Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

УИХ: Нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн тайланг хэлэлцэв

Огноо:

,

УИХ-ын 2023 оны хаврын ээлжит чуулганы 2023 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдрийн үдээс өмнөх  нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн 2021, 2022 оны тайланг  хэлэлцлээ.

Энэ өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ш.Адьша, Э.Батшугир нарын байр сууриа илэрхийллээ. 

Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын  төслүүдийг хэлэлцэхийг долоо хоногоор хойшлуулах УИХ-ын гишүүн Э.Батшугирын горимын санал 74 хувиар  дэмжигдлээ. Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, төрийн албаны төлөвшил, хөгжлийн өнөөгийн байдал, чадахуйн зарчмын хэрэгжилт, төрийн албан хаагчийн сахилга хариуцлага, ёс зүй, төрийн албаны сургалт, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр Төрийн албаны зөвлөлөөс 2022 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайланг товчлон танилцууллаа.Тухайлбал, тайлант  онд төрийн албаны ерөнхий шалгалтыг 2 удаа зохион байгуулснаар төрийн жинхэнэ албанд анх орох иргэний нөөц 3739 иргэнээр нэмэгдэж, нийтдээ 14000-д хүрсэн байна. Төрийн захиргааны удирдах албан тушаалын 729, гүйцэтгэх албан тушаалын 5042, төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн 358 албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалтыг зохион байгуулснаар 3731 иргэдийг нэр дэвшүүлж томилуулжээ. Ёс зүйн зөрчлийн тоо өмнөх оноос бага зэрэг буурсан нь сахилга, хариуцлага, ёс зүйг сайжруулах талаарх УИХ-ын бодлого, чармайлт, Төрийн албаны зөвлөл болон төрийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа соён гэгээрүүлэх болон нөлөөллийн олон талт үйл ажиллагаа нь төрийн албан хаагчдын харилцаа хандлага, ёс зүй, соёлд тодорхой хэмжээний эерэг нөлөөлөл үзүүлж эхэлсний үр дүн хэмээн үзжээ.  Хууль тогтоомжийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтын  үр дүнд 453 байгууллагын 7178 албан хаагчийн томилгоонд хяналт шалгалт хийж,  1489 зөрчилтэй томилгоог илрүүлж, хуульд нийцүүлэх арга хэмжээ авсан байна. Шударга, ил тод, хариуцлагатай төрийн албыг төлөвшүүлэх нэг механизм бол шийдвэр гаргагчдын төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хяналт тавих шинэ хуулийн зохицуулалт хэмээн үзэж, төрд хохирол учруулсан хууль бус шийдвэр гаргасан 27 албан тушаалтанд холбогдох 303 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэх шаардлага хүргүүлж, уг шаардлагыг биелүүлээгүй 7 албан тушаалтанд холбогдох 107 сая төгрөгийн нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байгаа ажээ. Мөн иргэний хэргийн шүүхээр13 хэрэг эцэслэн хянан шийдвэрлэгдэж, төрд учруулсан 145.7 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэх шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Үүнээс 39.5 сая төгрөгийг буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлж төрийн сангийн дансанд төвлөрүүлсэн бол үлдсэн 102.2 сая төгрөгийг албадан гүйцэтгүүлэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад хандаад байгаа талаар танилцуулав. Ковидын хууль хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн хугацаанд төрийн албанд томилогдсон нийт 2.808 иргэний томилгоонд өнгөрсөн онд хяналт хийж, зөрчлийг арилгуулах талаар анхаарал хандуулж ажиллаж,  албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангаагүй 794 иргэнийг төрийн албанаас чөлөөлүүлж, шаардлага хангасан 823 иргэнийг сонгон шалгаруулалтад оруулж  төрийн албанд жинхлэн томилуулах арга хэмжээ авчээ. Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоолоор нийтийн албанд томилогдох эрх хасагдсан иргэдийг “Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоо” цахим системд бүртгэн, хяналт тавих ажлыг эхлүүлсэн байна. 

2019-2022 онд шүүхийн шийтгэх тогтоолоор нийтийн албанд томилогдох эрх нь хасагдсан нийт 579 иргэдийг санд бүртгэгдсэнээс 227 нь эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж, гэм буруутай нь тогтоогдсон байна. Эдгээр албан хаагчдыг төрийн албанаас чөлөөлөх хуулийн заалтыг хэрэгжүүлэн  ажиллаж байна. Төрийн албаны тухай хуулийн 74 зүйлд заасан төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сайжруулах чиглэлээр цаашид авах арга хэмжээний санал, төрийн албаны хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал, мэдлэг, ур чадвар, туршлагад суурилсан, хараат бус, шударга, ил тод, хариуцлагатай төрийн албыг бэхжүүлэх, төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааны талаар цаашид авах арга хэмжээний талаар дараах саналыг итгэлийнхээ төгсгөлд танилцууллаа.

