Улстөр нийгэм
Жагсаал, цуглааны үеэр иргэд, алба хаагчдын эрхийг хангаж ажиллах талаар уулзаж, зөвлөлдлөө
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, Сүхбаатарын талбай дээр 2022 оны 12 дугаар сарын 4-ний өдрөөс хойш иргэд Монгол Улсын үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээгээр баталгаажсан эрхийн дагуу жагсаал, цуглаан зохион байгуулж, үг хэлж, үзэл бодлоо илэрхийлж байгаа билээ.
Уг асуудалтай холбогдуулан ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийн асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн, Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга П.Оростогоотой үүсээд буй жагсаал, цуглааны үеэр иргэд, алба хаагчдын эрхийг хангаж ажиллах талаар уулзаж, зөвлөлдлөө.
Уулзалтаар жагсаал, цуглааны үед хэв журам хамгаалж, түүнд оролцогчдыг аливаа гэмт халдлагаас хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлж, хүний эрхийн мэдрэмжтэй ажиллаж байгаа цагдаагийн байгууллагын алба хаагчдын үйл ажиллагааг сайшааж, цаашид хүний үндсэн эрх, эрх чөлөөнд нэн хүндэтгэлтэй хандаж, хэнийг ч дур мэдэн баривчлах, саатуулах, эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус хандахгүй байхад анхаарч ажиллахыг уриаллаа.

Мөн жагсаал, цуглаан цаашид олон хоног үргэлжилбэл алба хаагчдын үүрэг гүйцэтгэх ээлжийг оновчтой зохион байгуулж, ялангуяа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж оролцогч болох мөрдөгчдийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх нөхцөл, бололцоог хангахад анхаарч, цаг агаарын болон бусад нөхцөл байдалтай уялдуулж дулаан хувцас, бусад шаардлагатай зүйлээр даруй хангах, ажил, амралтын цагийг зөв зохицуулж, алба хаагчдынхаа эрх ашгийг хамгаалж ажиллахыг зөвлөлөө.
Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа П.Оростогоо: Жагсаал, цуглаанд оролцогчдыг гэмт халдлагаас хамгаалж, хууль, олон улсын гэрээгээр баталгаажсан хүний эрхийг хангаж ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчдын үйл ажиллагааг иргэдэд зөвөөр ойлгуулж, хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаанд хамтран ажиллаж байгаа ХЭҮК-ын удирдлага, гишүүд, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн, нэгжийн дарга, хамт олонд ЦЕГ-ын даргын зөвлөлийг төлөөлж талархаж байгаагаа илэрхийлж, ХЭҮК-ын жагсаал, цуглаантай холбогдуулж ирүүлсэн зөвлөмжийг биелүүлэхэд анхаарч ажиллаж буйгаа илэрхийллээ гэж Монгол Улсын ХЭҮК-оос мэдээллээ.
Улстөр нийгэм
НҮБ-ын Хүн ам, хөгжлийн комиссын 59 дүгээр чуулганд Монгол Улс оролцож байна
АНУ-ын Нью-Йорк хотноо 2026 оны дөрөвдүгээр сарын 13-17-ны өдрүүдэд НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Хүн ам, хөгжлийн комисс (ХАХК)-ын 59 дүгээр чуулган “Тогтвортой хөгжлийн орчин дахь хүн ам, технологи ба судалгаа” сэдвийн хүрээнд болж байна.
Энэхүү чуулганд НҮБ-ын гишүүн орнууд, олон улсын байгууллагууд, судлаачид, бодлого тодорхойлогчид оролцож, хүн амын хөгжил, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт, технологийн дэвшлийн нөлөө зэрэг асуудлаар санал солилцож байна. Чуулганд дэлхийн 190 гаруй улсын төлөөлөл оролцож буйгаараа онцлог юм.
Монгол Улсаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр 2026 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр болсон Ерөнхий хэлэлцүүлэгт үг хэлэв. Тэрбээр Олон улсын хүн ам, хөгжлийн бага хурлын Үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр манай улсын авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг танилцуулж, хүн амын бодлогыг хүний эрхэд суурилсан, хүртээмжтэй, нотолгоонд тулгуурласан байдлаар хэрэгжүүлэхийн чухлыг онцоллоо.
Мөн Монгол Улсын цахим шилжилтийн бодлогын хүрээнд гарч буй ахиц дэвшлийг дурдан, “E-Mongolia” платформ нь төрийн үйлчилгээг иргэдэд илүү шуурхай, хүртээмжтэй хүргэхэд бодит үр дүн үзүүлж байгааг тэмдэглэв. Түүнчлэн технологийн хөгжлийг хүний эрх, хувийн мэдээллийн хамгаалалттай уялдуулан хэрэгжүүлэх шаардлагатайг онцолсон байна.
Хүн ам, хөгжлийн комиссын чуулган нь жил бүр зохион байгуулагддаг бөгөөд хүн ам зүй, нийгмийн бодлого, хөгжлийн асуудлаар дэлхийн улс орнуудын туршлага, бодлогыг хэлэлцэх чухал индэр болдог.
Улстөр нийгэм
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар 2026 оны дөрөвдүгээр сарын 20-23-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн түвшинд тус улсад 20 жилийн дараа болох энэ айлчлалын үеэр хоёр орны төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө.
Тухайлбал өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх талаар хэлэлцэх юм.
Айлчлалын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
Мөн хоёр улсын аж ахуйн нэгжүүд бизнес форум зохиож, Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид Астана хотноо анх удаа “Монголын сайхан орон” хүндэтгэлийн тоглолтоо толилуулна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалын үеэр Астана хотноо болох Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтад оролцоно.
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев 2024 онд Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийсэн нь харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болсон.
Энэ айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн уламжлалт найрсаг харилцааны түвшнийг шат ахиулан “Стратегийн түншлэл”-д хүргэснээ тунхаглан зарласан юм.
Ингэснээр Казахстан нь Төв Азийн бүс нутаг дахь манай улсын анхны Стратегийн түнш орон болж байлаа.
Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс 1992 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй.
Манай улсаас 1998 онд Ерөнхийлөгч Н.Багабанди, 2007 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр нар Казахстан Улсад төрийн айлчлал хийжээ.
Улстөр нийгэм
Улсын хэмжээнд 9.2 сая төл хүлээн авч, бойжилт 98.9 хувьтай байна
2026 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд төллөвөл зохих 22.4 сая эх малын 41.4 хувь буюу 9.2 сая хээлтэгч мал төллөжээ.
Одоогийн байдлаар нийт 9.2 сая төл хүлээн авснаас 9.1 сая толгой төл бойжиж, бойжилт 98.9 хувьтай байгаа нь мал төллөлт хэвийн үргэлжилж байгааг харуулав.
Мал төллөлтийн явцыг бүсээр авч үзвэл баруун бүсэд 44.5 хувь, хангайн бүсэд 43.1 хувь, зүүн бүсэд 38.3 хувь, төвийн бүсэд 38.2 хувьтай үргэлжилж байна.
Харин оны эхнээс хойш улсын хэмжээнд нийт 199.8 мянган толгой мал зүй бусаар хорогдсон байна. Үүнийг төрлөөр нь ангилбал тэмээ 171, адуу 16.5 мянга, үхэр 21.3 мянга, хонь 76.0 мянга, ямаа 85.7 мянган толгой байна. Энэ нь оны эхний нийт малын 0.34 хувийг эзэлж байгаа юм.
Мэргэжлийн байгууллагуудын мэдээлснээр хаврын улиралд мал төллөлтийн явцтай уялдан малын арчилгаа, маллагааг сайжруулах, төл бойжилтыг хамгаалах шаардлагатайг анхааруулж байна.
-
Урлаг спорт2024/02/29
Маргааш "Малчин түмэндээ тусалъя" хандивын барилдаан болно
-
Цаг үе2023/10/13
"Тавантолгой түлш" ХХК: Шахмал түлшний үндсэн түүхий эд, технологид ям...
-
Цаг үе2022/04/13
Цахим хөгжил, харилцаа холбооны яам НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран ажиллана...
-
Цаг үе2024/09/05
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
