Улстөр нийгэм
Нийслэлийн ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид голт бор мод тарилаа

Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг тохиолдуулан Нийслэл болон дүүргийн Иргэдийн Хурлын эмэгтэй Төлөөлөгчид мод тарилаа. Энэ хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр иргэд, аж ахуй нэгж, байгууллагууд хамтран мод тарьж байна.
Энэ талаар Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга Ү.Оюунзул “Уур амьсгалын өөрчлөлт дэлхий нийтэд тулгамдсан асуудал болж байна. Монгол улсын хувьд нийт газар нутгийн 76,9 хувь цөлжилттэй. Цөлжилтийн эсрэг бидний хийж чадах хамгийн үр дүнтэй зүйл бол мод тарих юм. Энэ жилийн хувьд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхэлсэнтэй холбогдуулан өмнө жилүүдээс 5 дахин их буюу 120,000 мод тарина. 20,000 ширхэг модыг цэцэрлэгжүүлэлтийн хэлбэрээр, 100,000 модыг Туул голын эргийн хамгаалалтад ойжуулалтын хэлбэрээр тарьж байна. Байгаль дэлхийдээ бодитой хувь нэмэр оруулж, мод тарихаар ирсэн та бүхэндээ чин сэтгэлээсээ талархъя” гэлээ.
Мөн Нийслэлийн ИТХ-ын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Б.Мягмар “Мод тарихаар хуран цугласан та бүхэндээ Нийслэл, дүүргийн Иргэдийн Хурлын эмэгтэй Төлөөлөгчдийн өмнөөс талархал илэрхийлье. Нийслэлийн ИТХ-ын эмэгтэйчүүд өнгөрсөн онд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй хамтран “Гэр бүлийн төгөл”-д 500 мод тарьсан. Энэ онд дүүргийнхээ төлөөлөгчидтэй нэгдэж 1000 мод тарихаар зорьж байна. Бидний тарьсан мод бүр ургаж, нийслэлийн ногоон байгууламжид хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэв.
Нийслэлийн ИТХ-ын эмэгтэй Төлөөлөгчид Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд голт бор мод суулгасан юм. Бүх нийтээр мод тарих өдрүүдэд 110 000 ширхэг модыг 50 гаруй байгууллага, 3000 гаруй иргэдтэй хамтран тарина. Намрын мод тарилтаар голт бор, монос, тэхийн шээг, өрөл, гүйлс, буйлс, даланхайс, үхрийн нүд, агч, хайлаас, шар хуайс, долоогоно, улиас зэрэг 10 төрлийн мод тарьж байгаа юм.
Улстөр нийгэм
Орон сууцны үнэ өссөн байна
Орон сууцны үнийн индекс есдүгээр сард 1.34 болж, өмнөх оны мөн үеэс 14.0 хувиар, өмнөх сараас 1.1 хувиар тус тус өссөн байна.
Шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.5 хувиар, өмнөх сараас 1.1 хувиар, хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 14.7 хувиар, өмнөх сараас 1.3 хувиар тус тус өссөн байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.
Улстөр нийгэм
Нийслэлийн хэмжээнд 2025 оны II ээлжийн цэрэг татлагыг энэ сарын 17, 18, 19-ний өдөр зохион байгуулна
Нийслэлийн хэмжээнд 2025 оны II ээлжийн цэрэг татлагыг энэ сарын 17, 18, 19-ний өдөр зохион байгуулна. Мөн хугацаат цэргийн албанд тэнцсэн залуусаас санал авч мэргэжил эзэмшүүлнэ.
Тодруулбал, барилгын засал, сантехникч, цахилгаанчин, гагнуурчин, үсчин, оёдолчин зэрэг мэргэжлийг эзэмших боломжтой. Харин тухайн мэргэжлээрээ ажиллаж байсан бол ахисан шатны сургалтад хамруулах аж.
Энэ талаар НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Өмнөх жилүүдэд цэргийн алба хааж буй залууст англи хэл, жолооны курсийн сургалтыг цэргийн эрдмийн хичээлтэй хавсарч олгосон нь үр дүнтэй байсан. Тийм учраас цэргийн алба хаах хугацаанд нь тухайн орон нутгийн МСҮТ-тэй хамтарч мэргэжил эзэмшүүлнэ.
