Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Албан хаагчдын ажлын цагт зохицуулалт хийсэн нь эерэг үр дүнтэй байна

Огноо:

,

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад хувь нэмэр оруулах, ажиллагсдынхаа хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх үүднээс Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас албан хаагчдынхаа ажлын цагт зохицуулалт хийжээ. Тус газар нь 40 албан хаагчтай.

2022-2023 оны хичээлийн жил эхлэх үеэс тус байгууллагын залуучуудын болон эцэг эхийн зөвлөлөөс ажлын цагт уян хатан зохицуулалт хийх санал гаргасан байна. Энэ дагуу есдүгээр сарын 15-ны өдрөөс тус байгууллага ажлын уян хатан цагт шилжээд байгаа юм.

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Энхтайван:

-Байгууллагын залуучуудын болон эцэг эхийн зөвлөлөөс гаргасан саналыг удирдлагын багийнхан хүлээн авч, ярилцаад ажлын цагийг уян хатан болгох, ингэхдээ найман цагийн ажлыг ягштал баримтлах шийдвэрийг гаргасан. Одоогийн байдлаар манай байгууллагын ажиллагсдын 15 хувь нь ажлын цагтаа өөрчлөлт оруулсан. Өглөөний ачаалал, түгжрэлийн үеэс ажлын цагаа зөрүүлэх, мөн бага насны хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт хүргэх зэрэг шалтгаанаар ажлын цагт нь өөрчлөлт оруулах тушаал гаргаад байна. Хотын ид түгжрэлийн цагаас зөрүүлэх байдлаар өглөө 08:30, 09:00 цагт ажилдаа ирж, 17:30, 18:00 цагт тарах саналыг ажиллагсад гаргасан. Тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын баталсан Хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэн ажиллах үлгэрчилсэн зааврыг эрх зүйн үндэслэл болгосон. Энэхүү тушаал шийдвэр гарснаас хойш эерэг үр дүн ажиглагдаж байна. Тухайлбал, бүх албан хаагч нэгэн зэрэг түгжрэлд орохгүйн дээр хүүхдийн хичээл сургуулийн цагт уялдуулсан нь зөв гэж ажиглагдсан.

-Ажлын цагт өөрчлөлт оруулснаар ажлын бүтээмжид хэрхэн нөлөөлж байна вэ?

-Тухайн албан хаагч ажил эхлэх, тарах цагаа сонгож, ар гэр, үр хүүхдэдээ цаг заваа зориулах боломжтой болж байгаа нь ажиллагсдын сэтгэл ханамж, ажлын бүтээмжид сайн нөлөө үзүүлж байгаа гэлээ.

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Б.Пүрэвсүрэн:

-Миний хувьд ажлын цагийг уян хатан байдлаар зохицуулж байгаад баяртай байна. Хөдөлмөрийн тухай хуулийн ажил олгогч ажилтныхаа ажил амьдралын тэнцвэрийг хангах тухай заалт болоод Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын зааварт хүүхдээ хичээл сургуульд нь хүргэж өгөх бололцоогоор хангах тухай заасан байдаг. Энэ дагуу манай байгууллага зохицуулалт хийсэн. Ажлын цагийг Хөдөлмөрийн хуулийн дагуу зохицуулж байгаа. Ажлын цагт зохицуулалт хийгээгүй үед хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөхийн тулд ажлаасаа хоцрох, эсвэл хүүхдээ хүргэж амжихгүй өөр хүнээр хүргүүлэх зэргээр хүндрэлтэй байсан. Харин өглөө 09:00  цагаас ажилдаа ирдэг болсноор хүүхдээ сэтгэл тайван хүргэж өгч байгаа. Мөн замын түгжрэл ч харьцангуй багассан байдаг. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага болоод бусад төрийн албан хаагчид нэгэн зэрэг 08:00 цагаас ажилдаа ирж, очих гэж түгжрэлд ордог бол ажлын уян хатан цагт шилжсэнээр замын түгжрэл тодорхой хэмжээгээр буурах боломжтой. Ажилтан, албан хаагчдадаа боломж олгож буй удирдлагууддаа талархаж байна. Өглөөдөө хүүхдээ хүргэж өгөхдөө ажлаасаа хоцорч, хамт олноосоо санаа зовох, эсвэл хүүхдээ хүргээгүйдээ түгшихгүй, сэтгэл тайван ажлаа хийснээр ажлын бүтээмж ч нэмэгдэж байгаа гэсэн юм.

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 “Ажил олгогч нь ажил, амралтын цагийг зохицуулах, хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцөл хэрэглэх зэргээр ажилтны ажил, амьдралын тэнцвэрийг хангахад дэмжлэг үзүүлэх, хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусгах замаар ажилтны хүүхдэд ээлтэй, хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлнэ” гэсэн заалтын дагуу ажиллагсдынхаа ажилдаа ирэх, тарах цагт зохицуулалт хийсэн байна. Үр дүн эерэг байгааг тус байгууллагын удирдлагууд болон ажиллагсад хэлж байлаа.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Үзэл бодол

Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар ажиллана

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн нутаг Эг, Сэлэнгийн бэлчирт байрлах “Эгийн голын усан цахилгаан станц” төслийн талбайд ажиллалаа.

Тус төсөл нь Засгийн газрын хэрэгжүүлэх 14 мега төслийн тавдугаарт эрэмбэлэгдсэн импортын эрчим хүчийг багасгах, Төвийн бүсийн өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг хангах чухал ач холбогдолтой төсөл юм.

Эрчим хүчний яам болон Монгол-Оросын хамтарсан экспертийн ажлын хэсгээс төслийн явц, цаашид анхаарах асуудлын талаар танилцууллаа. Уг төсөл Байгал нуурын биологийн олон янз байдал, дэлхий цэвэр усны нөөцөд сөрөг нөлөө үзүүлж магадгүй гэсэн шалтгаанаар олон жил гацсан. 

“Дэлхийн өвийн хороо, ОУБХХ-ноос “Эгийн голын УЦС төслийг дангаар хэрэгжүүлэх нь Сэлэнгэ мөрөн, Байгал нуурын экосистемд мэдэгдэхүйц нөлөөлөл үзүүлэхгүй” болохыг тэмдэглэжээ. Гэхдээ төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг ЮНЕСКО-ийн аргачлал болон олон улсын стандартын дагуу боловсруулах чиглэл өгсөн байна. 

Энэ хүрээнд 2025-2026 онд Эгийн голын УЦС-ын Сэлэнгэ мөрний сав газрын экосистемд үзүүлэх өөрчлөлтийг тодорхойлох судалгаа, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ, УЦС-ын туслах боомт болон үндсэн ТЭЗҮ-ийн нэмэлт судалгаа хийж, төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангана. Монгол-Оросын Экспертийн ажлын хэсэг 2026 оны эхний хагаст багтаан эцсийн дүгнэлт гаргахаар тохиролцжээ.  Салбарын сайд нар төслийг хэрэгжүүлэхэд анхаарч байгаа бөгөөд судалгааны ажлуудад шаардлагатай санхүүжилтийг тухай бүр шийдвэрлэн ажиллахаа илэрхийлсэн юм.

Төслийн нөлөөллийн бүс дэх  иргэд буюу Хантай, Баянгол багийн иргэд энэхүү төслийг ажил хэрэг болохыг 35 жил хүлээсэн,  бүрэн дүүрэн дэмжиж байгаа, уг төслийг урагшлуулахын тулд төлөө ажиллаж Ерөнхий сайдад талархал илэрхийлээд, Засгийн газрын бодлого, шийдвэрийг дэмжихээ хэлж байлаа. 

Мөн иргэд энэ уулзалтын үеэр өөрсдийн санаачилсан орон нутгийн хөгжлийг дэмжих, байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх “Хантай” цогцолборын төслөө Ерөнхий сайд танилцууллаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хойд бүсийн анхдугаар зөвлөгөөнд оролцогчид санал нэгтэйгээр Эгийн голын УЦС төслийг бүс нутагтаа хэрэгтэй, нэн яаралтай хэрэгжүүлэх ажлын нэгдүгээрт эрэмбэлснийг дурдаад улс орны эдийн засагт ач холбогдолтой мега төслийг нэгдсэн ойлголтоор дэмжиж байгаа нутгийн иргэдэд талархал илэрхийлэв. Эгийн голын УЦС-ын төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар бүхий л хүчээ дайчлан ажиллана гэлээ.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Я.Чулуунхүү: Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна

Огноо:

,

Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эзэнгүй нохой, муур, мал амьтныг барьж, асрамжлах газарт байрлуулах ажлыг дөрөвдүгээр сарын 24-28-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ талаар УБЗАА-ны Захиргаа, санхүүгийн удирдлагын газрын дарга Н.Отгонбаяраас тодрууллаа.

Тэрбээр “2025 онд НЗДТГ болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд эзэнгүй нохой, мууртай холбоотой гомдол олноороо ирсэн. Тиймээс нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэнгүй нохой, муурыг эзэнжүүлэх, түр асрах байранд хүргэх, анхан шатны вакцин хийх, туулга өгөх, үржлийг хязгаарлах үйлчилгээ үзүүлж байна. Нохой, муур барих ажилд нийслэлийн зургаан дүүргийн онцгой, цагдаагийн албан хаагчид болон УБЗАА, нийслэлээс холбогдох албаныхан 1000 гаруй хүн ажиллаж байна. Энэ удаагийн байршил СХД-ийн 20 дугаар хорооноос эхэлж, Туулын бургаснаас хойш самнах ажиллагаа явуулж байна” гэлээ.

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны Засаг дарга Я.Чулуунхүү “Нийслэлийн Засаг даргын захирамжаар нохой, муур барих, эзэнжүүлэх арга хэмжээ 20 дугаар хороонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Манай хороо гэр хороолол, байшин хороолол, үйлдвэрлэлийн бүс ихтэй. Үйлдвэрлэлийн бүсэд эзэнгүй нохой, муур олон байдаг. Бага насны хүүхдүүдийг хичээл сургуульдаа явахад айлгадаг. Тиймээс нохой, муур барих ажил иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой” гэв.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Ц.Төрхүү: Үсний сэв, хоолны тос, арьс ширний үйлдвэрийн хаягдлаас үүдэлтэй лагийн хэмжээ хэрээс хэтэрсэн

Огноо:

,

НИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр, АН-ын бүлгийн дарга Т.Батцогт, Төлөөлөгч Б.Золзаяа, Э.Хулан, Э.Одонтуяа нар УСУГ-т ажиллалаа. Өдгөө 66 жилийн, 1900 гаруй ажилчинтай тус байгууллагын жаргал, зовлон нийслэлчүүдэд шууд хамаатай.

Ундны ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээ, Улаанбаатар хотын цэвэр, бохир усны шугам сүлжээний засвар үйлчилгээ, усны ухаалаг хэрэглээ, цэвэрлэх байгууламжийн хэвийн, найдвартай ажиллагаа, Улаанбаатар хотын ус хангамжийн сүлжээг хянах, удирдах зэрэг асуудлыг хариуцан шийдвэрлэдэг УСУГ-ын үйл ажиллагаа, тулгамдсан асуудал, ирээдүйн зорилтыг онцлон Ц.Төрхүү дарга мэдээлэл өгч, танилцууллаа.

Тэрбээр, “Үсний сэв, хоолны тос, арьс ширний үйлдвэрийн хаягдал, ахуйн болон аюултай хог хаягдлаас болж лагийн хэмжээ хэрээс хэтэрсэн. Энэ бол аюул. Манай тулгамдсан асуудал. Яагаад бэрхшээл вэ гэхээр, Улаанбаатарын хэмжээнд долоон цэвэрлэх байгууламж үйл ажиллагаа явуулж байна. Бид ганц Төв цэвэрлэх байгууламжийг л чухалчлаад яриад байдаг. Гэтэл эдгээр долоон байгууламж бүрэн хүчин чадлаараа ажиллаад хоногтоо хамгийн ихдээ 200-аад мянган метр куб ус хүлээн авах чадалтай. Гэтэл өнөөдөр энэ ачаалал 3-4 дахин нэмэгдчихсэн. Тэр хэрээр лагийн хэмжээ ихсэж байна. Хоёрдугаарт, усны үнэ тариф, татаасын асуудлыг ярихгүй бол шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо ч бид зардлаа даахгүй. Тиймээс ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээ, бусад асуудалд анхаарахгүйгээр нийслэлчүүдийн ус хангамж найдвартай боллоо гэж санаа амрах нөхцөл үүсэхгүй” гэв.

НИТХ-ын дарга А.Баяр “Цэнхэр алт болох ус шавхагддаг баялаг. Бодлогын хувьд шийвэрлэх, хамтран ажиллах, зайлшгүй олон нийтэд тулгамдсан асуудлаа танилцуулж ойлгуулах шаардлага байна. Тиймээс энэ ажлыг НИТХ-ын нийт Төлөөлөгчдөд танилцуулахаас гадна “Эх оронч сурагч” хөтөлбөрийн хүрээнд ЕБС-ийн сурагчдад усны үнэ цэн, ухаалаг хэрэглээг таниулах ажлыг хамтарч эхлүүлье” гэлээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох