Цаг үе
“Тэрбум мод” сангаас 34 төсөлд нэг тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт олгоно
Монголын банкны холбоо, арилжааны банкууд болон Монгол банкны хамтран байгуулсан “Тэрбум мод” сан 34 төсөлд 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор боллоо.
Нийт төслийн хүрээнд 37 га талбайд 105 гаруй мянган мод тарьж ургуулан, 20 мянган м.кв ногоон байгууламж бий болгох юм.
Мөн 70 гаруй ногоон ажлын байр бий болж, гурван төрлийн шинэ технологи, инновацын шийдэл нэвтрэхээс гадна төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 180 гаруй мянган хүүхдийг ногоон орчинд сурч боловсрох боломжоор хангана.
Түүнчлэн 800 орчим мянган хүнд тарьсан модоо арчилж тордох, ургуулах чиглэлээр экологийн боловсрол олгох юм байна.
“Тэрбум мод” сан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин ойжуулалт, нөхөн сэргээлт, цэцэрлэгжүүлэлт, экологийн боловсрол олгоход чиглэсэн төслүүдийг санхүүжүүлэхээр өнгөрсөн оны 10 дугаар сард нээлттэй сонгон шалгаруулалт зарласан юм.
Нийслэл болон бүх аймгаас Нийслэлийн төрийн өмчит ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ногоон байгууламж, Олон нийтийн оролцоонд суурилсан ойжуулалт, нөхөн сэргээлт, мод тарих, Олон нийтэд тогтвортой хөгжил, экологийн боловсрол олгох гэсэн гурван чиглэлээр 200 орчим төсөл ирүүлсэн байна.
Эдгээрээс байгаль орчны хамгаалал, ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, агро-ойн аж ахуй, сургалт судалгаа, санхүү зэрэг 24 салбарын төлөөллөөс бүрдсэн хараат бус, мэргэжлийн Техникийн түр хороо 34-ийг нь шалгаруулжээ.
Сургууль, цэцэрлэгийн ногоон байгууламжийн чиглэлд гэхэд л 11 цэцэрлэг, есөн сургуулийн төсөл шалгарч, нийт дөрвөн мянга гаруй гоёлын мод, 10 мянга гаруй хайлаас тарьж, ургуулах юм.
“Тэрбум мод” сан цаашид шилдэг төслүүдийг санхүүжүүлэхээс гадна арилжааны банкуудтай хамтран хөнгөлөлттэй нөхцөлтэй ногоон зээлийн бүтээгдэхүүн бий болгох, ойн салбарт хувийн болон олон улсын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг зорьж байна.
Шалгарсан төслүүдэд батламж гардуулах ёслолд оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хэлсэн үгэндээ, “Тэрбум мод” сангаас байгаль орчноо хамгаалах, цөлжилттэй тэмцэх, ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт хийх, олон нийтэд тогтвортой хөгжил, экологийн боловсрол олгоход чиглэсэн төслүүдийг санхүүжүүлж байгаа нь чухал дэмжлэг болж байгааг тэмдэглэв.
Монголын банкны холбооны гишүүн байгууллагууд “Тэрбум мод” санд жил бүр хоёр тэрбум төгрөгөөс багагүй хэмжээний хандив өгөхөө батламжилсан.
Мөн 88 сая мод тарих бөгөөд салбарын хэмжээнд ногоон зээлийг 2030 он гэхэд 10 хувьд хүргэж, таван их наяд хоёр зуун тэрбум төгрөгийн зээл олгох юм.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2022 оны эцсийн байдлаар улсын хэмжээнд 10 сая гаруй мод тарьж, тарьц, суулгацын нөөцийг өмнөх оноос тав дахин буюу 10 саяар нэмэгдүүлж 44 сая гаруйд хүргээд байна.
Цаг үе
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-д хийж байгаа ажлын айлчлалын хүрээнд Онцгой байдлын удирдлагын сайд Жан Чэнжунтай албан уулзалт хийлээ.
Уулзалтаар Шадар сайд Н.Номтойбаяр хоёр улсын Онцгой байдлын салбар гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2021 онд Гамшигтай тэмцэх санамж бичиг, 2022 онд Хил орчмын ой хээрийн түймэртэй тэмцэх хэлэлцээрийг тус тус байгуулсан бөгөөд уг гэрээ хэлцлийг шинэ түвшинд гаргах нь чухал гэдгийг онцлов. Тодруулбал, Хятадын баруун хойд хязгаартай хиллэдэг Монгол Улсын баруун бүс нутагт газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж буй, зүүн хязгаар бүсэд хуурайшилтын улмаас ой хээрийн түймрийн давтамж их байгаа тул учраас хил орчмын бүс нутагт хоёр орны онцгой байдлын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх шаардлагатай байгааг тодотголоо.
