Цаг үе
Нийслэлчүүдийн хүсэн хүлээсэн “Автомашингүй өдөр” өргөн дэлгэр боллоо
“Эрсдэлгүй-эрүүл орчныг хамтдаа” уриатай “Автомашингүй өдөр” нийслэлд өргөн дэлгэр болж байна. Өглөөний 07:00 цагаас эхэлсэн “Автомашингүй өдөр”-ийн хүрээнд иргэд Сүхбаатарын талбай болон хотын төв гудамжуудад олноороо цуглан, залуус, хүүхэд багачууд дугуй болон дугуйт хэрэгслээр зорчиж байна. Гэр бүлээрээ явган алхаж, багачуудаа салхилуулахын сацуу дүүргүүдээс зохион байгуулж буй спорт өдөрлөгт оролцож байлаа.

“Автомашингүй өдөр”-ийн нээлтийн үеэр Монгол Улсын сайд, Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар “Монгол Улсын Засгийн газар төвлөрөл, түгжрэлийн асуудалд ихээхэн анхаарал тавьж ажиллаж байгаа. Миний хувьд Үндэсний хороог ахалж ажиллаад гурван долоо хоног болж байна. Бид түгжрэлийг бууруулахын тулд юун түрүүнд нийтийн тээвэр, явган хүн зорчих, унадаг дугуйгаар аялахад ээлтэй хот байлгахад анхаарч байна. Дэлхийн хотуудын чиг хандлага ч тийм байдаг. Засгийн газрын гишүүний хувьд баримтлах байр суурь Улаанбаатарыг иргэндээ ээлтэй, эрүүл хот болгоход чиглэж байгаа. Гудамж, зам талбайгаа ч үүнд чиглүүлэн хөгжүүлэх учиртай. Нийслэлд хоногт бүртгэгдэж буй 2 сая 800 мянган зорчилт хөдөлгөөний сая 800 мянга нь хувийн машины хөдөлгөөн байна. 685 гаруй мянга нь нийтийн тээврээр, ердөө 300 орчим мянга нь явган зорчигч байх жишээтэй. Энэхүү зорчилт хөдөлгөөний судалгаанд үндэслэн бодлого боловсруулан ажиллах болно” гэсэн юм.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө:
-Улаанбаатар хот “Автомашингүй өдөр”-ийг 2009 оноос хойш зохион байгуулж эхэлсэн. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цар тахлын улмаас тус арга хэмжээ түр завсарласан. Харин энэ жил өргөн дэлгэр болж байна. Нийгмийн салбарын олон байгууллагыг иргэдэд өөрсдийн үйл ажиллагаагаа сурталчлан таниулж, иргэд үйлчилгээ авч байна. Мөн бүх дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран оролцож байгаа. Түүнчлэн МУИС-ийн түүхт 80 жилийн ой тохиож байна. Өглөө МУИС-ийн оюутан, төгсөгчдийн марафон гүйлт боллоо. Спортын 10 гаруй төрлийн тэмцээн уралдаан, урлагийн тоглолтууд болно. “Автомашингүй өдөр” хүмүүс зөвхөн алхах, дугуй унаад зогсохгүй чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх олон боломж байна. Хүүхэд болгон тоглож наадах хүсэл сонирхолтой. Гэхдээ тэр болгон гадна орчин, тоглох талбай хүрэлцээтэй биш. Иймд хариуцлагатай аав, ээжүүд болон гэр бүлдээ цаг зарцуулж байгаа хүмүүст талархал илэрхийлье. Мөн байгууллага, хамт олноороо дугуй унаж, нэг өдрийг амарч, хөгжилтэй өнгөрүүлж буй олон хүн байна. Автомашингүй өдөр бол нийслэлийн иргэдийн хүсэн хүлээдэг өдөр. Хүн болгон цаг наргүй ажилладаг болсон энэ үед гэр бүлийн тодотголтой өдөр зайлшгүй байх ёстой. Өнөөдөр гэртээ амарч байгаа хүмүүс байвал “Автомашингүй өдөр”-т идэвхтэй оролцож, гэр бүлээрээ энэ өдрийг халуун дотно сайхан өнгөрүүлэхийг уриалж байна гэлээ.

Багануур дүүргийн Биеийн тамир, cпортын хорооны мэргэжилтэн Ж.Болдбаатар:
-Манай дүүргээс “Спортлог Улаанбаатар” өдөрлөгийн дартсын тэмцээнийг зохион байгуулж, байгууллага хамт олноо сурталчилж байна. “Автомашингүй өдөр”-ийн хүрээнд нийслэлийн иргэд, бүх насныхан явганаар алхаж, дугуй болон дугуйт хэрэгслээр зорчиж байна. Сүхбаатарын талбайд спортын олон төрлийн тэмцээн уралдаан болж, иргэд их идэвхтэй оролцож байна. Тиймээс цаашид энэ өдрийг жилд нэг, хоёр удаа тэмдэглэх бус нэлээд хэдэн өдөр машинаас татгалзвал үр өгөөжтэй санагдаж байна.

Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, cпортын хорооны дарга Ц.Сосорбарам:
-Манай Сонгинохайрхан дүүргийн хувьд өнөөдрийн спорт өдөрлөгт өсвөрийн шигшээ багийн тамирчид маань аэробикийн гурван төрлийн үзүүлбэр үзүүллээ. Мөн ахмадууд маань хийн дасгал хийлээ. Дүүргийн “Бум од” фитнесс клуб үйл ажиллагаагаа танилцуулсан. Ер нь сүүлийн үед иргэд дасгал хөдөлгөөн хийх сонирхолтой болсон. Эмгүй эмчилгээ болсон дасгал хөдөлгөөн, спортод их сонирхолтой болсон байна. Манай дүүрэгт л гэхэд “Илүүдэл жингүй эртэч Монгол” аянд нийт хороодын иргэд маш идэвхтэй оролцсон гэлээ.
“АВТОМАШИНГҮЙ ӨДӨР”-ИЙГ ДУЛААНЫ УЛИРАЛД ЖИЛДЭЭ 2-3 УДАА ЗОХИОВОЛ ГОЁ
Хотын гудамжаар зугаалж буй иргэд сэтгэгдлээ ийн илэрхийллээ.

“Сэтгэгдэл маш өндөр байна. Өмнөх автомашингүй өдөр бороотой, хүйтэн байсан. Энэ удаагийн автомашингүй өдөр гоё байна. Рольк унадаг хүүхдүүдэд зориулсан талбай байдаггүй. Тиймээс “Автомашингүй өдөр” чөлөөтэй явах боломжтой болдог. Хаанаас, ямар машин гарч ирэх бол гэж санаа зовохгүй, айдас байхгүй, аюулгүй байдаг нь таатай”

“Энэ удаагийн “Автомашингүй өдөр” их сайхан өнгөрч байна. Ийм өдрийг дулааны улиралд жилдээ 2-3 удаа зохиовол гоё байх. Өмнөх “Автомашингүй өдөр” бороо орсон бол өнөөдөр цаг агаар сайхан байна”

“Намайг залуу байхад машин бараг байхгүй, гудамжаар алхахад зовлонгүй байсан. Ямартай ч “Автомашингүй өдөр”-т оролцож буй олон залуус хүүхдүүдээ салхилуулж байгаа нь сайхан байна. Өмнө нь машингүй цөөн хэдэн гудамж байсан ч одоо бараг байхгүй болсон. Уг нь автомашингүй гудамж их байвал сайн”

“Манай гэр бүл “Автомашингүй өдөр”-ийг тэсэн ядан хүлээдэг учир тус өдөрт оролцож байна. Сэтгэл хангалуун байна. Ийм гоё өдрийг гэр бүлтэйгээ өнгөрүүлнэ гэж бодож байгаа. Хүүхдүүдээ чөлөөтэй тоглуулах сайхан байна”

“Автомашингүй өдөр ёстой гоё байна. Сая шохойгоор мөрөөдлийн хотоо зурах тэмцээнд оролцоод явж байна. Тэмцээнээр Сүхбаатарын талбай, солонго, нар, уул гээд бараг бүх юмсыг зурсан. Дугуйгаа унаад чөлөөтэй явах гоё байна. Орой болтол гэр бүлээрээ дугуй унана. Тэгээд гэртээ хариад маргаашийн хичээлдээ бэлдэнэ”

