Шударга мэдээ
Картгүйгээр түлш борлуулалт хийхгүй
Нийслэлийн онцгой комиссын 13 дугаар хурал өнөөдөр боллоо. Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын А/1016 дугаар захирамжийн хүрээнд сайжруулсан шахмал түлшний нөөцлөлт, борлуулалт, түгээлтийн байдал, түүхий нүүрсний хяналтын талаар хэлэлцлээ. Хуралдааны эхэнд сайн картын борлуулалт, түгээлтийн нэгдсэн систем, картын хэрэглээний талаар нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг мэдээлэл хийв. “Төвийн зургаан дүүрэгт 206251 карт тараагдсан. Үүнээс 13247 картыг бүртгэлжүүлж, 74104 карт бүртгэлгүй байна. Аравдугаар сарын байдлаар 49.406 иргэн картаар худалдан авалт хийсэн бол энэ сарын 28-ны байдлаар 106.031 иргэн худалдан авалт хийжээ. Мөн аравдугаар сард 7 тонн түлш картаар борлуулсан бол энэ сард 25.8 тонн түлш борлуулсан дүн мэдээ гарсан. Цаашид дүүргүүдийн Засаг дарга нар “Тавантолгой түлш” компанийнхан хамтран бүртгэлжүүлэх ажлыг эрчимжүүлж дуусгах шаардлагатай байна” гэж нийслэлийн Мэдээлэл технологийн газрын дарга О.Чинзориг хэллээ.

Нийслэлийн Онцгой комиссын дарга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “72 цагийн дотор картын бүртгэлийг хийж дуусгах, НМТГ, НОБГ, НМХГ болон төвийн зургаан дүүргийн Засаг дарга, хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч нар хамтран борлуулалтын цэгүүдэд ажиллаж арга зүйн мэдээлэл зөвлөгөө өгөх, хэрэглээ нийлүүлэлтийг хангаж ажиллах”-ыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлтийн талаарх мэдээллийг нийслэлийн Засаг даргын Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч С.Отгонсүх танилцуулав. “Өнөөдрийн байдлаар 396 цэг дээр 200 гаруй тээврийн хэрэгслээр хүргэлт хийж байна. Хүйтний эрч чангарч байгаа учраас борлуулалтын цэг бүрийг 20 тонноос багагүй нөөцтэй байлгах шаардлагатай. Тиймээс Энканто болон Амгалан дулааны станцын нөөцөөс дундын цэгүүдэд тарааж баймаар байна” гэж С.Отгонсүх хэлээд “Тавантолгой түлш компани тээвэрлэлт нийлүүлэлт дээр тооцоо нийлэх ажил удаашралтай байна. Энэ тал дээр яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй байна” гэлээ. “Тавантолгой түлш” компанийн зүгээс уг асуудалд анхаарал хандуулан ажиллаж байгаа, борлуулагч нарын цалин урамшууллыг олгоход асуудал тулгараагүй гэв.
Түүхий нүүрсний хэрэглээнд хяналт шалгалт хийж буй талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун танилцуулсан. “Нийслэл рүү нэвтрэх шалган нэвтрүүлэх 8 товчоо, Улаанбаатар хотын 154 хороо, Таван толгой түлш компанийн ажлын байранд 24 цагаар мэргэжлийн хяналтын байгууллагын 113, ЦЕГ-ын 43, нийслэлийн Онцгой байдлын 18 нийт 179 албан хаагч бүхий бие бүрэлдэхүүн байнгын хяналт хийж байна” гэлээ.

Энэ оны 5 дугаар сарын 15-наас хойш Эмээлт, Баруун туруун, Өлзийтийн шалган нэвтрүүлэх товчоо, Гачуурт, Гүнтийн даваа, Хонхор, Морингийн даваа, Өлзийт-2 гэх хяналтын цэгээр нийт 3542.6 тн түүхий нүүрсийг тээвэрлэж байсан иргэн аж ахуйн нэгжийг илрүүлж холбогдох арга хэмжээ авчээ. Мөн улсын байцаагчийн актаар 184.8 тн түүхий нүүрсийг хураан Амгалан дулааны станцид хүлээлгэн өгчээ. Шалган нэвтрүүлэх товчоо болон хяналтын цэгүүдэд гарч байгаа ихэнх зөрчил нь Улаанбаатар хотоос хөдөө орон нутаг руу сайжруулсан түлш тээвэрлэх, түүхийн нүүрсийг их бага хэмжээгээр нууж хот руу оруулахыг завдах аж. Өнөөдрийн байдлаар төвийн зургаан дүүргийн 30 хорооны 64 байршилд 91.8 тонн түүхий нүүрс хэрэглэж байсныг илрүүлж, 19.2 сая төгрөгийн мөнгөн торгуулийн арга хэмжээ авчээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн нийслэлийн хэмжээнд онцгой дэглэм тогтоож өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж ажиллаж байгаа энэ үед дүүрэг хороодын Засаг дарга нар хариуцлагатай ажиллах хэрэгтэйг сануулаад дүүрэг бүр шуурхай штаб байгуулж ажиллахыг хүслээ.
Хуралдааны төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Онцгой комиссын хуралдаанд оролцдоггүй дүүргийн Засаг дарга нарт хатуу арга хэмжээ авна” хэмээгээд “Бүртгэлгүй картыг идэвхжүүлэх ажлыг эрчимжүүлж 12 дугаар сарын 01-нээс эхлэн сайжруулсан түлшийг картгүйгээр борлуулалт хийхгүй байх, Тавантолгой түлш компани төлбөр тооцоо, түгээгч, борлуулагчдын цалин хөлсийг тухай бүрт өгөх, дүүрэг хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нар түүхий нүүрсний хяналтыг сайжруулах, хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, тайланг долоо хоног бүр танилцуулж байх” зэрэг үүрэг даалгаврыг холбогдох албан тушаалтнуудад өглөө.
Шударга мэдээ
ЦЕГ: Гадаад улсын виз гаргуулахтай холбоотой 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна
Цагдаагийн байгууллагад 2026 он гарснаас хойш гадаад улсын виз гаргуулахтай холбоотой нийт 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагаас зөвхөн “Бүгд найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж иргэдийг залилсан 102 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг зөвхөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар албан ёсоор бүртгэж, сонгон шалгаруулалт зохион байгуулан илгээдэг.
Тус байгууллага нь Е-9 визийн ангиллаар БНСУ-ын аж үйлдвэрийн салбарт ажиллах иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл, сонгон шалгаруулалт, үр дүнгийн мэдээллийг албан ёсны сувгуудаар хүргэдэг бөгөөд энэ төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх цорын ганц эрх бүхий байгууллага юм.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр /Е-9 визийн ангилал/ аж үйлдвэрийн салбарт ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг 2026 оны гуравдугаар сард зохион байгуулж эхэлсэн. Залилагч этгээдүүд "Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт ажилладаг", "Найдвартай виз гаргаж өгнө", "Дараалал харгалзахгүй явуулна" гэх мэт худал мэдээлэл тараан иргэдийг хуурч, их хэмжээний мөнгө залилан авах гэмт хэрэг гарсаар байгаа аж.
Энэхүү гэмт хэрэг нь жил бүрийн хавар, намрын бүртгэлийн үеүдэд идэвхэжсэн юм байна. Иймд иргэд та бүхэн БНСУ-ын хөдөлмөрийн гэрээт ажилтны бүртгэл, шалгалттай холбоотой мэдээллийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас авах, танил талаар дамжуулан виз гаргаж өгнө, шалгалтгүй явуулна гэсэн амлалтад итгэхгүй байх, урьдчилгаа төлбөр, үйлчилгээний хураамж нэрээр мөнгө шилжүүлэхээс татгалзах, сэжигтэй зар мэдээлэл, залилангийн шинжтэй үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэхийг зөвлөлөө.
Шударга мэдээ
Боловсролын зээлийн сангийн зээлээс 10.2 тэрбум төгрөг эргэн төлөгджээ
Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор “Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сангаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүд хууль бусаар тэтгэлэг авч, эргэн төлөөгүй” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг шалгах ажлын хэсэг байгуулсан байна.
Ажлын хэсгээс хэрэг бүртгэлтийн 11, мөрдөн байцаалтын 2 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Үүнээс хэрэг бүртгэлтийн 1 хэргийг хааж, 1 хэргийг нэгтгэн, мөрдөн байцаалтын 1 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
Одоогоор Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд хэрэг бүртгэлтийн 1, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 8 хэрэг шалгагдаж байгаа аж. Мөн яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай ирүүлсэн 1 хэрэг прокурорын хяналтын шатанд хянагдаж байна.
Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт 694 суралцагчаас 3,054,210 ам.долларын гадаад зээлийн эргэн төлөлт хийгджээ. Энэ нь одоогийн ханшаар 10.2 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.
Шударга мэдээ
Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо
Боловсролын сайд Л.Энх-Амгалан Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын дарга, сайд Маркус Лайтнерыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Өнгөрсөн хугацаанд Швейцарын Холбооны Улстай тогтвортой хөгжлийн боловсрол, мэргэжлийн боловсрол, сургалтын чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирснийг уулзалтын үеэр онцлон дурдлаа.
Цаашид мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт түлхүү хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхээр болов.
Мөн Швейцарын Холбооны Улсын хэрэгжүүлдэг хүртээмжтэй боловсролын бодлогоос туршлага судлах зэрэг чиглэлээр талууд санал солилцлоо.
-
Цаг үе2021/12/27
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно
-
Шударга мэдээ2022/06/10
Н.Түвшинбаярт 16 жилийн хорих ял оногдууллаа
-
Цаг үе2020/11/30
Өнөөдөр баруун аймгуудын нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ
-
Цаг үе2024/07/25
Хасбаатарын гудамжны авто замыг хааж засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ
