Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Нийгмийн даатгалын багц хуулийн төсөлд саналаа өглөө

Огноо:

,

Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг танилцуулах, иргэдийн санал авах хэлэлцүүлэг энэ сарын 11-нд Говь-Алтай аймагт боллоо. Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар хамтран зохион байгуулсан уг хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан оролцов. Тэрбээр, Нийгмийн даатгалын багц хуулийн төслүүдийг шинэчлэн боловсруулах болсон шаардлага, үзэл баримтлал, мөн төслүүдэд тусгасан шинэлэг зохицуулалтуудын  талаар танилцуулсан юм. 1994 онд батлагдсан Нийгмийн даатгалын тухай хуульд өнөөг хүртэлх хугацаанд 30 гаруй нэмэлт, өөрчлөлт орсон бөгөөд эдийн засгийн харилцаа, хүн амын насжилт өөрчлөгдөхийн хэрээр нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөтгөх, тэтгэврийг шударга тогтоох, инфляцтай уялдуулан тэтгэврийг нэмэгдүүлэх, даатгуулагчийн эрх ашгийг хамгаалж нийгмийн даатгалын сангийн санхүүгийн чадавхыг сайжруулах, нийгмийн даатгалын үйлчилгээг түргэн шуурхай ил тод болгож цахимжуулах зэрэг өргөн хүрээний бодит шаардлага тулгарч буй юм. Хөгжлийн бодлого, хөтөлбөрүүдэд туссан тэтгэврийн тогтолцоог хуваарилалтаас хагас хуримтлал руу шилжүүлэх эхлэлийг багц хуулиар тавина хэмээн Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан танилцуулав.
Хэлэлцүүлэгт тус аймгийн иргэд, даатгуулагчдын төлөөлөл 400 гаруй хүн ороцлоо. Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ганцэцэг тэтгэврийн шинэчлэл болон Нийгмийн даатгалын багц хуулийн төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийсний дараа иргэд асуулт асууж, санал бодлоо хэлсэн юм. Шарга сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга н.Нарантуяа, улсад 30-аас дээш жил ажилласан хүмүүс нас харгалзахгүй тэтгэвэрт гардаг болгох, эмнэлэг, сургуульд ажиллаж байгаа төрийн албан хаагчид, ялангуяа цэвэрлэгч, үйлчлэгч, манаач хийж байгаа хүмүүсийн цалин бага байгаа болон цагдаа, онцгой байдлын албаны албан хаагчид тэтгэврээ цалингийн 80 хувиар тогтоолгож байхад нийгмийн халамжийн чиглэлийн хүмүүс 45 хувиар тогтоолгож байгаа зөрүүтэй байдлыг арилгах талаар санал хэлэв. Есөнбулаг сумын иргэн н.Лхагвасүрэн, цалингийнхаа 45 хувиар тогтоолгосон хүмүүсийн тэтгэврийг 60 хувь болгож нэмэгдүүлэх, дараалсан долоон жилийн доторх тасарсан хугацааны шимтгэлийг хувь хүн өөрөө нөхөн төлдөг болох зэрэг санал хэлсэн бол иргэн н.Чүлтэм, тэтгэврийн зөрүүг арилгаж, шударга бус байдал, улс төрийн нөлөөг байхгүй болгох хэрэгтэй гэсэн юм. Иргэн Цэрмаа, 1995 оноос өмнөх итгэлцүүрээр тэтгэвэрт гарсан удирдах ажилтнууд хохирсныг засаж залруулах, Алдарт эхийн одонгийн мөнгийг нэмэгдүүлэх, нийгмийн даатгалын газрын ажилтнуудынхаа цалинг нэмэх, говийн нэмэгдлийг сэргээх, ажилласан жил дээр хүүхдийн тоогоор 1.5 жил нэмдгийг бүх эхчүүдэд ижил хэрэглэх зэрэг санал хэлэв. Тус аймгийн Багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны салбарын тэргүүн н.Өлзийсайхан, Нийгмийн даатгалын сангийн эрсдлийг хаах зохицуулалтыг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хэрхэн тусгаж байгаа талаар асууж, холбогдох бусад хуультай уялдуулах, өөрөө хүсвэл хүмүүс 50-60 настайдаа тэтгэвэрт гарч болох зохицуулалт оруулах, тэтгэвэр өвлүүлэх асуудлыг нарийвчлан зохицуулж өгөх нь зүйтэй гэсэн бол иргэн Ц.Зориг, долоон жилийн цалингийн дунджаар тогтоолгосон хүмүүсийн тэтгэврийг шинэчилж таван жилийн дундажтай нь нийцүүлэх, тэтгэврийн зээлийн хугацааг сунгах тухай санал хэлж, Капитал банканд алдсан нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг буцааж авах талаар ямар ахиц гарч байгааг асууж хариулт авав. Мөн, иргэн Жалцавжий, тэтгэврийг шатлалтайгаар тогтоодог болох, ажил олгогч аж ахуйн нэгж, байгууллагын шимтгэлийн дарамтыг бууруулах тухай, мөн иргэн Хишигжаргал, хөдөлмөрийн хүнд болон хортой нөхцөл бүхий ажил мэргэжлийн жагсаалтад багшийг оруулах, бага насны хүүхдээ сахиж эмнэлэгт хэвтсэн ээжүүдэд лист олгодог болох, алдарт эхийн одон олгох болзолд өргөж авсан хүүхдүүдийг тооцдог болох зэрэг санал хэллээ. Түүнчлэн иргэн н.Отгонбаяр, Ө.Энхтайван нар эрэгтэйчүүдийн тэтгэвэрт гарах насыг 55 болгож бууруулах, иргэн н.Нарангэрэл хүүхдийн цэцэрлэгийн туслах багш нарт илүү цагийн хөлс олгодог болмоор байна гэлээ.
Хэлэлцүүлгийн үеэр иргэдээс гаргасан саналыг Нийгмийн бодлогын байнгын хороо хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэг болон Байнгын хороо, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах юм. Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг https://d.parliament.mn хуудсанд байршуулсан тул иргэд зүйл, заалт бүр дээр саналаа өгөх боломжтой юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

