Цаг үе
Томуугийн вакциныг өрх, дүүргийн вакцины нэгжээр дамжуулан хийж байна
Одоогоор амбулаториор үйлчлүүлж буй хүмүүсийн ес орчим хувь нь томуу, томуу төст өвчин оношлогдож байгаа аж. Мөн хүүхдийн тасгуудад хэвтэн эмчлүүлэгсдийн 60 гаруй хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвартай байгаа нь өмнөх долоо хоногоосоо нэмэгдсэн үзүүлэлт юм. Түргэн тусламжийн дуудлага ч мөн нэмэгдсэн бөгөөд нийслэлийн түргэн тусламжийн дуудлагын 60 орчим хувь нь томуу, томуу төст өвчинтэй холбоотой байгааг албаныхан мэдээллээ.
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн дарга Ц.Билэгтсайхан энэ үеэр "Энэ жил хоёр эх үүсвэрээс 500 гаруй мянган хүн тун томуугийн эсрэг вакциныг авахаар төлөвлөсөн. Энэ удаад 1-5 насны 214,000 хүүхэд, 42,200 жирэмсэн эх, 65-аас дээш насны, архаг хууч өвчтэй 218,000, эрүүл мэндийн ажилтан болон бусад мэргэжлийн байгууллагын ажилчдад томуугийн вакцин хийхээр төлөвлөгдсөн. 21 аймагт бүрэн түгээгдсэн байгаа. Өнөөдрийн байдлаар 2540 хүүхэд, 13 жирэмсэн эх, 65 насны 942 хүн, эрүүл мэндийн байгууллагын 852 ажилтан томуугийн вакцинд хамрагдсан байна. Вакциныг ажлын цагаар бүх өрх, дүүргийн эмнэлгүүдийн вакцины нэгжээр дамжуулан хийхээс гадна 2-5 хүртэлх насны хүүхдүүдийг хамруулахын тулд цэцэрлэгүүд дээр хийж байна" хэмээлээ.
Үүнээс гадна Томуугийн Үндэсний Төвийн дарга, доктор А.Бурмаа "Томуу, томуу төст өвчөөр оношлогдож буй хүмүүсийг насаар нь ангилбал, 90 орчим хувь нь 0-15 насныхан. Тэдний 60 гаруй хувь нь 0-4 насныхан бөгөөд 5-9 насныхны дунд ч өвчлөл нэмэгдэж байгаа. Харуулдан тандалтын нэгжүүдээс ирүүлсэн сорьцуудад энтеровирус, бокавирус, реновирус, синцитиаль вирусүүд давамгайлж байна. Энтеровирусээр бага насны хүүхдүүд голчлон өвдөх магадлалтай ба халуурах, хоолой, хэвлийгээр өвдөх, суулгах, толгой өвдөх шинж илэрнэ.
Бокавирусээр залуус өвдөх эрсдэлтэй, амьсгалын доод зам буюу уушги гэмтэх, хоол боловсруулах эрхтнийг гэмтээдэг, ханиалгах, халуурах, найтаах, нусгайрах, бөөлжих шинж давамгайлдаг бол реновирус нь жилийн туршид хүн амын орчилд байдаг, хавар болон намрын цагт идэвхжил нь нэмэгддэг. Хамар, хоолойн салст хавагнаж, дунд чихний үрэвсэл болох зэрэг эрсдэлтэй байдаг. Харин синцитиаль(Respitatory syncytial virus)-д сүүлийн жилүүдэд анхаарлаа хандуулж байна. Энэ нь хоёр хүртэлх насныхан өвдөх магадлал өндөр. Хэв шинжийн хувьд томуугийн А, Б хүрээний вирустэй адил төстэй байдаг" гэдгийг онцолж байлаа.
Цаг үе
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-д хийж байгаа ажлын айлчлалын хүрээнд Онцгой байдлын удирдлагын сайд Жан Чэнжунтай албан уулзалт хийлээ.
Уулзалтаар Шадар сайд Н.Номтойбаяр хоёр улсын Онцгой байдлын салбар гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2021 онд Гамшигтай тэмцэх санамж бичиг, 2022 онд Хил орчмын ой хээрийн түймэртэй тэмцэх хэлэлцээрийг тус тус байгуулсан бөгөөд уг гэрээ хэлцлийг шинэ түвшинд гаргах нь чухал гэдгийг онцлов. Тодруулбал, Хятадын баруун хойд хязгаартай хиллэдэг Монгол Улсын баруун бүс нутагт газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж буй, зүүн хязгаар бүсэд хуурайшилтын улмаас ой хээрийн түймрийн давтамж их байгаа тул учраас хил орчмын бүс нутагт хоёр орны онцгой байдлын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх шаардлагатай байгааг тодотголоо.
