Бидэнтэй нэгдэх

Цаг үе

С.Энхболд: ЭХЭМҮТ нь олон улсын жишигт нийцсэн төрөх тасагтай боллоо

Огноо:

,

Монгол Улсын Засгийн газар “Алсын хараа 2050” урт хугацааны бодлогын баримт бичигтээ Эх хүүхдийн эрүүл мэндийг сахин хамгаалах зорилтод амаржих газруудад их засвар, өргөтгөл хийж эх хүүхдэд тав тухтай орчин бүрдүүлэх тухай тусгасан.  Энэхүү зорилтын хүрээнд 2021-2022 онуудад энэ салбарт хөрөнгө оруулалтууд хийгдээд байна.  

Тэгвэл өнөөдөр ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар ЭХЭМҮТ-д шинээр ашиглалтад орж буй олон улсын жишигт нийцсэн төрөх тасгийн засварын нөхцөл байдал, үйл ажиллагаатай Эрүүл мэндийн сайд С.Энхболд, УИХ гишүүн, НББХ-ны дарга П.Анужин, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг болон бусад албаныхан очиж танилцлаа.


 
ЭХЭМҮТ-д ажиллах үеэрээ Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлэхдээ “Энэхүү төрөх тасагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар иж бүрэн засвар шинэчлэлт хийгдсэнээр Монгол Улсын хамгийн том эх хүүхдийн эмнэлэг олон улсын  жишигт нийцсэн төрөх тасагтай болж байгаа юм. Ерөнхий сайд биечлэн энэхүү засварын хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж өгөхөд дэмжлэг үзүүлсэн. Уг тасгийн их засвар, шинэчлэлтийн ажил энэ оны 04 дүгээр сараас хийгдэж эхэлсэн. ЭХЭМҮТ баригдсанаас хойших 35 жилийн хугацаанд уг тасагт нэг ч засвар, үйлчилгээ ороогүй байсан бөгөөд агааржуулалтын систем, дулааны шугам, сангийн сүлжээнд иж бүрэн шинэчлэлт хийж бүх өрөөнд хүчил төрөгчийн шугам оруулж өгсөн. Ингэснээр эх хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар сайжирч, тав тухтай орчинг бүрдүүлж өгсөн. Байгуулагдсан цагаасаа хойш их засварын ажил хийгдэж байгаагүй ЭХЭМҮТ-ийн зарим тасаг нэгж болон Өргөө амаржих газарт 1.2 тэрбум төгрөгийн их засварын ажлууд хийгдэж дууссанаас гадна 23,4 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн хангалт хийгдээд байна. Түүнчлэн ЭХЭМҮТ-д таван тасгийн иж бүрэн засвар, барилга шинэчлэлтийн ажил ид дундаа явж байна. Үүний үр дүнд хүүхдийн мэс заслын иж бүрэн автомат, бүрэн тоноглогдсон, олон улсын жишигт нийцэх тасгуудтай болох юм. Энэ жилийн хувьд ЭМЯ-аас улсын хэмжээнд 4.8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр төрөх тасаг болон хүүхдийн тасгуудын орыг бүрэн шинэчлэн сольж, хамгийн сүүлийн үеийн олон үйлдэлт орыг суурилуулаад байна.” гэлээ.



Мөн энэ үеэр НББХ-ын дарга П.Анужин хэлэхдээ “Төрж буй эмэгтэй хүнд төрөх тасгийн тав тух хамгийн чухал байдаг. ЭМЯ, ЭХЭМҮТ-ээс маш том ажлыг амжуулжээ. Үнэхээр хэрэгтэй ажил болсон байна. ЭХЭМҮТ-д төрөх ээжүүд гэр бүлийнхэнтэйгээ нэг өрөөнд хамт байж болохоос гадна, өрөө бүхэн стандартын ор, аавын буйдан, хүчил төрөгчийн шугам, дотуур холбоо, ариун цэврийн өрөө, тусгай  шүршүүртэй гээд төрөх ээжүүд, тэдний гэр бүлийнхэнд хамгийн тав тухтай орчинг бүрдүүлж чадсан байна.  Удахгүй улсын хэмжээнд Эх барих салбарын том зөвлөгөөнийг хийхээр ЭМЯ-тай ярьж байгаа. Цаашид салбарын бодлого, зөв ажлуудыг маш сайн дэмжиж явна” хэмээлээ.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг энэ үеэр “2021 онд ЭХЭМҮТ-д шаардлагатай засвар, үйлчилгээ хийх хөрөнгө оруулалтын асуудлыг УИХ ба Засгийн газраас шийдвэрлэж байсан. Энэ хүрээнд өнөөдөр ЭХЭМҮТ-д олон улсын стандартад нийцсэн төрөх өрөөтэй болж байна. Шаардлагатай тоног төхөөрөмжийн шинэчлэлтийг үргэлжлүүлэн хийхэд гишүүд дэмжлэг үзүүлнэ. Монгол Улсын Засгийн газар болон Эрүүл мэндийн яамны зүгээс таван төрөх эмнэлгүүдэд засвар, үйлчилгээний ажлыг эхлүүлээд явж байгаа бөгөөд ирэх жилээс эдгээр төрөх эмнэлгүүд олон улсын стандартад нийцсэн өрөөтэй болно” гэдгийг онцоллоо.

ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Алтантуяа мөн энэ үеэр “ЭХЭМҮТ нь зургаан сарын хугацаанд засвар хийж, олон улсын жишигт нийцсэн төрөх өрөөтэй боллоо. Өмнө нь нэг өрөөнд 2-3 эх төрдөг, ар гэрээсээ тусгаарлагддаг байсан бол өнөөдөр нэг өрөөнд нэг эх төрөх зориулалтаар буюу 18 өрөөнд бүрэн засвар хийж ашиглалтад оруулахад бэлэн болсон. Өрөөний сантехник, холбоо, дохиолол, дулааны шугамнаас эхлээд бүх зүйлийг орчин үеийн техник, технологийн дагуу хийж гүйцэтгэсэн. Мөн VIP хоёр өрөөг гаргаж, эхчүүд хүсвэл гэр бүлийнхээ хүнтэйгээ төрөх үйл явцад хамт байх боломжтой болсон.

Эхний ээлжинд VIP өрөөний төлбөрийг 60 мянган төгрөг байх тооцоолол гарсан.

Ташрамд бидний ажлыг дэмжиж ажиллаж байгаа Монгол Улсын Засгийн газар болон Эрүүл мэндийн яаманд талархал илэрхийлье.” хэмээлээ.


 
ЭМЯ-аас улсын хэмжээнд төрөх эмнэлгүүдийг оношилгооны тоног төхөөрөмж болох ургийн монитор, нярайн монитор, ЭХО аппаратаар, нярайн дулаацуулах ширээ, кесераво хагалгааны иж бүрдэл, ургийн доплер, тариурын автомат шахуурга, нярайн инкубатор, 30 ширхэг Нярайн сэхээн амьдруулах ширээ, 60 ширхэг Нярайн хяналтын монитороор хангаад байна.







Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана

Огноо:

,

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-д хийж байгаа ажлын айлчлалын хүрээнд Онцгой байдлын удирдлагын сайд Жан Чэнжунтай албан уулзалт хийлээ.

Уулзалтаар Шадар сайд Н.Номтойбаяр хоёр улсын Онцгой байдлын салбар гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2021 онд Гамшигтай тэмцэх санамж бичиг, 2022 онд Хил орчмын ой хээрийн түймэртэй тэмцэх хэлэлцээрийг тус тус байгуулсан бөгөөд уг гэрээ хэлцлийг шинэ түвшинд гаргах нь чухал гэдгийг онцлов. Тодруулбал, Хятадын баруун хойд хязгаартай хиллэдэг Монгол Улсын баруун бүс нутагт газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж буй, зүүн хязгаар бүсэд хуурайшилтын улмаас ой хээрийн түймрийн давтамж их байгаа тул учраас хил орчмын бүс нутагт хоёр орны онцгой байдлын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх шаардлагатай байгааг тодотголоо.

Түүнчлэн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэхэд ашиглаж буй Хятадын дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж, хиймэл оюун ухаан, сансрын технологийн ашиглалт зэргийг судалж, худалдан авах талаар Шадар сайд Н.Номтойбаяр онцолж байна.

Тэрбээр, БНХАУ-ын Ус, цаг уурын орчны хүрээлэнд хэрэглэж буй гамшгийн мэдээллийн систем, радар болон онцгой байдлын салбарт ашиглаж буй дэвшилтэт, орчин үеийн технологи, тоног төхөөрөмжийг манай улс нэвтрүүлснээр бүс нутгийн хэмжээнд гамшгаас хамгаалах нөхцөл бүрдэнэ гэв. Мөн онцгой байдал, ус, цаг уурын алба хаагчдыг БНХАУ-д чадавхжуулах, сургах, удирдлага менежментийн арга барилыг мэргэжлийн түвшинд бэлтгэх чиглэлээр санал дэвшүүллээ. 

БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын сайд Жан хоёр улсын онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг Монгол Улс, БНХАУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны гол амжилтын нэг нь болгохыг хүсэж буйгаа онцлон тэмдэглэлээ.

Тэрбээр, Хятад Улс гамшигтай тэмцэх, гамшиг бууруулах, аюулгүй үйлдвэрлэл болон аврах ажиллагааны хөтөлбөрийн дагуу өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд гамшиг, ослын тоо, гарз хохирол 36-39 хувиар буурсан бөгөөд Монгол Улстай хил орчмын бүс нутгийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах чиглэлээр ажиллах бүрэн боломжтой хэмээв.

Хоёр орны онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаар хэрэгжүүлэх нэгдсэн үйл ажиллагааны хөтөлбөрийг нэн даруй боловсруулж, хэрэгжүүлэх ажлын жагсаалт гарган хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Мөн аврах ажиллагаа, дроны сургалт явуулах, Монгол Улсын онцгой байдлын алба хаагчдад гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр өөрсдийн ашиглаж буй дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжүүдийг танилцуулах, сургалт явуулахад хамтран ажиллаж, харилцаагаа өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөж байна

Огноо:

,

Шувууны томуу нь хүн болон амьтны эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй халдварт өвчин юм.

Иргэн бүр эрсдэлээс урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх нь чухал.

-Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байх

-Эрсдэлтэй бүс нутагт зорчихоос зайлсхийх

-Шувууны гаралтай түүхий бүтээгдэхүүнтэй харьцсаны дараа гараа сайтар угаах

-Шувууны аж ахуй, худалдааны газраар шаардлагагүй тохиолдолд зорчихгүй байхыг ЗӨСҮТ-өөс мэдээллээ.   

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна

Огноо:

,

Улсын хэмжээнд энэ төрлийн 174 хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагийн 163 буюу 93.7 хувь нь Нийслэл, дүүргийн, 11 буюу 6.3 хувь нь орон нутгийн прокурорын газрын хяналтад тус тус шалгагдаж байна.

Мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа 32 хэрэгт 1,283 хүнийг хохирогчоор тогтоож, 52 хүнийг яллагдагчаар татаж, 545,5 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, мөн хохирол нөхөн төлүүлэх зорилгоор 7,2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 490 сая төгрөгийн үнийн дүн бүхий эд хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээ аваад байна.

Хэргийн 93.7 хувь нь Нийслэлийн нутаг дэвсгэрт шалгагдаж байгаатай холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас ажлын хэсэг байгуулж, хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэх чиглэлээр прокурор болон мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллахаар болжээ.

Тодруулахад, 2024-2026 онуудад орон сууц худалдах, худалдан авах, түрээслэх нэрийдлээр бусдыг залилсантай холбоотой хэрэгт 10 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 44,6 тэрбум төгрөгийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч, 227,8 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилж хөрөнгө хамгаалах арга хэмжээ авсан байна.

Мөн 170 хэрэгт 3,651 хүнийг хохирогчоор тогтоож, 301 хүнийг яллагдагчаар татаж прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох