Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Ерөнхий сайд хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрт сайтар бэлтгэхийг даалгав

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даваа гарагийн өглөөний уламжлалт уулзалтаа үйлдвэрчний эвлэл, ажил олгогчдын төлөөлөлтэй хийлээ. 
 
Ерөнхий сайд “Шинэ сэргэлт” cэдвээр илтгэл тавьж, дэлхийн дахин, эдийн засгийн нөхцөл байдал, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүд хэрхэн хэрэгжиж байгааг онцлон ярилаа.
 
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа “Нийгмийн түншлэлийн байгууллагуудын хамтын ажиллагаа, бодлогын чиглэл” сэдвээр танилцуулга хийв.  Засгийн газар суурь цалингийн ялгаатай байдлыг арилгаж, цалингийн шатлалыг багасган, гүйцэтгэлд суурилсан цалингийн бодлогыг хэрэгжүүлж байгааг онцлон дурдлаа. Тухайлбал, 2023 онд  суурь цалингийн 222 ялгааг 53 болгосон, төрд ажилласан жил болгоныг тооцон нэмэгдэл олгож байна. Эрүүл мэнд, боловсрол, соёлын салбарт гүйцэтгэлд суурилсан цалингийн тогтолцоог нэвтрүүлсэн. Цаашид төрийн албан хаагчийн цалингийн олон төрлийн нэмэгдлийг үндсэн цалинд нэгтгэн, бүтээмжид суурилсан тогтолцоог нэвтрүүлнэ гэлээ.
 
Энэ жил ажил олгогчийг дэмжих арга хэмжээнд 15 тэрбум төгрөг зарцуулна. Тухайлбал, ажил олоход хүндрэлтэй иргэнийг эдийн засгийн тэргүүлэх салбарт, мөн орон нутаг, алслагдсан дүүрэгт байнгын ажилд авсан аж ахуй нэгжид цалингийн дэмжлэг 800 мянган төгрөгийг дөрвөн сарын хугацаанд сар бүр олгоно.


 
Уулзалтад оролцогчид саналаа хэлэв.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин: Төрийн албан хаагчдыг эрс цомхотгох хэрэгтэй байна. Төр зохицуулалтын ажлаа хийгээд аж ахуйн ажлаа хувийн хэвшилд шилжүүлмээр байна. Хувийн хэвшилд ажиллах хүчин олдохгүй байна.
Мөн МСҮТ-ийг төгсөгчид ажлын байрны шаардлага хангахгүй байна.

Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар: Энэ жил хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрийг хийхдээ бодлогын асуудлыг шийдмээр байна. Хөдөлмөрийн үнэмлэмж, хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг шийдье. Зөвхөн төрийн цалингийн асуудлыг ярих биш хувийн хэвшлийн цалингийн асуудлыг шийдэх хэрэгтэй байна.  
 
МҮЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Буянжаргал: Засгийн газрын үйл ажиллагаанд талархаж байгаа зүйл байна. Сэтгэл гонсойлгох асуудал ч байна. Монголд ажлын байрны дарамт их байна. Ялангуяа, төрийн албан хаагчид эвлэлдэн нэгдэх эрхээ хасуулж байна.
 
Дорноговь аймгийн ҮЭ-ийн холбооны дарга С.Азжаргал: Халамжаас хөдөлмөрт шилжих бодлого хэрэгжихгүй байна. Хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж зэрэгт хамрагдан сая орчим төгрөгийн халамжаар амьдардаг өрхүүд ч байна. Ажил хийхгүй халамж аваад амьдрах байдал давамгайлж байна.
Мөн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг анхаарах хэрэгтэй байна.
 
Хас банкны гүйцэтгэх захирал Г.Цэвэгжав: Залуусын ирээдүйд итгэх итгэлийг сэргээмээр байна. Ингэхийн тулд асуудлыг цогцоор нь шийдмээр байна. Халамжийг бууруулж, иргэдийн ажил хийх сэдлийг бий болгомоор байна.   
Өнөөдрийн уулзалтаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрт сайтар бэлтгэхийг даалгалаа. Ингэхдээ цалин, тэтгэврийг инфляцтай уялдуулах, цалингийн шатлалыг цэгцлэх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүч, хүний нөөц бэлтгэж буй байдалд судалгаа хийх шаардлагатайг онцлов.


 
 
 

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Үзэл бодол

Б.Одбаяр: Туулын хурдны зам түгжрэлийг бууруулах, амьдралын чанарыг дээшлүүлэхэд өндөр үр өгөөжийг авчирна

Огноо:

,

Нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөж, түгжрэлийг бууруулах Туулын хурдны зам төслийг Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд хэрэгжүүлж байна. Тус төслийн бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчээр Хонгконгийн “ХаоЮань групп” ХХК шалгарч, ажлыг эхлүүлэхэд бэлэн болсон. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяраас зарим зүйлийг тодруулж, ярилцлаа.

-Монгол Улсад анх удаа хот доторх Туулын хурдны замын хэмжээний томоохон авто замын бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд бэлэн болжээ. Аливаа ажлын эхлэх хүртэлх зам хамгийн урт гэдэг. Туулын хурдны замыг барьснаар яг ямар үр дүн гарах юм бэ?

-Туулын хурдны замыг барих гүйцэтгэгчийг олон улсын нээлттэй тендерээр шалгаруулж, Хонгконгийн ““ХаоЮань групп” ХХК шалгарч, гэрээний хэлэлцээрт ороход бэлэн болоод байна. Ирэх долоо хоногт буюу наймдугаар сарын эхээр авто замын ажлыг эхлүүлнэ. Туулын хурдны замын тендер сонгон шалгаруулалтыг 2025 оны нэгдүгээр сард зарлаж, ТЭЗҮ-ийг шинэчлэн боловсруулах, замын трассын бодит судалгаа, олон улсын туршлага судлах, газар чөлөөлөх зэргээр бэлтгэл ажлууд хийгдэж ирлээ. Нийслэл 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил”-ээр нэрлэж, хотод хамгийн их тулгамдаад байгаа түгжрэл, агаарын бохирдол, эрчим хүч зэрэг асуудлыг шийдвэрлэхээр 24 мега төслийг гараанаас гаргаж байгаагийн нэг нь Туулын хурдны зам. Туулын хурдны зам, Шинэ тойрог замтай хамтаар баригдсанаар түгжрэлд хамгийн өндөр үр дүнгээ үзүүлж, нийтдээ 40 гаруй хувиар түгжрэлийг бууруулна. Энэ бол маш том үр дүн гэж үзэж, хүлээлт өндөр байна.

-Туулын хурдын замын техникийн үзүүлэлтээс товч дурдвал?

-Үндсэн авто замын урт 32 км, үндсэн авто замын эгнээ 6, хоёр түвшний огтлолцол бүхий гарц уулзварыг 7 байршилд шийднэ. Хоорондын зай нь 3-7 км байна. Үндсэн авто замаас гадна холбоос замуудыг барина гэсэн үг. Нийт 9.8 км урт гүүрэн байгууламж, 4 байрлалд туннель барина. Авто замаар дамжих тооцоот хурдыг 80-100 км/цаг гэж тооцоолж байна. Туулын хурдны зам дангаараа замын хөдөлгөөний дундаж хурдыг 13.5 хувиар нэмэгдүүлнэ.

-Байршлын хувьд яг хаанаас хаа хүртэл гэж төсөөлөх вэ?

-Ерөөсөө л хотын зүүн зах буюу Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас Баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрог хүртэл Улаанбаатар хотын урдуур буюу Богд уулын энгэрээ дагаж 32 км тасралтгүй үргэлжилнэ. Дундуур нь 7 орц гарцтай. Олон улсын экспресс зам байдлаар гэрлэн дохиогүй үргэлжилнэ гэж тооцоолж байгаа. Хурдны зам дундуур орц гарцыг шийдэж өгснөөр Энхтайваны гүүр, Яармагийн гүүр, Наадамчдын гүүр, Сонсголонгийн гүүр зэргээр дамжин өнгөрөх Улаанбаатар хотын төвийн хэсгийн ачааллыг хуваалцаад зогсохгүй одоогийн асуудал болоод байгаа Нисэх, Яармагийн түгжрэлийг арилгана гэж тооцож байна.

-Туулын хурдны замыг хэдий хугацаанд барих вэ. Нэгэнт бариад эхлэх нь тодорхой болсон учраас санхүүжилтийн хувьд л асуудал үүсэхгүй бол барьчих боломжтой санагдаж байна?

