Цаг үе
Өнөөдрийн байдлаар 93 мянган тонн сайжруулсан шахмал түлш бэлтгэн нөөцлөөд байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн захирамжаар “Сайжруулсан шахмал түлшний нөөц бэлтгэх” ажлын хэсэг байгуулагдсан. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Баасандорж, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албаны дарга Б.Алтанзул болон холбогдох албаны хүмүүс зүүн үйлдвэрт ажиллалаа.
Зүүн үйлдвэрийн нэмэлт хатаагчууд ирсэн бөгөөд 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор нэмэлт хоёр хатаагчийн угсралтын ажил хийгдэж дуусах юм. Ингэснээр цагт 30 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх боломж бүрдэнэ.
Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд “Тавантолгой түлш” ХХК өнөөдрийн байдлаар 93 мянган тонн сайжруулсан шахмал түлш бэлтгэн нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд нөөцлөөд байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 30 гаруй мянган тонноор илүү байгаа юм. Харин түлшний түүхий эд болох мидлингийн нөөц 180 мянган тонн байна.
2022-2023 оны галлагааны улиралд нийслэлийн хэмжээнд борлуулалтын 650 цэг ажиллуулахаар төлөвлөсөн. Үүнээс эхний ээлжинд өнгөрсөн онд үйл ажиллагаагаа 100 хувь дүгнүүлсэн 423 цэгтэй хамтран ажиллах гэрээг сунгасан аж. Эдгээр цэгүүд энэ сарын 15-ны өдрөөс борлуулалтаа эхлүүлнэ. Харин үлдсэн 247 цэгийг Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар сонгон шалгаруулж, аравдугаар сарын 01-ний өдөр гэхэд бүрэн ажиллуулахаар төлөвлөж байна.
Энэ жилийн тухайд Налайх дүүрэг агаарын чанарын бүсэд хамрагдаж сайжруулсан шахмал түлш хэрэглэхээр болсон. Тус дүүргийн 7800 өрхөд борлуулалтын 28 цэгээр дамжуулан түлш худалдаалах ажлыг зохион байгуулна гэж Байгаль лрчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.
Цаг үе
“Телеграммаар даалгавар биелүүлж мөнгөө өсгөөрэй” гэх зар залилан
Цаг үе
Бүх шатны эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад үүрэг чиглэл өгөв
Хуралдааны үеэр, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, ЭМЯ-ны харьяа байгууллагын удирдлагуудад дараах чиглэлийг үүрэг болголоо. Үүнд:
- Өвөлжилт хүндрэх эрсдэлтэй нутаг дэвсгэрт отроор өвөлжиж буй иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлэх;
- Отроор өвөлжиж буй малчин иргэдэд эмийн хангалт болон явуулын эмнэлгийн багийг хуваарилж, тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх;
- 0-5 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, архаг суурь өвчтэй иргэдийн судалгааг тогтмол авч, эрүүл мэндийн үзлэгийг тогтсон хугацаанд хийж, төрөх дөхсөн жирэмсэн эмэгтэйг төв суурин газар татаж хяналтад эрт оруулах;
- Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн бэлэн байдлыг хангах;
- Томуу, томуу төст өвчний тархалтын үе шат бүрд тохирсон хариу арга хэмжээ болон эрсдэлийн харилцааны арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
- Төсвийн сахилга батыг чангатгаж, үр ашиггүй зардлыг бууруулах зэрэг үүрэг чиглэлийг өгөв.
Цаг үе
Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтын ажлыг наймдугаар сард дуусгажээ
Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны арваннэгдүгээр сард нурааж, тухайн орчмын иргэдийн саналын дагуу далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний төвийн цогцолбор барилга барьж буй.
Өнгөрсөн наймдугаар сард 1.3 га талбайг хамарсан цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтын ажил дууссан.
Өнөөдрийн байдлаар 109 автомашины далд зогсоол, нийт тохижилт, гурван давхар үйлчилгээний төвийн барилга угсралтын ажлын явц 89 хувьтай үргэлжилж байна.
Далд зогсоол барих ажлын явц 90 хувьтай байгаа юм.
Гүйцэтгэгч “Бодь пропертийз” ХХК-ийн зүгээс цогц ажлыг 2025 оны арванхоёрдугаар сард багтаан дуусгахаар гэрээлсэн.
Нийт төслийн талбайн 26.5 хувийг ногоон байгууламж эзэлж буйг онцолж байна.
Урт цагааны далд зогсоол нь:
- Дөрвөн блок бүхий 320 метр урт, 7400 ам метр талбайг хамарсан 109 автомашины далд буюу дулаан зогсоолтой.
- Зогсоол автомашины нэг чигийн хөдөлгөөнтэй.
- Сул зогсоолын мэдээлэл авах боломжтой ухаалаг системтэй.
- Цахилгаан машины цэнэглэгчтэй.
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэд автомашинаа байршуулах боломжтой.