Шударга мэдээ
Улаанбаатарыг нэг төвт хотоос олон төвт хот болгохоор зорьж байна
Хүн сайн сайхан аж төрөхийн тулд нутаг дэвсгэрийн байршил, орлогын эх үүсвэр, нийгмийн орчноо солих үзэгдлийг шилжилт хөдөлгөөн гэж тодорхойлдог. Улаанбаатар хотыг анх 1950 онд 600 мянган хүн амтай байхаар төлөвлөсөн. Гэтэл ердөө 20 жилийн дараа шилжилт хөдөлгөөн нэмэгдэж, хүн амын тоо 200 мянга орчмоор нэмэгджээ. Тэр үеэс хүн амын тоо тасралтгүй өссөөр өдгөө Улаанбаатар хотод албаны ёсны бүртгэлтэй 1.6 сая хүн төрж байна. 2019-2021 оны хооронд л гэхэд Улаанбаатар хотод шилжин суурьшсан иргэд 78 мянгад хүрчээ. Тодруулбал, 2019 онд 13.000, 2020 онд 39.500, 2021 онд 25.700 орчим иргэн шилжилт хөдөлгөөн хийж, Улаанбаатар хотын харьяат болсон байна.

Д.СУМЪЯАБАЗАР: ХОТ, ХӨДӨӨГИЙН ТЭНЦВЭРИЙГ ХАНГАХ НЬ ХӨГЖЛИЙН ҮНДСЭН АСУУДАЛ
Орон нутгаас нийслэлийг зорих хөдөлгөөн зөвхөн Монголд өрнөдөггүй. Дэлхийн олон оронд хот суурин газар руу чиглэсэн шилжилт хөдөлгөөний урсгал тасралтгүй нэмэгдсээр буй. Тиймээс улс орнууд төлөвлөлт, төвлөрлийг задлах бодлогоо шинэчилж, суурьшлын бүсээ тэлэх байдлаар үүнийг шийдэж байна. Тэгвэл Улаанбаатар хот Монгол Улсын хөгжлийн бодлогын уялдаа холбоог хангаж, хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэр, төвлөрлийг сааруулах зөөлөн бодлогыг хотын хөгжлийн зорилттой хослуулан хэрэгжүүлэх нь нэн тэргүүний асуудал болоод буй. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазартай ярилцлаа.
-Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан хотын хөгжлийг харахад, хэт их нягтаршил, үүнээс үүдсэн түгжрэл, төвлөрөл, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээгүй байдал нэмэгдэж, зам, гүүрэн байгууламжийн ачаалал гурав дахин хэтэрсэн. Эдгээр асуудал нь ямар ч хурдаар яаж ч бүтээн байгуулалт хийгээд Улаанбаатар хотын төлөвлөлтийн асуудлыг богино хугацаанд шийдэх боломжгүй болгосон. Улаанбаатар хотын хүн ам 1.6 сая байна. Бүртгэлгүй, мөн байнга ирж очин байдаг хүмүүсийг оруулбал 1.7 саяд хүрч байгаа мэдээлэл бий. Бизнес, зах зээлийн талаас нь харвал нэг иргэн ч хотын эдийн засгийг дэмжинэ. Гэхдээ манай хотод 1.7 сая иргэнийг даагаад явах нийгэм, эдийн засаг, дэд бүтцийн суурь нь бэлэн биш байна.
Улаанбаатар хотын хүн ам механикаар жилд дунджаар 45 мянгаар нэмэгдэж байгаа. Ердийн өсөлт 30-35 мянга байна. Ингэхээр хотын хүн ам жилд 70-80 мянгаар өсөж байна гэсэн үг. Мөн автомашины хэрэглээ жилд 80 мянгаар нэмэгддэг. Бидний бүтээн байгуулалтын хурд эдгээр өсөлтийг гүйцэхгүй байгаа. Мөн хөрөнгө оруулалт дутагдалтай байна. Үүнийг дорвитой өөрчилж, хууль, эрх зүйн зохицуулалт хийж өгөхгүй бол болохгүй. Энэ өсөлтийг хэрхэх вэ гэдэг нь зөвхөн Хотын даргын бодлого биш, төрийн бодлого болж байгаа юм. Хот, хөдөөгийн тэнцвэрийг хангах нь хөгжлийн үндсэн асуудал. Алслагдсан бүс нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийг татварын зөв зохицуулалтаар дэмжих, цалин, урамшууллын дэмжлэг нь хотоос илүү байж орон нутагт иргэд амьдрах нөхцөл, суурийг бүрдүүлнэ. Үүний цаана дэд бүтэц, эрчим хүчний хэрэглээ, дулаан хангамжийн асуудал бий. Энэ болгоныг төрийн бодлогын хөгжлийн үндэс, суурь болгож байж 1.5 сая км газар нутагт 3.4 сая хүнийг тэгш, хүртээмжтэй байдлаар амьдруулах нөхцөл бүрдэнэ. Ингэж байж хотын асуудлыг жигд шийднэ.