-Туулын хурдны замыг богино хугацаанд өндөр үр дүнтэй барьж байж л түгжрэлийг бууруулна. Энэ хүрээндээ бид Улаанбаатар хотын хэмжээнд 2024 онд өмнөх 10 жилийн хугацаанд баригдсан авто замуудаас ч урт авто замыг шинэчилсэн. 2025 онд ч хурдны замтай, олон түвшний огтлолцлол замтай болохын тулд нэгдүгээр түвшний авто замуудын шинэчлэл үргэлжлээд явж байна. Санхүүжилтийн тал дээр барилгын ажил нийт 2.3 наяд төгрөгийн төсөвт өртөгтэй. Нийт өртөгт үндсэн авто зам, гүүр туннель, шугам сүлжээний ажил болон бусад ажлууд  багтана. Энэ онд 500 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдсэн. Гүйцэтгэгчээ шалгаруулчихлаа. Ажил явуулахад асуудал байхгүй. 2028 оны наймдугаар сард Туулын хурдны замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээхээр төлөвлөсөн.

-Туулын хурдны замын барилгын ажлыг гүйцэтгэх Хонгконгийн “ХаоЮань групп” ХХК-ийн талаар хүмүүс их сонирхож байгаа байх. Хэр туршлагатай компани юм бэ?

-Туулын хурдны замын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 4 компаниас шалгарсан нь “ХаоЮань групп” ХХК. Энэ компани нь 2008 онд Хонгконгт бүртгэгдсэн. Инженер, худалдаа, логистик, эрчим хүч, ашигт малтмал, хөдөө аж ахуй, авто зам гээд олон салбарт бүтээн байгуулалт хийдэг туршлагатай. Европ, Ази, Африк, Ойрхи Дорнодын улсуудад 10 гаруй салбар компанитай. Малайз, Ангол, Этиоп, Серби, Казахстан, Хятад, Хонгконгт дэд бүтцийн болон хурдны замын төслүүд хэрэгжүүлж байсан. Хүлээлгэж өгсөн төслүүдээс нь дурдвал, Ангол улс Мозамбикийн төмөр замын төсөл, Ангол улс Луандагийн олон улсын шинэ нисэх онгоцны буудлын төмөр замын салбар шугам ба шугамын дагуух таван нэгдсэн төв станцын төсөл, Сербийн 253 км хурдны зам болон E763 хурдны зам, Серби-Унгар-Сербийн төмөр замын төсөл, Казахстан Кама хурдны замын төсөл, Малайзын KKIP баталгаат орон сууцны төсөл, Ангол улсын Онджива хотын усан хангамжийн төсөл, Малайз улсад байгаль орчныг хамгаалах технологи бүхий аюултай хог хаягдлыг боловсруулах иж бүрэн үйлдвэрийн төслийг хэрэгжүүлж байсан. Олон улсын инженерийн салбарт төлөвлөлт, зураг төсөл, барилгын ажлын болон төслийн удирдлагын тэргүүлэх чадвартай. Дотоод, гадаадын олон компани, банк, даатгалын байгууллагатай урт хугацааны тогтвортой хамтын ажиллагаа тогтоосон бөгөөд жилд 2 тэрбум ам.долларын үйлдвэрлэлийн хүчин чадалтай. Туулын хурдны замыг барьж ашиглалтад хүлээлгэн өгөх бүрэн бололцоотой компани гэж үзэж, шалгуур үзүүлэлтүүдтийг хангасан учраас сонгосон.

-Хотоо тойроод 32 км урт үргэлжлэх хурдны замтай болчихвол мэдээж хэнд ч таатай, жинхэнэ бүтээн байгуулалт болно гэж бодож байна?

-Тэгэлгүй яах вэ. Туулын хурдны замаар түгжрэлийг бууруулаад зогсохгүй шүү дээ. Цаашид энэ хэмжээний бүтээн байгуулалтыг улс орондоо хийж чадах юм байна гэсэн урам зориг ч болно. Тиймээс нийслэлийн удирдлага, баг, хамт олон хичээж ажиллаж, төслөө амжилттай хэрэгжүүлнэ. Туулын хурдны зам түгжрэлийг бууруулахаас гадна эдийн засгийн хувьд ажлын байрыг нэмэгдүүлэх, түгжрэлээс үүдэлтэй алдагдсан боломжийг нөхөх, эдийн засгийн эргэлтэд эерэг нөлөөтэй. Жишээлбэл, Улаанбаатар хотын иргэд цаг хугацаа, ажиллах боломж, түлш зэргээ түгжрэлд зарцуулдаг учраас нэг цагт 6500 төгрөг, жилд 3 их наяд төгрөгийг түгжрэлээс болж алддаг байна. Туулын хурдны зам төслөөр энэ алдагдсан боломжийн өртгийг нөхнө. Ингэснээр иргэдийн амьдралын чанар сайжирна. Гол нь стрессгүй амьдарна. “20 минутын хот” төлөвлөлтийг дэмжинэ. Азийн авто замын сүлжээний хөгжлийг дэмжиж, Улаанбаатар хотыг тойрон гарах тасралтгүй хөдөлгөөн бий болсноор хотын төвийн агаарын бохирдлыг бууруулахад ч хувь нэмрээ оруулна. Олон талын ач холбогдолтой төсөл бол Туулын хурдны зам юм.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, МҮХАҮТ-д шилжүүлснээр төрийн дарамт, хүнд суртал буурна гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар онцоллоо

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Лхагважавыг хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд Засгийн газар ажил олгогч, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид, баялаг бүтээгчдээ дэмжиж, тэдний эрх ашгийг хамгаалж ажиллахаа илэрхийлээд МҮХАҮТ ч энэ бодлогыг дэмжиж нээлттэй хамтарч ажиллахыг хүслээ. 

Баялаг бүтээгчдийг дэмжих багц хуулийн төсөл, Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар ажиллаж байгаа, эдгээр хуулийн төсөл болон Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, Зөвшөөрлийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд МҮХАҮТ санаачилгатай ажиллах шаардлагатайг Ерөнхий сайд тэмдэглээд төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, тус танхимд шилжүүлснээр төрийн дарамт, хүнд суртал буурна гэдгийг онцоллоо. 

Удахгүй “Монголын Эдийн засгийн форум” болно. Бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчидтайгаа “Монголын Эдийн засгийн форум”-аар жилд ганц удаа уулзаж ярьдаг биш тэдний санал хүсэлтийг байнга сонсож, ярилцдаг, шийдвэрлэдэг байхад Засгийн газар, МҮХАҮТ хамтран ажиллах нь чухлыг тэмдэглэлээ.

Хүний хөгжил бол Засгийн газрын хамгийн том мега төсөл. Ажилтан, ажилчдынхаа хөгжил, монгол хүний төлөвшлийг дэмжиж, зөв манлайлал үзүүлж ажиллахыг аж ахуйн нэгжүүдэд уриалж байгаагаа Засгийн газрын тэргүүн Г.Занданшатар онцоллоо.

Засгийн газар УИХ-д “Хэмнэлтийн тодотгол”-оо өргөн барьж, цомхон, чадварлаг, бүтээмжтэй төрийн алба бий болох шинэчлэлийг эхлүүлсэн. Багш, эмч нараас бусад төрийн албан хаагчдын тоог есөн хувиар бууруулахаар тодотголд тусгасан. Ажил олгогч, хувийн хэвшил, баялаг бүтээгчдийн хувьд ажиллах хүчний дутагдалтай байгаа.  Энэ бол тулгамдсан асуудал. Энэ талаарх судалгааг МҮХАҮТ хийж өгөхийг Ерөнхий сайд хүсээд төрийн албан хаагчдыг хувийн хэвшилд шилжүүлэн ажиллуулах, сургалт зохион байгуулах, зуучлахад хамтарч ажиллахаа илэрхийллээ. 

Мөн нийт хүний нөөцөө “дахин чадавхжуулах” сургалт хийх нь зөв. Хиймэл оюун ухаан, дижитал технологид суурилсан ажлын байрууд шинээр бий болж байна. Иймд “дахин чадавхжуулах” давлагаа үүсгэхийг хүсэж буйгаа, энэ бодлогыг төр засаг дэмжиж ажиллахаа илэрхийллээ. 

МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Лхагважав Ерөнхий сайд Г.Занданшатарт Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилогдсонд МҮХАҮТ-ын удирдах зөвлөл, тэргүүлэгчид болон хувийн зүгээс баяр хүргэж амжилт хүслээ.  

MYXAYT нь эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулах, хувийн хэвшилд суурилсан, тогтвортой, хүртээмжтэй, дархлаатай эдийн засгийг тэтгэх замаар үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бий болгох Ерөнхий сайдын бодлогыг дэмжиж үр дүн гарган хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдлээ.

Мөн дэлхийн геополитикийн сөргөлдөөнт байдал, худалдааны дайн, дотоодод экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үнийн уналтаас шалтгаалсан орлогын тасалдал, төсвийн тэнцлийн алдагдал, төгрөгийн ханшийн сулралт зэрэг макро орчны томоохон сорилтууд нь төр болон хувийн хэвшлийн аль алинд нь сөрөг  нөлөө үзүүлж, нөхцөл байдал хүндэрч байгаа энэ цагт Монгол Улсын Засгийн газартай танхимын зүгээс хамтран ажиллах саналаа хүргүүллээ. 

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

П.Батчимэг: Цахилгаан скүүтерийг 16-гаас дээш, цахилгаан дугуйг 18-аас дээш насныхан жолоодно гэж хуулийн төсөлд тусгасан

Огноо:

,

Улсын Их Хурлын даргын 76 дугаар захирамжаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор цахилгаан дугуй, суррон, цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах талаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өнгөрсөн оны 09 дүгээр сард байгуулагдсан. Тус ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэгээс хуулийн төслийг боловсруулах явцын талаар тодрууллаа.

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж буй гол зорилго нь юу вэ?

-Хүн амын хэт төвлөрөл, хотжилт, авто замын түгжрэлээс үүдэлтэйгээр Нийслэл Улаанбаатар хотод нийтийн хэрэглээний цахилгаан скүүтер түрээсийн шинэ төрлийн үйлчилгээ бий болж, иргэдийн хэрэглээг өсгөж байна. Гэвч үүнийг дагаад цахилгаан дугуй /суррон/, цахилгаан скүүтерээс унаж бэртэх, явган зорчигч, автомашин, унадаг дугуй, мотоциклтэй мөргөлдөж зам тээврийн осол гэмтэлд өртөх, иргэдийн аюулгүй, тайван зорчих эрхэд нөлөөлөх, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулах явдал ихсэж байна.

Улаанбаатар хотод өдөрт дунджаар 700-800 мянган тээврийн хэрэгсэл авто замын хөдөлгөөнд оролцдог гэсэн статистик мэдээлэл бий. Үүний хажуугаар шинэ тутам гарч ирж буй цахилгаан тээврийн хэрэгслүүд ямар ч зохицуулалтгүйгээр замын хөдөлгөөнд оролцож байна. Иймд төрөөс иргэнийхээ амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхийг хангах, хүүхдийн ашиг сонирхлыг нэн тэргүүнд хамгаалах “хууль зүйн баталгааг” бий болгох үндсэн үүргийн хүрээнд зайлшгүй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа юм.

-Уг хуулийн төслийг боловсруулахад бусад улсын туршлагыг судалсан уу?

-Манай ажлын хэсэг өнгөрсөн сард Бүгд Найрамдах Казахстан Улсад ажиллаж, туршлага судлаад ирсэн. Тус улсын байгаль цаг уурын онцлог, түгжрэл, цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээ зэрэг нь манай улстай төстэй юм билээ. Түүнчлэн цахилгаан скүүтер, цахилгаан дугуйг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульдаа 2023 оны 06 дугаар сард  өөрчлөлт оруулж, баталсан гэдгээрээ онцлогтой. Тус хуулиар цахилгаан скүүтер, жижиг цахилгаан тээврийн хэрэгсэл хэмээн тодорхойлсон байдаг. Манай ажлын хэсэг хуулийг боловсруулж батлуулсан салбарын яам тамгын газар, энэ чиглэлд бизнес эрхэлдэг компаниудын төлөөлөлтэй уулзсан. Ингэхдээ Астана, Алматы гэх томоохон хотуудад ажилласан. Алматы хотын тухайд авто замын нэгдүгээр эгнээг цахилгаан дугуй, скүүтер, мопедын зам болгож, тусгайлсан гэрлэн дохиотой болгож өгсөн нь сайн шийдэл байсан.

Казахстан улс цахилгаан скүүтерийг 25 км/цагаас хэтрэхгүй, зөвхөн 1 хүн унахад зориулагдсан, суудалгүй, 2 эсвэл 3 дугуйт тээврийн хэрэгслийг хэлнэ гэж тодорхой дурдсан байна билээ. Харин бидний хувьд тус улсын туршлагыг үндэслээд асуудлыг цогцоор нь шийдэх гээд зорьж байна.

-Хуулийн төсөлд орж буй өөрчлөлтийн талаар танилцуулахгүй юу?

-Товчхондоо цахилгаан скүүтерийг 16-гаас дээш, цахилгаан дугуйг 18-аас дээш насны хүн жолоодно гэж тусгасан. Мөн эдгээр тээврийн хэрэгслийн ангиллыг шинээр тодорхойлж, тээврийн хэрэгслийн техникийн дээд хурд, тээврийн хэрэгсэл зорчихыг зөвшөөрсөн замыг хуульчилна. Цаашлаад цахилгаан скүүтер, цахилгаан дугуйн жолоочийн эрх, үүрэг, жолоочид хориглох зүйлсийг тусгана. Мөн нийтийн хэрэглээний цахилгаан дугуй, цахилгаан скүүтерийн үйлчилгээ үзүүлэгчийн эрх, үүрэг, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг шинээр тодорхойлох юм.

-Цахилгаан скүүтерийн үйлчилгээ эрхлэгчдийн хувьд хуулийн төслийг хэрхэн хүлээн авч байна вэ?

-Үйлчилгээ эрхлэгчдийн зүгээс аль болох л хууль шаардлагагүй. Бид стандартаа баталчихвал мөрдөөд байж чадна гэдэг байр суурийг илэрхийлсээр байдаг. Гэхдээ хуулиар зохицуулж, хариуцлагажуулж үүрэгжүүлэхээс өөр аргагүй. Хууль баталж байж л бид шаардлага тавьж, хариуцлага нэхнэ. Одоо скүүтер түрээсийн бизнес эрхлэгчидтэй төрийн байгууллагуудын харилцаа нь албан бичиг солилцох хэлбэрээр өрнөж байна. Албан бичиг өгсөн гээд хариуцлага шаардах хууль эрх зүйн үндэслэл үүсэхгүй учраас хэн ч мөрдөж дагахгүй. Хууль баталж байж л хяналт зохицуулалтыг албажуулна. Хүний амь насны асуудал шүү дээ. Тээврийн цагдаагийн албаныхан скүүтер унасан иргэн гэдэг зам дээр хутга бариад гүйж байгаа хүнээс ялгаагүй байна хэмээн тодорхойлж байна. Яг голыг нь олсон тодорхойлолт шиг санагдсан.

-Хуулийн төсөл ямар шатанд явж байна вэ?

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсантай холбогдуулан олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Энэхүү хэлэлцүүлэгт иргэд, олон нийт, үйлчилгээ эрхлэгчид, холбогдох төрийн байгууллагуудын 100 гаруй хүн оролцож, санал бодлоо илэрхийллээ. Хэлэлцүүлгээс гарсан саналыг хуулийн төсөлд тусгасан. Манай ажлын хэсэг тус хуулийн төслийг өнгөрсөн оны 09 дүгээр сараас хойш боловсруулж, үндсэндээ Улсын Их Хурлын  намрын чуулганы завсарлагааны хугацаанд төвлөрч ажилласан. Үүний дүнд хуулийн төслийг 2025 оны 03 дугаар сарын 23-нд Улсын Их Хурлын Тамгын газрын d.parliament.mn/ сайтад байршуулж, https://d.parliament.mn/tusul/c618cdf9-42ec-4c4d-875c-8c3e79b93795 олон нийтээс санал авч, /2025.04.15/-нд  Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт санал авахаар хүргүүлсэн.

Засгийн газрын ирүүлсэн саналыг хуулийн  төсөлд тусгаж эцэслэхээр бэлтгэж байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын энэ хаврын чуулганы хугацаанд өргөн барихаар бэлтгэж байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох