Улстөр нийгэм
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Чинь Гантай утсаар ярив

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2023 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Чинь Гантай утсаар ярьж, Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Чинь Ганд өндөр хариуцлагатай албан тушаалд томилогдсонд нь дахин баяр хүргэж, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
Гадаад харилцааны сайд нар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр тохиролцсон асуудлуудыг урагшлуулж, ажил хэрэг болгохын төлөө нягт хамтран ажиллахаар санал нэгдэв. Энэ хүрээнд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам идэвхжүүлэх, хилийн боомтын зорчигч болон ачаа тээврийн урсгалыг нэмэгдүүлэх, Гашуунсухайт–Ганцмод, Ханги–Мандал боомтын төмөр замын холболтын ажлыг эрчимжүүлэх талаар ярилцав.
Талууд хоёр талын хамтын хүчин чармайлтын үр дүнд хилийн боомтуудын үйл ажиллагаа, зорчигч тээврийн хөдөлгөөн шат дараатайгаар сэргэж буйг сайшааж, 1 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн Хавирга-Ар хашаат боомтын ачаа тээврийн үйл ажиллагааг сэргээхээр болсныг онцлов.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр гаргасан Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ эрин үед урагшлуулан хөгжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хамтарсан мэдэгдэлд тусгасан “Үндэсний урлагийн их театр”, “Ерөнхийлөгчийн нэрэмжит хүүхэд, залуучуудын спорт сургалтын төв”, “Цөлжилттэй тэмцэх судалгааны төв” зэрэг ажлуудыг эрчимтэй урагшлуулж, бодит ажил хэрэг болгох асуудлаар цаашид ч идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцов.
Түүнчлэн олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг үргэлжлүүлж, Монгол, Орос, Хятад гурван улсын эдийн засгийн коридорын хүрээнд хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг урагшлуулж, НҮБ-ын Дүрмийн зорилго, зарчимд суурилсан олон талт хамтын ажиллагааг тууштай дэмжиж ажиллахаар санал нэгдэв.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Гадаад хэргийн сайд Чинь Ган болон Хятадын Гадаад хэргийн яамны нийт хамт олонд удахгүй болох Хятадын “Хаврын баяр”-ын мэндчилгээ дэвшүүлэв.
Улстөр нийгэм
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт нэгдэв
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газар нэгдэн орсныг баталж, Засгийн газрыг төлөөлөн харилцах байгууллагаар Эрчим хүчний яамыг томиллоо.
Олон улсын нарны эрчим хүчний холбоо нь 2015 онд байгуулагдсан. Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төвтэй төрийн бус байгууллага юм.
Тус байгууллага нь Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн үйл ажиллагаатай давхцахгүй, нарны эрчим хүчний нөөц ихтэй улс орнуудад тулгамдсан асуудлыг хамтран шийдэх, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт санхүүгийн эх үүсвэр бий болгоход дэмжлэг үзүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой ажээ. Энэхүү холбоонд нэгдсэнээр бүс нутгийн сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг дэмжих, үйлдвэрийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэх, хүлэмжийн хийг бууруулах зэрэг давуу талтай юм.
Улстөр нийгэм
ЗГ: Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн санхүүжилтийг шийдвэрлэв
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн гурван өртөө, дөрвөн зөрлөгтэй 87.2 км салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажилд дотоодын 63 аж ахуй нэгж, байгууллагын 2748 инженер, техникийн ажилтнууд ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар доод бүтцийн газар шорооны ажил 93,5, ус дамжуулаххоолойн ажил 81,4, гүүр барих ажил 84 хувийн гүйцэтгэлтэй байна.
Тус төслийн нэгдүгээр шатны бүтээн байгуулалтын ажлын санхүүжилт 850.4 тэрбум төгрөг байхаар баталсан бөгөөд үүнээс гүйцэтгэлийн төлбөрт 156.2 тэрбум төгрөг шилжүүлжээ. Үлдэгдэл санхүүжилтийг Олон улсын санхүүгийн корпорац (IFC)-тай хамтран шийдвэрлэхээр ажиллаж байгаа бөгөөд санхүүжилт шийдвэрлэгдэх хүртэл дотоодын зах зээлээс 300 тэрбум төгрөгийн санхүүжилтийн бонд гарган хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгаж, “Төмөр замын барилгын ажлын төслийн санхүүжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг баталлаа. Энэхүү санхүүжилтийг шийдвэрлэснээр төсөл амжилттай хэрэгжих нөхцөл бүрдэнэ.
Улстөр нийгэм
Дулаан хангамжийн 11 Г, Д гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөж, шинэчлэв
Улаанбаатар хотын гол магистраль 11 Г, Д шугамыг 1984 онд ашиглалтад оруулж байсан бөгөөд дулаан хангамжийн 30 хувийг дангаар бүрдүүлдэг.
Тус шугамыг 2024 оноос эхлэн хэсэгчлэн өргөтгөж байгаа юм.
Тодруулбал, 2024 онд Саппорогийн уулзвараас 25 дугаар эмийн сан хүртэлх 1.6 км хос шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон шинэчилсэн.
Харин энэ онд 25 дугаар эмийн сангаас төмөр замын "BSB" цахилгаан барааны дэлгүүр хүртэл 750 метрийг шинэчлэв.
Ингэхдээ хонгилын систем буюу туннелтэй болгож буй. Ингэснээр дараа нь засвар үйлчилгээ хийхдээ авто зам сэтлэхгүйгээр дотор нь орж засах боломжтой юм.
Тус 11 Г, Д магистралийг өргөтгөн шинэчилснээр дамжуулах сүлжээний гол магистраль шугамын нэвтрүүлэх чадвар 800 тн/ц-аар нэмэгдэж, хотын төв, Цирк, Бага тойруу, Төв номын сан, Багшийн дээд, 13-р хороолол орчмын хэрэглэгчдийн дулаан хангамж сайжрах ач холбогдолтой юм.
Мөн дулаан дамжуулах сүлжээний алдагдал 5-15 хувиар буурна.