Ингэхдээ цэргийн албанд тэнцсэн залуусаас ямар мэргэжлээр суралцах хүсэлтэй байгаа талаар нь санал авна. Мөн цэргийн насны залуусын эрүүл мэндийн асуудалд ямар түвшинд байгааг тогтоох дүн шинжилгээ хийнэ. Энэ хүрээнд БЗД-ийн хэмжээнд цэрэгт татагдах насны 2000 иргэнийг эрүүл мэндийн цогц шинжилгээнд хамруулна. Хугацаат цэргийн албанд татагдагч нь найман төрлийн шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийн үзлэгт орно” гэлээ.
Цэрэг татлагын байранд очихдоо:
- Иргэний үнэмлэх
- Цэргийн үүрэгтний үнэмлэх
- Мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх
- Сургууль төгссөн бол диплом зэрэг бичиг баримтыг биедээ авч очих шаардлагатай.
Цэцэг татлагыг дараах есөн байршилд зохион байгуулна.
- Баянгол дүүргийн 96 дугаар сургууль,
- Баянзүрх дүүргийн - 14 дугаар сургууль,
- Сүхбаатар дүүргийн - 3 дугаар сургууль,
- Сонгинохайрхан дүүргийн - 83 дугаар сургууль,
- Чингэлтэй дүүргийн - 5 дугаар сургууль,
- Хан-Уул дүүргийн - 34 дугаар сургууль,
- Налайх дүүргийн - Налайх политехник коллеж,
- Багануур дүүргийн - Гүн галуутай цогцолбор сургууль,
- Багахангай дүүргийн - Хангай цогцолбор сургууль дээр тус тус зохион байгуулна.
Улстөр нийгэм
Санхүүгийн хууль бус үйлдлээс иргэдийг хамгаалахад чиглэсэн шинэ шатны хяналт орон нутагт хэрэгжинэ
Сүүлийн жилүүдэд зохих зөвшөөрөлгүйгээр санхүүгийн үйлчилгээ үзүүлэх, иргэдийг залилсан санхүүгийн гэмт хэрэг нэмэгдэх болсон. Иймд Санхүүгийн зохицуулах хороо иргэд, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн зах зээлийн ил тод, хариуцлагатай орчныг бүрдүүлэх, тэр дундаа орон нутагт хууль бус санхүүгийн үйл ажиллагааг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор 21 аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга болон бүртгэлийн мэргэжилтнүүдэд улсын байцаагчийн эрх олгохоор шийдвэрлэлээ.
Ингэснээр санхүүгийн хяналтыг орон нутагт сайжруулж, иргэдийн эрх ашиг бодитойгоор хамгаалагдах, хууль бус үйл ажиллагаанд өртөх эрсдэлээс сэргийлэгдэх боломж бүрдэхийн зэрэгцээ санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэгчдийн хууль, эрх зүйн орчинд ажиллах, хариуцлага нэмэгдэх давуу талтай. Мөн иргэдэд зориулсан мэдээлэл, сэрэмжлүүлэг, сургалт, зөвлөгөө өгөх үйл ажиллагаа илүү хүртээмжтэй, бодитой болох, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдал, хөрөнгө оруулагчдын итгэл бэхжих давуу талтай.
Энэ хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооноос санаачлан Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газартай хамтран улсын байцаагчийн эрхтэй 21 аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга, бүртгэлийн мэргэжилтнүүдэд улсын байцаагчийн эрх зүйн байдал, зөрчлийн хэрэг маргаан болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай холбоотой чиглүүлэх, мэдээлэл өгөх сургалт зохион байгууллаа. Ингэснээр эдгээр улсын байцаагч холбогдох хууль тогтоомж, хяналт шалгалт, гарсан зөрчлийг хууль зүйн үндэслэлтэй, үр дүнтэй хэрэгжүүлэх чадамжаар хангагдах, орон нутгийн түвшинд хууль бус санхүүгийн үйл ажиллагаатай шуурхай тэмцэх нөхцөл бүрдэх юм.
Санхүүгийн зохицуулах хороо цаашид ч улсын байцаагч нартай байнга хамтран ажиллаж, мэргэжлийн чадавхыг нь нэмэгдүүлэх, хууль бус санхүүгийн үйл ажиллагаатай тэмцэх ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлнэ гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.
-
Цаг үе2019/08/08
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн
-
Улстөр нийгэм2021/09/08
УИХ-ын дарга Австри улсын Үндэсний зөвлөлийн Ерөнхийлөгч Вольфганг Соботкатай уу...
-
Улстөр нийгэм2022/03/22
Сонсголон, Яармагийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг танилцуулах үүрэг өглөө
-
Улстөр нийгэм2022/08/29
УИХ-ын ээлжит бус чуулганаар энэ долоо хоногт...