Шударга мэдээ
Энэ оны нэгдүгээр сараас хойш нийт 521 177.1 тонн ачаа хилээр нэвтэрсэн байна
Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орж, боомтын асуудал хариуцсан сайдтай болж буйтай холбогдуулан хилийн боомтуудын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын ачаа барааны тээвэрлэлтийг эрчимжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг Боомтын сэргэлтийн үндэсний хороонд шилжүүлсэнтэй холбоотойгоор өнгөрсөн хугацаанд хариуцан гүйцэтгэж хийсэн ажлаа тайлагналаа.
Өнгөрсөн хугацаанд Монгол, Хятадын хилийн Замын-Үүд–Эрээн авто замын боомтоор 21 366 автомашинаар 25 167 ширхэг чингэлэгт 521 177.1 тн ачаа, импортын 5306 тээврийн хэрэгсэл, 328 тээврийн хэрэгслээр овор ихтэй ачааг хүлээн авч, 14 801 хоосон чингэлэгийг Эрээний талд буцааж хүлээлгэн өгсөн байна.
Мөн 7 дугаар сараас нүүрс, ноос ноолуур зэрэг экспортын барааг гаргаж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 72 389.6 мянган тн нүүрс, 1 640.3 тн ноос ноолуур, 2 833 тонн дэл сүүл, арьс шир, 4 800 толгой амьд мал экспортлоод байна.
БНХАУ-ын тал чингэлэг шилжүүлэн ачих талбайг өргөтгөх ажлыг хийж дуусаж, одоогийн байдлаар өдөртөө 125 хүртэл импортын ачаатай чингэлэг, дунджаар 60 орчим импортын автомашин, 2-4 автомашинаар овортой ачаа хүлээн авч, 60-70 хоосон чингэлэг буцаан, 30-80 чингэлэг экспортын бүтээгдэхүүн гаргах боломжтой болсон. Манай улсын талын өргөтгөлийн ажил дууссанаар өдөрт 400 хүртэл чингэлэгийг солилцож, экспорт, импортын бараа бүтээгдэхүүн, овортой ачаа, импортын тээврийн хэрэгслийн тоо хэмжээ бараг 2 дахин нэмэгдэх боломж бүрдээд байгаа юм.
Түүнчлэн Замын-Үүд дэх тээвэрчид, Төрийн бус байгууллагуудаас тавьсан хүсэлтийн дагуу тэлнийг тээврийн хэрэгслийг богинын тээвэрт оролцуулж эхэлсэн үр дүнтэйгээр өнгөрсөн хугацаанд ажиллаа.
Цаашид тус ажлын хэсгийн үйл ажиллагааг Боомтын сэргэлтийн үндэсний хороонд шилжүүллээ.

Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын ажлын алба
Шударга мэдээ
Үерийн ус тогтсон, урсаж буй хэсгээр автомашинтай болон явганаар нэвтрэхгүй байхыг зөвлөж байна
Нийслэл Улаанбаатар хот нь уулсаар хүрээлэгдсэн газарзүйн онцлогтой тул богино хугацаанд орсон ширүүн аадар борооны улмаас уулын ам, гуу жалга дагуу уруйн үер буух өндөр эрсдэлтэй байдаг. Ийм төрлийн үер нь ихэвчлэн ердөө 20-30 минутын дотор үүсэж, хүчтэй урсан өнгөрдөг бөгөөд урсгалын хүч нь хүн төдийгүй автомашин, гэр сууц, чанар муутай барилга байгууламжийг ч эвдэн сүйтгэх аюултай.
Иймд иргэд:
- Цаг агаарын урьдчилсан мэдээ, онцгой байдлын сэрэмжлүүлгийг тогтмол хянах
- Аадар бороо орох үед уулын ам, голын сайр, гуу жалга, нам дор газраар зорчихгүй байх
- Хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хараа хяналтгүй орхихгүй байх
- Болзошгүй эрсдэлтэй бүсээс урьдчилан холдож, аюулгүй байршилд байрлах
- Үерийн ус тогтсон, урсаж буй хэсгээр автомашинтай болон явганаар нэвтрэхгүй байхыг зөвлөж байна.
Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тусгай зориулалтын өндөр даралтын усны болон сорох төхөөрөмж бүхий машин механизмуудыг ашиглан шугам хоолойг угааж, буудуулах ажлыг хийж гүйцэтгэж байна. Ингэснээр борооны усны урсцыг чөлөөтэй нэвтрүүлэх, ус тогтох эрсдэлийг бууруулах, шугам сүлжээний ашиглалтын найдвартай байдлыг дээшлүүлэх ач холбогдолтой юм.
Эх сурвалж: Геодези, Усны Барилга Байгууламжийн газар
Шударга мэдээ
ЦЕГ: Гадаад улсын виз гаргуулахтай холбоотой 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна
Цагдаагийн байгууллагад 2026 он гарснаас хойш гадаад улсын виз гаргуулахтай холбоотой нийт 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагаас зөвхөн “Бүгд найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж иргэдийг залилсан 102 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг зөвхөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар албан ёсоор бүртгэж, сонгон шалгаруулалт зохион байгуулан илгээдэг.
Тус байгууллага нь Е-9 визийн ангиллаар БНСУ-ын аж үйлдвэрийн салбарт ажиллах иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл, сонгон шалгаруулалт, үр дүнгийн мэдээллийг албан ёсны сувгуудаар хүргэдэг бөгөөд энэ төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх цорын ганц эрх бүхий байгууллага юм.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр /Е-9 визийн ангилал/ аж үйлдвэрийн салбарт ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг 2026 оны гуравдугаар сард зохион байгуулж эхэлсэн. Залилагч этгээдүүд "Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт ажилладаг", "Найдвартай виз гаргаж өгнө", "Дараалал харгалзахгүй явуулна" гэх мэт худал мэдээлэл тараан иргэдийг хуурч, их хэмжээний мөнгө залилан авах гэмт хэрэг гарсаар байгаа аж.
Энэхүү гэмт хэрэг нь жил бүрийн хавар, намрын бүртгэлийн үеүдэд идэвхэжсэн юм байна. Иймд иргэд та бүхэн БНСУ-ын хөдөлмөрийн гэрээт ажилтны бүртгэл, шалгалттай холбоотой мэдээллийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас авах, танил талаар дамжуулан виз гаргаж өгнө, шалгалтгүй явуулна гэсэн амлалтад итгэхгүй байх, урьдчилгаа төлбөр, үйлчилгээний хураамж нэрээр мөнгө шилжүүлэхээс татгалзах, сэжигтэй зар мэдээлэл, залилангийн шинжтэй үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэхийг зөвлөлөө.
Шударга мэдээ
Боловсролын зээлийн сангийн зээлээс 10.2 тэрбум төгрөг эргэн төлөгджээ
Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор “Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сангаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүд хууль бусаар тэтгэлэг авч, эргэн төлөөгүй” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг шалгах ажлын хэсэг байгуулсан байна.
Ажлын хэсгээс хэрэг бүртгэлтийн 11, мөрдөн байцаалтын 2 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Үүнээс хэрэг бүртгэлтийн 1 хэргийг хааж, 1 хэргийг нэгтгэн, мөрдөн байцаалтын 1 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
Одоогоор Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд хэрэг бүртгэлтийн 1, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 8 хэрэг шалгагдаж байгаа аж. Мөн яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай ирүүлсэн 1 хэрэг прокурорын хяналтын шатанд хянагдаж байна.
Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт 694 суралцагчаас 3,054,210 ам.долларын гадаад зээлийн эргэн төлөлт хийгджээ. Энэ нь одоогийн ханшаар 10.2 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.
-
Цаг үе2023/04/03
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
-
Улстөр нийгэм2021/04/08
Энэ бямба гарагаас Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжинэ
-
Цаг үе2023/01/26
Авлигатай тэмцэх ажлыг хэрэгжүүлэх санал, дүгнэлт боловсруулах Ажлын хэсэг байгу...
-
Улстөр нийгэм2023/07/31
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-д албан ёсны айлчлал хийнэ