-Нийслэл хот руугаа чиглэсэн хөдөлгөөн зөвхөн Монголд байгаа юм биш. Дэлхийн олон хотод ийм асуудал бий. Хот болгон өөрийн онцлогтоо тохирсон шийдвэрлэх арга замыг эрэлхийлж байна. Улаанбаатар хотын хувьд төвлөрлийг шийдэх ямар ажил хийж байна вэ?
-“Алсын хараа-2050”-д Монгол Улсын хөгжлийн бодлогыг маш тодорхой заасан. Энэ бодлогын бичиг баримтад суурилсан Монгол Улсын хөгжлийн бодлогын бичиг баримтууд боловсруулагдаж байгаа. Газар нутаг, хүн амын нягтаршил, суурьшлын төлөвлөлттэй холбоотой бодлогын бичиг баримт Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв дээр явж байна. Мөн Үндэсний хөгжлийн газарт Бүсчилсэн хөгжлийн загвар гарчихсан явж байгаа. Түүнчлэн Улаанбаатар хотыг 2020-2050 он хүртэл хөгжүүлэх 30 жилийн төлөвлөгөө яригдаж байна. Эдгээр бодлогын бичиг баримт хоорондоо уялдахгүй байгаа асуудал бий. Бодлогын баримт бичгээ нэг болгон зангидах хэрэгтэй. Зөвхөн хотын хөгжлийн асуудлыг яриад байхаар хот руугаа төвлөрнө шүү дээ. Яаралтай арга хэмжээ авч, бүсчилсэн хөгжлийн загварууд дээр, зүүн, баруун бүсдээ онцгой анхаарч, татварын зохицуулалт хийж өгөх хэрэгтэй. Бодлогын бичиг баримтаа хөрсөн дээрээ суулгах ажлаа хиймээр байна.
Улаанбаатар хот Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиа ч батлуулж чадахгүй нөхцөл байдалтай байсан бол одоо хуультай боллоо. Үүнийг барьж хөгжлийн концепцио боловсруулаад, Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөгөө НИТХ-аар батлуулсан. Цаг хугацаа бол бидний гол өрсөлдөгч. Үр дүнтэй, гүйцэтгэлтэй ажлуудаа дуусгамаар байна. Хөгжлийг гацааж байгаа хууль, тухайлбал, Тендерийн тухай хуулийг өөрчлөх хэрэгтэй. Хамгийн бага үнэ санал болгосон хүмүүс нь тендерт ялж байна. Энэ нь хөгжлийг гацаадаг. Үүнийг УИХ тодорхой болгож, хөгжилд тушаа болохгүй болгож өөрчлөх хэрэгтэй.
-Та хот хэмээх энэ том гал тогоонд орж ирснээсээ хойш асуудалд УИХ, Засгийн газрын анхаарлыг хандуулж, хууль, эрх зүй гэх мэтээр асуудлыг үе шаттайгаар шийдээд явж байгааг харж байна. Мөн Хот хариуцсан сайд томилогдлоо. Сайдаас ямар хүлээлттэй байна вэ?
-Ж.Сүхбаатар сайд надад маш их дэмтэй байна. Ялангуяа салбар хоорондын уялдаа холбоог зохицуулж байгаа. Түгжрэл бол зөвхөн Улаанбаатар хотын биш, улсын хэмжээний асуудал болсон. Улаанбаатар хот бол нийгэм, эдийн засаг, тээвэр, ложистик, худалдаа, эдийн засгийн гол зангилаа. Түгжрэл, төвлөрөл гээд Улаанбаатар хотын асуудлыг шийдэж чадвал улсын асуудал шийдэгдэнэ. Нийгэм, эдийн засгийн 63, эдийн засгийн 70, аж ахуйн нэгжийн 77 хувь буюу 150 мянга нь, их, дээд сургуулийн 95, хүн амын 53 хувь нь нийслэлд байна. Улаанбаатар хотын асуудлыг богино хугацаанд, үе шаттай, үр дүнтэй шийдэж байж цаашдаа улсын хөгжлийн асуудлыг шийднэ. Мэдээж том бодлогоор, бүсчилсэн хөгжлийн загвараар бүс нутгийн хөгжилд онцгой анхаарвал хот руу ирэх төвлөрөл аажимдаа саарч, орон нутагт авч байгаа цалин, амьдралын чанар сайжраад ирвэл Улаанбаатар хотоос гарахыг л бодно шүү дээ. Энэ ажлыг түргэтгэхийн тулд Ж.Сүхбаатар сайдтай гар, сэтгэл нийлэн ажиллаж байгаа. УИХ, Засгийн газрын түвшинд, хууль, эрх зүйн өөрчлөлтүүдийг хийх зайлшгүй шаардлага тулгарна. Гол нь хүрэх үр дүн. Тэрнээс хэн хийх нь чухал биш. Том зургаараа бид хүрэх үр дүндээ хүрэх ёстой. Гүйцэтгэл оновчтой, зөв байх ёстой гэлээ.
