрөнгө оруулалтын сан тус тус эзэлж байна. Шинээр болон нэмж хувьцаа гаргах нийт 7 компанийн 46.7 тэрбум төгрөгийн хувьцааг бүртгэснээс 5 компани 26.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг амжилттай татан төвлөрүүлсэн. Мөн нэг компани хаалттай хүрээнд өрийн хэрэгсэл гаргаж 7.0 тэрбум төгрөг, хоёр компани нээлттэй хүрээнд хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргаж 55.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тус тус амжилттай татан төвлөрүүллээ.
Энэ сарын 15-ны өдрийн байдлаар биржийн бус зах зээлд нийт 63 үнэт цаас гаргагчийн 1.1 их наяд төгрөгийн өрийн хэрэгсэл бүртгэснээс 602.0 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлээд байна. Харин энэ оны эхний хагас жилийн байдлаар 30 үнэт цаас гаргагчийн 292.6 тэрбум төгрөгийн өрийн хэрэгсэл бүртгэж, үүнээс 150.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг амжилттай татан төвлөрүүлжээ. ТОП-20 индекс өнгөрсөн оны мөн үеэс 713.33 нэгжээр буурч 32,795.68 нэгжид хүрлээ. ТОП 20 ХК-уудын зах зээлийн үнэлгээг салбараар ангилан харахад аж үйлдвэр 58.5 хувь, уул уурхай 18.8 хувь, банк санхүүгийн байгууллага 17.5 хувийг эзэлж байна.
92.8 ХУВИЙГ ФИНТЕКИЙН ХАРИЛЦАГЧИД ЭЗЭЛЖ БАЙНА
Даатгалын зах зээл: Даатгалын салбарын хувьд нийт хөрөнгийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 0.6 хувиар өсөж 431.4 тэрбум төгрөгт хүрсэн бол, нөөц сан 1.8 хувиар буурч 185.9 тэрбум төгрөгт тус тус хүрлээ. Ердийн болон урт хугацааны даатгалын салбар 59.1 их наяд төгрөгийн даатгалын үнэлгээтэй 1,694,097 зүйлийг даатгаснаар нийт хураамж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11.9 хувиар өсөж 124.3 тэрбум төгрөгийг татан төвлөрүүллээ.
Банк бус санхүүгийн байгууллага: Мөн улирлын байдлаар нийт 527 банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нийт хөрөнгийн хэмжээ 3.2 их наяд төгрөг хүрсэн ба нийт харилцагчдын тоо давхардсан тоогоор 4.7 саяд хүрч, тэдгээрийн 92.8 хувийг финтекийн харилцагчид эзэлж байна. Салбарын зээлийн нийт үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 58.9 хувиар өсөж 2.5 их наяд төгрөг бөгөөд нийт зээлийн үлдэгдлийн 88.8 хувийг иргэдийн зээл, 11.2 хувийг хуулийн этгээдийн зээлийн үлдэгдэл бүрдүүлж байна. Мөн салбарын зээлийн нийлүүлэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн үйлчилгээний хүртээмж сайжирсан.
Хадгаламж, зээлийн хоршоо: 200 ХЗХ-д 72,566 гишүүддээ санхүүгийн үйлчилгээ үзүүлсэн байна. Нийт зээлдэгчид 47.1 хувийг, хадгаламж эзэмшигчид 52.2 хувийг эзэлж байна. ХЗХ-дын нийт хөрөнгө өмнөх оны мөн үеэс 0.4 хувиар өсөж 271.6 тэрбум төгрөгт хүрсэн ба үүнээс хадгаламжийн хэмжээ 189.4 тэрбум төгрөг буюу 69.7 хувийг эзэлж байна. Салбарын хадгаламжийн жигнэсэн сарын дундаж хүү өмнөх оны мөн үеэс 0.16 пунктээр буурч 1.22 хувьд хүрсэн бол зээлийн жигнэсэн сарын дундаж хүү өмнөх оны мөн үеэс 0.34 пунктээр буурч 2.12 хувь болсон.
Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын салбар: Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэй 284 компани, тэдгээрийн 301 брокер, 1,392 агент ажиллаж байна. Давхардсан тоогоор 284 ҮХЭХЗ-ын байгууллага нийт 3,688 хэлцлээр 765.1 мянган м.кв талбай, 617.1 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг зуучлан худалдан, шилжүүлжээ. Харин нийт 1,777 хэлцлээр 172.1 мянган м.кв талбай, 48.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг зуучлан хөлслүүлж, түрээслүүлсэн байна.
Үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгчдийн салбар: Салбарт үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчид мөн улирлын байдлаар 129.5 тэрбум төгрөгийн үнэт металлын борлуулж, 120.9 тэрбум төгрөгийн үнэт металлыг худалдан авчээ. И-баримтын мэдээгээр 264 үнэт металл болон үнэт чулуугаар хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч иргэн, хуулийн этгээд 16,555 бүтээгдэхүүнийг 4.8 тэрбум төгрөгөөр худалдан борлуулсан байна.
Шударга мэдээ
ЦЕГ: Гадаад улсын виз гаргуулахтай холбоотой 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна
Цагдаагийн байгууллагад 2026 он гарснаас хойш гадаад улсын виз гаргуулахтай холбоотой нийт 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагаас зөвхөн “Бүгд найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж иргэдийг залилсан 102 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг зөвхөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар албан ёсоор бүртгэж, сонгон шалгаруулалт зохион байгуулан илгээдэг.
Тус байгууллага нь Е-9 визийн ангиллаар БНСУ-ын аж үйлдвэрийн салбарт ажиллах иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл, сонгон шалгаруулалт, үр дүнгийн мэдээллийг албан ёсны сувгуудаар хүргэдэг бөгөөд энэ төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх цорын ганц эрх бүхий байгууллага юм.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр /Е-9 визийн ангилал/ аж үйлдвэрийн салбарт ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг 2026 оны гуравдугаар сард зохион байгуулж эхэлсэн. Залилагч этгээдүүд "Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт ажилладаг", "Найдвартай виз гаргаж өгнө", "Дараалал харгалзахгүй явуулна" гэх мэт худал мэдээлэл тараан иргэдийг хуурч, их хэмжээний мөнгө залилан авах гэмт хэрэг гарсаар байгаа аж.
Энэхүү гэмт хэрэг нь жил бүрийн хавар, намрын бүртгэлийн үеүдэд идэвхэжсэн юм байна. Иймд иргэд та бүхэн БНСУ-ын хөдөлмөрийн гэрээт ажилтны бүртгэл, шалгалттай холбоотой мэдээллийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас авах, танил талаар дамжуулан виз гаргаж өгнө, шалгалтгүй явуулна гэсэн амлалтад итгэхгүй байх, урьдчилгаа төлбөр, үйлчилгээний хураамж нэрээр мөнгө шилжүүлэхээс татгалзах, сэжигтэй зар мэдээлэл, залилангийн шинжтэй үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэхийг зөвлөлөө.
Шударга мэдээ
Боловсролын зээлийн сангийн зээлээс 10.2 тэрбум төгрөг эргэн төлөгджээ
Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор “Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сангаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүд хууль бусаар тэтгэлэг авч, эргэн төлөөгүй” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг шалгах ажлын хэсэг байгуулсан байна.
Ажлын хэсгээс хэрэг бүртгэлтийн 11, мөрдөн байцаалтын 2 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Үүнээс хэрэг бүртгэлтийн 1 хэргийг хааж, 1 хэргийг нэгтгэн, мөрдөн байцаалтын 1 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
Одоогоор Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд хэрэг бүртгэлтийн 1, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 8 хэрэг шалгагдаж байгаа аж. Мөн яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай ирүүлсэн 1 хэрэг прокурорын хяналтын шатанд хянагдаж байна.
Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт 694 суралцагчаас 3,054,210 ам.долларын гадаад зээлийн эргэн төлөлт хийгджээ. Энэ нь одоогийн ханшаар 10.2 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.
Шударга мэдээ
Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо
Боловсролын сайд Л.Энх-Амгалан Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын дарга, сайд Маркус Лайтнерыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Өнгөрсөн хугацаанд Швейцарын Холбооны Улстай тогтвортой хөгжлийн боловсрол, мэргэжлийн боловсрол, сургалтын чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирснийг уулзалтын үеэр онцлон дурдлаа.
Цаашид мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт түлхүү хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхээр болов.
Мөн Швейцарын Холбооны Улсын хэрэгжүүлдэг хүртээмжтэй боловсролын бодлогоос туршлага судлах зэрэг чиглэлээр талууд санал солилцлоо.
-
Цаг үе2019/11/04
14 компанийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно
-
Шударга мэдээ2019/07/26
Цэнхэр дуулгатнууд хүүхэд багачуудад зориулан “Спорт цогцолбор”-ыг с...
-
Улстөр нийгэм2021/07/23
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Ерөнхий сайд Ё.Сүгатай албан ёсны уулзалт ...
-
Цаг үе2021/01/21
Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн
