Улстөр нийгэм
Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар нэгэн зэрэг эхэллээ. Шалгалтыг цахим хэлбэрээр 4 дэх жилдээ, 7 дахь удаагаа зохион байгуулж байна. Энэ удаагийн шалгалтад нийт 5885 иргэн бүртгүүлснээс Улаанбаатар хотод 2788 иргэн шалгалт өгч байгаа юм.
Шалгалтын эхэнд Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг “Төрийн албаны шинэтгэлийг үе шаттай явуулж байна. Энэ удаагийн шалгалт өмнөх шалгалтуудаас онцлогтой болсон. Нэгдүгээрт, ерөнхий шалгалтыг жилд нэг л удаа өгдөг байсан бол шинэ хуулийн зохицуулалтаар улирал бүр зохион байгуулна. Хоёрдугаарт, ерөнхий шалгалт хаана өгснөөс үл хамаарч, шалгалтдаа тэнцсэн тохиолдолд харьяалал хамаарахгүй төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдэн тусгай шалгалт өгөх эрхтэй болсон” гэв.
Мөн Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн дарга, Нийслэлийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Батбямба “Дараагийн шатны шалгалт бол тусгай шалгалт. Төрийн албаны болон бусад хууль тогтоомжийн хүрээнд авдаг. Өнгөрсөн наймдугаар сард нийслэлээс 470 гаруй ажлын байран дээр тусгай шалгалт авсан. Ерөнхий шалгалтын дараа тун удахгүй дараагийн тусгай шалгалтын товыг зарлана” гэлээ.
Шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн аймаг, нийслэл дэх салбар зөвлөл, Тамгын газар, бусад байгууллагуудын бүх талын оролцоо, хамтын ажиллагаанд тулгуурлан явуулна. Төрийн албаны зөвлөлөөс албан ёсоор эрхлэн гаргасан “Төрийн албаны шалгалтын сорил” ном болон “E-TAZ” гар утасны аппликэйшний сорил, асуултуудаас шалгалт авах аж.
Нэмж дурдахад, Төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн иргэд https://exam.csc.gov.mn/ холбоосоор орж өөрийн эрхээр нэвтрэн, шалгалт өгөх хуваарьтай танилцах боломжтой. Хэрэв нэвтрэх нууц үгээ мартсан бол цахим шуудан, бүртгэлтэй гар утасны дугаартаа код хүлээн авч нууц үгээ сэргээх юм.
Улстөр нийгэм
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт нэгдэв
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газар нэгдэн орсныг баталж, Засгийн газрыг төлөөлөн харилцах байгууллагаар Эрчим хүчний яамыг томиллоо.
Олон улсын нарны эрчим хүчний холбоо нь 2015 онд байгуулагдсан. Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төвтэй төрийн бус байгууллага юм.
Тус байгууллага нь Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн үйл ажиллагаатай давхцахгүй, нарны эрчим хүчний нөөц ихтэй улс орнуудад тулгамдсан асуудлыг хамтран шийдэх, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт санхүүгийн эх үүсвэр бий болгоход дэмжлэг үзүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой ажээ. Энэхүү холбоонд нэгдсэнээр бүс нутгийн сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг дэмжих, үйлдвэрийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэх, хүлэмжийн хийг бууруулах зэрэг давуу талтай юм.
Улстөр нийгэм
ЗГ: Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн санхүүжилтийг шийдвэрлэв
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн гурван өртөө, дөрвөн зөрлөгтэй 87.2 км салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажилд дотоодын 63 аж ахуй нэгж, байгууллагын 2748 инженер, техникийн ажилтнууд ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар доод бүтцийн газар шорооны ажил 93,5, ус дамжуулаххоолойн ажил 81,4, гүүр барих ажил 84 хувийн гүйцэтгэлтэй байна.
Тус төслийн нэгдүгээр шатны бүтээн байгуулалтын ажлын санхүүжилт 850.4 тэрбум төгрөг байхаар баталсан бөгөөд үүнээс гүйцэтгэлийн төлбөрт 156.2 тэрбум төгрөг шилжүүлжээ. Үлдэгдэл санхүүжилтийг Олон улсын санхүүгийн корпорац (IFC)-тай хамтран шийдвэрлэхээр ажиллаж байгаа бөгөөд санхүүжилт шийдвэрлэгдэх хүртэл дотоодын зах зээлээс 300 тэрбум төгрөгийн санхүүжилтийн бонд гарган хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгаж, “Төмөр замын барилгын ажлын төслийн санхүүжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг баталлаа. Энэхүү санхүүжилтийг шийдвэрлэснээр төсөл амжилттай хэрэгжих нөхцөл бүрдэнэ.
Улстөр нийгэм
Дулаан хангамжийн 11 Г, Д гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөж, шинэчлэв
Улаанбаатар хотын гол магистраль 11 Г, Д шугамыг 1984 онд ашиглалтад оруулж байсан бөгөөд дулаан хангамжийн 30 хувийг дангаар бүрдүүлдэг.
Тус шугамыг 2024 оноос эхлэн хэсэгчлэн өргөтгөж байгаа юм.
Тодруулбал, 2024 онд Саппорогийн уулзвараас 25 дугаар эмийн сан хүртэлх 1.6 км хос шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон шинэчилсэн.
Харин энэ онд 25 дугаар эмийн сангаас төмөр замын "BSB" цахилгаан барааны дэлгүүр хүртэл 750 метрийг шинэчлэв.
Ингэхдээ хонгилын систем буюу туннелтэй болгож буй. Ингэснээр дараа нь засвар үйлчилгээ хийхдээ авто зам сэтлэхгүйгээр дотор нь орж засах боломжтой юм.
Тус 11 Г, Д магистралийг өргөтгөн шинэчилснээр дамжуулах сүлжээний гол магистраль шугамын нэвтрүүлэх чадвар 800 тн/ц-аар нэмэгдэж, хотын төв, Цирк, Бага тойруу, Төв номын сан, Багшийн дээд, 13-р хороолол орчмын хэрэглэгчдийн дулаан хангамж сайжрах ач холбогдолтой юм.
Мөн дулаан дамжуулах сүлжээний алдагдал 5-15 хувиар буурна.
-
Улстөр нийгэм2021/04/21
ТББХ: Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ...
-
Цаг үе2023/05/18
Ховд аймагт нэн тэргүүнд барьж байгуулах хөв цөөрмийн байршлуудыг тодорхойлж бай...
-
Цаг үе2021/08/03
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын болон шинжилгээний цэгүүд
-
Цаг үе2020/05/28
Фото: Оюутнуудыг татан авах ажиллагаа “Алтанбулаг” хилийн боомт