Шударга мэдээ
Шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлэх тогтоол батлагдлаа
Өнөөдөр “Үндэсний мэдээлллийн төв”-д Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, Үнэ тариф, зах зээлийн газрын ахлах мэргэжилтэн Д.Эрдэнэбулган нар сэтгүүлч нарт зориулан мэдээлэл хийлээ. Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2 дахь хэсэг, Агаарын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэг, Засгийн Газрын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 199 дүгээр тогтоолоор баталсан “Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хурлаар 433, 434 тоот тогтоол гаргалаа.
Энэхүү тогтоолд “Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Нийслэлийн гэр хорооллын бүсэд орших хоёр тарифт тоолууртай өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тариф болон сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифыг 2019 оны 11 дүгээр 01-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд 100 хувь, аймгийн төв болон, 10000-гаас дээш хүн амтай сум суурин газрын хоёр тарифт тоолууртай гэр хорооллын айл өрхийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөрийг 50 хөнгөлөхийг цахилгаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үүрэг болгожээ.
Мөн Нийслэлийн гэр хорооллын өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт 100 хувийн хөнгөлөлт үзүүлэх нэг сарын хэрэглээний дээд хязгаарыг 220 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчдэд 700 кВт.цаг, 380 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчдэд 1500 кВт.цаг байхаар тогтоосон байна. Нийслэлийн гэр хорооллын бүсэд орших хоёр тарифт тоолууртай өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт 100 хувийн хөнгөлөлт үзүүлэх нэг сарын хэрэглээний дээд хязгаараас илүү хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 хувиар хөнгөлөхөөр заасан байна. Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх явцад цахилгаан шугам сүлжээний тоног төхөөрөмжийн найдвартай, аюулгүй ажиллагааг хангах, гэр хорооллын өрхөд цахилгааны ашиглалтын аюулгүй байдалтай холбоотой сэрэмжлүүлэг, зөвлөмж өгөх ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг цахилгаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үүрэг болгожээ.
Гэр хорооллын шөнийн тарифын хөнгөлөлтийг 2017 оноос үзүүлж эхэлсэн бөгөөд тус онд 101.326 айл өрх хамрагдаж, нийтдээ 6.8 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдэлж байсан бол 2018 онд 109.213 айл өрх хамрагдан 9.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн байна. Энэ тоо жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд 2019 онд 116966 айл өрх 19.5 тэрбум төгрөгийн цахилгааны хөнгөлөлт эдэлнэ. Харин 2020 онд 116966 айл өрх нийтдээ 27.6 тэрбум төгрөгийн хөнгөлөлтөд гэсэн тооцоог гарчээ. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд агаарын бохирдлыг бууруулах зорилгын хүрээнд гэр хорооллын өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифын хөнгөлөлтөд нийтдээ 35.7 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.
Шударга мэдээ
ЦЕГ: Гадаад улсын виз гаргуулахтай холбоотой 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна
Цагдаагийн байгууллагад 2026 он гарснаас хойш гадаад улсын виз гаргуулахтай холбоотой нийт 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагаас зөвхөн “Бүгд найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж иргэдийг залилсан 102 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг зөвхөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар албан ёсоор бүртгэж, сонгон шалгаруулалт зохион байгуулан илгээдэг.
Тус байгууллага нь Е-9 визийн ангиллаар БНСУ-ын аж үйлдвэрийн салбарт ажиллах иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл, сонгон шалгаруулалт, үр дүнгийн мэдээллийг албан ёсны сувгуудаар хүргэдэг бөгөөд энэ төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх цорын ганц эрх бүхий байгууллага юм.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр /Е-9 визийн ангилал/ аж үйлдвэрийн салбарт ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг 2026 оны гуравдугаар сард зохион байгуулж эхэлсэн. Залилагч этгээдүүд "Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт ажилладаг", "Найдвартай виз гаргаж өгнө", "Дараалал харгалзахгүй явуулна" гэх мэт худал мэдээлэл тараан иргэдийг хуурч, их хэмжээний мөнгө залилан авах гэмт хэрэг гарсаар байгаа аж.
Энэхүү гэмт хэрэг нь жил бүрийн хавар, намрын бүртгэлийн үеүдэд идэвхэжсэн юм байна. Иймд иргэд та бүхэн БНСУ-ын хөдөлмөрийн гэрээт ажилтны бүртгэл, шалгалттай холбоотой мэдээллийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас авах, танил талаар дамжуулан виз гаргаж өгнө, шалгалтгүй явуулна гэсэн амлалтад итгэхгүй байх, урьдчилгаа төлбөр, үйлчилгээний хураамж нэрээр мөнгө шилжүүлэхээс татгалзах, сэжигтэй зар мэдээлэл, залилангийн шинжтэй үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэхийг зөвлөлөө.
Шударга мэдээ
Боловсролын зээлийн сангийн зээлээс 10.2 тэрбум төгрөг эргэн төлөгджээ
Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор “Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сангаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүд хууль бусаар тэтгэлэг авч, эргэн төлөөгүй” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг шалгах ажлын хэсэг байгуулсан байна.
Ажлын хэсгээс хэрэг бүртгэлтийн 11, мөрдөн байцаалтын 2 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Үүнээс хэрэг бүртгэлтийн 1 хэргийг хааж, 1 хэргийг нэгтгэн, мөрдөн байцаалтын 1 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
Одоогоор Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд хэрэг бүртгэлтийн 1, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 8 хэрэг шалгагдаж байгаа аж. Мөн яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай ирүүлсэн 1 хэрэг прокурорын хяналтын шатанд хянагдаж байна.
Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт 694 суралцагчаас 3,054,210 ам.долларын гадаад зээлийн эргэн төлөлт хийгджээ. Энэ нь одоогийн ханшаар 10.2 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.
Шударга мэдээ
Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо
Боловсролын сайд Л.Энх-Амгалан Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын дарга, сайд Маркус Лайтнерыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Өнгөрсөн хугацаанд Швейцарын Холбооны Улстай тогтвортой хөгжлийн боловсрол, мэргэжлийн боловсрол, сургалтын чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирснийг уулзалтын үеэр онцлон дурдлаа.
Цаашид мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт түлхүү хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхээр болов.
Мөн Швейцарын Холбооны Улсын хэрэгжүүлдэг хүртээмжтэй боловсролын бодлогоос туршлага судлах зэрэг чиглэлээр талууд санал солилцлоо.
-
Цаг үе2023/11/21
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Цаг үе2026/06/03
Хоногийн хугацаанд явган зорчигч мөргөж гэмтээсэн 11 зам тээврийн осол бүртгэгдж...
-
Цаг үе2021/06/07
Улаанбаатарт өнөөдөр дархлаажуулалтын явуулын 12, суурин 41 цэг ажиллана
-
Цаг үе2023/03/17
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