Түүнчлэн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэхэд ашиглаж буй Хятадын дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж, хиймэл оюун ухаан, сансрын технологийн ашиглалт зэргийг судалж, худалдан авах талаар Шадар сайд Н.Номтойбаяр онцолж байна.
Тэрбээр, БНХАУ-ын Ус, цаг уурын орчны хүрээлэнд хэрэглэж буй гамшгийн мэдээллийн систем, радар болон онцгой байдлын салбарт ашиглаж буй дэвшилтэт, орчин үеийн технологи, тоног төхөөрөмжийг манай улс нэвтрүүлснээр бүс нутгийн хэмжээнд гамшгаас хамгаалах нөхцөл бүрдэнэ гэв. Мөн онцгой байдал, ус, цаг уурын алба хаагчдыг БНХАУ-д чадавхжуулах, сургах, удирдлага менежментийн арга барилыг мэргэжлийн түвшинд бэлтгэх чиглэлээр санал дэвшүүллээ.
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын сайд Жан хоёр улсын онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг Монгол Улс, БНХАУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны гол амжилтын нэг нь болгохыг хүсэж буйгаа онцлон тэмдэглэлээ.
Тэрбээр, Хятад Улс гамшигтай тэмцэх, гамшиг бууруулах, аюулгүй үйлдвэрлэл болон аврах ажиллагааны хөтөлбөрийн дагуу өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд гамшиг, ослын тоо, гарз хохирол 36-39 хувиар буурсан бөгөөд Монгол Улстай хил орчмын бүс нутгийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах чиглэлээр ажиллах бүрэн боломжтой хэмээв.
Хоёр орны онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаар хэрэгжүүлэх нэгдсэн үйл ажиллагааны хөтөлбөрийг нэн даруй боловсруулж, хэрэгжүүлэх ажлын жагсаалт гарган хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Мөн аврах ажиллагаа, дроны сургалт явуулах, Монгол Улсын онцгой байдлын алба хаагчдад гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр өөрсдийн ашиглаж буй дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжүүдийг танилцуулах, сургалт явуулахад хамтран ажиллаж, харилцаагаа өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

Цаг үе
Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөж байна
Шувууны томуу нь хүн болон амьтны эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй халдварт өвчин юм.
Иргэн бүр эрсдэлээс урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх нь чухал.
-Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байх
-Эрсдэлтэй бүс нутагт зорчихоос зайлсхийх
-Шувууны гаралтай түүхий бүтээгдэхүүнтэй харьцсаны дараа гараа сайтар угаах
-Шувууны аж ахуй, худалдааны газраар шаардлагагүй тохиолдолд зорчихгүй байхыг ЗӨСҮТ-өөс мэдээллээ.

Цаг үе
Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
Улсын хэмжээнд энэ төрлийн 174 хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагийн 163 буюу 93.7 хувь нь Нийслэл, дүүргийн, 11 буюу 6.3 хувь нь орон нутгийн прокурорын газрын хяналтад тус тус шалгагдаж байна.
Мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа 32 хэрэгт 1,283 хүнийг хохирогчоор тогтоож, 52 хүнийг яллагдагчаар татаж, 545,5 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, мөн хохирол нөхөн төлүүлэх зорилгоор 7,2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 490 сая төгрөгийн үнийн дүн бүхий эд хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээ аваад байна.
Хэргийн 93.7 хувь нь Нийслэлийн нутаг дэвсгэрт шалгагдаж байгаатай холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас ажлын хэсэг байгуулж, хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэх чиглэлээр прокурор болон мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллахаар болжээ.
Тодруулахад, 2024-2026 онуудад орон сууц худалдах, худалдан авах, түрээслэх нэрийдлээр бусдыг залилсантай холбоотой хэрэгт 10 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 44,6 тэрбум төгрөгийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч, 227,8 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилж хөрөнгө хамгаалах арга хэмжээ авсан байна.
Мөн 170 хэрэгт 3,651 хүнийг хохирогчоор тогтоож, 301 хүнийг яллагдагчаар татаж прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.
-
Улстөр нийгэм2025/12/03
Г.Занданшатар: Халамж болон хүүхэд хамгааллын бодлогод цогц шинэчлэл хийх шаардл...
-
Цаг үе2025/10/27
Эрэгтэйчүүд осол гэмтэлд өртөх, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол өндөр байна
-
Улстөр нийгэм2021/04/06
И-март: Эрх бүхий байгууллагаас гаргасан дүрэм журмыг ягштал биелүүлэн ажиллаж б...
-
Цаг үе2024/09/11
Наадамчдын гудамжнаас Эрчим хүчний гудамж хүртэлх авто замыг асфальт бетоноор ху...