“Миний хувьд өмнө нь “Автомашингүй өдөр”-т оролцож байгаагүй. Найзуудтайгаа том талбайтай газар тоглох гоё байна. Өнөөдөр орой хүртэл тоглож, дугуй унаж, энэ хавиар сахилгагүйтнэ” хэмээн ярилаа.
Улаанбаатар хот “Автомашингүй өдөр”-ийг 2009 оноос тэмдэглэж ирсэн бөгөөд энэ жилийн хувьд цаг агаар онцгой сайхан өдөр таарсанд иргэд баяртай байлаа. Энэ өдөр хотын төв замуудыг хаасан тул нийтийн тээврийн 39 чиглэлд, томоохон 19 зах худалдааны төвийг цагийн хуваарьт өөрчлөлт орсон юм.
Цаг үе
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-д хийж байгаа ажлын айлчлалын хүрээнд Онцгой байдлын удирдлагын сайд Жан Чэнжунтай албан уулзалт хийлээ.
Уулзалтаар Шадар сайд Н.Номтойбаяр хоёр улсын Онцгой байдлын салбар гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2021 онд Гамшигтай тэмцэх санамж бичиг, 2022 онд Хил орчмын ой хээрийн түймэртэй тэмцэх хэлэлцээрийг тус тус байгуулсан бөгөөд уг гэрээ хэлцлийг шинэ түвшинд гаргах нь чухал гэдгийг онцлов. Тодруулбал, Хятадын баруун хойд хязгаартай хиллэдэг Монгол Улсын баруун бүс нутагт газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж буй, зүүн хязгаар бүсэд хуурайшилтын улмаас ой хээрийн түймрийн давтамж их байгаа тул учраас хил орчмын бүс нутагт хоёр орны онцгой байдлын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх шаардлагатай байгааг тодотголоо.
Түүнчлэн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэхэд ашиглаж буй Хятадын дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж, хиймэл оюун ухаан, сансрын технологийн ашиглалт зэргийг судалж, худалдан авах талаар Шадар сайд Н.Номтойбаяр онцолж байна.
Тэрбээр, БНХАУ-ын Ус, цаг уурын орчны хүрээлэнд хэрэглэж буй гамшгийн мэдээллийн систем, радар болон онцгой байдлын салбарт ашиглаж буй дэвшилтэт, орчин үеийн технологи, тоног төхөөрөмжийг манай улс нэвтрүүлснээр бүс нутгийн хэмжээнд гамшгаас хамгаалах нөхцөл бүрдэнэ гэв. Мөн онцгой байдал, ус, цаг уурын алба хаагчдыг БНХАУ-д чадавхжуулах, сургах, удирдлага менежментийн арга барилыг мэргэжлийн түвшинд бэлтгэх чиглэлээр санал дэвшүүллээ.
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын сайд Жан хоёр улсын онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг Монгол Улс, БНХАУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны гол амжилтын нэг нь болгохыг хүсэж буйгаа онцлон тэмдэглэлээ.
Тэрбээр, Хятад Улс гамшигтай тэмцэх, гамшиг бууруулах, аюулгүй үйлдвэрлэл болон аврах ажиллагааны хөтөлбөрийн дагуу өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд гамшиг, ослын тоо, гарз хохирол 36-39 хувиар буурсан бөгөөд Монгол Улстай хил орчмын бүс нутгийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах чиглэлээр ажиллах бүрэн боломжтой хэмээв.
Хоёр орны онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаар хэрэгжүүлэх нэгдсэн үйл ажиллагааны хөтөлбөрийг нэн даруй боловсруулж, хэрэгжүүлэх ажлын жагсаалт гарган хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Мөн аврах ажиллагаа, дроны сургалт явуулах, Монгол Улсын онцгой байдлын алба хаагчдад гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр өөрсдийн ашиглаж буй дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжүүдийг танилцуулах, сургалт явуулахад хамтран ажиллаж, харилцаагаа өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

Цаг үе
Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөж байна
Шувууны томуу нь хүн болон амьтны эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй халдварт өвчин юм.
Иргэн бүр эрсдэлээс урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх нь чухал.
-Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байх
-Эрсдэлтэй бүс нутагт зорчихоос зайлсхийх
-Шувууны гаралтай түүхий бүтээгдэхүүнтэй харьцсаны дараа гараа сайтар угаах
-Шувууны аж ахуй, худалдааны газраар шаардлагагүй тохиолдолд зорчихгүй байхыг ЗӨСҮТ-өөс мэдээллээ.

Цаг үе
Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
Улсын хэмжээнд энэ төрлийн 174 хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагийн 163 буюу 93.7 хувь нь Нийслэл, дүүргийн, 11 буюу 6.3 хувь нь орон нутгийн прокурорын газрын хяналтад тус тус шалгагдаж байна.
Мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа 32 хэрэгт 1,283 хүнийг хохирогчоор тогтоож, 52 хүнийг яллагдагчаар татаж, 545,5 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, мөн хохирол нөхөн төлүүлэх зорилгоор 7,2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 490 сая төгрөгийн үнийн дүн бүхий эд хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээ аваад байна.
Хэргийн 93.7 хувь нь Нийслэлийн нутаг дэвсгэрт шалгагдаж байгаатай холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас ажлын хэсэг байгуулж, хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэх чиглэлээр прокурор болон мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллахаар болжээ.
Тодруулахад, 2024-2026 онуудад орон сууц худалдах, худалдан авах, түрээслэх нэрийдлээр бусдыг залилсантай холбоотой хэрэгт 10 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 44,6 тэрбум төгрөгийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч, 227,8 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилж хөрөнгө хамгаалах арга хэмжээ авсан байна.
Мөн 170 хэрэгт 3,651 хүнийг хохирогчоор тогтоож, 301 хүнийг яллагдагчаар татаж прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.
