Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв

Огноо:

,

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ирэх тавдугаар сард нутгийн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн бөгөөд хур тунадас дунджаас ахиу орох төлөвтэй.

Сарын эхээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх ба нэгдүгээр арав хоногийн дундаас ихэнх нутгаар температур аажмаар дулаарах боловч сарын дунд үе буюу хоёрдугаар арав хоногийн дунд, сүүлч үеэр ахин сэрүүсэх төлөвтэй байна. Сарын эхэн үеэр ихэнх нутгаар хур тунадас орох бөгөөд энэ үед салхины хурд нэмэгдэж, ширүүсэх төлөвтэй ба сарын нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн үеэр зүүн болон говийн аймгуудын нутгаар, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч, мөн сарын сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орох буюу уулархаг газраар нойтон цас, говь тал хээрийн бүс нутгаар бороо орох төлөвтэй байна.

Иймд нийт нутгаар сарын турш өдөр, шөнийн болон дулаан, хүйтэн үеийн агаарын температурын зөрөө (хэлбэлзэл) ихтэй байх ба малчид, тариаланчид мал төллөх, хаврын тариалалтын үеийн нэн шаардлагатай ажилуудыг эртнээс бэлтгэж, хаваржилтыг өнтэй давах арга хэмжээ авахыг зөвлөж байна. Мөн цаг агаарын богино хугацааны 1-5 хоногийн мэдээг өдөр тутам авч, цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэхийг нийт ард иргэдэд анхааруулж байна.

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Баян-Өлгий, Увс, Завханы нутаг, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын ихэнх хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Увсын ихэнх, Ховдын зүүн хойд, Завханы баруун болон хойд, Говь-Алтайн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна. Сарын эхэн үе болон хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеүдээр агаарын температур олон жилийн дунджаас бага зэрэг сэрүүснэ. Арав хоногуудын дунд үеүдээр болон сарын сүүлчээр ихэнх нутгаар нойтон цас, уулархаг нутгаар цас орох төлөвтэй. Энэ үеэр салхи зарим газраар 12-14 м/с, зарим үед түр зуур 15-17 м/с хүрч ширүүсч болзошгүй. 

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Өвөрхангай, Архангайн ихэнх, Хөвсгөлийн нутаг, Булганы баруун хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас нийт нутгаар дунджийн орчим байна. Сарын эхэн болон хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр агаарын температур олон жилийн дунджаас сэрүүсэх төлөвтэй.  Хоёр, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орох төлөвтэй. Энэ үеэр салхи зарим газраар 11-13 м/с, зарим үед түр зуур 14-16 м/с хүрч ширүүсч болзошгүй. 

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим, хур тунадас Сүхбаатарын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн үеэр бага зэрэг сэрүүсэх төлөвтэй. Арав хоногуудын зааг үеүдээр ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Энэ үеэр салхи ширүүсч, зарим газраар 13-15 м/с, зарим үед түр зуур 16-18 м/с хүрч ширүүсч болзошгүй. 

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар дунджийн орчим, хур тунадас Өмнөговь, Дундговийн зүүн, Дорноговийн нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байна. 

Сарын эхэн үе болон арав хоногуудын зааг үеүдээр агаарын температур харьцангуй сэрүүсэх төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд хур тунаданы давтагдал ихтэй байх магадлалтай ба хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр бороо орох төлөвтэй. Энэ үеэр салхины хурд 14-16 м/с хүрэх буюу зарим үед 17-19 м/с хүрч ширүүсч болзошгүй. 

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана

Огноо:

,

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-д хийж байгаа ажлын айлчлалын хүрээнд Онцгой байдлын удирдлагын сайд Жан Чэнжунтай албан уулзалт хийлээ.

Уулзалтаар Шадар сайд Н.Номтойбаяр хоёр улсын Онцгой байдлын салбар гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2021 онд Гамшигтай тэмцэх санамж бичиг, 2022 онд Хил орчмын ой хээрийн түймэртэй тэмцэх хэлэлцээрийг тус тус байгуулсан бөгөөд уг гэрээ хэлцлийг шинэ түвшинд гаргах нь чухал гэдгийг онцлов. Тодруулбал, Хятадын баруун хойд хязгаартай хиллэдэг Монгол Улсын баруун бүс нутагт газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж буй, зүүн хязгаар бүсэд хуурайшилтын улмаас ой хээрийн түймрийн давтамж их байгаа тул учраас хил орчмын бүс нутагт хоёр орны онцгой байдлын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх шаардлагатай байгааг тодотголоо.

Түүнчлэн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэхэд ашиглаж буй Хятадын дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж, хиймэл оюун ухаан, сансрын технологийн ашиглалт зэргийг судалж, худалдан авах талаар Шадар сайд Н.Номтойбаяр онцолж байна.

Тэрбээр, БНХАУ-ын Ус, цаг уурын орчны хүрээлэнд хэрэглэж буй гамшгийн мэдээллийн систем, радар болон онцгой байдлын салбарт ашиглаж буй дэвшилтэт, орчин үеийн технологи, тоног төхөөрөмжийг манай улс нэвтрүүлснээр бүс нутгийн хэмжээнд гамшгаас хамгаалах нөхцөл бүрдэнэ гэв. Мөн онцгой байдал, ус, цаг уурын алба хаагчдыг БНХАУ-д чадавхжуулах, сургах, удирдлага менежментийн арга барилыг мэргэжлийн түвшинд бэлтгэх чиглэлээр санал дэвшүүллээ. 

БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын сайд Жан хоёр улсын онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг Монгол Улс, БНХАУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны гол амжилтын нэг нь болгохыг хүсэж буйгаа онцлон тэмдэглэлээ.

Тэрбээр, Хятад Улс гамшигтай тэмцэх, гамшиг бууруулах, аюулгүй үйлдвэрлэл болон аврах ажиллагааны хөтөлбөрийн дагуу өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд гамшиг, ослын тоо, гарз хохирол 36-39 хувиар буурсан бөгөөд Монгол Улстай хил орчмын бүс нутгийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах чиглэлээр ажиллах бүрэн боломжтой хэмээв.

Хоёр орны онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаар хэрэгжүүлэх нэгдсэн үйл ажиллагааны хөтөлбөрийг нэн даруй боловсруулж, хэрэгжүүлэх ажлын жагсаалт гарган хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Мөн аврах ажиллагаа, дроны сургалт явуулах, Монгол Улсын онцгой байдлын алба хаагчдад гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр өөрсдийн ашиглаж буй дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжүүдийг танилцуулах, сургалт явуулахад хамтран ажиллаж, харилцаагаа өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөж байна

Огноо:

,

Шувууны томуу нь хүн болон амьтны эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй халдварт өвчин юм.

Иргэн бүр эрсдэлээс урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх нь чухал.

-Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байх

-Эрсдэлтэй бүс нутагт зорчихоос зайлсхийх

-Шувууны гаралтай түүхий бүтээгдэхүүнтэй харьцсаны дараа гараа сайтар угаах

-Шувууны аж ахуй, худалдааны газраар шаардлагагүй тохиолдолд зорчихгүй байхыг ЗӨСҮТ-өөс мэдээллээ.   

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна

Огноо:

,

Улсын хэмжээнд энэ төрлийн 174 хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагийн 163 буюу 93.7 хувь нь Нийслэл, дүүргийн, 11 буюу 6.3 хувь нь орон нутгийн прокурорын газрын хяналтад тус тус шалгагдаж байна.

Мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа 32 хэрэгт 1,283 хүнийг хохирогчоор тогтоож, 52 хүнийг яллагдагчаар татаж, 545,5 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, мөн хохирол нөхөн төлүүлэх зорилгоор 7,2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 490 сая төгрөгийн үнийн дүн бүхий эд хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээ аваад байна.

Хэргийн 93.7 хувь нь Нийслэлийн нутаг дэвсгэрт шалгагдаж байгаатай холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас ажлын хэсэг байгуулж, хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэх чиглэлээр прокурор болон мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллахаар болжээ.

Тодруулахад, 2024-2026 онуудад орон сууц худалдах, худалдан авах, түрээслэх нэрийдлээр бусдыг залилсантай холбоотой хэрэгт 10 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 44,6 тэрбум төгрөгийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч, 227,8 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилж хөрөнгө хамгаалах арга хэмжээ авсан байна.

Мөн 170 хэрэгт 3,651 хүнийг хохирогчоор тогтоож, 301 хүнийг яллагдагчаар татаж прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох