Бидэнтэй нэгдэх

Урлаг спорт

Ц.Жамбалдорж: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь тогтвортой хөгжлийг хурдасгах хөшүүрэг гэдгийг энэ удаагийн чуулганаар хэлэлцэнэ

Огноо:

,

Монгол Улсын Их Хурал, Стэнфордын их сургууль, Бан Ги Мүн сан, БНСУ-ын Эва Эмэгтэйчүүдийн Их сургуультай хамтран “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Жендерийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалтыг 2023 оны 6 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэж байна.

Энэхүү уулзалтын талаар УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Жамбалдоржоос тодрууллаа.

-Та энэхүү чуулга уулзалтын тухай ерөнхий мэдээллээ өгнө үү?

-НҮБ-ын бүх гишүүн орнууд Тогтвортой хөгжлийн төлөө  2030 он хүртэл ажиллах  мөрийн хөтөлбөр буюу Тогтвортой хөгжлийн зорилгуудыг 2015 онд Ерөнхий ассамблейн 70-р чуулганаар баталсан. Үндсэндээ Шинэ мянганы эхэн дээр зарлаж байсан Мянганы хөгжлийн зорилтуудын үргэлжлэл болгож энэ хөтөлбөрийг баталсан. НҮБ-ын гишүүн 193 улс хамтран дэлхий даяар хамгийн өргөн хүрээг хамарсан зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулж, ирэх 15 жилийн хугацаанд буюу 2030 он гэхэд улс орнууд хамтдаа хөгжилд хүрэхийн төлөөх зорилтуудаа тодорхойлсон юм.  Ядуурлыг арилгахаас эхлээд зорилгуудаа хэрэгжүүлэх хамтын ажиллагаа хүртэлх нийт 17 зорилгыг ямар нэгэн эрэмбэ дараалалгүйгээр зарласан байдаг. Монгол Улс мөн ялгаагүй тогтвортой хөгжлийн зорилгуудаа тодорхойлж, дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд тасралтгүй ажиллаж байна. 2016 онд Монголын тогтвортой хөгжлийн зорилгуудыг баталсан байдаг.

Энэ зорилгуудыг хэрэгжүүлэхэд зөвхөн төр засгийн түвшинд ярилцаж, үүрэг хүлээх биш иргэн бүр, аж ахуй нэгжүүд, ТББ-ууд, эрдэмтэн судлаачид, институтууд гээд бүхий л оролцогч талуудын хүчин чармайлт, оролцоо нэн чухал гэдгийг хэлсээр ирсэн. Энэ ч утгаараа дэлхийд нэр хүндтэй Стэнфордын их сургууль тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад дэмжлэг үзүүлэх, хүрэх үйл явцыг түргэтгэх ажилд хувь нэмрээ оруулсаар ирсэн. Энэ агуулгын хүрээнд өнгөрсөн онд “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалтыг Бан Гы Мун сантай хамтран БНСУ-д зохион байгуулсан. Тус чуулга уулзалтад Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга Х.Булгантуяа нар   үндсэн илтгэгчээр оролцож байсан. Харин энэ жилийн Азийн бүсийн тогтвортой байдлын яриа хэлэлцээг УБ хотноо энэ сарын 13-14 өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

-“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Жендерийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” хэмээн энэ удаагийн чуулга уулзалтын сэдвийг сонгосон байна. Энэ тухай тайлбарлаж өгнө үү?

-Өнгөрсөн жилийн БНСУ-д болсон “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалт уур амьсгалын өөрлөлтийн эсрэг хүрээлэн буй орчинд ээлтэй шийдлүүд боловсруулах, залуу үеийнхний оролцоо гэсэн агуулгын хүрээнд өрнөсөн бол энэ жилийн чуулга уулзалт зохион байгуулж буй бүс нутгийн онцлог, оролцох улс орнуудын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнээс шалтгаалан хэлэлцэх сэдэв, чуулга уулзалтын зорилтоо тодорхойлж байгаа юм. Тэр дундаа Тогтвортой хөгжлийн зорилгын 5-р зорилго болох жендэрийн эрх тэгш байдлыг хангах агуулгыг онцолж, тогтвортой хөгжлийг хурдасгах хөшүүрэг гэж энэ удаагийн чуулганаар тухайлан хэлэлцэх болно.   

