Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагын мэргэжилтнүүд Монголд ажиллаж байна

Огноо:

,

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хэрэгжүүлж буй Дэлхийн банкны санхүүжилттэй “Экспортыг дэмжих” төслийн хүрээнд НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага (ЮНИДО) Монгол Улсад итгэмжлэл, тохирлын үнэлгээний чадавхыг сайжруулах, улмаар хүнс болон хөнгөн үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөх чадавхыг нэмэгдүүлэхэд техникийн туслалцаа үзүүлж байна.

Төслийн хүрээнд ЮНИДО нь 2022 оноос хойш Монгол Улсын үндэсний итгэмжлэлийн төв, Стандарт хэмжил зүйн газар болон бусад тохирлын үнэлгээний байгууллагууд, мөн хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүдэд олон улсын чанарын удирдлагын чиглэлээр мэргэжлийн зөвлөгөө өгч төрөл бүрийн чадавхжуулах ажлуудыг хэрэгжүүлж байна.

ЮНИДО-ын олон улсын мэргэжилтнүүд Улаанбаатар хот, Баян-Өлгий, Дорнод, Сүхбаатар, Орхон, Дархан-Уул, Төв аймагт мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүдэд ISO22000, FSSC22000, HACCP, Halal стандартуудын дагуу мэргэжлийн зөвлөгөө өгөх, Арьс ширний төв лабораторийг ISO17025 стандартын дагуу чадавхжуулах, Халал баталгаажуулалтын (СХГ Баян-Өлгий салбар, Халал Сертф Эжэнси, ММНХолбоо) байгууллагуудыг чадавхжуулах ажлуудыг газар дээр нь хийж хэрэгжүүлж байна.

Тухайлбал, НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагын Монгол дахь Хөтөлбөрийн зохицуулагч Г.Мөнхболор, Экспортыг дэмжих төслийн олон улсын зөвлөх Ахмед Саад, үндэсний зөвлөх Р.Бумдарь, сургалтын мэргэжилтэн М.Саулегүл нарын бүрэлдэхүүнтэй баг 2023 оны тавдугаар сарын 16-ны өдөр Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият болон албаны хүмүүстэй уулзан ЮНИДО-ын Монгол дахь үйл ажиллагаа, төслийн зорилго, зорилт, цаашдын хамтын ажиллагааны талаар мэдээлэл, санал солилцлоо.

Төслийн мэргэжилтнүүд 2023 оны тавдугаар сарын 12-19-ний өдрүүдэд Баян-Өлгий аймаг дахь Халал баталгаажуулалтын байгууллагуудад мэргэжлийн зөвлөгөөг газар дээр нь өгч, Стандарт хэмжилзүйн газартай хамтран “Халал менежментийн тогтолцооны Ерөнхий шаардлага болон Үйл явцын шаардлага OIC/SMIIC 2:2019 Тохирлын үнэлгээ-Халал баталгаажуулалтыг гүйцэтгэдэг байгууллагад тавих шаардлага” сэдэвт хоёр өдрийн сургалт зохион байгууллаа.

Түүнчлэн төслийн хүрээнд ЮНИДО нь олон улсын лабораториудын консорциум байгууллагатай гэрээ хийж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Судалгаа, хөгжлийн төв дэх Арьс ширний төв лабораторийг ISO17025 стандарт шаардлагын дагуу чадавхжуулах, тус лабораторийн бизнес төлөвлөгөө, шинээр суурилуулахаар төлөвлөж буй тоног төхөөрөмжүүдийг ажиллуулах стандарт ажиллагааны зааварчилгаа боловсруулах ажлыг хэрэгжүүлж байна.

2023 оны тавдугаар сарын 11-12-ны өдрүүдэд “ISO/IEC 17025:2017 стандартын техникийн шаардлагууд, аргын баталгаажуулалт, хэмжлийн эргэлзээ, чанарын хяналт, тохирлын мэдэгдэл, шийдвэр гаргах дүрэм” олон улсын сургалтыг тус лабораторийн ажилтнуудад зохион байгууллаа. ISO/IEC 17025 стандартын энэхүү сургалт нь химийн шинжилгээний лабораторид тавигдах техникийн шаардлагын талаар мэдлэг олж авахад дэмжлэг үзүүлэх зорилготой.

Сургалтын явцад аргын баталгаажуулалт, хэмжлийн эргэлзээ, чанарын хяналт (QС), тохирлын мэдэгдэл (SoC), шийдвэр гаргах дүрэм зэрэг сэдвүүдийг авч үзэв. Мөн аналитик химийн статистикийн хэрэглээ, лабораторийн ажилтнууд химийн хэмжлийн статистик шинжилгээнд ашиглах статистикийн үндсэн аргуудтай танилцаж эдгээр аргуудыг Excel™ програм дээр хэрхэн ашиглаж болох талаар танилцууллаа.

Оролцогчид лекц, дадлага ажлаар дамжуулан аргын баталгаажуулалтын хөтөлбөрийг хэрхэн боловсруулж, хэрэгжүүлэх талаар бодит ойлголттой болов.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

ЦЕГ: Гадаад улсын виз гаргуулахтай холбоотой 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна

Огноо:

,

Цагдаагийн байгууллагад 2026 он гарснаас хойш гадаад улсын виз гаргуулахтай холбоотой нийт 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагаас зөвхөн “Бүгд найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж иргэдийг залилсан 102 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг зөвхөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар албан ёсоор бүртгэж, сонгон шалгаруулалт зохион байгуулан илгээдэг.

Тус байгууллага нь Е-9 визийн ангиллаар БНСУ-ын аж үйлдвэрийн салбарт ажиллах иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл, сонгон шалгаруулалт, үр дүнгийн мэдээллийг албан ёсны сувгуудаар хүргэдэг бөгөөд энэ төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх цорын ганц эрх бүхий байгууллага юм.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр /Е-9 визийн ангилал/ аж үйлдвэрийн салбарт ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг 2026 оны гуравдугаар сард зохион байгуулж эхэлсэн. Залилагч этгээдүүд "Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт ажилладаг", "Найдвартай виз гаргаж өгнө", "Дараалал харгалзахгүй явуулна" гэх мэт худал мэдээлэл тараан иргэдийг хуурч, их хэмжээний мөнгө залилан авах гэмт хэрэг гарсаар байгаа аж.

Энэхүү гэмт хэрэг нь жил бүрийн хавар, намрын бүртгэлийн үеүдэд идэвхэжсэн юм байна. Иймд иргэд та бүхэн БНСУ-ын хөдөлмөрийн гэрээт ажилтны бүртгэл, шалгалттай холбоотой мэдээллийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас авах, танил талаар дамжуулан виз гаргаж өгнө, шалгалтгүй явуулна гэсэн амлалтад итгэхгүй байх, урьдчилгаа төлбөр, үйлчилгээний хураамж нэрээр мөнгө шилжүүлэхээс татгалзах, сэжигтэй зар мэдээлэл, залилангийн шинжтэй үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэхийг зөвлөлөө.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Боловсролын зээлийн сангийн зээлээс 10.2 тэрбум төгрөг эргэн төлөгджээ

Огноо:

,

Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор “Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сангаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүд хууль бусаар тэтгэлэг авч, эргэн төлөөгүй” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг шалгах ажлын хэсэг байгуулсан байна.

Ажлын хэсгээс хэрэг бүртгэлтийн 11, мөрдөн байцаалтын 2 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Үүнээс хэрэг бүртгэлтийн 1 хэргийг хааж, 1 хэргийг нэгтгэн, мөрдөн байцаалтын 1 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

Одоогоор Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд хэрэг бүртгэлтийн 1, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 8 хэрэг шалгагдаж байгаа аж. Мөн яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай ирүүлсэн 1 хэрэг прокурорын хяналтын шатанд хянагдаж байна.

Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт 694 суралцагчаас 3,054,210 ам.долларын гадаад зээлийн эргэн төлөлт хийгджээ. Энэ нь одоогийн ханшаар 10.2 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

Огноо:

,

Боловсролын сайд Л.Энх-Амгалан Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын дарга, сайд Маркус Лайтнерыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Өнгөрсөн хугацаанд Швейцарын Холбооны Улстай тогтвортой хөгжлийн боловсрол, мэргэжлийн боловсрол, сургалтын чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирснийг уулзалтын үеэр онцлон дурдлаа.

Цаашид мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт түлхүү хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхээр болов.

Мөн Швейцарын Холбооны Улсын хэрэгжүүлдэг хүртээмжтэй боловсролын бодлогоос туршлага судлах зэрэг чиглэлээр талууд санал солилцлоо.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох