Цаг үе
Төрийн албаны ерөнхий шалгалт гурван өдөр үргэлжилнэ

Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу Төрийн албаны ерөнхий шалгалт нийслэлд өнөөдөр эхэллээ. Энэхүү шалгалтыг гуравдугаар сарын 15-17-ныг дуустал буюу гурван өдрийн хугацаанд Яармаг дахь Нийслэлийн нутгийн захиргааны цогцолборт зохион байгуулна.
Энэ удаагийн шалгалтад нийслэлийн хэмжээнд нийт 2057 иргэн бүртгүүлсэн бөгөөд оролцогчдын ирц өндөр байгааг зохион байгуулагчид онцолж байна.
Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулах төв комиссын дарга Д.Баатарсайхан:
-Төрийн албаны ерөнхий шалгалтын эхний ээлжийн шалгалтыг авч дууслаа. Энэ ээлжинд ирвэл зохих 140 иргэнээс 101 иргэн шалгалт өгч, 30 нь тэнцсэн байна. Шалгалт хууль, журмынхаа хүрээнд хэвийн болсон. Өдөрт таван ээлжээр, нэг ээлжиндээ 140 иргэн, нийтдээ 700 гаруй хүн шалгалт өгнө гэж тооцоолсон гэлээ.
Мөн Төрийн албаны тухай хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу Төрийн албаны ерөнхий шалгалтыг жилд дөрвөн удаа буюу улиралд нэг удаа авахаар болсныг тэрбээр онцолсон.
Улсын хэмжээнд 330 гаруй, нийслэлд 40 гаруй албан хаагч шалгалтын бэлтгэл, зохион байгуулалт дээр ажиллаж, цахилгаан, интернет, компьютер техникийн бэлэн байдлыг ханган, анги танхимын ариутгал, цэвэрлэгээг хийж байна.
Ташрамд, уг шалгалтын дараагийн бүртгэл дөрөвдүгээр сард эхлэх бөгөөд иргэд цахимаар бүртгүүлэх боломжтой.
Цаг үе
“Телеграммаар даалгавар биелүүлж мөнгөө өсгөөрэй” гэх зар залилан
Цаг үе
Бүх шатны эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад үүрэг чиглэл өгөв
Хуралдааны үеэр, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, ЭМЯ-ны харьяа байгууллагын удирдлагуудад дараах чиглэлийг үүрэг болголоо. Үүнд:
- Өвөлжилт хүндрэх эрсдэлтэй нутаг дэвсгэрт отроор өвөлжиж буй иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлэх;
- Отроор өвөлжиж буй малчин иргэдэд эмийн хангалт болон явуулын эмнэлгийн багийг хуваарилж, тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх;
- 0-5 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, архаг суурь өвчтэй иргэдийн судалгааг тогтмол авч, эрүүл мэндийн үзлэгийг тогтсон хугацаанд хийж, төрөх дөхсөн жирэмсэн эмэгтэйг төв суурин газар татаж хяналтад эрт оруулах;
- Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн бэлэн байдлыг хангах;
- Томуу, томуу төст өвчний тархалтын үе шат бүрд тохирсон хариу арга хэмжээ болон эрсдэлийн харилцааны арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
- Төсвийн сахилга батыг чангатгаж, үр ашиггүй зардлыг бууруулах зэрэг үүрэг чиглэлийг өгөв.
Цаг үе
Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтын ажлыг наймдугаар сард дуусгажээ
Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны арваннэгдүгээр сард нурааж, тухайн орчмын иргэдийн саналын дагуу далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний төвийн цогцолбор барилга барьж буй.
Өнгөрсөн наймдугаар сард 1.3 га талбайг хамарсан цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтын ажил дууссан.
Өнөөдрийн байдлаар 109 автомашины далд зогсоол, нийт тохижилт, гурван давхар үйлчилгээний төвийн барилга угсралтын ажлын явц 89 хувьтай үргэлжилж байна.
Далд зогсоол барих ажлын явц 90 хувьтай байгаа юм.
Гүйцэтгэгч “Бодь пропертийз” ХХК-ийн зүгээс цогц ажлыг 2025 оны арванхоёрдугаар сард багтаан дуусгахаар гэрээлсэн.
Нийт төслийн талбайн 26.5 хувийг ногоон байгууламж эзэлж буйг онцолж байна.
Урт цагааны далд зогсоол нь:
- Дөрвөн блок бүхий 320 метр урт, 7400 ам метр талбайг хамарсан 109 автомашины далд буюу дулаан зогсоолтой.
- Зогсоол автомашины нэг чигийн хөдөлгөөнтэй.
- Сул зогсоолын мэдээлэл авах боломжтой ухаалаг системтэй.
- Цахилгаан машины цэнэглэгчтэй.
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэд автомашинаа байршуулах боломжтой.