Шударга мэдээ
БШУ-ы сайд Л.Энх-Амгалан Ажиа Гэгээнтэнг хүлээн авч уулзлаа
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Ажиа гэгээнтэн Лувсантүвдэнг 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч уулзлаа. Ажиа гэгээнтний “Зөв тэтгэлэг сан”-гийн үйл ажиллагаа 2019 оноос эхлэн жилд 10 оюутныг дөрвөн жилийн хугацаанд тэтгэлэгт хамруулдаг. Энэ жилийн тухайд 21 залуусыг тэтгэлэгт хамруулахаар болжээ.
Ажиа гэгээнтэн сурах хүсэл эрмэлзэлтэй ч санхүүгийн боломж муу хүүхэд залуусыг их, дээд сургуульд тэтгэлгээр хамруулж, сурахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор “Зөв тэтгэлэг сан”-аа байгуулсан байна. Энэхүү сан нь Монгол Улсын аймаг, дүүрэг бүрээс нэг оюутныг дэмжин сургаж, улмаар ажилд зуучлах, хүн болон төлөвшихөд нөлөөлөх олон сургалт хөтөлбөрт хамруулахаар төлөвлөж байгаа аж.
Уулзалтын үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд хүүхэд залуусын сурах үйлсийг дэмжиж, боловсролын салбарт томоохон хөрөнгө оруулж байгаад Ажиа гэгээнтэнд талархал илэрхийллээ. Мөн цаашид салбарын яамны зүгээс тус сантай хамтран ажиллана гэв.
Эх сурвалж: Боловсрол, шинжлэх ухааны яам
Шударга мэдээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн ээлжит хуралдаанаар төрийн албан хаагчдыг уян хатан цагийн хуваариар ажиллах, нэг өдрийг цахимаар ажиллуулахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын А/564 тоот захирамжаар нийслэлд байршин үйл ажиллагаа явуулдаг яам, Засгийн газрын агентлаг, тэдгээрийн харьяа байгууллага, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд болон тэдгээрийн харьяа байгууллагуудын ажил эхлэх цагийг 07:00-08:30, дуусах цагийг 16:00-17:30 цагийн хооронд уян хатан байхаар шийдвэрлэлээ.
Мөн төрийн байгууллагын үйл ажиллагааны хэвийн, тасралтгүй, шуурхай байдлыг алдагдуулахгүйгээр ажлын зайлшгүй шаардлагаас бусад тохиолдолд нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс долоо хоногийн нэг өдөр зайнаас цахимаар ажиллана.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Шударга мэдээ
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Нийслэлд их багтаамжийн нийтийн тээврийн шинэ шийдэл болох “Улаанбаатар трам” төслийг хэрэгжүүлж буй. Төслийн нэгдүгээр шугам буюу Зуслангийн бүс “Зунжин худалдааны төв”-өөс Сүхбаатарын талбай орох трасс нь Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрөх юм. Энэ нь зөвхөн тээврийн шинэ шугам болохоос гадна хот байгуулалтын цогц хөгжлийг дэмжих ач холбогдолтой.
Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн хүн ам 312 мянгад хүрч 20 хувиар өснө. Ажлын байр 60 мянгад хүрч 11 хувиар нэмэгдэж, худалдаа үйлчилгээний барилгажилт 3.90 сая ам метр хүрэх төлөвтэй хэмээн тусгагджээ. Тиймээс Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, хүн амын нягтралыг тэнцвэржүүлэх зорилгоор Сэлбэ дэд төвийг байгуулж, орон сууц, худалдаа үйлчилгээ, нийгмийн дэд бүтэц хосолсон орчин үеийн хотын шинэ зангилаа болгохоор төслийг хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар Сэлбэ дэд төвийн хүрээнд “Сэлбэ 20 минутын хот” төслийг хэрэгжүүлж, 80 техник 1632 мэргэжилтэн барилгын талбайд ажиллаж байна.
Трамвайн шугам Сэлбэ дэд төвөөр дамжин өнгөрснөөр иргэдийг төв рүү чиглэсэн автомашины хөдөлгөөнөөс хамаарал багатай, тав тухтай, тогтвортой нийтийн тээврийн сүлжээнд холбох нөхцөл бүрдэнэ. Ингэснээр Улаанбаатар хотын тээвэр, хот төлөвлөлтийн бодлого уялдаж, Сэлбэ дэд төвийг түшиглэсэн орчин үеийн, тогтвортой хөгжлийн шинэ жишиг болох юм. Зунжингаас Сүхбаатарын талбай хүртэл автобусаар явахад өнөөдрийн байдлаар 90 минут зарцуулдаг бол трамвайг ашигласнаар 29 минутад туулна. Үүний үр дүнд тээврийн хэрэгслийн түлш, бензин ашиглалтын зардал буурч, замын түгжрэл багасах зэрэг олон давуу талтай.
“Улаанбаатар трам” төслийн нэгдүгээр шугам нь Зуслангийн бүс “Зунжин худалдааны төв”-өөс Сүхбаатарын талбай хүртэлх чиглэлд нийт 11 км урт, 16 зогсоолтой байна. “Сэлбэ 20 минутын хот” төслөөр нийт 8565 өрхийн 113 блок орон сууц, гурван сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж зэргийг барина.
Шударга мэдээ
Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогыг цахимаар зохион байгуулна
Аж ахуйн нэгж, байгууллагын 2026 оны тооллого улсын хэмжээнд бүртгэлд суурилсан аргаар буюу төрийн байгууллагуудад бүртгэлтэй мэдээлэлд үндэслэн 2026 оны дөрөвдүгээр сарын 15-наас 2026 оны тавдугаар сарын 15-ны өдрийг дуустал цахимаар зохион байгуулагдана. Аж ахуйн нэгж, байгууллагууд www.2026.mn цахим хуудсаар нэвтэрч, шаардлагатай нэмэлт асуултад хариулснаар тооллогын мэдээллээ баталгаажуулах юм.
Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогод Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлсэн өмчийн бүх төрөлд хамаарагдах хуулийн этгээд, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг хамруулж, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулж байгаа хувь нэмрийг бодитоор тодорхойлох, эдийн засгийн хөгжлийн чиг хандлага, бүтэц үзүүлэлтийг тооцох, салбарын бодлого төлөвлөлт, хэрэгжилтийг үнэлэх, дүн шинжилгээ хийх, бизнес эрхлэгчдийн төвлөрөл, байршил, үйл ажиллагааны чиглэлд үндэслэн төр засгийн бодлого, хөтөлбөрийг боловсруулах зэрэг олон талын ач холбогдолтой.
Аж ахуйн нэгж, байгууллагын ээлжит тооллогодоо идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
НИЙСЛЭЛИЙН СТАТИСТИКИЙН ГАЗАР
-
Шударга мэдээ2024/05/07
Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журмыг хүчингүй болголоо
-
Цаг үе2023/10/12
Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын тухай хуулийн төслийг өргө...
-
Улстөр нийгэм2020/05/26
"Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар хэвлэгдлээ
-
Улстөр нийгэм2020/12/01
Ерөнхийлөгч Х.Баттулга коронавируст цар тахлын эсрэг вакцин боловсруулж буй &ldq...
