Шударга мэдээ
Эрээн өртөөнд 2466 экспортын чингэлгийг хүлээлгэн өгчээ
Цар тахлын халдварыг хумих зорилгоор өнгөрсөн оны эцсээр БНХАУ-ын зүгээс Замын-Үүд-Эрээн боомтын төмөр замаар нэвтрэх ачааны хэмжээг эрс багасгасан нь манай улсын төсвийн орлогыг бүрдүүлэхэд чухал үүрэгтэй уул уурхайн экспортын бүтээгдэхүүний тээврийн хэмжээ үлэмж хэмжээгээр буурах эрсдэлийг бий болгосон юм.
“Улаанбаатар төмөр зам” ХНН нь ГХЯ, ЗТХЯ зэрэг холбогдох төрийн байгууллагын дэмжлэгтэйгээр Хятадын төмөр замтай шаргуу ярьж зөвшилцөж, хамтран ажилласны үр дүнд Замын-Үүд–Эрээн боомтын төмөр замаар солилцох галт тэрэгний тоо аажмаар нэмэгдэж, өнөөдөр хэвийн хэмжээнд хүрээд байна.
УБТЗ нь Хятадын төмөр замтай хэлэлцэн тохирсон ёсоор өргөн царигаар хоногт 14 галт тэргийг Хятадын талд хүлээлгэн өгч байхаар тохирсон бөгөөд энэ оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс хоногт 14 галт тэргийг Эрээн өртөө хүлээн авч эхлээд байна. Ийнхүү Замын-Үүд–Эрээн өртөөний галт тэрэг солилцоо нэмэгдсэнээр манай улсын экспортын тээврийн хэмжээ нэмэгдэх нөхцөлийг бүрдүүллээ.
Галт тэрэг солилцоо нь экспорт, импорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг тодорхойлж байдаг төмөр замын нарийн технологид ажиллагаа бөгөөд 1 галт тэрэг гэдэг нь дунджаар 50 вагоноос бүрдсэн хөдлөх бүрэлдэхүүн бүхий урт цуваа юм.
“Улаанбаатар төмөр зам” ХНН нь 2022 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 18-ны өдрийн хооронд Замын-Үүд–Эрээн боомтын өргөн царигийн төмөр замаар 47 галт тэрэг буюу 2,460 вагон бүхий 2,466 экспортын чингэлгийг Эрээн өртөөнд хүлээлгэн өгөөд байна.
Мөн Замын-Үүд–Эрээн боомтын нарийн царигийн төмөр замаар импортын чингэлэгтэй 34 галт тэрэг буюу 1,907 вагон бүхий 1,907 чингэлэг Замын-Үүд өртөөгөөр хүлээн авсан байна.
Улаанбаатараас 2,751 хоосон чингэлэг ачиж, 2,664 ачаатай чингэлэг буулгажээ.
Шударга мэдээ
ЦЕГ: Гадаад улсын виз гаргуулахтай холбоотой 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна
Цагдаагийн байгууллагад 2026 он гарснаас хойш гадаад улсын виз гаргуулахтай холбоотой нийт 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагаас зөвхөн “Бүгд найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж иргэдийг залилсан 102 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг зөвхөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар албан ёсоор бүртгэж, сонгон шалгаруулалт зохион байгуулан илгээдэг.
Тус байгууллага нь Е-9 визийн ангиллаар БНСУ-ын аж үйлдвэрийн салбарт ажиллах иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл, сонгон шалгаруулалт, үр дүнгийн мэдээллийг албан ёсны сувгуудаар хүргэдэг бөгөөд энэ төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх цорын ганц эрх бүхий байгууллага юм.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр /Е-9 визийн ангилал/ аж үйлдвэрийн салбарт ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг 2026 оны гуравдугаар сард зохион байгуулж эхэлсэн. Залилагч этгээдүүд "Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт ажилладаг", "Найдвартай виз гаргаж өгнө", "Дараалал харгалзахгүй явуулна" гэх мэт худал мэдээлэл тараан иргэдийг хуурч, их хэмжээний мөнгө залилан авах гэмт хэрэг гарсаар байгаа аж.
Энэхүү гэмт хэрэг нь жил бүрийн хавар, намрын бүртгэлийн үеүдэд идэвхэжсэн юм байна. Иймд иргэд та бүхэн БНСУ-ын хөдөлмөрийн гэрээт ажилтны бүртгэл, шалгалттай холбоотой мэдээллийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас авах, танил талаар дамжуулан виз гаргаж өгнө, шалгалтгүй явуулна гэсэн амлалтад итгэхгүй байх, урьдчилгаа төлбөр, үйлчилгээний хураамж нэрээр мөнгө шилжүүлэхээс татгалзах, сэжигтэй зар мэдээлэл, залилангийн шинжтэй үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэхийг зөвлөлөө.
Шударга мэдээ
Боловсролын зээлийн сангийн зээлээс 10.2 тэрбум төгрөг эргэн төлөгджээ
Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор “Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сангаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүд хууль бусаар тэтгэлэг авч, эргэн төлөөгүй” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг шалгах ажлын хэсэг байгуулсан байна.
Ажлын хэсгээс хэрэг бүртгэлтийн 11, мөрдөн байцаалтын 2 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Үүнээс хэрэг бүртгэлтийн 1 хэргийг хааж, 1 хэргийг нэгтгэн, мөрдөн байцаалтын 1 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
Одоогоор Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд хэрэг бүртгэлтийн 1, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 8 хэрэг шалгагдаж байгаа аж. Мөн яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай ирүүлсэн 1 хэрэг прокурорын хяналтын шатанд хянагдаж байна.
Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт 694 суралцагчаас 3,054,210 ам.долларын гадаад зээлийн эргэн төлөлт хийгджээ. Энэ нь одоогийн ханшаар 10.2 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.
Шударга мэдээ
Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо
Боловсролын сайд Л.Энх-Амгалан Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын дарга, сайд Маркус Лайтнерыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Өнгөрсөн хугацаанд Швейцарын Холбооны Улстай тогтвортой хөгжлийн боловсрол, мэргэжлийн боловсрол, сургалтын чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирснийг уулзалтын үеэр онцлон дурдлаа.
Цаашид мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт түлхүү хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхээр болов.
Мөн Швейцарын Холбооны Улсын хэрэгжүүлдэг хүртээмжтэй боловсролын бодлогоос туршлага судлах зэрэг чиглэлээр талууд санал солилцлоо.
-
Үзэл бодол2020/05/14
М.Нургул: Цахимаар ирсэн мэдээллийн эх сурвалжийг нягтлаагүйгээс санхүүгийн зали...
-
Улстөр нийгэм2022/06/30
Нийслэлд цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэний тоог 75-аар батлав
-
Улстөр нийгэм2024/02/26
Зудын байдалд үнэлгээ хийхэд 13 аймгийн 58 суманд мөсөн зудын нөхцөл бүрджээ
-
Цаг үе2021/09/17
Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