Түүнчлэн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэхэд ашиглаж буй Хятадын дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж, хиймэл оюун ухаан, сансрын технологийн ашиглалт зэргийг судалж, худалдан авах талаар Шадар сайд Н.Номтойбаяр онцолж байна.
Тэрбээр, БНХАУ-ын Ус, цаг уурын орчны хүрээлэнд хэрэглэж буй гамшгийн мэдээллийн систем, радар болон онцгой байдлын салбарт ашиглаж буй дэвшилтэт, орчин үеийн технологи, тоног төхөөрөмжийг манай улс нэвтрүүлснээр бүс нутгийн хэмжээнд гамшгаас хамгаалах нөхцөл бүрдэнэ гэв. Мөн онцгой байдал, ус, цаг уурын алба хаагчдыг БНХАУ-д чадавхжуулах, сургах, удирдлага менежментийн арга барилыг мэргэжлийн түвшинд бэлтгэх чиглэлээр санал дэвшүүллээ.
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын сайд Жан хоёр улсын онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг Монгол Улс, БНХАУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны гол амжилтын нэг нь болгохыг хүсэж буйгаа онцлон тэмдэглэлээ.
Тэрбээр, Хятад Улс гамшигтай тэмцэх, гамшиг бууруулах, аюулгүй үйлдвэрлэл болон аврах ажиллагааны хөтөлбөрийн дагуу өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд гамшиг, ослын тоо, гарз хохирол 36-39 хувиар буурсан бөгөөд Монгол Улстай хил орчмын бүс нутгийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах чиглэлээр ажиллах бүрэн боломжтой хэмээв.
Хоёр орны онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаар хэрэгжүүлэх нэгдсэн үйл ажиллагааны хөтөлбөрийг нэн даруй боловсруулж, хэрэгжүүлэх ажлын жагсаалт гарган хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Мөн аврах ажиллагаа, дроны сургалт явуулах, Монгол Улсын онцгой байдлын алба хаагчдад гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр өөрсдийн ашиглаж буй дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжүүдийг танилцуулах, сургалт явуулахад хамтран ажиллаж, харилцаагаа өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

Цаг үе
Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөж байна
Шувууны томуу нь хүн болон амьтны эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй халдварт өвчин юм.
Иргэн бүр эрсдэлээс урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх нь чухал.
-Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байх
-Эрсдэлтэй бүс нутагт зорчихоос зайлсхийх
-Шувууны гаралтай түүхий бүтээгдэхүүнтэй харьцсаны дараа гараа сайтар угаах
-Шувууны аж ахуй, худалдааны газраар шаардлагагүй тохиолдолд зорчихгүй байхыг ЗӨСҮТ-өөс мэдээллээ.

Цаг үе
Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
Улсын хэмжээнд энэ төрлийн 174 хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагийн 163 буюу 93.7 хувь нь Нийслэл, дүүргийн, 11 буюу 6.3 хувь нь орон нутгийн прокурорын газрын хяналтад тус тус шалгагдаж байна.
Мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа 32 хэрэгт 1,283 хүнийг хохирогчоор тогтоож, 52 хүнийг яллагдагчаар татаж, 545,5 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, мөн хохирол нөхөн төлүүлэх зорилгоор 7,2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 490 сая төгрөгийн үнийн дүн бүхий эд хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээ аваад байна.
Хэргийн 93.7 хувь нь Нийслэлийн нутаг дэвсгэрт шалгагдаж байгаатай холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас ажлын хэсэг байгуулж, хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэх чиглэлээр прокурор болон мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллахаар болжээ.
Тодруулахад, 2024-2026 онуудад орон сууц худалдах, худалдан авах, түрээслэх нэрийдлээр бусдыг залилсантай холбоотой хэрэгт 10 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 44,6 тэрбум төгрөгийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч, 227,8 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилж хөрөнгө хамгаалах арга хэмжээ авсан байна.
Мөн 170 хэрэгт 3,651 хүнийг хохирогчоор тогтоож, 301 хүнийг яллагдагчаар татаж прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.

