Цаг үе
Мансууруулах үйлчилгээтэй ургамал 8.2 кг-ыг хураан авчээ

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас өнгөрсөн долоо хоногт 10 гэмт хэрэг илрүүлж, мансууруулах үйлчилгээтэй ургамал 8.2 кг-ыг эд мөрийн баримтаар хураан авч мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Хэрэгт холбогдогч этгээдүүд байгалийн гаралтай болон нийлэгжүүлсэн синтетик бодисыг хууль бусаар олж авч, хадгалж байсан үйлдлүүдийг ийнхүү илрүүлж, хууль бус үйлдлийг нь таслан зогсоож ажиллажээ.
Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 20.7.1 дэх хэсэгт “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг бол “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан бол 2-оос 8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байна.
Мөн Эрүүгийн хуульд энэ гэмт хэргийг улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн бол 5-аас 12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр, харин зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол 12-оос 20 жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял оногдуулж шийтгэхээр хуульчилжээ.
Ташрамд дурдахад, Эрүүгийн хуульд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг үйлдэж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээртэй адилтгах зүйлийг сайн дураараа шилжүүлэн өгсөн, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээртэй адилтгах зүйлийн хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсооход идэвхтэй туслалцаа үзүүлсэн, түүнийг үйлдсэн хүнийг илчилсэн, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг илрүүлсэн хүнийг ялаас чөлөөлнө гэж заасан байдаг.
Цаг үе
“Телеграммаар даалгавар биелүүлж мөнгөө өсгөөрэй” гэх зар залилан
Цаг үе
Бүх шатны эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад үүрэг чиглэл өгөв
Хуралдааны үеэр, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, ЭМЯ-ны харьяа байгууллагын удирдлагуудад дараах чиглэлийг үүрэг болголоо. Үүнд:
- Өвөлжилт хүндрэх эрсдэлтэй нутаг дэвсгэрт отроор өвөлжиж буй иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлэх;
- Отроор өвөлжиж буй малчин иргэдэд эмийн хангалт болон явуулын эмнэлгийн багийг хуваарилж, тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх;
- 0-5 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, архаг суурь өвчтэй иргэдийн судалгааг тогтмол авч, эрүүл мэндийн үзлэгийг тогтсон хугацаанд хийж, төрөх дөхсөн жирэмсэн эмэгтэйг төв суурин газар татаж хяналтад эрт оруулах;
- Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн бэлэн байдлыг хангах;
- Томуу, томуу төст өвчний тархалтын үе шат бүрд тохирсон хариу арга хэмжээ болон эрсдэлийн харилцааны арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
- Төсвийн сахилга батыг чангатгаж, үр ашиггүй зардлыг бууруулах зэрэг үүрэг чиглэлийг өгөв.
Цаг үе
Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтын ажлыг наймдугаар сард дуусгажээ
Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны арваннэгдүгээр сард нурааж, тухайн орчмын иргэдийн саналын дагуу далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний төвийн цогцолбор барилга барьж буй.
Өнгөрсөн наймдугаар сард 1.3 га талбайг хамарсан цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтын ажил дууссан.
Өнөөдрийн байдлаар 109 автомашины далд зогсоол, нийт тохижилт, гурван давхар үйлчилгээний төвийн барилга угсралтын ажлын явц 89 хувьтай үргэлжилж байна.
Далд зогсоол барих ажлын явц 90 хувьтай байгаа юм.
Гүйцэтгэгч “Бодь пропертийз” ХХК-ийн зүгээс цогц ажлыг 2025 оны арванхоёрдугаар сард багтаан дуусгахаар гэрээлсэн.
Нийт төслийн талбайн 26.5 хувийг ногоон байгууламж эзэлж буйг онцолж байна.
Урт цагааны далд зогсоол нь:
- Дөрвөн блок бүхий 320 метр урт, 7400 ам метр талбайг хамарсан 109 автомашины далд буюу дулаан зогсоолтой.
- Зогсоол автомашины нэг чигийн хөдөлгөөнтэй.
- Сул зогсоолын мэдээлэл авах боломжтой ухаалаг системтэй.
- Цахилгаан машины цэнэглэгчтэй.
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэд автомашинаа байршуулах боломжтой.