Тухайлбал, УИХ-ын түвшиндМонгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулан төрийн албаны шинэтгэлийн суурь зарчмыг шинэчлэх, төрийн байгууллагуудын бүтэц, төрийн албаны ангилал, төрийн албан хаагчийг нийгмийн баталгааг боловсронгуй болгох стратегийн баримт бичиг батлан мөрдүүлэх,  Засгийн газрын түвшинд,  Төрийн захиргааны байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтад цогц дүн шинжилгээ хийх, Төрийн албан хаагчийн үйл ажиллагааны гүйцэтгэлийн үнэлгээг боловсронгуй болгох, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, Тэгш шан хөлс олгох тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 100 дугаар конвенцод зааснаар ижил үнэлэмжтэй ажилд адил цалин хөлс олгох үндсэн зарчимтай тул адил ангилал зэрэглэлийн албан тушаалд ажиллаж байгаа төрийн албан хаагчдын суурь цалингийн хэмжээ хэт  зөрүүтэй байгааг арилгах зэрэг  саналыг тавив. Түүний дараа тайланг хэлэлцсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцуулж,  УИХ-ын гишүүд Төрийн албаны зөвлөлийн гишүүд буюу Ажлын хэсгээс асуулт асууж, нэгдсэн хуралдаан үргэлжиллээ. 

УИХ-ын гишүүдийн асуултад Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг болон тус зөвлөлийн гишүүн С.Цэдэндамба, Б.Идэрчулуун, Д.Баатарсайхан, Ц.Амартөгс, Ажлын албаны дарга Г.Билгүүн нар хариулав.

УИХ-ын Ё.Баатарбилэг, Ц.Идэрбат, Б.Дэлгэрсайхан нарын гишүүд төрийн албан хаагчдын ангилал зэрэглэлийг хэрхэн дүйцүүлж байна вэ, төрийн албаны тэр дундаа төрийн үйлчилгээний албаныхны цалинг нэмэгдүүлэх талаар Төрийн албаны зөвлөл хэр санаачлагатай ажиллаж байгаа талаар асуулаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, 15-20 жил боловсрол, эрүүл мэндийн салбарт удирдах албан тушаалд ажилласан төрийн албан хаагч  төрийн захиргааны албанд шилжихээр ахлах мэргэжилтэнтэй дүйцүүлж байна. Үүнийг ямар журмаар дүйцүүлсэн вэ, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хөлс, нийгмийн баталгааг хангах талаар ямар бодлого баримталж буй талаар асуусан.  

Төрийн албаны тухай хуулийн өөрчлөлтөөр төрийн тусгай, үйлчилгээний албан хаагчдыг төрийн захиргааны албан тушаалд адилтгах шийдвэр гарсан. Төрийн, улстөрийн албан тушаалд ажилласан хугацааг төрийн захиргааны албан тушаалд ажилласан хугацаатай  дүйцүүлэх, адилтгах гэсэн хоёр байдлаар  зохицуулж байна. Төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалтнуудыг төрийн захиргааны албан тушаалд  ажиллах боломжийг нээсэн хуулийн зохицуулалт буй болсон. Хуулийн агуулга нь ажилласан жилийг бус албан тушаалын ангилал зэрэглэлийг адилтгах байдлаар зохицуулсан жагсаалт бий. Төрийн захиргаа, тусгай, үйлчилгээний албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх санал нэмэх саналыг Төрийн албаны зөвлөлөөс Засгийн газарт илгээсэн. Засгийн газарх хэлэлцээд 2023 оны баталсан төсөвт багтаагаад  төрийн албан хаагчдын цалинг урамшуулал, нэмэгдэл хөлс болон бусад байдлаар нэмэх  6 төрлийн шийдвэр гаргасан. Гэхдээ нэмэгдлийн хэмжээ Төрийн албаны зөвлөлийн саналын хэмжээнд хүрээгүй. Харин 2024 оны төсөвт тусгаж авч үзэх байр суурийг Засгийн газар илэрхийлсэн гэж Төрийн албаны  зөвлөлийн гишүүн С.Цэдэндамба хариуллаа. Мөн Төрийн албыг цомхон чадварлаг байх бодлого баримталж байна. Гэхдээ  хүн амын  өсөлттэй холбогдуулан төрийн үйлчилгээ авч буй иргэдийн тоо нэмэгдэж буй учраас төрийн үйлчилгээний албан хаагчдыг цомхотгох бус чиг үүрэг тодорхой, үр дүнтэй байх чиглэлд анхаарч байгаа талаарх байр сууриа Төрийн албаны зөвлөл илэрхийлж байв. 

Мөн орон нутагт хоёрдмол засаглалийн зөрчлөөс шалтгаалан төрийн албан хаагчдын томилгооны асуудал нь нутгийн захиргааны эрх мэдлийг хүчгүйдүүлж байна.  Энэхүү хоёрдмол засаглалыг хэрхэн цэгцлэх, төрийн албан хаагчдыг чадавхжуулах ямар сургалтыг хийж байгаа талаар  болон хөдөө орон нутагт төрийн албаны эзгүйдэж, сул орон тоо олон болсон. Төрийн албаны зөвлөл ерөнхий шалгалтын сонгон шалгаруулалтыг орон нутагт онцгойлон зохион байгуулах боломжийн талаар гишүүд асууж байв. 

Орон нутгийн захиргааг бэхжүүлэхийн тулд  босоо удирдлагатай байгууллагуудын томилгоог нутгийн захиргаа зохион байгуулж, харин мэргэжил арга зүйн зөвлөгөөг төв байгууллагууд нь хариуцах тогтолцоонд шилжих саналыг Төрийн албаны зөвлөлөөс тавьж байгаа ажээ. Монгол Улсын 330 сумын 312 суманд төрийн албаны сул орон тоо бий гэнэ. Тиймээс Төрийн албаны зөвлөлөөс ирэх 4 дүгээр сараас эхлэх сонгон шалгаруулалтад онцлогтой шалгалт авах боломжийг судалж байгаа талаар Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг танилцуулсан. Өөрөөр хэлбэл, сонгон шалгаруулалтын 60 хувь нь ярилцлага хэлбэрээр зохион байгуулахаар судалж буй ажээ. Өнөөдрийн байдлаар төрийн албаны сонгон шалгаруулалтад тэнцсэн 14165 иргэн байна. Эдгээр иргэд төрийн албаны туслах түмшэлийн 1700 төрлийн албанд ажиллах боломжтой ажээ. 

УИХ-ын гишүүн О. Цогтгэрэл, Н.Энхбаяр нар төрийн  алба цомхон, чадварлаг байх бус төрийн алба данхайж байгаа талаар шүүмжилж, яагаад төрийн албаны орон тоо нэмэгдэж байгаа талаар асууж байв. 

Энэ онд шинээр байгуулагдсан цэцэрлэг, сургууль, эрүүл мэнд, соёлын үйлчилгээний байгууллагуудад ажиллахаар 16659 төрийн үйлчилгээний албан хаагчид нэмэгджээ. Улстөрийн албан тушаалтан 406 хүнээр цөөрсөн нь зөв эхлэл юм. Харин төрийн захиргаанд 998 орон тоо шинээр нэмэгдсэн нь нэг яам, хоёр агентлаг шинээр байгуулагдсантай холбоотой гэж Ажлын албаны дарга Г.Билгүүн  хариуллаа. 

Төрийн үйлчилгээ хүртээмжтэй байх бодлогын хүрээнд хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлж, төрийн үйчилгээний үр өгөөжийг нэмэгдүүлэх бодлого баримталж байгаа. Ковидын үеийн хугацаанд 1196 зөрчилтэй томилгоо байсан. Үүнээс 491 тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байна хэмээн тус зөвлөлийн гишүүн Ц.Амартөгс хариулсан. 

УИХ-ын гишүүд төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалт, авилга, албан тушаалын гэмт хэрэг, ёс зүй харилцаа хандлага, жендерийн тэгш байдал зэрэг асуудлаар санал хэлж, асуулт асуув. Үдээс хойших нэгдсэн хуралдаанаар  Төрийн албаны зөвлөлийн тайлантай холбоотой асуулт, хариулт үргэлжилж байна гэж УИХ-ын УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Орон сууцны үнэ өссөн байна

Огноо:

,

Орон сууцны үнийн индекс есдүгээр сард 1.34 болж, өмнөх оны мөн үеэс 14.0 хувиар, өмнөх сараас 1.1 хувиар тус тус өссөн байна.

Шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.5 хувиар, өмнөх сараас 1.1 хувиар, хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 14.7 хувиар, өмнөх сараас 1.3 хувиар тус тус өссөн байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ. 


Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Нийслэлийн хэмжээнд 2025 оны II ээлжийн цэрэг татлагыг энэ сарын 17, 18, 19-ний өдөр зохион байгуулна

Огноо:

,

Нийслэлийн хэмжээнд 2025  оны II ээлжийн  цэрэг татлагыг энэ сарын 17, 18, 19-ний өдөр зохион байгуулна. Мөн хугацаат цэргийн албанд тэнцсэн залуусаас санал авч мэргэжил эзэмшүүлнэ.

Тодруулбал, барилгын засал, сантехникч, цахилгаанчин, гагнуурчин, үсчин, оёдолчин зэрэг мэргэжлийг эзэмших боломжтой. Харин тухайн мэргэжлээрээ ажиллаж байсан бол ахисан шатны сургалтад хамруулах аж.

Энэ талаар НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт  “Өмнөх жилүүдэд цэргийн алба хааж буй залууст англи хэл, жолооны курсийн сургалтыг цэргийн эрдмийн хичээлтэй  хавсарч олгосон нь үр дүнтэй байсан. Тийм учраас цэргийн алба хаах хугацаанд нь тухайн орон нутгийн МСҮТ-тэй хамтарч мэргэжил эзэмшүүлнэ.

Ингэхдээ цэргийн албанд тэнцсэн залуусаас ямар мэргэжлээр суралцах хүсэлтэй байгаа талаар нь санал авна. Мөн цэргийн насны залуусын эрүүл мэндийн асуудалд ямар түвшинд байгааг тогтоох дүн шинжилгээ хийнэ. Энэ хүрээнд БЗД-ийн хэмжээнд цэрэгт татагдах насны 2000 иргэнийг эрүүл мэндийн цогц шинжилгээнд хамруулна. Хугацаат цэргийн албанд татагдагч нь найман төрлийн шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийн үзлэгт орно” гэлээ. 

Цэрэг татлагын байранд очихдоо:

  • Иргэний үнэмлэх
  • Цэргийн үүрэгтний үнэмлэх
  • Мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх
  • Сургууль төгссөн бол диплом зэрэг бичиг баримтыг биедээ авч очих шаардлагатай.

Цэцэг татлагыг дараах есөн байршилд зохион байгуулна.

  1. Баянгол дүүргийн 96 дугаар сургууль,
  2. Баянзүрх дүүргийн - 14 дугаар сургууль,
  3. Сүхбаатар дүүргийн - 3 дугаар сургууль,
  4. Сонгинохайрхан дүүргийн - 83 дугаар сургууль,
  5. Чингэлтэй дүүргийн - 5 дугаар сургууль,
  6. Хан-Уул дүүргийн - 34 дугаар сургууль,
  7. Налайх дүүргийн - Налайх политехник коллеж,
  8. Багануур дүүргийн - Гүн галуутай цогцолбор сургууль,
  9. Багахангай дүүргийн - Хангай цогцолбор сургууль дээр тус тус зохион байгуулна.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Санхүүгийн хууль бус үйлдлээс иргэдийг хамгаалахад чиглэсэн шинэ шатны хяналт орон нутагт хэрэгжинэ

Огноо:

,

Сүүлийн жилүүдэд зохих зөвшөөрөлгүйгээр санхүүгийн үйлчилгээ үзүүлэх, иргэдийг залилсан санхүүгийн гэмт хэрэг нэмэгдэх болсон. Иймд Санхүүгийн зохицуулах хороо иргэд, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн зах зээлийн ил тод, хариуцлагатай орчныг бүрдүүлэх, тэр дундаа орон нутагт хууль бус санхүүгийн үйл ажиллагааг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор 21 аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга болон бүртгэлийн мэргэжилтнүүдэд улсын байцаагчийн эрх олгохоор шийдвэрлэлээ.

Ингэснээр санхүүгийн хяналтыг орон нутагт сайжруулж, иргэдийн эрх ашиг бодитойгоор хамгаалагдах, хууль бус үйл ажиллагаанд өртөх эрсдэлээс сэргийлэгдэх боломж бүрдэхийн зэрэгцээ санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэгчдийн хууль, эрх зүйн орчинд ажиллах, хариуцлага нэмэгдэх давуу талтай. Мөн иргэдэд зориулсан мэдээлэл, сэрэмжлүүлэг, сургалт, зөвлөгөө өгөх үйл ажиллагаа илүү хүртээмжтэй, бодитой болох, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдал, хөрөнгө оруулагчдын итгэл бэхжих давуу талтай.

Энэ хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооноос санаачлан Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газартай хамтран улсын байцаагчийн эрхтэй 21 аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга, бүртгэлийн мэргэжилтнүүдэд улсын байцаагчийн эрх зүйн байдал, зөрчлийн хэрэг маргаан болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай холбоотой чиглүүлэх, мэдээлэл өгөх сургалт зохион байгууллаа. Ингэснээр эдгээр улсын байцаагч  холбогдох хууль тогтоомж, хяналт шалгалт, гарсан зөрчлийг хууль зүйн үндэслэлтэй, үр дүнтэй хэрэгжүүлэх чадамжаар хангагдах, орон нутгийн түвшинд хууль бус санхүүгийн үйл ажиллагаатай шуурхай тэмцэх нөхцөл бүрдэх юм.

Санхүүгийн зохицуулах хороо цаашид ч улсын байцаагч нартай байнга хамтран ажиллаж, мэргэжлийн чадавхыг нь нэмэгдүүлэх, хууль бус санхүүгийн үйл ажиллагаатай тэмцэх ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлнэ гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох