Улстөр нийгэм
“Зөрчлийн тухай хууль, зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль ба түүний хэрэгжилт” -ийн талаар хэлэлцэв

Зөрчлийн тухай хуулийг 2017 оноос мөрдөж эхэлснээс хойш Санхүүгийн зохицуулах хороо нь Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль, Хадгаламж зээлийн хоршооны тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль зэрэг нийт 23 хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох түүнийг зөрчсөн этгээдэд шийтгэл ногдуулах замаар хуулийн хэрэгжилтийг хангаж ирсэн. Эдгээр хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор Улсын ерөнхий прокурорын газраас Санхүүгийн зохицуулах хорооны зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах болон эрх бүхий албан тушаалтан /Улсын байцаагч/ нартай хамтран “Зөрчлийн тухай хууль, зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль ба түүний хэрэгжилт” сэдэвт сургалт зохион байгууллаа.
Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Соёлсайхан энэ үеэр зөрчлийн хэрэг бүртгэлт явуулахад эрх бүхий албан тушаалтны анхаарах асуудал, зөрчлийн хэрэг бүртгэлттэй холбоотой зөрчил дутагдал цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Түүнчлэн эрх бүхий албан тушаалтны зөрчлийн хэрэг бүртгэлттэй холбоотой чиг үүргийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлын шийдлийг олох зорилго бүхий “Зөрчлийн хэрэг бүртгэлт”, “Зөрчлийн хэрэг бүртгэлтэд холбогдох журам, заавар”, “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн хэлбэр”, “Шийтгэврийн хуудас, шүүхэд хүсэлт гаргах тухай”, “Шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журам” зэрэг сэдвийн хүрээнд санал өрнүүлж, хэлэлцлээ.
Эрх бүхий албан тушаалтныг чадавхжуулах, харилцан мэдээлэл, туршлага солилцох зорилгоор зохион байгуулсан сургалтад Санхүүгийн зохицуулах хорооны эрх бүхий нийт 55 албан хаагч хамрагдсан байна.
Улстөр нийгэм
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт нэгдэв
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газар нэгдэн орсныг баталж, Засгийн газрыг төлөөлөн харилцах байгууллагаар Эрчим хүчний яамыг томиллоо.
Олон улсын нарны эрчим хүчний холбоо нь 2015 онд байгуулагдсан. Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төвтэй төрийн бус байгууллага юм.
Тус байгууллага нь Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн үйл ажиллагаатай давхцахгүй, нарны эрчим хүчний нөөц ихтэй улс орнуудад тулгамдсан асуудлыг хамтран шийдэх, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт санхүүгийн эх үүсвэр бий болгоход дэмжлэг үзүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой ажээ. Энэхүү холбоонд нэгдсэнээр бүс нутгийн сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг дэмжих, үйлдвэрийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэх, хүлэмжийн хийг бууруулах зэрэг давуу талтай юм.
Улстөр нийгэм
ЗГ: Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн санхүүжилтийг шийдвэрлэв
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн гурван өртөө, дөрвөн зөрлөгтэй 87.2 км салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажилд дотоодын 63 аж ахуй нэгж, байгууллагын 2748 инженер, техникийн ажилтнууд ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар доод бүтцийн газар шорооны ажил 93,5, ус дамжуулаххоолойн ажил 81,4, гүүр барих ажил 84 хувийн гүйцэтгэлтэй байна.
Тус төслийн нэгдүгээр шатны бүтээн байгуулалтын ажлын санхүүжилт 850.4 тэрбум төгрөг байхаар баталсан бөгөөд үүнээс гүйцэтгэлийн төлбөрт 156.2 тэрбум төгрөг шилжүүлжээ. Үлдэгдэл санхүүжилтийг Олон улсын санхүүгийн корпорац (IFC)-тай хамтран шийдвэрлэхээр ажиллаж байгаа бөгөөд санхүүжилт шийдвэрлэгдэх хүртэл дотоодын зах зээлээс 300 тэрбум төгрөгийн санхүүжилтийн бонд гарган хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгаж, “Төмөр замын барилгын ажлын төслийн санхүүжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг баталлаа. Энэхүү санхүүжилтийг шийдвэрлэснээр төсөл амжилттай хэрэгжих нөхцөл бүрдэнэ.
Улстөр нийгэм
Дулаан хангамжийн 11 Г, Д гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөж, шинэчлэв
Улаанбаатар хотын гол магистраль 11 Г, Д шугамыг 1984 онд ашиглалтад оруулж байсан бөгөөд дулаан хангамжийн 30 хувийг дангаар бүрдүүлдэг.
Тус шугамыг 2024 оноос эхлэн хэсэгчлэн өргөтгөж байгаа юм.
Тодруулбал, 2024 онд Саппорогийн уулзвараас 25 дугаар эмийн сан хүртэлх 1.6 км хос шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон шинэчилсэн.
Харин энэ онд 25 дугаар эмийн сангаас төмөр замын "BSB" цахилгаан барааны дэлгүүр хүртэл 750 метрийг шинэчлэв.
Ингэхдээ хонгилын систем буюу туннелтэй болгож буй. Ингэснээр дараа нь засвар үйлчилгээ хийхдээ авто зам сэтлэхгүйгээр дотор нь орж засах боломжтой юм.
Тус 11 Г, Д магистралийг өргөтгөн шинэчилснээр дамжуулах сүлжээний гол магистраль шугамын нэвтрүүлэх чадвар 800 тн/ц-аар нэмэгдэж, хотын төв, Цирк, Бага тойруу, Төв номын сан, Багшийн дээд, 13-р хороолол орчмын хэрэглэгчдийн дулаан хангамж сайжрах ач холбогдолтой юм.
Мөн дулаан дамжуулах сүлжээний алдагдал 5-15 хувиар буурна.