Улстөр нийгэм
2023 онд нийслэлд 32.4 тэрбум төгрөгийн арга хэмжээг ОНХС-гаас санхүүжүүлэхээр танилцуулав
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний талаар хэлэлцлээ.
Иргэдээс санал авсны үндсэн дээр үр дүнгийг нь нэгтгэсэн бөгөөд орон нутгийн хөгжлийн сан нь иргэдийн оролцоотой төсвийн төлөвлөлт, төслийн эрэмбэ, хэрэгжилт, худалдан авах ажиллагаа, хяналт шинжилгээ үнэлгээ, хөрөнгийн удирдлага гэсэн 5 үе шаттай хэрэгжих хуультай. Энэ жилийн хувьд Сангийн яамнаас орон нутгийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт иргэдийн саналыг улс даяар цахим хэлбэрээр авсан байна. Энэ оны дөрөвдүгээр сарын 15-наас хоёр сарын хугацаанд зохион байгуулсан санал асуулгын дүнгээр нийт 1,140,376 төсөл хөтөлбөрийг нэн тэргүүнд хэрэгжүүлэх саналыг иргэд ирүүлжээ.
Тухайлбал, Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн талбайд амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх тохижилт, тоглоомын талбай байгуулах 216,157 санал ирсэн байна. Мөн гэрэлтүүлэг, явган хүний зам, камержуулалт, орон сууцны байрны гадна дулаалгын засвар, цахилгаан шугам хүчдэлийг сайжруулах, өрхийн эмнэлэг, сургууль, цэцэрлэгт шаардлагатай тоног төхөөрөмж зэрэгт хамгийн олон санал иржээ. Мөн автозамын засвар шинэчлэл, орон сууцны байрны дээвэр засвар, үерийн ус зайлуулах суваг шуудуу, хоолой хийх, ногоон байгууламж нэмэгдүүлэх зэрэгт иргэд саналаа өгсөн бөгөөд эдгээрийг эрэмбэлж, хамгийн олон иргэний нийтлэг эрх ашгийг хангахуйц төслийг эхлээд санхүүжүүлэх юм.
Тус сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ажлын санхүүжилт хэрхэн нэмэгдсэнийг Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Эрдэнэбаяр тодруулсан юм. Улсын төсөв болон ОНХС-гийн нэгдсэн сангаас тодорхой аргачлалаар дүүрэг болон нийслэлд 50:50 гэсэн харьцаагаар санхүүжилт нь хуваарилагдаг. 2023 онд нийслэлд 32.4 тэрбум төгрөгийн төсвийг нийслэлийн ОНХС-д хуваарилжээ. Хөрөнгийн хуваарилалтыг хийхдээ иргэдийн санал асуулга дээр үндэслэн, хамгийн өндөр саналтай эрэмбээр хэрэгжүүлэх аж. Төлөөлөгч Л.Отгонбаатар ОНХС-гаас 2022 онд Хан-Уул дүүргийн 4 хороо, Вива сити хороололд ахмад настан, хүүхдүүдэд зориулсан чийрэгжүүлэлтийн ажлын явц удаан байна. Ямар шалтгааны улмаас ажил явахгүй байгаа талаарх мэдээллийг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар төлөөлөгчдөд өгдөггүй бөгөөд тендер амжилтгүй болсон шалтгаанаар хийх ажил нь багасаж байгааг шүүмжиллээ.
Уг ажил дээр нийт 5 удаа тендер зарласан бөгөөд батлагдсан төсөв нь хийх ажилдаа тэнцэхгүй байгаа учраас ажлын даалгаварт өөрчлөлт оруулсан гэдгийг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын хэлтсийн дарга тайлбарлав. Төлөөлөгч Ү.Оюунзулын хувьд ОНХС-гаар хийсэн бүтээн байгуулалтын ажлын арчлалт хамгаалалтыг хэн хариуцдаг вэ гэдгийг тодруулсан юм. Мөн ажлыг хурдан шуурхай, чанартай гүйцэтгэхэд ажил хариуцсан хүмүүс анхаарч ажиллахыг сануулав. Танилцуулгатай холбоотойгоор Нийслэлийн ИТХ-аас тэмдэглэл гарч, Нийслэлийн Засаг даргад чиглэл хүргүүлнэ.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ
Улстөр нийгэм
НҮБ-ын Хүн ам, хөгжлийн комиссын 59 дүгээр чуулганд Монгол Улс оролцож байна
АНУ-ын Нью-Йорк хотноо 2026 оны дөрөвдүгээр сарын 13-17-ны өдрүүдэд НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Хүн ам, хөгжлийн комисс (ХАХК)-ын 59 дүгээр чуулган “Тогтвортой хөгжлийн орчин дахь хүн ам, технологи ба судалгаа” сэдвийн хүрээнд болж байна.
Энэхүү чуулганд НҮБ-ын гишүүн орнууд, олон улсын байгууллагууд, судлаачид, бодлого тодорхойлогчид оролцож, хүн амын хөгжил, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт, технологийн дэвшлийн нөлөө зэрэг асуудлаар санал солилцож байна. Чуулганд дэлхийн 190 гаруй улсын төлөөлөл оролцож буйгаараа онцлог юм.
Монгол Улсаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр 2026 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр болсон Ерөнхий хэлэлцүүлэгт үг хэлэв. Тэрбээр Олон улсын хүн ам, хөгжлийн бага хурлын Үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр манай улсын авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг танилцуулж, хүн амын бодлогыг хүний эрхэд суурилсан, хүртээмжтэй, нотолгоонд тулгуурласан байдлаар хэрэгжүүлэхийн чухлыг онцоллоо.
Мөн Монгол Улсын цахим шилжилтийн бодлогын хүрээнд гарч буй ахиц дэвшлийг дурдан, “E-Mongolia” платформ нь төрийн үйлчилгээг иргэдэд илүү шуурхай, хүртээмжтэй хүргэхэд бодит үр дүн үзүүлж байгааг тэмдэглэв. Түүнчлэн технологийн хөгжлийг хүний эрх, хувийн мэдээллийн хамгаалалттай уялдуулан хэрэгжүүлэх шаардлагатайг онцолсон байна.
Хүн ам, хөгжлийн комиссын чуулган нь жил бүр зохион байгуулагддаг бөгөөд хүн ам зүй, нийгмийн бодлого, хөгжлийн асуудлаар дэлхийн улс орнуудын туршлага, бодлогыг хэлэлцэх чухал индэр болдог.
Улстөр нийгэм
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар 2026 оны дөрөвдүгээр сарын 20-23-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн түвшинд тус улсад 20 жилийн дараа болох энэ айлчлалын үеэр хоёр орны төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө.
Тухайлбал өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх талаар хэлэлцэх юм.
Айлчлалын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
Мөн хоёр улсын аж ахуйн нэгжүүд бизнес форум зохиож, Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид Астана хотноо анх удаа “Монголын сайхан орон” хүндэтгэлийн тоглолтоо толилуулна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалын үеэр Астана хотноо болох Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтад оролцоно.
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев 2024 онд Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийсэн нь харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болсон.
Энэ айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн уламжлалт найрсаг харилцааны түвшнийг шат ахиулан “Стратегийн түншлэл”-д хүргэснээ тунхаглан зарласан юм.
Ингэснээр Казахстан нь Төв Азийн бүс нутаг дахь манай улсын анхны Стратегийн түнш орон болж байлаа.
Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс 1992 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй.
Манай улсаас 1998 онд Ерөнхийлөгч Н.Багабанди, 2007 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр нар Казахстан Улсад төрийн айлчлал хийжээ.
Улстөр нийгэм
Улсын хэмжээнд 9.2 сая төл хүлээн авч, бойжилт 98.9 хувьтай байна
2026 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд төллөвөл зохих 22.4 сая эх малын 41.4 хувь буюу 9.2 сая хээлтэгч мал төллөжээ.
Одоогийн байдлаар нийт 9.2 сая төл хүлээн авснаас 9.1 сая толгой төл бойжиж, бойжилт 98.9 хувьтай байгаа нь мал төллөлт хэвийн үргэлжилж байгааг харуулав.
Мал төллөлтийн явцыг бүсээр авч үзвэл баруун бүсэд 44.5 хувь, хангайн бүсэд 43.1 хувь, зүүн бүсэд 38.3 хувь, төвийн бүсэд 38.2 хувьтай үргэлжилж байна.
Харин оны эхнээс хойш улсын хэмжээнд нийт 199.8 мянган толгой мал зүй бусаар хорогдсон байна. Үүнийг төрлөөр нь ангилбал тэмээ 171, адуу 16.5 мянга, үхэр 21.3 мянга, хонь 76.0 мянга, ямаа 85.7 мянган толгой байна. Энэ нь оны эхний нийт малын 0.34 хувийг эзэлж байгаа юм.
Мэргэжлийн байгууллагуудын мэдээлснээр хаврын улиралд мал төллөлтийн явцтай уялдан малын арчилгаа, маллагааг сайжруулах, төл бойжилтыг хамгаалах шаардлагатайг анхааруулж байна.
-
Цаг үе2021/04/12
Өнгөрсөн онд 40 орчим мянган тонн мах экспортолжээ
-
Улстөр нийгэм2022/06/15
УИХ: Ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана
-
Цаг үе2022/10/17
Яармаг орчмын замын түгжрэлийг 50 хүртэлх хувиар бууруулах гүүрний ажил эхэлжээ
-
Үзэл бодол2019/09/06
Х.Баделхан: Барилгын тусгай зөвшөөрөл олгох үйл явц сайжирч байна
