Шударга мэдээ
Монголд зочлох жилийн хүрээнд тээврийн үйлчилгээг шинэ шатанд гаргана
Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх эгнээнд авч үзэн 2023-2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарласан. Энэ хүрээнд аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр нэн тэргүүнд агаарын тээврийн либералчлалыг эхлүүлж, аялал жуулчлалын экспортын шинэ боломжийг нээхэд салбарын яамд бодлогоо уялдуулан хамтран ажиллаж байна.
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Зам, тээврийн хөгжлийн яамны холбогдох газар, хэлтсийн удирдлагууд, ИНЕГ, МИАТ ТӨХК, УБТЗ ХНН, Хүннү Эйр ХХК болон бусад авиа компаниудын төлөөлөл, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй 2023 оны хоёрдугаар сарын 06-ны өдөр уулзалт хийлээ.
Цар тахлаас үүдэлтэй аялал жуулчлалын салбарт бууралт бий болсон. Гэсэн ч эргэн сэргэж байгаа энэ цаг үед аялал жуулчлалын салбарынхаа стратегийг хувьд улам боловсронгуй болгон шинийг сэдэж, гадаад жуулчдыг татахад анхаарч эхлэхийн зэрэгцээ олон улсын болон дотоодын нислэг, үнэ тарифтай холбоотой зарим асуудлаар талууд байр сууриа илэрхийлж, нэгдсэн ойлголтод хүрлээ.
Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Бямбацогт “Төр хувийн хэвшлийн хамтын оролцоонд түшиглэн орон нутгийн нисэх буудлын үйл ажиллагааг сэргээн тогтворжуулах, цаашлаад олон улсын шууд нислэг хүлээн авдаг болгох, нислэгийн хуваарь, нислэг үйлдэх давтамжийг нэмэгдүүлэх болон тийзийн үнийг бууруулах зэрэг асуудлаар салбарын хэмжээнд хичээл зүтгэл гарган анхаарч ажиллаж байна.
Тухайлбал, МИАТ ТӨХК нэгдүгээр сарын 30-ний өдрөөс БНХАУ-ын Бээжин хотын чиглэлд тогтмол нислэг үйлдэж эхэлсэн. Улаанбаатар-Бээжин чиглэлийн нислэгийн тийзийн үнэ гэхэд 2011 онд батлагдсан үнийн тарифаар өнөөдөр үйлчилж байна. Юань, долларын ханшийн өсөлт нөлөөлж байгаа хэдий ч тус чиглэлийн нислэгийн тийзийн үнэ хамгийн хямд буюу нэг сая 200 мянган төгрөг байна. Өнөөдрийн ханшаар юань 519 төгрөг, доллар 3517 төгрөгтэй тэнцэж байгаа юм. Цаашид ч зам, тээврийн салбар аялал жуулчлалын хөгжүүлэх чиглэлээр тодорхой бодит ажлуудад үр дүн гаргаж ажиллах болно” гэдгийг онцлон хэлэв.
Уулзалтад оролцсон аж ахуй нэгж байгууллагын төлөөлөл, орон нутгийн нислэгийн үнийг хямдруулах, нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх, Олон улсын нислэгийн зарим чиглэл болон төмөр зам, автотээврийн зарим үйлчилгээг сайжруулахыг хүслээ. Тухайлбал Улаанбаатар- Хөх хот, Улаанбаатар-Эрээн, Улаанбаатар-Бээжин чиглэлийн галт тэрэг, унтлагын автобус зэрэг үйлчилгээг нээх тал дээр санаачилга гаргаж ажиллахыг хүссэн юм.
БНХАУ авто замын хилээ нээсэн боловч 100 хувь хилээ нээгээгүй байгаатай холбоотой цаг үеийн хүндрэлтэй нөхцөл байдлууд үүсэж байгаа ч боломжит хувилбараар шийдвэрлэх чиглэлээр ажиллана гэдгийг холбогдох албаныхан хэллээ гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.
Шударга мэдээ
ЦЕГ: Гадаад улсын виз гаргуулахтай холбоотой 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна
Цагдаагийн байгууллагад 2026 он гарснаас хойш гадаад улсын виз гаргуулахтай холбоотой нийт 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагаас зөвхөн “Бүгд найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж иргэдийг залилсан 102 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг зөвхөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар албан ёсоор бүртгэж, сонгон шалгаруулалт зохион байгуулан илгээдэг.
Тус байгууллага нь Е-9 визийн ангиллаар БНСУ-ын аж үйлдвэрийн салбарт ажиллах иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл, сонгон шалгаруулалт, үр дүнгийн мэдээллийг албан ёсны сувгуудаар хүргэдэг бөгөөд энэ төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх цорын ганц эрх бүхий байгууллага юм.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр /Е-9 визийн ангилал/ аж үйлдвэрийн салбарт ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг 2026 оны гуравдугаар сард зохион байгуулж эхэлсэн. Залилагч этгээдүүд "Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт ажилладаг", "Найдвартай виз гаргаж өгнө", "Дараалал харгалзахгүй явуулна" гэх мэт худал мэдээлэл тараан иргэдийг хуурч, их хэмжээний мөнгө залилан авах гэмт хэрэг гарсаар байгаа аж.
Энэхүү гэмт хэрэг нь жил бүрийн хавар, намрын бүртгэлийн үеүдэд идэвхэжсэн юм байна. Иймд иргэд та бүхэн БНСУ-ын хөдөлмөрийн гэрээт ажилтны бүртгэл, шалгалттай холбоотой мэдээллийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас авах, танил талаар дамжуулан виз гаргаж өгнө, шалгалтгүй явуулна гэсэн амлалтад итгэхгүй байх, урьдчилгаа төлбөр, үйлчилгээний хураамж нэрээр мөнгө шилжүүлэхээс татгалзах, сэжигтэй зар мэдээлэл, залилангийн шинжтэй үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэхийг зөвлөлөө.
Шударга мэдээ
Боловсролын зээлийн сангийн зээлээс 10.2 тэрбум төгрөг эргэн төлөгджээ
Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор “Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сангаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүд хууль бусаар тэтгэлэг авч, эргэн төлөөгүй” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг шалгах ажлын хэсэг байгуулсан байна.
Ажлын хэсгээс хэрэг бүртгэлтийн 11, мөрдөн байцаалтын 2 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Үүнээс хэрэг бүртгэлтийн 1 хэргийг хааж, 1 хэргийг нэгтгэн, мөрдөн байцаалтын 1 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
Одоогоор Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд хэрэг бүртгэлтийн 1, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 8 хэрэг шалгагдаж байгаа аж. Мөн яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай ирүүлсэн 1 хэрэг прокурорын хяналтын шатанд хянагдаж байна.
Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт 694 суралцагчаас 3,054,210 ам.долларын гадаад зээлийн эргэн төлөлт хийгджээ. Энэ нь одоогийн ханшаар 10.2 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.
Шударга мэдээ
Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо
Боловсролын сайд Л.Энх-Амгалан Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын дарга, сайд Маркус Лайтнерыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Өнгөрсөн хугацаанд Швейцарын Холбооны Улстай тогтвортой хөгжлийн боловсрол, мэргэжлийн боловсрол, сургалтын чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирснийг уулзалтын үеэр онцлон дурдлаа.
Цаашид мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт түлхүү хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхээр болов.
Мөн Швейцарын Холбооны Улсын хэрэгжүүлдэг хүртээмжтэй боловсролын бодлогоос туршлага судлах зэрэг чиглэлээр талууд санал солилцлоо.
-
Үзэл бодол2021/01/22
Х.Баттулга: Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхийг ог...
-
Шударга мэдээ2025/08/28
“Рашаант дахь улсын нөөцийн агуулах” төслийн концессын гэрээг цуцлав
-
Улстөр нийгэм2021/03/05
Дархлаажуулалтын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, хамтран ажиллах чиг үүр...
-
Цаг үе2020/06/23
Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
