Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Малчин өрхийн 57 хувь нь гамшгийн эрсдэл даах чадвар дунджаас доогуур түвшинд байна

Огноо:

,

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ) малчин өрхийн гамшгийн эрсдэл даах чадварын дүн шинжилгээ хийж, үр дүнг танилцууллаа.

Энэхүү судалгаанд Улаанбаатар хот болон 21 аймгийн 330 сумын 10,023 малчин өрх хамрагдсан бөгөөд тэдний эрсдэл даах чадавхын дундаж түвшин 40.45 индекс оноотой гарсан байна.  Нийт өрхийн 57 хувь нь дунджаас доогуур түвшинд байгаа бол дөнгөж 10 хувь нь эрсдэл даах чадавхын 70-аас дээш түвшний индекстэй гарч, 20 хувь нь 20-оос доош түвшний оноотой буюу эрсдэл даах чадавх маш бага гэсэн үр дүн гарчээ. 

Эрсдэл даах чадвар муутай өрхүүд ихэвчлэн хөрөнгө, боловсролын түвшин, суурь үйлчилгээ авах боломжоор хязгаарлагдмал байгаагийн улмаас өвлийн бэлтгэлээ хангалттай бэлтгэх чадамжгүй байдалд ордог байна. Нэг удаагийн байгалийн цочир үзэгдэлд тэд амьжиргаагаа залгуулдаг мал хөрөнгөө алдан ядуурлын доод шугам руу буух эрсдэлтэй ажээ. 

Малчин өрхийн цочрол, стрессийг даван туулах чадварт нөлөөлж болох хүчин зүйлүүд: 
•    Орлогын төрөлжилтийн хязгаарлагдмал байдал
•    Хоол хүнсний нэр төрлийн хязгаарлагдмал байдал
•    Орон нутгийн малчдын бүлэг, хоршоон дахь оролцоо бага
•    Мэдлэг, ур чадвар нэмэгдүүлэх сургалтад хамрагдах байдал бага
•    Малын индексжүүлсэн даатгалд хамрагдалт бага 
•    Боловсролын түвшин
•    Өвлийн бэлтгэлд хангалтгүй байх

Малчин өрхийн цочрол: "Ковид-19" цар тахлын хорио цээрийн дэглэмд байсан 2021 оны 4-5 дугаар сард судалгааны өгөгдлийг цуглуулжээ. Судалгаанд хамрагдсан өрхүүдийн амьжиргаанд сүүлийн 12 сарын хугацаанд хамгийн их нөлөөлсөн цочрол нь Ковид 19 цар тахал (75.6 хувь), дараа нь ган/зуд (48 хувь), энэ хоёр цочролоос үүдэлтэй мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, өвс тэжээлийн үнийн хэлбэлзэл (37.2 хувь) байжээ. 

Даван туулсан стратеги: Зудын сөрөг нөлөөллийг бууруулахын тулд судалгаанд хамрагдсан өрхийн 45 хувь нь банкнаас зээл авч өвс тэжээл худалдан авахад зарцуулсан, 34 хувь нь зарим малаа зарж үлдсэн малдаа өвс тэжээл худалдан авсан гэж хариулсан бол 17.7 хувь нь бог малын нийлүүлгийг хязгаарласан, 16.6 хувь нь бэлчээрийн нөөцтэй бүс нутагт отор хийх замаар даван туулсан байна. 

Уг судалгааны зорилго нь Монгол Улсын малчин өрхийн эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэхэд шаардлагатай хэрэгцээг ойлгож мэдэх, түүнд тулгуурласан дэмжлэгийг тодруулах юм. Судалгааны үр дүнд зудын эрт арга хэмжээний зорилтот бүлгийг оновчтой тодорхойлох, цаашлаад эмзэг бүлгийн малчин өрхүүдэд үзүүлэх хүмүүнлэгийн болон нийгмийн хамгааллын үйл ажиллагааны үр нөлөөг дүгнэхэд ашиглах боломж бүрдэж байна. 

Энэхүү судалгааг НҮБ-ын “Малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлж, цочролд хариу үзүүлэх бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь” хамтарсан хөтөлбөрийн хүрээнд олон улсын RIMA аргачлалыг анх удаа ашиглан гүйцэтгэсэн. Энэ аргачлал нь цочрол, стрессийг зарим өрхүүд яагаад, хэрхэн бусдаас илүү сайн даван туулж байгааг шинжилж, тайлбарладгаараа онцлог юм.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана

Огноо:

,

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-д хийж байгаа ажлын айлчлалын хүрээнд Онцгой байдлын удирдлагын сайд Жан Чэнжунтай албан уулзалт хийлээ.

Уулзалтаар Шадар сайд Н.Номтойбаяр хоёр улсын Онцгой байдлын салбар гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2021 онд Гамшигтай тэмцэх санамж бичиг, 2022 онд Хил орчмын ой хээрийн түймэртэй тэмцэх хэлэлцээрийг тус тус байгуулсан бөгөөд уг гэрээ хэлцлийг шинэ түвшинд гаргах нь чухал гэдгийг онцлов. Тодруулбал, Хятадын баруун хойд хязгаартай хиллэдэг Монгол Улсын баруун бүс нутагт газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж буй, зүүн хязгаар бүсэд хуурайшилтын улмаас ой хээрийн түймрийн давтамж их байгаа тул учраас хил орчмын бүс нутагт хоёр орны онцгой байдлын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх шаардлагатай байгааг тодотголоо.

Түүнчлэн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэхэд ашиглаж буй Хятадын дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж, хиймэл оюун ухаан, сансрын технологийн ашиглалт зэргийг судалж, худалдан авах талаар Шадар сайд Н.Номтойбаяр онцолж байна.

Тэрбээр, БНХАУ-ын Ус, цаг уурын орчны хүрээлэнд хэрэглэж буй гамшгийн мэдээллийн систем, радар болон онцгой байдлын салбарт ашиглаж буй дэвшилтэт, орчин үеийн технологи, тоног төхөөрөмжийг манай улс нэвтрүүлснээр бүс нутгийн хэмжээнд гамшгаас хамгаалах нөхцөл бүрдэнэ гэв. Мөн онцгой байдал, ус, цаг уурын алба хаагчдыг БНХАУ-д чадавхжуулах, сургах, удирдлага менежментийн арга барилыг мэргэжлийн түвшинд бэлтгэх чиглэлээр санал дэвшүүллээ. 

БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын сайд Жан хоёр улсын онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг Монгол Улс, БНХАУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны гол амжилтын нэг нь болгохыг хүсэж буйгаа онцлон тэмдэглэлээ.

Тэрбээр, Хятад Улс гамшигтай тэмцэх, гамшиг бууруулах, аюулгүй үйлдвэрлэл болон аврах ажиллагааны хөтөлбөрийн дагуу өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд гамшиг, ослын тоо, гарз хохирол 36-39 хувиар буурсан бөгөөд Монгол Улстай хил орчмын бүс нутгийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах чиглэлээр ажиллах бүрэн боломжтой хэмээв.

Хоёр орны онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаар хэрэгжүүлэх нэгдсэн үйл ажиллагааны хөтөлбөрийг нэн даруй боловсруулж, хэрэгжүүлэх ажлын жагсаалт гарган хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Мөн аврах ажиллагаа, дроны сургалт явуулах, Монгол Улсын онцгой байдлын алба хаагчдад гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр өөрсдийн ашиглаж буй дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжүүдийг танилцуулах, сургалт явуулахад хамтран ажиллаж, харилцаагаа өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөж байна

Огноо:

,

Шувууны томуу нь хүн болон амьтны эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй халдварт өвчин юм.

Иргэн бүр эрсдэлээс урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх нь чухал.

-Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байх

-Эрсдэлтэй бүс нутагт зорчихоос зайлсхийх

-Шувууны гаралтай түүхий бүтээгдэхүүнтэй харьцсаны дараа гараа сайтар угаах

-Шувууны аж ахуй, худалдааны газраар шаардлагагүй тохиолдолд зорчихгүй байхыг ЗӨСҮТ-өөс мэдээллээ.   

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна

Огноо:

,

Улсын хэмжээнд энэ төрлийн 174 хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагийн 163 буюу 93.7 хувь нь Нийслэл, дүүргийн, 11 буюу 6.3 хувь нь орон нутгийн прокурорын газрын хяналтад тус тус шалгагдаж байна.

Мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа 32 хэрэгт 1,283 хүнийг хохирогчоор тогтоож, 52 хүнийг яллагдагчаар татаж, 545,5 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, мөн хохирол нөхөн төлүүлэх зорилгоор 7,2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 490 сая төгрөгийн үнийн дүн бүхий эд хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээ аваад байна.

Хэргийн 93.7 хувь нь Нийслэлийн нутаг дэвсгэрт шалгагдаж байгаатай холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас ажлын хэсэг байгуулж, хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэх чиглэлээр прокурор болон мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллахаар болжээ.

Тодруулахад, 2024-2026 онуудад орон сууц худалдах, худалдан авах, түрээслэх нэрийдлээр бусдыг залилсантай холбоотой хэрэгт 10 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 44,6 тэрбум төгрөгийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч, 227,8 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилж хөрөнгө хамгаалах арга хэмжээ авсан байна.

Мөн 170 хэрэгт 3,651 хүнийг хохирогчоор тогтоож, 301 хүнийг яллагдагчаар татаж прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох