Бидэнтэй нэгдэх

Урлаг спорт

Баянхонгорт усан бассейн бүхий Спорт цогцолбор ашиглалтад орно

Огноо:

,

Баянхонгор  аймагт улсын төсвийн хөрөнгөөр  баригдсан  усан бассейн бүхий спорт цогцолборын барилгын ажил 2012 онд эхэлсэн ч  2014 оноос ажил нь зогсонги байдалд орсон байдаг.  Гэвч барилгын гүйцэтгэл ажлыг  2020 оноос  эрчимтэй явуулснаар улсын комисс саяхан хүлээж аваад байгаа юм. 

Биеийн тамир, спортын улсын хорооны захиалгаар ” RMB ” ХХК -ийн гүйцэтгэсэн тус усан бассейн бүхий спорт цогцолбор нь 550 хүний суудалтай спорт заал, 170 хүний суудалтай  усан бассейнтай, 25х35м спорт заал, олон улсын стандартын таван замтай, 330 м кубын хүчин чадалтай усан бассейн, хүүхдийн мини бассейн, бялдаржуулах төв, бэлтгэлийн заал, оффис өрөө, сургалтын өрөө, эмч, багш дасгалжуулагч нарын тус тусын нийт үйл ажиллагаа явуулах 20 өрөө, 70 машины дулаан зогсоолтой юм. 

Монгол Улсын хэмжээнд томоохонд тооцогдох Спортын ордны нээлтээ клубуудын улсын аварга шалгаруулах тэмцээнээр нээхээр төлөвлөж буйгаа УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Д.Ганбат, А.Адъяасүрэн нарт аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан танилцуулав. 

Тус ордноо түшиглэн  Баянхонгор аймагт Монголын хүүхдийн спортын VII наадмыг зохион байгуулахаар болсны зэрэгцээ Монголын хүүхдийн спортын VII наадам анх удаа хөдөө орон нутагт усан спортын төрлөөр явагдах  бүхий л боломж нөхцөл манай аймагт бүрдэснээрээ онцлог юм.

УИХ-ын дарга  хонгор нутгийн  хүүхэд залуусынхаа  хөгжил, оролцоо, эрүүл мэндээ хамгаалах өрнүүн үйлсэд амжилт хүсэж, баяртай буйгаа илэрхийлэв.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Урлаг спорт

Хөгжлийн бэрхшээлтэй залуус явган аялал хийж байна

Огноо:

,

Хөгжлийн бэрхшээлтэй залуус өөрсдийг нь дэмждэг сайн дурын хүмүүстэй хамтран Улаанбаатар, Сэлэнгэ, Орхон, Хөвсгөл аймагт явган алхах нөлөөллийн аяныг нийслэл хотоос 2025 зургаадугаар сарын 13-наас эхлүүллээ.
 
Аялал нийт 12 хоног үргэлжилж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан амьдрах эрх, хувийн туслах үйлчилгээ, хүн бүрд хүртээмжтэй орчин, тэгш хамруулах боловсрол зэрэг асуудлыг хөндөж, түүний хэрэгцээ шаардлагыг олон нийтэд таниулж, уриалах зорилготой юм.
 
“MONGOLIA TRY-2025” аяллыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, “Түгээмэл хөгжил” ТББ хамтран зохион байгуулж байна.
 
Олон улсын туршлагаас үзвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдийн дуу хоолойгоо нийгэмд хүргэж, төрөл бүрийн нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулж, өөрчлөлтийг бодит болгодог.
 
Энэ жишгээр “Түгээмэл хөгжил” төвөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээ шаардлагыг эергээр таниулан сурталчлах, зөвлөн туслах, үлгэрлэн харуулах зорилгоор залуучуудын оролцоонд тулгуурласан нөлөөллийн аяныг 2015 оноос хойш зохион байгуулж байна.
 
“MONGOLIA TRY-2025” нөлөөллийн аялалд Улаанбаатар хот болон хөдөө орон нутаг, Япон улсын төлөөллөөс бүрдсэн хөгжлийн бэрхшээлтэй 18, сайн дурын туслах 20 нийт 38 хүн оролцож байна гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.  
Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Даншиг наадам энэ сарын 27-29-нд болно

Огноо:

,

НЗДТГ, нийслэлийн Аялал жуулчлалын газар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран “Даншиг наадам-Хүрээ цам 2025” шашин соёлын наадмыг зургаадугаар сарын 27-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна.

Даншиг нь Монголын соёл, шашны зан үйл, өв уламжлалыг хадгалсан, өвөрмөц онцлогтой наадам бөгөөд аялал жуулчлалыг хөгжүүлж, олон улсын жуулчдыг татах өндөр ач холбогдолтой юм.

Энэ жил уг наадмыг анх удаа нийслэл хотын иргэдийн баяр болгон зохион байгуулж байгаагаараа онцлогтой. Тус наадмыг Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уул болох Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрхныг тахих ёслолоор зургаадугаар сарын 27-ны өдөр эхлүүлнэ. Мөн энэ үеэр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сүм хийдүүд цан хэнгэргээ дуугарган, ард иргэдийн сайн сайхны төлөөх хурал ном хурж, буян үйлдэн, сайн үйлсийн ажил зохион байгуулах юм.  

Түүнчлэн уг наадмын үеэр лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн зохиогддог бөгөөд Даншигийн цуваа, Сүнчэ айлдвар, Очирвааны тахилга, Чингис хааны сан, цам харайх, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин соёлын олон арга хэмжээ болно. Мөн хүчит бөхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, сээр цохих тэмцээн, шагайн болон сур харвааны наадам болохоос гадна жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, монгол хувцасны үзүүлбэр, есөн дүүргийн Ардын авьяастнуудын тоглолт, Улаанбаатар театрын “Монгол туургатан” уран бүтээлээ толилуулна.

Даншиг наадам нь анх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй бөгөөд Монголын шашин соёлын томоохон арга хэмжээ юм. Бурхны шашны бага таван ухааны бүжиглэлийн ухаанд багтах цам нь Даншиг наадмын гол онцлог. Цамын үеэр Очирваань бурхан болон цагаан өвгөн, мөн нийслэл хотыг хүрээлэх дөрвөн дагшин уулын эзэд болох хангарди, гахай, нохой, хөх өвгөн болон бусад дүрд хувирсан 120 гаруй цамчин баг өмсгөл, ур хийц уран нарийн, гоёмсог чимэг зүүлт, барьц хэрэгслээрээ гоён, гар, хөл, биеийн хөдөлгөөнөөр дотоод сэтгэлийн бясалгалыг илэрхийлэн, хортон дайсан, ад зэтгэрийг даран сөнөөж буй хөдөлгөөнүүдийг уран яруугаар үзүүлдэг.

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

“УИХ-ын цом 2025” спортын тэмцээн эхэллээ

Огноо:

,

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “УИХ-ын цом 2025” шилжин явах цомын төлөөх тэмцээн энэ сарын 24-ний өдөр эхэлсэн байна.

Улсын Их Хурал, түүний Тамгын газар болон Улсын Их Хуралд ажлаа шууд тайлагнадаг байгууллагын ажилтан, албан хаагчдын бие бялдарыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготойгоор жил бүр зохион байгуулагддаг энэхүү арга хэмжээг Санхүүгийн зохицуулах хороо 2025 онд зохион байгуулж байна. Тэмцээн таван төрлөөр явагдах бөгөөд нийт 13 байгууллагын 600 орчим тамирчин оролцож байна.

Тэмцээнд оролцож буй байгууллагуудын баг, тамирчид шатар, ширээний теннис, буудлага, волейбол, сагсан бөмбөг гэсэн таван төрлийн спортоор хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, шилдгүүдээ тодруулах юм.

Тэмцээнийг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж нээж, Улсын Их Хурлын гишүүд, тэмцээнд оролцогч байгууллагуудын удирдлагууд оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох