Цаг үе
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар хэлэлцэн баталсан.
Ирэх таван жилд хүнсний гол нэрийн 19 нэр төрлийн бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодоос хангахад 1.7 их наяд төгрөг зарцуулахаар болсон юм. Энэ жилийн хувьд улсын төсөвт 236 тэрбум төгрөг баталсан бөгөөд 130 тэрбум төгрөгийг нь аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл хэлбэрээр өгөхөөр төлөвлөжээ.
Мөн Улсын Их Хурлын Түр хороо 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоол гаргаад байна.
Тогтоолд “…зээлдэгчийн төлөх хүүг 3.0-5.0 хувь байхаар тооцож, нийт зээлийн 30-аас доошгүй хувийг хөдөө аж ахуйн үйлдвэрлэл шинээр эрхэлж байгаа болон жижиг, дунд бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа өргөтгөх, 10-аас доошгүй хувийг импортыг орлох, экспортод чиглэсэн төслүүдэд гүйцэтгэлтэй нь уялдуулан үе шаттай санхүүжилт олгох…” зэргийг тусгажээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Есөн од” ХХК болон “Сүү” ХК-д ажиллалаа.
“Есөн од” ХХК 2004 онд дотоодын зах зээлд Голден Гоби шоколадыг зах зээлд нэвтрүүлж эхэлсэн бөгөөд одоогоор 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
Энэ жил какаоны шошноос шоколад үйлдвэрлэх иж бүрэн үйлдвэрлэлийн технологи нэвтрүүлж, нийслэлийн Налайх дүүрэгт жуулчдад зориулсан үндэсний онцлог бүхий үйлдвэр, шоколадан музей-дэлгүүрийн цогцолбор ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Дотоодын зургаан үйлдвэр шоколад, шоколадан бүтээгдэхүүний зах зээлийн долоон хувийг хангадаг бөгөөд 93 хувийг экспортын бүтээгдэхүүн эзэлдэг. “Есөн од” ХХК ирэх таван жилд дотоодын хэрэгцээний 12 хувийг дангаараа хангах зорилт тавин ажиллаж байна.
Мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай, оюуны өмчтэй холбоотой шийдвэр болон НӨАТ үйл ажиллагаа хэвийн явуулахад багагүй хүндрэл учруулдаг тухай компанийн удирдлага танилцуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх үндэсний ууган үйлдвэр “Сүү” ХК-д ажиллалаа. Тус үйлдвэрийг 1958 онд нийслэлийн хүн амыг сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах зорилгоор байгуулсан түүхтэй.

Одоогоор 4,200 харилцагч, 511 ажилтан, 7,000 хувьцаа эзэмшигчтэйгээр үйл ажиллагаа явуулж, хоногт 130-180 тн сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулан, 70 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
Улаанбаатар хот орчим болон Төв, Дархан, Сэлэнгэ, Орхон, Хэнтий аймгийн 30 гаруй чиглэлийн 2,500 малчин, фермерээс жилийн турш сүүг нь авч байна. 2022 оны 12 дугаар сарын байдлаар гэхэд л 27.8 тэрбум төгрөгийн 21.2 сая литр сүү татан авчээ.
Компани 2021 оноос малчдыг хоршоожуулах хөтөлбөр хэрэгжүүлж, 12 хоршоо байгуулсан бөгөөд энэ жил 10-12 хоршоо нэмж байгуулахаар төлөвлөсөн.
Цаашид “Үдийн цай” хөтөлбөрт төрөл бүрийн тараг, сүү, аарцан бүтээгдэхүүн, хорхой ааруул нийлүүлэх боломжтой юм байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мөн өдөр “Эйл Би Эйч Технологи” ХХК-д ажиллана.
Тус компани 2019 оноос био-технологийн чиглэлээр судалгаа шинжилгээ, үйлдвэрлэл явуулж байгаа бөгөөд мал, амьтанд зориулсан Мимо эрдсийн нэмэлт бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байна.
Мимо эрдэст нэмэгдэл тэжээл нь малын ерөнхий эрүүл мэнд, дархлаанаас гадна тэжээл шингэцийг 10-20 хувь сайжруулдаг. Мөн тэжээлийн зардлыг 10-20 хувь бууруулж, сүүн ашиг шимийг 10-15 хувь, махан ашиг шимийг 20-25 хувь нэмэгдүүлэн, малын биеийн хорыг саармагжуулж, хорт бодисыг гадагшлуулдаг байна.
Цаг үе
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-д хийж байгаа ажлын айлчлалын хүрээнд Онцгой байдлын удирдлагын сайд Жан Чэнжунтай албан уулзалт хийлээ.
Уулзалтаар Шадар сайд Н.Номтойбаяр хоёр улсын Онцгой байдлын салбар гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2021 онд Гамшигтай тэмцэх санамж бичиг, 2022 онд Хил орчмын ой хээрийн түймэртэй тэмцэх хэлэлцээрийг тус тус байгуулсан бөгөөд уг гэрээ хэлцлийг шинэ түвшинд гаргах нь чухал гэдгийг онцлов. Тодруулбал, Хятадын баруун хойд хязгаартай хиллэдэг Монгол Улсын баруун бүс нутагт газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж буй, зүүн хязгаар бүсэд хуурайшилтын улмаас ой хээрийн түймрийн давтамж их байгаа тул учраас хил орчмын бүс нутагт хоёр орны онцгой байдлын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх шаардлагатай байгааг тодотголоо.
Түүнчлэн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэхэд ашиглаж буй Хятадын дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж, хиймэл оюун ухаан, сансрын технологийн ашиглалт зэргийг судалж, худалдан авах талаар Шадар сайд Н.Номтойбаяр онцолж байна.
Тэрбээр, БНХАУ-ын Ус, цаг уурын орчны хүрээлэнд хэрэглэж буй гамшгийн мэдээллийн систем, радар болон онцгой байдлын салбарт ашиглаж буй дэвшилтэт, орчин үеийн технологи, тоног төхөөрөмжийг манай улс нэвтрүүлснээр бүс нутгийн хэмжээнд гамшгаас хамгаалах нөхцөл бүрдэнэ гэв. Мөн онцгой байдал, ус, цаг уурын алба хаагчдыг БНХАУ-д чадавхжуулах, сургах, удирдлага менежментийн арга барилыг мэргэжлийн түвшинд бэлтгэх чиглэлээр санал дэвшүүллээ.
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын сайд Жан хоёр улсын онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг Монгол Улс, БНХАУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны гол амжилтын нэг нь болгохыг хүсэж буйгаа онцлон тэмдэглэлээ.
Тэрбээр, Хятад Улс гамшигтай тэмцэх, гамшиг бууруулах, аюулгүй үйлдвэрлэл болон аврах ажиллагааны хөтөлбөрийн дагуу өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд гамшиг, ослын тоо, гарз хохирол 36-39 хувиар буурсан бөгөөд Монгол Улстай хил орчмын бүс нутгийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах чиглэлээр ажиллах бүрэн боломжтой хэмээв.
Хоёр орны онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаар хэрэгжүүлэх нэгдсэн үйл ажиллагааны хөтөлбөрийг нэн даруй боловсруулж, хэрэгжүүлэх ажлын жагсаалт гарган хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Мөн аврах ажиллагаа, дроны сургалт явуулах, Монгол Улсын онцгой байдлын алба хаагчдад гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр өөрсдийн ашиглаж буй дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжүүдийг танилцуулах, сургалт явуулахад хамтран ажиллаж, харилцаагаа өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

Цаг үе
Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөж байна
Шувууны томуу нь хүн болон амьтны эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй халдварт өвчин юм.
Иргэн бүр эрсдэлээс урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх нь чухал.
-Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байх
-Эрсдэлтэй бүс нутагт зорчихоос зайлсхийх
-Шувууны гаралтай түүхий бүтээгдэхүүнтэй харьцсаны дараа гараа сайтар угаах
-Шувууны аж ахуй, худалдааны газраар шаардлагагүй тохиолдолд зорчихгүй байхыг ЗӨСҮТ-өөс мэдээллээ.

Цаг үе
Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
Улсын хэмжээнд энэ төрлийн 174 хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагийн 163 буюу 93.7 хувь нь Нийслэл, дүүргийн, 11 буюу 6.3 хувь нь орон нутгийн прокурорын газрын хяналтад тус тус шалгагдаж байна.
Мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа 32 хэрэгт 1,283 хүнийг хохирогчоор тогтоож, 52 хүнийг яллагдагчаар татаж, 545,5 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, мөн хохирол нөхөн төлүүлэх зорилгоор 7,2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 490 сая төгрөгийн үнийн дүн бүхий эд хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээ аваад байна.
Хэргийн 93.7 хувь нь Нийслэлийн нутаг дэвсгэрт шалгагдаж байгаатай холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас ажлын хэсэг байгуулж, хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэх чиглэлээр прокурор болон мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллахаар болжээ.
Тодруулахад, 2024-2026 онуудад орон сууц худалдах, худалдан авах, түрээслэх нэрийдлээр бусдыг залилсантай холбоотой хэрэгт 10 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 44,6 тэрбум төгрөгийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч, 227,8 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилж хөрөнгө хамгаалах арга хэмжээ авсан байна.
Мөн 170 хэрэгт 3,651 хүнийг хохирогчоор тогтоож, 301 хүнийг яллагдагчаар татаж прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.
-
Шударга мэдээ2020/02/10
Монгол, Хятадын хилийн боомтуудаар зорчих иргэдийн хөдөлгөөнд хийсэн хязгаарлалт...
-
Улстөр нийгэм2023/12/22
"Эрдэнэс Тавантолгой хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэ...
-
Улстөр нийгэм2022/12/28
Монгол - Хятадын хэвлэл мэдээллийн XIII форум амжилттай боллоо
-
Урлаг спорт2024/05/17
Монгол Улсад анх удаа спортын ачааллын дараах сэргэлт, нөхөн сэргээх эмчилгээ хи...
