Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Таарамжгүй харилцааны улмаас дур зоргоор баривчилж, саатуулж, хорьж болохгүй

Огноо:

,

Санамж: Энэ тойм нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Эрүүгийн хэргийн мөрдөгч С, түүний мөрдөж байсан хэрэгт өмгөөлөгчөөр ажиллаж байсан А нар хэрэгт хүсэлт гаргах асуудлаар санал зөрөлдөж, цагдаагийн хэлтсийн байранд маргалдах үед мөрдөгч нь өмгөөлөгчийг “архи үнэртүүлж маргасан” гэх шалтгаанаар биечлэн чиглэл, тушаал өгч албадан эрүүлжүүлжээ.

Анхан шатны шүүх С-ыг Эрүүгийн хуулийн 13.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж хүний эрх чөлөөнд халдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцжээ.

Харин давж заалдах шатны шүүх согтуурлын зэргээ шалгуулахаас зайлсхийсэн А-ыг цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн, саад учруулсан тул шаардлагыг албадан гүйцэтгэсэн, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зөрчил гаргасан этгээдийг согтолтын хэмжээ хамаарахгүй эрүүлжүүлэх байранд хүргэх хэм хэмжээг хэрэгжүүлж хуулийн дагуу ажилласан гэж үзэж, С-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Дээд шүүхэд прокурор эсэргүүцэл, хохирогч гомдол гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч “хууль бусаар баривчлах, саатуулах гэмт хэрэгт хууль тогтоомж зөрчиж, эрүүлжүүлсэн үйлдэл хамаарахгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийг магадлалыг дэмжиж байна” гэжээ.

Хяналтын шатны шүүх давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох замаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхдээ дараах дүгнэлтийг хийсэн байна.

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд  өөрийн үйлдлийг удирдан хянах чадваргүй болтлоо согтсоны улмаас хаана байгаагаа болон очих газраа мэдэхгүй болсон, гудамж талбай, олон нийтийн газар ухаангүй унасан, энэ байдлаас болж өөрөө осол гэмтэл, гэмт хэрэг, зөрчилд өртөж болзошгүй болсон этгээдийг эрүүлжүүлэх байранд хүргэхээр заасан тул А-д холбогдуулан зөвхөн согтуурсан үндэслэлээр албадан эрүүлжүүлэх ажиллагааг явуулах үндэслэл үгүйсгэгдэж байсан. Харин А нь согтуурахын зэрэгцээ гэмт хэрэг, зөрчилд холбогдсон бол Цагдаагийн албаны тухай хуульд зааснаар урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор цагдаагийн албан хаагч шаардлага тавьж улмаар биелүүлээгүй эсэргүүцсэн бол албадан гүйцэтгэхээс гадна зөрчлийг нотлох баримт бүрдүүлэх зорилгоор согтолт харгалзахгүй эрүүлжүүлэх байранд хүргэж болох журамтай.

Согтууруулах ундаа хэрэглэсэн гэмт хэрэг, зөрчилд холбогдсон этгээдийг нотлох баримт бүрдүүлэх, холбогдсон хэрэг, зөрчлийн талаар тайлбар авах зорилгоор эрүүлжүүлж буй нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг хамгаалах, тусламж үзүүлэх зорилгоор эрүүлжүүлэх үйл ажиллагаанаас ялгаатай. Тиймээс согтолтын зэрэг харгалзахгүй эрүүлжүүлэх байранд хүлээн авах ба ингэснээр хэрэг, зөрчилд холбогдсон этгээдийг саатуулах ажиллагаа эхэлсэн гэж үздэг. Тухайн тохиолдолд А-ын гэмт хэрэг, зөрчил үйлдсэн нь цагдаагийн албан хаагчийн зүгээс дээрх албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх үндэслэл болох ёстой байсан.

Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар энэ хэргийн шүүгдэгч С-ын мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан эрүүгийн хэрэгт А нь  хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан. Нотлох баримт гаргуулах тухай хүсэлт гаргах асуудлаар санал зөрж, ажил хэргийн шинжтэй маргаан үүсгэснийг шаардлага эсэргүүцсэн гэж мөрдөгч С үзэж, албан тушаалын давуу байдлаа ашиглан А-ыг албадан эрүүлжүүлэх чиглэл, тушаалыг биечлэн өгч эрх чөлөөнд нь халдан саатуулсан байна.

Хэргийн сэдэлт, зорилгыг гэмт хэрэг үйлдэгчийн үг, биеийн хэлэмжээс гадна үйлдлийн дараалал, шинж чанарыг үр дагавар, түүнд хүрсэн цаг хугацаанд харьцуулан дүгнэх замаар тогтоож болох тул прокурорын эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэд дурдсанаар С нь А-ыг  “бусдын эрх ашгийг хамгаалж цагдаагийн албан хаагчид шаардлага тавьсны төлөө ...  зөрчил үйлдсэн хэмээн дүгнэж, эрх чөлөөнд нь халдаж, эрүүлжүүлэх байранд хүргэх, [хожим] гаргах бүхий л үйл ажиллагааг удирдан явуулсан” гэж үзэх бүрэн үндэстэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.9 дүгээр зүйлээр Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасан хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг баталгаажуулан хамгаалсан тул хууль бусаар баривчлах, саатуулах зэргээр хүний эрх чөлөөг орон зай, цаг хугацаанд хязгаарласан аливаа үйлдлүүд нь  эрүүгийн эрх зүйн энэ хоригт хамаарна гэж үзнэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмаас гадуур, тухайлбал хувийн болон албаны сэдэлттэй таарамжгүй харилцааны улмаас үзэмжээр, дур зоргоор  хэнийг ч баривчилж, саатуулж, хорьж болохгүй гэж хяналтын шатны шүүхийн тогтоолд онцлон тэмдэглэжээ.

Шүүхийн шийдвэрийн тойм бэлтгэсэн:  Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Булган аймагт Эрүүл мэндийн салбарын томоохон цогцолбор бүтээн байгуулалт эхэллээ

Огноо:

,

Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн 100 ортой өргөтгөлийн барилгын шав тавих ёслол болж, улсын төсвийн 37,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай эрүүл мэндийн цогцолборын бүтээн байгуулалтын ажил албан ёсоор эхэллээ.
 
Шав тавих ёслолд Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Ганболд, Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир, Засаг даргын орлогч О.Ундрах, Нэгдсэн эмнэлгийн дарга Б.Шижирбаатар болон эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийн төлөөлөл оролцов.
 
Төслийн хүрээнд 5 блок бүхий цогцолбор эмнэлэг баригдаж байгаа бөгөөд А блокт амбулаторийн кабинетууд,
 
В блокт рентген, компьютер томографийн оношилгоо болон лабораторийн тасгууд,
 
С блокт хэвтэн эмчлүүлэгчдийн тасгууд,
 
D блокт хэвтэн эмчлүүлэх нэмэлт ор, тасгийн хэсэг,
 
Е блокт шарил хадгалах байр (морг) тус тус байрлахаар төлөвлөгджээ.
 
Тус бүтээн байгуулалтын ерөнхий гүйцэтгэгчээр "Өгөөмөр баян дэнж" ХХК ажиллаж байгаа бөгөөд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй энэхүү цогцолборыг 2026–2027 онд үе шаттайгаар барьж ашиглалтад оруулахаар төлөвлөгөөний дагуу бүтээн байгуулалт хийгдэж байна.
 
Энэхүү цогцолбор ашиглалтад орсноор оношилгоо, эмчилгээний хүчин чадал нэмэгдэж, иргэд орон нутагтаа чанартай, хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломж өргөжин, Булган аймгийн эрүүл мэндийн салбарын чадавх шинэ түвшинд хүрнэ.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар

Огноо:

,

2026.06.11 /Пүрэв гараг/
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар 
Хуралдаан
10:00
Танхим
Их хуралдай
Хэлэлцэх асуудал
15
Хэлэлцэх асуудал: 15
 
  1. Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал
  2. Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2026.06.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 90 минут/ Төслийн PDF
  3. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн С.Одонтуяа нарын 37 гишүүн 2026.05.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
  4. Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын 37 гишүүн 2026.05.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
  5. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2025.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
  6. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2026.05.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
  7. Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Л.Соронзонболд нарын 13 гишүүн 2026.05.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
  8. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан 2026.04.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
  9. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн М.Энхцэцэг нарын 70 гишүүн 2026.05.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
  10. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/
  11. Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн М.Мандхай нарын 10 гишүүн 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
  12. Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын 19 гишүүн 2026.05.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
  13. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар нарын 17 гишүүн 2026.05.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
  14. “Үндэсний хиймэл дагуул хөөргөх төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  15. Бусад
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Хувийн сургуулиудыг төлбөрийн мэдээллээ ил тод болгох, албан бус шинжтэй нэмэлт төлбөр, хандив шаардахыг хориглолоо

Огноо:

,

Суралцагчийн сурч боловсрох эрхийг хангах, сургалтын төлбөртэй холбоотой харилцааны ил тод, нээлттэй байдлыг сайжруулах шаардлагад үндэслэн Боловсролын сайдын 2026 оны зургаадугаар сарын 08-ны өдрийн А/119 дүгээр тушаал гаргалаа.

Сүүлийн жилүүдэд хувийн сургуулийн тоо болон суралцагчдын эзлэх хувь нэмэгдэж, сургалтын төлбөр жил бүр нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Гэвч сургалтын төлбөрийг нэмэгдүүлэх хугацаа, үндэслэл, мэдээлэх арга хэлбэр сургуулиудын хувьд харилцан адилгүй байгаа нь эцэг эх, асран хамгаалагчдад санхүүгийн хүндрэл үүсгэх, үл ойлголцол, маргаан гарах нөхцөлийг бий болгож байна.

Энэхүү тушаал нь төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын төлбөр тогтоох, өөрчлөх үйл ажиллагааг ил тод болгох, эцэг эх, асран хамгаалагчдад урьдчилан мэдээлэх, сургалтын төлбөрийн зохицуулалтыг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлэх, суралцагчийн эрх ашгийг хамгаалах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн.
Тушаалаар сургалтын төлбөр болон нэмэлт үйлчилгээний хураамжид өөрчлөлт оруулах үндэслэл, тооцооллыг хичээлийн жил эхлэхээс өмнө танилцуулах, төлбөрийн шийдвэрийг мэдээллийн систем болон цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлэх, төлбөрийг хэсэгчлэн төлөх боломжийг гэрээгээр зохицуулах, шинээр элсэгчийн болон үргэлжлүүлэн суралцагчийн суудал баталгаажуулах урьдчилгаа төлбөрийн хэмжээг сургалтын төлбөрийн 10 хувиас хэтрүүлэхгүй байх зэрэг зохицуулалтыг тусгасан.

Мөн суралцагчийг элсүүлэх, шилжүүлэх, сургуулиас гарахтай холбоотой төлбөрийн нөхцөлийг гэрээнд тодорхой тусгах, сургалтын байгууллагын албан тушаалтан албан бус шинжтэй нэмэлт төлбөр, хандив шаардахыг хориглосон болно. Түүнчлэн эцэг эх, асран хамгаалагчтай байгуулах гэрээний загварыг шинэчлэн боловсруулж батлах, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг холбогдох нэгж, байгууллагуудад даалгасан.

Энэхүү тушаал хэрэгжсэнээр:

  • Сургалтын төлбөр болон бусад хураамжийн мэдээллийг тогтоосон хугацаанд нийтэд мэдээлдэг болно.
  • Төлбөр нэмэгдүүлэх тохиолдолд тухайн шийдвэрийн үндэслэл, зардлын бүтэц, шаардлагыг ил тод танилцуулдаг болно.
  • Суралцагч сургууль шилжих, сургуулиас гарах үед төлбөр буцаан олгох нөхцөл, журмыг тодорхой мөрддөг болно.
  • Эцэг эх, асран хамгаалагчдад мэдээлэл өгөх, санал авах ажиллагаа тогтмолжино.
  • Сургалтын төлбөртэй холбоотой маргаан, үл ойлголцол буурч, боловсролын үйлчилгээний ил тод байдал сайжирна.
  • Тушаал нь хувийн сургуулиудын үйл ажиллагаанд шууд хязгаарлалт тогтоохгүй бөгөөд сургалтын төлбөр тогтоох эрхэд халдахгүй.
  • Харин төлбөрийн талаарх мэдээллийг нээлттэй, ойлгомжтой хүргэх, суралцагч болон эцэг эхийн мэдээлэл авах эрхийг хангахад чиглэж байна.
  • Ингэснээр боловсролын байгууллагын хариуцлага, ил тод байдал нэмэгдэж, эцэг эх, асран хамгаалагчид сургалтын төлбөртэй холбоотой шийдвэрийг урьдчилан мэдэх, төлөвлөх боломж бүрдэх юм.
  •  

 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох