Цаг үе
Хүүхдийн бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх “STEAM” тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүнийг хүлээлгэн өгөв
Сургалтын хөтөлбөрийг шинэчлэх менежментийн циклийн дагуу 2023-2024 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийг шинэчлэх бэлтгэл ажлын хүрээнд бага насны хүүхдийн ирээдүйд шаардагдах бүтээлч ур чадварыг хөгжүүлэх, шинэ үеийн хүүхдийн хөгжлийн хэрэгцээнд нийцэх тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангах арга хэмжээг салбарын яамнаас үе шаттай авч хэрэгжүүлж байна.
2023 онд улсын хэмжээнд 197 бэлтгэл бүлгийг тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангасан бол энэ удаад хүүхдийн бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх STEAM тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүнийг 20 цэцэрлэгт хүлээлгэн өглөө.
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын удирдах ажилтны менежментийн ур чадварыг сайжруулах, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын менежментийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх нь” сургалтыг БШУЯ, “Шимт боловсрол” ХХК хамтран зохион байгуулсан. Сургуулийн өмнөх боловсролын менежментийг туршин хэрэгжүүлж буй 21 аймгийн зарим цэцэрлэгийн эрхлэгчид болон салбар байгууллагын мэргэжилтнүүд уг сургалтад хамрагджээ.
Удирдлагын ур чадвар, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын менежментийг сайжруулахад тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх гарц, STEAM сургалтын хэрэглэгдэхүүний ач холбогдол, үр дүнтэй ашиглаж буй туршлага болоод сургалтад ашиглах арга зүйн талаар уг сургалтын үеэр ярилцаж туршлага солилцсон юм.
Уг сургалтад БШУ-ны сайд Л.Энх-Амгалан оролцож салбарын үйл ажиллагаатай холбоотой ярилцлага өрнүүлж дээр өгүүлсэн сургуулийн өмнөх байгууллагын менежментийг сайжруулах аргачлалыг туршиж буй цэцэрлэгүүдэд хүүхдийн бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх STEAM тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүнийг гардуулан өгсөн юм.
“Сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрийн шинэчлэл”-ийн хүрээнд цэцэрлэгүүдэд өгч буй энэхүү бүтээгдэхүүн нь сургуулийн өмнөх боловсролын байгууллага /СӨББ/-ийн суралцагчдад зориулагдсан насны ангилал /3, 4, 5/ тус бүрт 32, нийт 96 загвар бүхий хичээлтэй, багш, сурагчийн гарын авлага, эцэг эх-асран хамгаалагчтай харилцах дэвтэр бүхий агуулга, арга зүй, хэрэглэгдэхүүнээс бүрдэх “цогц шийдэл” юм байна. Мөн хичээлд нэгэн зэрэг 30-40 хүүхэд хичээллэх иж бүрэн хэрэглэгдэхүүнтэй, 10,000+ ширхэг эд ангиас бүрдэх, тавиур хайрцагтай сургалтын хэрэглэгдэхүүн бөгөөд эрүүл ахуйн чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн ажээ гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.
Цаг үе
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-д хийж байгаа ажлын айлчлалын хүрээнд Онцгой байдлын удирдлагын сайд Жан Чэнжунтай албан уулзалт хийлээ.
Уулзалтаар Шадар сайд Н.Номтойбаяр хоёр улсын Онцгой байдлын салбар гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2021 онд Гамшигтай тэмцэх санамж бичиг, 2022 онд Хил орчмын ой хээрийн түймэртэй тэмцэх хэлэлцээрийг тус тус байгуулсан бөгөөд уг гэрээ хэлцлийг шинэ түвшинд гаргах нь чухал гэдгийг онцлов. Тодруулбал, Хятадын баруун хойд хязгаартай хиллэдэг Монгол Улсын баруун бүс нутагт газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж буй, зүүн хязгаар бүсэд хуурайшилтын улмаас ой хээрийн түймрийн давтамж их байгаа тул учраас хил орчмын бүс нутагт хоёр орны онцгой байдлын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх шаардлагатай байгааг тодотголоо.
Түүнчлэн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэхэд ашиглаж буй Хятадын дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж, хиймэл оюун ухаан, сансрын технологийн ашиглалт зэргийг судалж, худалдан авах талаар Шадар сайд Н.Номтойбаяр онцолж байна.
Тэрбээр, БНХАУ-ын Ус, цаг уурын орчны хүрээлэнд хэрэглэж буй гамшгийн мэдээллийн систем, радар болон онцгой байдлын салбарт ашиглаж буй дэвшилтэт, орчин үеийн технологи, тоног төхөөрөмжийг манай улс нэвтрүүлснээр бүс нутгийн хэмжээнд гамшгаас хамгаалах нөхцөл бүрдэнэ гэв. Мөн онцгой байдал, ус, цаг уурын алба хаагчдыг БНХАУ-д чадавхжуулах, сургах, удирдлага менежментийн арга барилыг мэргэжлийн түвшинд бэлтгэх чиглэлээр санал дэвшүүллээ.
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын сайд Жан хоёр улсын онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг Монгол Улс, БНХАУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны гол амжилтын нэг нь болгохыг хүсэж буйгаа онцлон тэмдэглэлээ.
Тэрбээр, Хятад Улс гамшигтай тэмцэх, гамшиг бууруулах, аюулгүй үйлдвэрлэл болон аврах ажиллагааны хөтөлбөрийн дагуу өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд гамшиг, ослын тоо, гарз хохирол 36-39 хувиар буурсан бөгөөд Монгол Улстай хил орчмын бүс нутгийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах чиглэлээр ажиллах бүрэн боломжтой хэмээв.
Хоёр орны онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаар хэрэгжүүлэх нэгдсэн үйл ажиллагааны хөтөлбөрийг нэн даруй боловсруулж, хэрэгжүүлэх ажлын жагсаалт гарган хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Мөн аврах ажиллагаа, дроны сургалт явуулах, Монгол Улсын онцгой байдлын алба хаагчдад гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр өөрсдийн ашиглаж буй дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжүүдийг танилцуулах, сургалт явуулахад хамтран ажиллаж, харилцаагаа өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

Цаг үе
Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөж байна
Шувууны томуу нь хүн болон амьтны эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй халдварт өвчин юм.
Иргэн бүр эрсдэлээс урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх нь чухал.
-Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байх
-Эрсдэлтэй бүс нутагт зорчихоос зайлсхийх
-Шувууны гаралтай түүхий бүтээгдэхүүнтэй харьцсаны дараа гараа сайтар угаах
-Шувууны аж ахуй, худалдааны газраар шаардлагагүй тохиолдолд зорчихгүй байхыг ЗӨСҮТ-өөс мэдээллээ.

Цаг үе
Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
Улсын хэмжээнд энэ төрлийн 174 хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагийн 163 буюу 93.7 хувь нь Нийслэл, дүүргийн, 11 буюу 6.3 хувь нь орон нутгийн прокурорын газрын хяналтад тус тус шалгагдаж байна.
Мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа 32 хэрэгт 1,283 хүнийг хохирогчоор тогтоож, 52 хүнийг яллагдагчаар татаж, 545,5 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, мөн хохирол нөхөн төлүүлэх зорилгоор 7,2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 490 сая төгрөгийн үнийн дүн бүхий эд хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээ аваад байна.
Хэргийн 93.7 хувь нь Нийслэлийн нутаг дэвсгэрт шалгагдаж байгаатай холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас ажлын хэсэг байгуулж, хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэх чиглэлээр прокурор болон мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллахаар болжээ.
Тодруулахад, 2024-2026 онуудад орон сууц худалдах, худалдан авах, түрээслэх нэрийдлээр бусдыг залилсантай холбоотой хэрэгт 10 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 44,6 тэрбум төгрөгийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч, 227,8 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилж хөрөнгө хамгаалах арга хэмжээ авсан байна.
Мөн 170 хэрэгт 3,651 хүнийг хохирогчоор тогтоож, 301 хүнийг яллагдагчаар татаж прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.
-
Цаг үе2025/11/20
Цахим залилангийн гэмт хэргийг бууруулах нэгдсэн арга хэмжээ эхэллээ
-
Улстөр нийгэм2020/12/11
“COVID-19”-ын нөхцөл байдлын хэвлэлийн бага хурал /2020.12.11-ний 11...
-
Улстөр нийгэм2021/01/03
УОК, ЗГ хөл хорио сунгах эсэхийг шийднэ
-
Улстөр нийгэм2021/02/19
Чингэлтэй дүүргийн иргэд өнөөдөр “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд хамра...