ЦЕГ: Гадаад улсын виз гаргуулахтай холбоотой 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна

Огноо:

,

Цагдаагийн байгууллагад 2026 он гарснаас хойш гадаад улсын виз гаргуулахтай холбоотой нийт 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагаас зөвхөн “Бүгд найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж иргэдийг залилсан 102 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг зөвхөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар албан ёсоор бүртгэж, сонгон шалгаруулалт зохион байгуулан илгээдэг.

Тус байгууллага нь Е-9 визийн ангиллаар БНСУ-ын аж үйлдвэрийн салбарт ажиллах иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл, сонгон шалгаруулалт, үр дүнгийн мэдээллийг албан ёсны сувгуудаар хүргэдэг бөгөөд энэ төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх цорын ганц эрх бүхий байгууллага юм.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр /Е-9 визийн ангилал/ аж үйлдвэрийн салбарт ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг 2026 оны гуравдугаар сард зохион байгуулж эхэлсэн. Залилагч этгээдүүд "Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт ажилладаг", "Найдвартай виз гаргаж өгнө", "Дараалал харгалзахгүй явуулна" гэх мэт худал мэдээлэл тараан иргэдийг хуурч, их хэмжээний мөнгө залилан авах гэмт хэрэг гарсаар байгаа аж.

Энэхүү гэмт хэрэг нь жил бүрийн хавар, намрын бүртгэлийн үеүдэд идэвхэжсэн юм байна. Иймд иргэд та бүхэн БНСУ-ын хөдөлмөрийн гэрээт ажилтны бүртгэл, шалгалттай холбоотой мэдээллийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас авах, танил талаар дамжуулан виз гаргаж өгнө, шалгалтгүй явуулна гэсэн амлалтад итгэхгүй байх, урьдчилгаа төлбөр, үйлчилгээний хураамж нэрээр мөнгө шилжүүлэхээс татгалзах, сэжигтэй зар мэдээлэл, залилангийн шинжтэй үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэхийг зөвлөлөө.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Боловсролын зээлийн сангийн зээлээс 10.2 тэрбум төгрөг эргэн төлөгджээ

Огноо:

,

Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор “Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сангаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүд хууль бусаар тэтгэлэг авч, эргэн төлөөгүй” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг шалгах ажлын хэсэг байгуулсан байна.

Ажлын хэсгээс хэрэг бүртгэлтийн 11, мөрдөн байцаалтын 2 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Үүнээс хэрэг бүртгэлтийн 1 хэргийг хааж, 1 хэргийг нэгтгэн, мөрдөн байцаалтын 1 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

Одоогоор Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд хэрэг бүртгэлтийн 1, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 8 хэрэг шалгагдаж байгаа аж. Мөн яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай ирүүлсэн 1 хэрэг прокурорын хяналтын шатанд хянагдаж байна.

Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт 694 суралцагчаас 3,054,210 ам.долларын гадаад зээлийн эргэн төлөлт хийгджээ. Энэ нь одоогийн ханшаар 10.2 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

Огноо:

,

Боловсролын сайд Л.Энх-Амгалан Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын дарга, сайд Маркус Лайтнерыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Өнгөрсөн хугацаанд Швейцарын Холбооны Улстай тогтвортой хөгжлийн боловсрол, мэргэжлийн боловсрол, сургалтын чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирснийг уулзалтын үеэр онцлон дурдлаа.

Цаашид мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт түлхүү хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхээр болов.

Мөн Швейцарын Холбооны Улсын хэрэгжүүлдэг хүртээмжтэй боловсролын бодлогоос туршлага судлах зэрэг чиглэлээр талууд санал солилцлоо.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох