Улстөр нийгэм
Төрийн банкны хувьцааны захиалга эхэллээ
Хөрөнгийн зах зээлийн салбар болон банк, санхүүгийн салбарт нэгэн шинэ хуудас нээж Төрийн банкны Үнэт цаасны зах зээлийн арилжааны нээлт, “Цан цохих” ёслолын ажиллагаа өнөөдөр Монголын Хөрөнгийн биржид боллоо. Ингэснээр Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу арилжааны банкуудаас Төрийн банк анхлан нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжиж байгаа юм.
Төрийн банк энэ удаад олон нийтэд 5 хувиа санал болгож, нийт 22.1 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх бөгөөд нэгж хувьцааны үнэ 590 төгрөг юм байна. “Цан цохих” ёслолд Монгол Улсын Их хурлын гишүүн, Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай, Хадгаламжийн даатгалын корпорацийн Гүйцэтгэх захирал С.Баатарсүрэн, Төрийн банкны ТУЗ-ийн дарга бөгөөд Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн, Төрийн банкны Гүйцэтгэх захирал Ө.Гантөр, Төрийн банкны үндсэн андеррайтераар ажиллаж буй “Өлзий энд Ко капитал” компанийн захирал Б.Өлзийбаяр болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Энэ үеэр Төрийн банкны Гүйцэтгэх захирал Ө.Гантөр хэлсэн үгэндээ,
“Банкны салбарт хийгдэж байгаа реформыг Төрийн банк эхлүүлж байгаад баяртай байна.Төрийн банк нь системийн нөлөө бүхий банкуудаа манлайлан олон нийтэд нээлттэй хувьцаат компани болох салхийг хагалж, олон нийтийнх болох эхлэлээ тавьлаа. 2009 онд Төрийн банкийг, банк санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хадгалах, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах үүднээс байгуулж байв. Тэгвэл өнөөдөр Монгол орон даяар 500 орчим салбар, 4000 гаруй ажилтан, 2.3 сая харилцагчтай болж, активын хэмжээ маань анх байгуулагдсан цагаасаа хойш 28 дахин өсч 3,9 их наяд төгрөгийн актив хөрөнгөтэй болоод байна. Харин ашгийн хувьд 69.8 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байна.
Мөн манай банкны өөрийн хөрөнгийн өгөөж 2022 оны хагас жилийн байдлаар 15.6 хувьд хүрсэн нь системийн нөлөө бүхий банкуудаа тэргүүлж байна. Цаашид бид Дундаж давхаргыг дэмжигч Үндэсний тэргүүлэгч банк байх стартеги зорилтыг хэрэгжүүлж, харилцагчид болоод хувьцаа эзэмшигчдэдээ хамгийн өндөр өгөөж өгөхийн төлөө хичээн ажиллах болно.Төрийн банкны хувьцаа хамгийн тогтвортой, өгөөжтэй хөрөнгө оруулалт байх болно гэдгийг мөн онцлон хэлье. Төрийн банкны араас нээлттэй хувьцаат компани болох төрийн өмчийн компаниуд болон хуулийн дагуу нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжих банкууддаа амжилт хүсье. Та бүхнийг Төрийн банкандаа хөрөнгө оруулж хамтдаа баялаг бүтээхийг уриалж байна” гэв.
Монголын хөрөнгийн биржид Цан цохих ёслол болсноор Төрийн банк ард түмний банк болох эхлэлээ ийнхүү тавьж байгаа юм. Тус банкны хувьцааг иргэд маш их сонирхож байгаа бөгөөд Төрийн банкны хувьцаа хамгийн тогтвортой, өгөөжтэй хөрөнгө оруулалт байх болно гэж хөрөнгө оруулагчид үзэж байна. Төрийн банкны хувьцааг сонирхож байгаа иргэд www.ibank.mn хаягаар хандан Гялсбанкныхаа эрхээр захиалах боломжтой юм.
Мөн Төрийн банкны үндсэн андеррайтер болох “Өлзий энд Ко капитал”, туслах “Гүүдсек Үнэт цаасны компани” болон хүссэн брокерын компанидаа хандан хувьцаа захиалах боломжтой юм байна. Харин хэрэгтэй мэдээллээ ipo.statebank.mn хаяг болон 77661881 дугаараас лавлах боломжтой.
Төрийн банкны хувьцааны арилжаа есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 6-ныг хүртэл үргэлжлэх ажээ.
Улстөр нийгэм
НҮБ-ын Хүн ам, хөгжлийн комиссын 59 дүгээр чуулганд Монгол Улс оролцож байна
АНУ-ын Нью-Йорк хотноо 2026 оны дөрөвдүгээр сарын 13-17-ны өдрүүдэд НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Хүн ам, хөгжлийн комисс (ХАХК)-ын 59 дүгээр чуулган “Тогтвортой хөгжлийн орчин дахь хүн ам, технологи ба судалгаа” сэдвийн хүрээнд болж байна.
Энэхүү чуулганд НҮБ-ын гишүүн орнууд, олон улсын байгууллагууд, судлаачид, бодлого тодорхойлогчид оролцож, хүн амын хөгжил, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт, технологийн дэвшлийн нөлөө зэрэг асуудлаар санал солилцож байна. Чуулганд дэлхийн 190 гаруй улсын төлөөлөл оролцож буйгаараа онцлог юм.
Монгол Улсаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр 2026 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр болсон Ерөнхий хэлэлцүүлэгт үг хэлэв. Тэрбээр Олон улсын хүн ам, хөгжлийн бага хурлын Үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр манай улсын авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг танилцуулж, хүн амын бодлогыг хүний эрхэд суурилсан, хүртээмжтэй, нотолгоонд тулгуурласан байдлаар хэрэгжүүлэхийн чухлыг онцоллоо.
Мөн Монгол Улсын цахим шилжилтийн бодлогын хүрээнд гарч буй ахиц дэвшлийг дурдан, “E-Mongolia” платформ нь төрийн үйлчилгээг иргэдэд илүү шуурхай, хүртээмжтэй хүргэхэд бодит үр дүн үзүүлж байгааг тэмдэглэв. Түүнчлэн технологийн хөгжлийг хүний эрх, хувийн мэдээллийн хамгаалалттай уялдуулан хэрэгжүүлэх шаардлагатайг онцолсон байна.
Хүн ам, хөгжлийн комиссын чуулган нь жил бүр зохион байгуулагддаг бөгөөд хүн ам зүй, нийгмийн бодлого, хөгжлийн асуудлаар дэлхийн улс орнуудын туршлага, бодлогыг хэлэлцэх чухал индэр болдог.
Улстөр нийгэм
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар 2026 оны дөрөвдүгээр сарын 20-23-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн түвшинд тус улсад 20 жилийн дараа болох энэ айлчлалын үеэр хоёр орны төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө.
Тухайлбал өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх талаар хэлэлцэх юм.
Айлчлалын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
Мөн хоёр улсын аж ахуйн нэгжүүд бизнес форум зохиож, Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид Астана хотноо анх удаа “Монголын сайхан орон” хүндэтгэлийн тоглолтоо толилуулна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалын үеэр Астана хотноо болох Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтад оролцоно.
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев 2024 онд Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийсэн нь харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болсон.
Энэ айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн уламжлалт найрсаг харилцааны түвшнийг шат ахиулан “Стратегийн түншлэл”-д хүргэснээ тунхаглан зарласан юм.
Ингэснээр Казахстан нь Төв Азийн бүс нутаг дахь манай улсын анхны Стратегийн түнш орон болж байлаа.
Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс 1992 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй.
Манай улсаас 1998 онд Ерөнхийлөгч Н.Багабанди, 2007 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр нар Казахстан Улсад төрийн айлчлал хийжээ.
Улстөр нийгэм
Улсын хэмжээнд 9.2 сая төл хүлээн авч, бойжилт 98.9 хувьтай байна
2026 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд төллөвөл зохих 22.4 сая эх малын 41.4 хувь буюу 9.2 сая хээлтэгч мал төллөжээ.
Одоогийн байдлаар нийт 9.2 сая төл хүлээн авснаас 9.1 сая толгой төл бойжиж, бойжилт 98.9 хувьтай байгаа нь мал төллөлт хэвийн үргэлжилж байгааг харуулав.
Мал төллөлтийн явцыг бүсээр авч үзвэл баруун бүсэд 44.5 хувь, хангайн бүсэд 43.1 хувь, зүүн бүсэд 38.3 хувь, төвийн бүсэд 38.2 хувьтай үргэлжилж байна.
Харин оны эхнээс хойш улсын хэмжээнд нийт 199.8 мянган толгой мал зүй бусаар хорогдсон байна. Үүнийг төрлөөр нь ангилбал тэмээ 171, адуу 16.5 мянга, үхэр 21.3 мянга, хонь 76.0 мянга, ямаа 85.7 мянган толгой байна. Энэ нь оны эхний нийт малын 0.34 хувийг эзэлж байгаа юм.
Мэргэжлийн байгууллагуудын мэдээлснээр хаврын улиралд мал төллөлтийн явцтай уялдан малын арчилгаа, маллагааг сайжруулах, төл бойжилтыг хамгаалах шаардлагатайг анхааруулж байна.

