Улстөр нийгэм
УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар Лаос Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Сүнтон Сайяжагатай уулзлаа

Бахрейны Хаант Улсын Манама хотноо 2023 оны 03 дугаар сарын 11-нээс 15-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ны 146 дугаар Ассамблейн чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Сүнтон Сайяжагатай уулзаж, хоёр орны хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар Монгол Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой өнгөрөгч онд тохиосныг дурдаж, түүхт ойн хүрээнд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн бэхжүүлэхэд талууд идэвхтэй ажилласныг онцоллоо.
Энэ үеэр мөн Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Монгол, Лаосын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний хэмжээ, нэр төрлийг нэмэгдүүлэх чиглэлээр нягт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн, Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг "Монголд зочлох жил" болгон зарласантай холбогдуулан Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улстай аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах, аяллын маршрут боловсруулах, хамтарсан аяллын бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, Монгол Улсыг хилийн чанадад сурталчлах зэрэг чиглэлд хамтран ажиллах талаар саналаа илэрхийллээ.
Лаосын Үндэсний Ассамблейн дэд дарга Сүнтон Сайяжагагийн зүгээс хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн, хөгжүүлэх харилцааг ямагт эрхэмлэдэг гэдгээ тэмдэглээд Лаос-Хятадыг холбосон хурдны төмөр зам ашиглалтад орсноор хоёр улсын харилцаа илүү ойртож, худалдаа, эдийн засгийн салбарын хамтын ажиллагаа өргөжихийг онцолсон юм.
Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ны 146 дугаар Ассамблейн чуулга уулзалтад 120 гаруй улс орон, бүс нутгийн байгууллагын 1100 гаруй төлөөлөгч, ажиглагчид оролцож байгаа бөгөөд Монгол Улсын Их Хурлыг төлөөлөн Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан нар оролцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Улстөр нийгэм
Орон сууцны үнэ өссөн байна
Орон сууцны үнийн индекс есдүгээр сард 1.34 болж, өмнөх оны мөн үеэс 14.0 хувиар, өмнөх сараас 1.1 хувиар тус тус өссөн байна.
Шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.5 хувиар, өмнөх сараас 1.1 хувиар, хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 14.7 хувиар, өмнөх сараас 1.3 хувиар тус тус өссөн байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.
Улстөр нийгэм
Нийслэлийн хэмжээнд 2025 оны II ээлжийн цэрэг татлагыг энэ сарын 17, 18, 19-ний өдөр зохион байгуулна
Нийслэлийн хэмжээнд 2025 оны II ээлжийн цэрэг татлагыг энэ сарын 17, 18, 19-ний өдөр зохион байгуулна. Мөн хугацаат цэргийн албанд тэнцсэн залуусаас санал авч мэргэжил эзэмшүүлнэ.
Тодруулбал, барилгын засал, сантехникч, цахилгаанчин, гагнуурчин, үсчин, оёдолчин зэрэг мэргэжлийг эзэмших боломжтой. Харин тухайн мэргэжлээрээ ажиллаж байсан бол ахисан шатны сургалтад хамруулах аж.
Энэ талаар НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Өмнөх жилүүдэд цэргийн алба хааж буй залууст англи хэл, жолооны курсийн сургалтыг цэргийн эрдмийн хичээлтэй хавсарч олгосон нь үр дүнтэй байсан. Тийм учраас цэргийн алба хаах хугацаанд нь тухайн орон нутгийн МСҮТ-тэй хамтарч мэргэжил эзэмшүүлнэ.
Ингэхдээ цэргийн албанд тэнцсэн залуусаас ямар мэргэжлээр суралцах хүсэлтэй байгаа талаар нь санал авна. Мөн цэргийн насны залуусын эрүүл мэндийн асуудалд ямар түвшинд байгааг тогтоох дүн шинжилгээ хийнэ. Энэ хүрээнд БЗД-ийн хэмжээнд цэрэгт татагдах насны 2000 иргэнийг эрүүл мэндийн цогц шинжилгээнд хамруулна. Хугацаат цэргийн албанд татагдагч нь найман төрлийн шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийн үзлэгт орно” гэлээ.
Цэрэг татлагын байранд очихдоо:
- Иргэний үнэмлэх
- Цэргийн үүрэгтний үнэмлэх
- Мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх
- Сургууль төгссөн бол диплом зэрэг бичиг баримтыг биедээ авч очих шаардлагатай.
Цэцэг татлагыг дараах есөн байршилд зохион байгуулна.
- Баянгол дүүргийн 96 дугаар сургууль,
- Баянзүрх дүүргийн - 14 дугаар сургууль,
- Сүхбаатар дүүргийн - 3 дугаар сургууль,
- Сонгинохайрхан дүүргийн - 83 дугаар сургууль,
- Чингэлтэй дүүргийн - 5 дугаар сургууль,
- Хан-Уул дүүргийн - 34 дугаар сургууль,
- Налайх дүүргийн - Налайх политехник коллеж,
- Багануур дүүргийн - Гүн галуутай цогцолбор сургууль,
- Багахангай дүүргийн - Хангай цогцолбор сургууль дээр тус тус зохион байгуулна.
Улстөр нийгэм
Санхүүгийн хууль бус үйлдлээс иргэдийг хамгаалахад чиглэсэн шинэ шатны хяналт орон нутагт хэрэгжинэ
Сүүлийн жилүүдэд зохих зөвшөөрөлгүйгээр санхүүгийн үйлчилгээ үзүүлэх, иргэдийг залилсан санхүүгийн гэмт хэрэг нэмэгдэх болсон. Иймд Санхүүгийн зохицуулах хороо иргэд, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн зах зээлийн ил тод, хариуцлагатай орчныг бүрдүүлэх, тэр дундаа орон нутагт хууль бус санхүүгийн үйл ажиллагааг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор 21 аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга болон бүртгэлийн мэргэжилтнүүдэд улсын байцаагчийн эрх олгохоор шийдвэрлэлээ.
Ингэснээр санхүүгийн хяналтыг орон нутагт сайжруулж, иргэдийн эрх ашиг бодитойгоор хамгаалагдах, хууль бус үйл ажиллагаанд өртөх эрсдэлээс сэргийлэгдэх боломж бүрдэхийн зэрэгцээ санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэгчдийн хууль, эрх зүйн орчинд ажиллах, хариуцлага нэмэгдэх давуу талтай. Мөн иргэдэд зориулсан мэдээлэл, сэрэмжлүүлэг, сургалт, зөвлөгөө өгөх үйл ажиллагаа илүү хүртээмжтэй, бодитой болох, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдал, хөрөнгө оруулагчдын итгэл бэхжих давуу талтай.
Энэ хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооноос санаачлан Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газартай хамтран улсын байцаагчийн эрхтэй 21 аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга, бүртгэлийн мэргэжилтнүүдэд улсын байцаагчийн эрх зүйн байдал, зөрчлийн хэрэг маргаан болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай холбоотой чиглүүлэх, мэдээлэл өгөх сургалт зохион байгууллаа. Ингэснээр эдгээр улсын байцаагч холбогдох хууль тогтоомж, хяналт шалгалт, гарсан зөрчлийг хууль зүйн үндэслэлтэй, үр дүнтэй хэрэгжүүлэх чадамжаар хангагдах, орон нутгийн түвшинд хууль бус санхүүгийн үйл ажиллагаатай шуурхай тэмцэх нөхцөл бүрдэх юм.
Санхүүгийн зохицуулах хороо цаашид ч улсын байцаагч нартай байнга хамтран ажиллаж, мэргэжлийн чадавхыг нь нэмэгдүүлэх, хууль бус санхүүгийн үйл ажиллагаатай тэмцэх ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлнэ гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.
-
Урлаг спорт2019/07/02
Клубуудын аварга шалгаруулах тэмцээн болж байна
-
Цаг үе2019/10/31
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна
-
Шударга мэдээ2021/02/22
ХЭҮК цагдаагийн байгууллагын алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэд хяналт...
-
Шударга мэдээ2025/09/26
Нисэхийн хурдны замаас Эмээлтийн замтай холбогдох 16 км авто зам барина