Нийслэл Улаанбаатар хот түүхэндээ анх удаа хөгжлийн бодлогоо бие даан тодорхойлж, стратеги, төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх боломж бүрдсэн. Энэ бол Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль батлагдсан явдал юм. Хуулийн хүрээнд Улаанбаатар хотын тойргийг тэлж, нэг төвт хотоос олон төвт хотыг бий болгох зорилтыг тавиад байна. Төвлөрлийг задалж, хот хүрээгээ тэлэх ажил өнөөдөр шийдвэр нь гараад, маргааш шийдэгдэх хялбархан асуудал биш. Тиймээс үе шаттай ажлуудыг шат дараатайгаар хэрэгжүүлэхээр хотын удирдлагын баг ханцуй шамлаад байна.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
Шударга мэдээ
ЦЕГ: Гадаад улсын виз гаргуулахтай холбоотой 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна
Цагдаагийн байгууллагад 2026 он гарснаас хойш гадаад улсын виз гаргуулахтай холбоотой нийт 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагаас зөвхөн “Бүгд найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж иргэдийг залилсан 102 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг зөвхөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар албан ёсоор бүртгэж, сонгон шалгаруулалт зохион байгуулан илгээдэг.
Тус байгууллага нь Е-9 визийн ангиллаар БНСУ-ын аж үйлдвэрийн салбарт ажиллах иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл, сонгон шалгаруулалт, үр дүнгийн мэдээллийг албан ёсны сувгуудаар хүргэдэг бөгөөд энэ төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх цорын ганц эрх бүхий байгууллага юм.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр /Е-9 визийн ангилал/ аж үйлдвэрийн салбарт ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг 2026 оны гуравдугаар сард зохион байгуулж эхэлсэн. Залилагч этгээдүүд "Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт ажилладаг", "Найдвартай виз гаргаж өгнө", "Дараалал харгалзахгүй явуулна" гэх мэт худал мэдээлэл тараан иргэдийг хуурч, их хэмжээний мөнгө залилан авах гэмт хэрэг гарсаар байгаа аж.
Энэхүү гэмт хэрэг нь жил бүрийн хавар, намрын бүртгэлийн үеүдэд идэвхэжсэн юм байна. Иймд иргэд та бүхэн БНСУ-ын хөдөлмөрийн гэрээт ажилтны бүртгэл, шалгалттай холбоотой мэдээллийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас авах, танил талаар дамжуулан виз гаргаж өгнө, шалгалтгүй явуулна гэсэн амлалтад итгэхгүй байх, урьдчилгаа төлбөр, үйлчилгээний хураамж нэрээр мөнгө шилжүүлэхээс татгалзах, сэжигтэй зар мэдээлэл, залилангийн шинжтэй үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэхийг зөвлөлөө.
Шударга мэдээ
Боловсролын зээлийн сангийн зээлээс 10.2 тэрбум төгрөг эргэн төлөгджээ
Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор “Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сангаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүд хууль бусаар тэтгэлэг авч, эргэн төлөөгүй” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг шалгах ажлын хэсэг байгуулсан байна.
Ажлын хэсгээс хэрэг бүртгэлтийн 11, мөрдөн байцаалтын 2 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Үүнээс хэрэг бүртгэлтийн 1 хэргийг хааж, 1 хэргийг нэгтгэн, мөрдөн байцаалтын 1 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
Одоогоор Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд хэрэг бүртгэлтийн 1, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 8 хэрэг шалгагдаж байгаа аж. Мөн яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай ирүүлсэн 1 хэрэг прокурорын хяналтын шатанд хянагдаж байна.
Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт 694 суралцагчаас 3,054,210 ам.долларын гадаад зээлийн эргэн төлөлт хийгджээ. Энэ нь одоогийн ханшаар 10.2 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.
Шударга мэдээ
Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо
Боловсролын сайд Л.Энх-Амгалан Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын дарга, сайд Маркус Лайтнерыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Өнгөрсөн хугацаанд Швейцарын Холбооны Улстай тогтвортой хөгжлийн боловсрол, мэргэжлийн боловсрол, сургалтын чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирснийг уулзалтын үеэр онцлон дурдлаа.
Цаашид мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт түлхүү хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхээр болов.
Мөн Швейцарын Холбооны Улсын хэрэгжүүлдэг хүртээмжтэй боловсролын бодлогоос туршлага судлах зэрэг чиглэлээр талууд санал солилцлоо.
-
Цаг үе2023/06/28
Монгол Улсын хос бөхт тэмээний аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр зөвлөмж гаргалаа
-
Цаг үе2022/08/17
Улиастайн хуучин эцсээс Гачуурт хүртэлх замд хучилт хийлээ
-
Цаг үе2022/09/23
Та дараах 74 лавлагаа, тодорхойлолтыг нотариатаар гэрчлүүлэх шаардлагагүй!
-
Урлаг спорт2019/06/26
УДЭТ төслийн баг сонгон шалгаруулна
