Цаг үе
Сургуулийн орчинд хориглосон хүнсний бүтээгдэхүүнүүд

Эрүүл мэндийн сайдын 2021 оны 06 сарын 15-ны өдрийн А/370 тушаалаар Сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон дараах хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг баталсан.
1. Бүх төрлийн хийжүүлсэн ундаа,
2. Энергийн болон спортын ундаа,
3. Байгалийн бус гаралтай амт, өнгө, үнэр оруулагч агуулсан хуурай сироп, өтгөрүүлсэн болон найруулсан шүүс, ундаа,
4. Өндөг болон элсэн чихрээр хийсэн коктейль,
5. Нийлэг буюу химийн аргаар гаргаж авсан крем, кремтэй бүх төрлийн бүтээгдэхүүн, амттан (эклер, контик зэрэг крем оролцуулсан бүх төрлийн хавчуургатай боов, бялуу гэх мэт)
6. Чипс, эрдэнэ шишийн хөөс /попкорн, давсалсан, бүрсэн самар/
7. Бүх төрлийн чанадаг болон дэвтээдэг бэлэн гоймон,
8. Шошгын мэдээлэлд үндэслэн, Энгийн нүүрс ус ихтэй (100 г-д 10 г ба түүнээс их чихрийн агууламжтай) хатаасан жимс, бүх төрлийн чихэр,
9. Шошгын мэдээлэлд үндэслэн, Бүтээгдэхүүний 100 г-д 450 мг натри буюу 1.1 г-аас их давс агуулсан бүх төрлийн хүнс,
10. Шошгын мэдээлэлд үндэслэн, Бүтээгдэхүүний 100 г-д 4 г-аас их ханасан өөх тос, 100 г-д 0.1 г-аас их транс тосны агууламжтай бүх төрлийн хүнс,
11. Мөхөөлдөс (ургамлын гаралтай альтернатив сүү, тос агуулсан, чихрийн агууламж 8-р заалтын дагуу)
Энэхүү жагсаалтыг сургуулийн орчинд байрлах худалдаа, үйлчилгээний газруудад хүргэж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг аймаг, нийслэлийн Боловсролын газарт, Мэргэжил, арга зүйн зөвлөгөө, мэдээллээр хангаж ажиллахыг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд, Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт шинжилгээ, үнэлгээний газарт даалгасугай гэжээ.
Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн 3.1.4 дэх заалтад дурдсанаар ... “сургуулийн орчин” гэж сургуулийн байр, дотуур байр болон Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтад заасны дагуу сургуульд эзэмшүүлсэн газар, түүнээс эргэн тойронд 150 метр хүртэлх газрыг" ... хэлнэ.
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
Цаг үе
“Телеграммаар даалгавар биелүүлж мөнгөө өсгөөрэй” гэх зар залилан
Цаг үе
Бүх шатны эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад үүрэг чиглэл өгөв
Хуралдааны үеэр, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, ЭМЯ-ны харьяа байгууллагын удирдлагуудад дараах чиглэлийг үүрэг болголоо. Үүнд:
- Өвөлжилт хүндрэх эрсдэлтэй нутаг дэвсгэрт отроор өвөлжиж буй иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлэх;
- Отроор өвөлжиж буй малчин иргэдэд эмийн хангалт болон явуулын эмнэлгийн багийг хуваарилж, тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх;
- 0-5 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, архаг суурь өвчтэй иргэдийн судалгааг тогтмол авч, эрүүл мэндийн үзлэгийг тогтсон хугацаанд хийж, төрөх дөхсөн жирэмсэн эмэгтэйг төв суурин газар татаж хяналтад эрт оруулах;
- Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн бэлэн байдлыг хангах;
- Томуу, томуу төст өвчний тархалтын үе шат бүрд тохирсон хариу арга хэмжээ болон эрсдэлийн харилцааны арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
- Төсвийн сахилга батыг чангатгаж, үр ашиггүй зардлыг бууруулах зэрэг үүрэг чиглэлийг өгөв.
Цаг үе
Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтын ажлыг наймдугаар сард дуусгажээ
Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны арваннэгдүгээр сард нурааж, тухайн орчмын иргэдийн саналын дагуу далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний төвийн цогцолбор барилга барьж буй.
Өнгөрсөн наймдугаар сард 1.3 га талбайг хамарсан цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтын ажил дууссан.
Өнөөдрийн байдлаар 109 автомашины далд зогсоол, нийт тохижилт, гурван давхар үйлчилгээний төвийн барилга угсралтын ажлын явц 89 хувьтай үргэлжилж байна.
Далд зогсоол барих ажлын явц 90 хувьтай байгаа юм.
Гүйцэтгэгч “Бодь пропертийз” ХХК-ийн зүгээс цогц ажлыг 2025 оны арванхоёрдугаар сард багтаан дуусгахаар гэрээлсэн.
Нийт төслийн талбайн 26.5 хувийг ногоон байгууламж эзэлж буйг онцолж байна.
Урт цагааны далд зогсоол нь:
- Дөрвөн блок бүхий 320 метр урт, 7400 ам метр талбайг хамарсан 109 автомашины далд буюу дулаан зогсоолтой.
- Зогсоол автомашины нэг чигийн хөдөлгөөнтэй.
- Сул зогсоолын мэдээлэл авах боломжтой ухаалаг системтэй.
- Цахилгаан машины цэнэглэгчтэй.
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэд автомашинаа байршуулах боломжтой.