Улстөр нийгэм
Малын эмч нарын анхдугаар их хурал боллоо

Монгол улсын ерөнхий сайдын ивээл дор Малын эмч нарын анхдугаар их хурал өнөөдөр 2019.11.01 Төрийн ордонд боллоо. Их хуралд оролцогсдод Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ. Мөн ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан “Төрөөс мал эмнэлгийн салбарын талаар баримталж буй бодлого, цаашдын зорилт” сэдвээр илтгэл тавьлаа. Малын эмч нарын анхдугаар их хуралд орон нутаг, нийслэлийн 850 гаруй төлөөлөгчид оролцож байна.
Төлөөлөгчид их хурлаараа мал эмнэлгийн төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын хамтын ажиллагааг сайжруулж, Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Эм эмнэлгийн хэрэгслийн тухай, Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуулиудын хэрэгжилтийг хангуулж, Малын гаралтай бүтээгдэхүүний ариун цэвэр аюулгүй байдлыг баталгаажуулах “Цахим гэрчилгээний систем”-ийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж улсын хэмжээнд бүрэн нэвтрүүлэх асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ.
Мөн Мал, амьтны элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн үзлэгийг улиралд нэг удаа хийж мал эмнэлгийн ажил үйлчилгээг хүртээмжтэй чанартай гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлэх “Малын эрүүл мэндийн даатгал”-ын тухай хуулийн төсөл үзэл баримтлалд саналуудаа тусгаж Монгол Улсын Засгийн газарт өргөн мэдүүлэхээр боллоо.
Малын эмч нар хариуцсан нутаг дэвсгэртээ мал эмнэлгийн ажил үйлчилгээг чанартай, хүртээмжтэй гүйцэтгэж, мал сүргээ эрүүл байлгах хууль, тогтоомжийг мөрдлөгө болгон ажиллахыг чармайж байгаагаа энэ үеэр илэрхийлж байлаа.
Анхдагч үйлдвэрлэгч малчдын ашиг орлогыг нэмэгдүүлэх нөхцлийг бүрдүүлэх, мал эмнэлгийн салбарын санхүүгийн тогтолцоог боловсронгуй болгох, малчин түмнийхээ нөр их хөдөлмөрөөр бий болдог малын гаралтай бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлын эцсийн баталгааг гаргаж хэрэглэгчдэд шинжлэх ухаан, технологийн дэвшлийг ашиглан хүргэх оновчтой тогтолцоог хэрхэн бүрдүүлэх талаар хамтаараа хэлэлцэн ойрын болон хэтийн зорилтуудаа тодорхойлж, төр, хувийн хэвшлийн мал эмнэлгийн байгууллага, малчдын хамтын оролцоотойгоор Монгол малын эрүүл мэндийг баталгаажуулах зорилтыг хангахад ач холбогдолтой их хурал боллоо хэмээн малын эмнэлгийн салбарын эрдэмтэд, хуралд оролцогчид онцолж байна.
Мал эмнэлгийн ерөнхий газар анх, 2018 оны 6 дугаар сарын байдлаар малын гоц халдварт шүлхий өвчин 13 аймаг, 61 голомтод тархсан амаргүй нөхцөл байдалд зйл ажиллагаагаа эхэлж байсан юм. Уг өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг мэргэжлийн түвшинд авч хэрэгжүүлснээр 2018 оны 9 дүгээр сард уг өвчний гаралтыг таслан зогсоож чадсан. Үүнээс шалтгаалж мал аж, ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортын хэмжээ нэмэгдэж улсын эдийн засгийн өсөлтөнд хувь нэмрээ оруулж эхэллээ.
Улстөр нийгэм
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт нэгдэв
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газар нэгдэн орсныг баталж, Засгийн газрыг төлөөлөн харилцах байгууллагаар Эрчим хүчний яамыг томиллоо.
Олон улсын нарны эрчим хүчний холбоо нь 2015 онд байгуулагдсан. Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төвтэй төрийн бус байгууллага юм.
Тус байгууллага нь Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн үйл ажиллагаатай давхцахгүй, нарны эрчим хүчний нөөц ихтэй улс орнуудад тулгамдсан асуудлыг хамтран шийдэх, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт санхүүгийн эх үүсвэр бий болгоход дэмжлэг үзүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой ажээ. Энэхүү холбоонд нэгдсэнээр бүс нутгийн сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг дэмжих, үйлдвэрийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэх, хүлэмжийн хийг бууруулах зэрэг давуу талтай юм.
Улстөр нийгэм
ЗГ: Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн санхүүжилтийг шийдвэрлэв
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн гурван өртөө, дөрвөн зөрлөгтэй 87.2 км салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажилд дотоодын 63 аж ахуй нэгж, байгууллагын 2748 инженер, техникийн ажилтнууд ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар доод бүтцийн газар шорооны ажил 93,5, ус дамжуулаххоолойн ажил 81,4, гүүр барих ажил 84 хувийн гүйцэтгэлтэй байна.
Тус төслийн нэгдүгээр шатны бүтээн байгуулалтын ажлын санхүүжилт 850.4 тэрбум төгрөг байхаар баталсан бөгөөд үүнээс гүйцэтгэлийн төлбөрт 156.2 тэрбум төгрөг шилжүүлжээ. Үлдэгдэл санхүүжилтийг Олон улсын санхүүгийн корпорац (IFC)-тай хамтран шийдвэрлэхээр ажиллаж байгаа бөгөөд санхүүжилт шийдвэрлэгдэх хүртэл дотоодын зах зээлээс 300 тэрбум төгрөгийн санхүүжилтийн бонд гарган хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгаж, “Төмөр замын барилгын ажлын төслийн санхүүжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг баталлаа. Энэхүү санхүүжилтийг шийдвэрлэснээр төсөл амжилттай хэрэгжих нөхцөл бүрдэнэ.
Улстөр нийгэм
Дулаан хангамжийн 11 Г, Д гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөж, шинэчлэв
Улаанбаатар хотын гол магистраль 11 Г, Д шугамыг 1984 онд ашиглалтад оруулж байсан бөгөөд дулаан хангамжийн 30 хувийг дангаар бүрдүүлдэг.
Тус шугамыг 2024 оноос эхлэн хэсэгчлэн өргөтгөж байгаа юм.
Тодруулбал, 2024 онд Саппорогийн уулзвараас 25 дугаар эмийн сан хүртэлх 1.6 км хос шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон шинэчилсэн.
Харин энэ онд 25 дугаар эмийн сангаас төмөр замын "BSB" цахилгаан барааны дэлгүүр хүртэл 750 метрийг шинэчлэв.
Ингэхдээ хонгилын систем буюу туннелтэй болгож буй. Ингэснээр дараа нь засвар үйлчилгээ хийхдээ авто зам сэтлэхгүйгээр дотор нь орж засах боломжтой юм.
Тус 11 Г, Д магистралийг өргөтгөн шинэчилснээр дамжуулах сүлжээний гол магистраль шугамын нэвтрүүлэх чадвар 800 тн/ц-аар нэмэгдэж, хотын төв, Цирк, Бага тойруу, Төв номын сан, Багшийн дээд, 13-р хороолол орчмын хэрэглэгчдийн дулаан хангамж сайжрах ач холбогдолтой юм.
Мөн дулаан дамжуулах сүлжээний алдагдал 5-15 хувиар буурна.