Өөрөөр хэлбэл, тогтвортой нийгэм, ирээдүйг бүтээхэд жендерийн эрх тэгш байдлыг хангах нь хөгжлийн ахиц дэвшлийн хөдөлгөгч хүч гэж үзэж байна. Дэлхийн олон улс оронд  жендерт суурилсан хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт байсаар байна. Монгол Улсад шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдийн оролцоог хангах талаар байр суурь хүчтэй яригдаж байна. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөлд нэр дэвшигчдийн жагсаалтад эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлэх бодлогыг улстөрийн намууд баримталж байгаа. Энэ бүх тохироо нөхцөл бүрэлдсэн цаг үед олон улсын чуулга уулзалтыг яг энэ сэдвийн дагуу зохион байгуулж байгаа нь чухал ач холбогдолтой юм. Улс орнууд тогтвортой хөгжлийг эрэлхийлж байгаа бол эмэгтэйчүүдийн манлайллын замналд ахиц дэвшил гаргах хэрэгтэй гэж үзэж байна. Тиймээс олон улсын төвшинд нэр хүндтэй нөлөө бүхий илтгэгчид дээд боловсролын салбар болон төрийн түвшинд жендерийн эрх тэгш байдлыг хангахад тулгараад буй саад бэрхшээл, охид, эмэгтэйчүүдийг дэмжих ажлыг түргэвчлэх бодлогын шийдлүүдийг судлан ярилцана.

Үүний зэрэгцээ  Алтай судлалын олон улсын чиг хандлагын талаар салбар хуралдаан болж, Алтай дамнасан орнуудын соёл, түүх, уламжлал, тогтвортой хамтын ажиллагаа, түншлэлийн талаар хэлэлцэнэ.

-Чуулга уулзалтад хүрэлцэн ирэх хүндэт зочдыг танилцуулахгүй юу?

-БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Ким Ён Жү, “Бан Ги Мүн” сангийн тэргүүн, НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, АНУ-ын Стэнфордын Их сургуулийн Ази-Номхон далайн Судалгааны төвийн захирал Жи Вүк Шин болон БНСУ-ын Эва эмэгтэйчүүдийн Их сургуулийн ерөнхийлөгч Юн Ми Ким, Түрэг улс орнуудын парламентын ассамблейн Ерөнхий нарийн бичгийн дарга Мэхмэт Сурейя Эр нарын нийт 10 орны 52 нэр хүндтэй зочид хүрэлцэн ирнэ. Олон улсын төвшинд нэр хүндтэй нөлөө бүхий илтгэгчид дээд боловсролын салбар болон төрийн түвшинд жендерийн эрх тэгш байдлыг хангахад тулгараад буй саад бэрхшээл, охид, эмэгтэйчүүдийг дэмжих ажлыг түргэвчлэх бодлогын шийдлүүдийг судлан ярилцана.

-Итгэлийн сэдвүүдийн талаар товч танилцуулбал?

-Чуулга уулзалтын 13-ны өдөр гол илтгэлүүд тавигдаж хэлэлцүүлгүүд өрнөнө.  Тухайлбал, Стэнфордын Их сургуулийн Боловсролын дэд профессор, магистрын хөтөлбөрийн захирал Кристин Мин Вотипка боловсролын салбар дахь жендерийн тэгш байдал сэдэвт хэлэлцүүлэгт оролцож илтгэл тавина. Мөн Эва Их сургуулийн Эмэгтэйчүүд судлалын төвийн профессор Юун Шил Ким тогтвортой хөгжил, жендерийн тэгш байдал хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр ажиллана. Чуулга уулзалтад хүрэлцэн ирсэн Стэнфордын Их сургуулийн нэр хүнд бүхий эрдэмтэн судлаачид болон бусад улс орнуудын эрдэмтэд Жендерт суурилсан хүчирхийлэл, Хөдөлмөрийн зах зээл дэх жендерийн тэгш байдал сэдэвт хэлэлцүүлгүүдэд оролцож илтгэгч, чиглүүлэгчээр оролцох юм. Энэ бүхнээс бодлогын шийдлүүдийг гаргах нь чуулганы эцсийн зорилго юм. Манай улстөрийн намууд, иргэний нийгэм,  төрийн байгууллага, олон улсын байгууллагын  төлөөлөл болон Элчин сайдууд, Алтай судлалын эрдэмтэд зэрэг гадна, дотны 200 гаруй хүн оролцоно гэж төлөвлөж байна.

Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Урлаг спорт

Хөгжлийн бэрхшээлтэй залуус явган аялал хийж байна

Огноо:

,

Хөгжлийн бэрхшээлтэй залуус өөрсдийг нь дэмждэг сайн дурын хүмүүстэй хамтран Улаанбаатар, Сэлэнгэ, Орхон, Хөвсгөл аймагт явган алхах нөлөөллийн аяныг нийслэл хотоос 2025 зургаадугаар сарын 13-наас эхлүүллээ.
 
Аялал нийт 12 хоног үргэлжилж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан амьдрах эрх, хувийн туслах үйлчилгээ, хүн бүрд хүртээмжтэй орчин, тэгш хамруулах боловсрол зэрэг асуудлыг хөндөж, түүний хэрэгцээ шаардлагыг олон нийтэд таниулж, уриалах зорилготой юм.
 
“MONGOLIA TRY-2025” аяллыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, “Түгээмэл хөгжил” ТББ хамтран зохион байгуулж байна.
 
Олон улсын туршлагаас үзвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдийн дуу хоолойгоо нийгэмд хүргэж, төрөл бүрийн нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулж, өөрчлөлтийг бодит болгодог.
 
Энэ жишгээр “Түгээмэл хөгжил” төвөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээ шаардлагыг эергээр таниулан сурталчлах, зөвлөн туслах, үлгэрлэн харуулах зорилгоор залуучуудын оролцоонд тулгуурласан нөлөөллийн аяныг 2015 оноос хойш зохион байгуулж байна.
 
“MONGOLIA TRY-2025” нөлөөллийн аялалд Улаанбаатар хот болон хөдөө орон нутаг, Япон улсын төлөөллөөс бүрдсэн хөгжлийн бэрхшээлтэй 18, сайн дурын туслах 20 нийт 38 хүн оролцож байна гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.  
Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Даншиг наадам энэ сарын 27-29-нд болно

Огноо:

,

НЗДТГ, нийслэлийн Аялал жуулчлалын газар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран “Даншиг наадам-Хүрээ цам 2025” шашин соёлын наадмыг зургаадугаар сарын 27-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна.

Даншиг нь Монголын соёл, шашны зан үйл, өв уламжлалыг хадгалсан, өвөрмөц онцлогтой наадам бөгөөд аялал жуулчлалыг хөгжүүлж, олон улсын жуулчдыг татах өндөр ач холбогдолтой юм.

Энэ жил уг наадмыг анх удаа нийслэл хотын иргэдийн баяр болгон зохион байгуулж байгаагаараа онцлогтой. Тус наадмыг Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уул болох Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрхныг тахих ёслолоор зургаадугаар сарын 27-ны өдөр эхлүүлнэ. Мөн энэ үеэр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сүм хийдүүд цан хэнгэргээ дуугарган, ард иргэдийн сайн сайхны төлөөх хурал ном хурж, буян үйлдэн, сайн үйлсийн ажил зохион байгуулах юм.  

Түүнчлэн уг наадмын үеэр лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн зохиогддог бөгөөд Даншигийн цуваа, Сүнчэ айлдвар, Очирвааны тахилга, Чингис хааны сан, цам харайх, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин соёлын олон арга хэмжээ болно. Мөн хүчит бөхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, сээр цохих тэмцээн, шагайн болон сур харвааны наадам болохоос гадна жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, монгол хувцасны үзүүлбэр, есөн дүүргийн Ардын авьяастнуудын тоглолт, Улаанбаатар театрын “Монгол туургатан” уран бүтээлээ толилуулна.

Даншиг наадам нь анх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй бөгөөд Монголын шашин соёлын томоохон арга хэмжээ юм. Бурхны шашны бага таван ухааны бүжиглэлийн ухаанд багтах цам нь Даншиг наадмын гол онцлог. Цамын үеэр Очирваань бурхан болон цагаан өвгөн, мөн нийслэл хотыг хүрээлэх дөрвөн дагшин уулын эзэд болох хангарди, гахай, нохой, хөх өвгөн болон бусад дүрд хувирсан 120 гаруй цамчин баг өмсгөл, ур хийц уран нарийн, гоёмсог чимэг зүүлт, барьц хэрэгслээрээ гоён, гар, хөл, биеийн хөдөлгөөнөөр дотоод сэтгэлийн бясалгалыг илэрхийлэн, хортон дайсан, ад зэтгэрийг даран сөнөөж буй хөдөлгөөнүүдийг уран яруугаар үзүүлдэг.

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

“УИХ-ын цом 2025” спортын тэмцээн эхэллээ

Огноо:

,

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “УИХ-ын цом 2025” шилжин явах цомын төлөөх тэмцээн энэ сарын 24-ний өдөр эхэлсэн байна.

Улсын Их Хурал, түүний Тамгын газар болон Улсын Их Хуралд ажлаа шууд тайлагнадаг байгууллагын ажилтан, албан хаагчдын бие бялдарыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготойгоор жил бүр зохион байгуулагддаг энэхүү арга хэмжээг Санхүүгийн зохицуулах хороо 2025 онд зохион байгуулж байна. Тэмцээн таван төрлөөр явагдах бөгөөд нийт 13 байгууллагын 600 орчим тамирчин оролцож байна.

Тэмцээнд оролцож буй байгууллагуудын баг, тамирчид шатар, ширээний теннис, буудлага, волейбол, сагсан бөмбөг гэсэн таван төрлийн спортоор хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, шилдгүүдээ тодруулах юм.

Тэмцээнийг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж нээж, Улсын Их Хурлын гишүүд, тэмцээнд оролцогч байгууллагуудын удирдлагууд оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох