Цаг үе
Улаанбаатар хотноо болох Зүүн Азийн залуучуудын наадмын бэлгэдэл дүрийг танилцууллаа
Зүүн Азийн есөн орны залуучуудын дунд зохион байгуулдаг 12 төрөлт спортын наадмыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2023 оны наймдугаар сард зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр тус наадмын бэлгэдлийг залуус, сурагчдад танилцуулав.

Аливаа бүс, тив болоод олимпын наадмууд нь өөрийн гэсэн лого, бэлгэдэл, маскот буюу дүртэй байдаг. Дүрийн хувьд голдуу амьтны дүрийг сонгож, бэлгэддэг.
Энэ талаар “Улаанбаатар Зүүн Азийн залуучуудын наадам зохион байгуулах хороо” ХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Ц.Бат-Энх “Спортын наадмыг зохион байгуулж буй эзэн орон өөрийн бүс нутагт ховордож буй амьтдыг олон нийтэд таниулах, хайрлан хамгаалах, үлгэр туульсын дүрийг сэргээх зорилгоор бэлгэдэл дүрээ тодорхойлдог. Тийм учраас бид хангарди, галбингаа шувууг бэлгэдэл дүрээрээ сонгосон. Хангарди шувуу нь Улаанбаатар хотын бэлгэ тэмдэг бөгөөд эр чадал, эрэмгий зориг, их ухаан цогцлоосон домгийн шувуу юм. Тус наадам нь жендерийн тэгш эрх, тогтвортой хөгжлийн зорилтыг хангах зорилготой учраас “Эмэгтэй дүртэй байя” гэх саналыг уран бүтээлчид гаргасан. Ийнхүү үлгэр домгийн үзэсгэлэнт жигүүртэн, үг хэл цэцэн, бурхны дууч, бүхнийг чадагч хэмээн эрхэмлэн дээдэлдэг Галбингаа гэх домгийн галт шувууг нэг дүрээрээ сонгосон” хэмээн тайлбарласан юм.

Бэлгэдэл дүр болох хангарди шувууг “Хаки”, галбингаа шувууг “Инга” гэж нэрийджээ. Нэрийг сонгохдоо Зүүн Азийн бусад орны тамирчид хэлэхэд амар, энгийн дуудлагатай байхаар тооцсон байна. “Инга” гэх нэрийг галбингаа гэх нэрийн хэсгээс авчээ.
Наадмын логог монгол гэрийн тоононы дүрсээр хийсэн бөгөөд “Улаанбаатарын дээвэр дор нэгдэцгээе” гэх агуулгатай аж. Түүнчлэн газар зүйн байршлаар харахад Зүүн Азийн бүс нутгийн орнууд дундаас Монгол Улс өрх, тооно хэсэгт нь оршиж байсан тул ийнхүү логогоо тодорхойлжээ.
Наадмын бэлгэдэл дүрүүдийг зураач Э.Түвшинтөр зурж, хүүхэлдэй урлаач Б.Бямбацэрэн бүтээсэн байна. Бэлгэдэл дүрийг танилцуулах үеэр Жүдо бөхийн дэлхийн аварга, Олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар, Холимог тулааны тамирчин Б.Баттөр /Ангууч/ нар хүүхэд, залууст амжилтын түүхээ хуваалцан, ярилцсан юм.

Холимог тулааны тамирчин Б.Баттөр /Ангууч/ хүүхэд, залууст хандан “Одоо үед хамгийн чухал авьяас бол тууштай хөдөлмөр болчихсон. Ямар ч авьяастай хүмүүсийг тууштай байдлаар ялах боломжтой. Олимп бол дэлхийн улс үндэстнүүдийг нэгтгэж, эв нэгдлийн бэлгэдэл болдог хамгийн гоё наадам. Харин Зүүн Азийн залуучуудын наадмыг анх удаа Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байгаа нь маш чухал ач холбогдолтой. Уг наадмаар дамжуулан дэлхийд өөрсдийгөө сурталчлан, хамтдаа хөгжих боломжтой гэж харж байна. Спорт бидэнд ялж, ялагдаж сурахаас эхлээд сэтгэл зүй, бие физиологийн эрүүл мэндийг өгдөг. Бүгд зорьсон зүйлдээ тууштай байгаарай” хэмээн захисан юм.

Арга хэмжээний үеэр үзэгчдийн дундаас азтан шалгаруулж, спортын төрлүүдээр хичээллэх эрхийн бичгээр шагнасан бөгөөд наадмын үеэр хэрэгжүүлэх “Өсвөр сурвалжлагчдын хөтөлбөр”-ийг мөн танилцууллаа.
Зүүн Азийн наадмын холбоо болон МҮОХ-ны төлөөлөгчид 2017 онд гурвалсан гэрээнд гарын үсэг зурж, 2023 онд Монгол Улсын нийслэлд Зүүн Азийн залуучуудын II наадмыг зохион байгуулахаар албан ёсоор шийдвэрлэсэн. Зүүн Азийн залуучуудын наадам нь Олон улсын олимпын хороо, Азийн олимпын зөвлөлийн албан ёсны наадамд тооцогддог, бүс нутгийн хэмжээний томоохон наадам юм. Тус наадамд оролцохоор 2400 орчим тамирчин, дасгалжуулагч, 350 гаруй шүүгч, техникийн ажилтан болоод холбогдох албаныхан гээд нийт 4500 орчим хүн Улаанбаатар хотод ирэх тооцоо гарчээ. Спорт, аялал жуулчлалын хувьд өндөр ач холбогдолтой уг наадмыг Зохион байгуулах хорооны даргаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар ажиллаж байна.


НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
Цаг үе
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-д хийж байгаа ажлын айлчлалын хүрээнд Онцгой байдлын удирдлагын сайд Жан Чэнжунтай албан уулзалт хийлээ.
Уулзалтаар Шадар сайд Н.Номтойбаяр хоёр улсын Онцгой байдлын салбар гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2021 онд Гамшигтай тэмцэх санамж бичиг, 2022 онд Хил орчмын ой хээрийн түймэртэй тэмцэх хэлэлцээрийг тус тус байгуулсан бөгөөд уг гэрээ хэлцлийг шинэ түвшинд гаргах нь чухал гэдгийг онцлов. Тодруулбал, Хятадын баруун хойд хязгаартай хиллэдэг Монгол Улсын баруун бүс нутагт газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж буй, зүүн хязгаар бүсэд хуурайшилтын улмаас ой хээрийн түймрийн давтамж их байгаа тул учраас хил орчмын бүс нутагт хоёр орны онцгой байдлын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх шаардлагатай байгааг тодотголоо.
Түүнчлэн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэхэд ашиглаж буй Хятадын дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж, хиймэл оюун ухаан, сансрын технологийн ашиглалт зэргийг судалж, худалдан авах талаар Шадар сайд Н.Номтойбаяр онцолж байна.
Тэрбээр, БНХАУ-ын Ус, цаг уурын орчны хүрээлэнд хэрэглэж буй гамшгийн мэдээллийн систем, радар болон онцгой байдлын салбарт ашиглаж буй дэвшилтэт, орчин үеийн технологи, тоног төхөөрөмжийг манай улс нэвтрүүлснээр бүс нутгийн хэмжээнд гамшгаас хамгаалах нөхцөл бүрдэнэ гэв. Мөн онцгой байдал, ус, цаг уурын алба хаагчдыг БНХАУ-д чадавхжуулах, сургах, удирдлага менежментийн арга барилыг мэргэжлийн түвшинд бэлтгэх чиглэлээр санал дэвшүүллээ.
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын сайд Жан хоёр улсын онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг Монгол Улс, БНХАУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны гол амжилтын нэг нь болгохыг хүсэж буйгаа онцлон тэмдэглэлээ.
Тэрбээр, Хятад Улс гамшигтай тэмцэх, гамшиг бууруулах, аюулгүй үйлдвэрлэл болон аврах ажиллагааны хөтөлбөрийн дагуу өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд гамшиг, ослын тоо, гарз хохирол 36-39 хувиар буурсан бөгөөд Монгол Улстай хил орчмын бүс нутгийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах чиглэлээр ажиллах бүрэн боломжтой хэмээв.
Хоёр орны онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаар хэрэгжүүлэх нэгдсэн үйл ажиллагааны хөтөлбөрийг нэн даруй боловсруулж, хэрэгжүүлэх ажлын жагсаалт гарган хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Мөн аврах ажиллагаа, дроны сургалт явуулах, Монгол Улсын онцгой байдлын алба хаагчдад гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр өөрсдийн ашиглаж буй дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжүүдийг танилцуулах, сургалт явуулахад хамтран ажиллаж, харилцаагаа өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

Цаг үе
Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөж байна
Шувууны томуу нь хүн болон амьтны эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй халдварт өвчин юм.
Иргэн бүр эрсдэлээс урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх нь чухал.
-Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байх
-Эрсдэлтэй бүс нутагт зорчихоос зайлсхийх
-Шувууны гаралтай түүхий бүтээгдэхүүнтэй харьцсаны дараа гараа сайтар угаах
-Шувууны аж ахуй, худалдааны газраар шаардлагагүй тохиолдолд зорчихгүй байхыг ЗӨСҮТ-өөс мэдээллээ.

Цаг үе
Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
Улсын хэмжээнд энэ төрлийн 174 хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагийн 163 буюу 93.7 хувь нь Нийслэл, дүүргийн, 11 буюу 6.3 хувь нь орон нутгийн прокурорын газрын хяналтад тус тус шалгагдаж байна.
Мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа 32 хэрэгт 1,283 хүнийг хохирогчоор тогтоож, 52 хүнийг яллагдагчаар татаж, 545,5 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, мөн хохирол нөхөн төлүүлэх зорилгоор 7,2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 490 сая төгрөгийн үнийн дүн бүхий эд хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээ аваад байна.
Хэргийн 93.7 хувь нь Нийслэлийн нутаг дэвсгэрт шалгагдаж байгаатай холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас ажлын хэсэг байгуулж, хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэх чиглэлээр прокурор болон мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллахаар болжээ.
Тодруулахад, 2024-2026 онуудад орон сууц худалдах, худалдан авах, түрээслэх нэрийдлээр бусдыг залилсантай холбоотой хэрэгт 10 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 44,6 тэрбум төгрөгийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч, 227,8 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилж хөрөнгө хамгаалах арга хэмжээ авсан байна.
Мөн 170 хэрэгт 3,651 хүнийг хохирогчоор тогтоож, 301 хүнийг яллагдагчаар татаж прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.
-
Цаг үе2026/05/05
ХЭҮК: Цэрэг, цагдаагийн алба хаагч бэлтгэх сургалтын хөтөлбөрүүдэд хүний эрхийн ...
-
Цаг үе2020/02/27
Улсын Онцгой комиссын хуралдаан боллоо
-
Улстөр нийгэм2020/06/30
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдана
-
Улстөр нийгэм2021/04/07
Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх нээлттэй, ...
