Улстөр нийгэм
С.Амарсайхан: “Нэг улс-Нэгдсэн стандарт” үндэсний хөдөлгөөнийг орон даяар эхлүүлээд байна

Төрийн ордонд зохион байгуулагдсан “Эрсдэлийн үндэсний форумд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Эрсдэлтэй орчин ба Монгол хүн”, НҮБ-ын Суурин зохицуулагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Эваристе Коуасси-Комлан “Эрсдэлийн удирдлага ба тогтвортой байдал”, Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа “Нийгмийн эрсдэл ба нөлөөлөх хүчин зүйлс”, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян “Гамшгийн эрсдэлийн өсөлт”, Мандал санхүүгийн нэгдлийн Чэйрман Ө.Ганзориг “Эрсдэлийн менежмент” сэдвээр тус тус илтгэл танилцууллаа.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан танилцуулсан илтгэлдээ “Энэ удаагийн форумыг “Эрсдэл ба Стандарт” сэдвийн хүрээнд зохион байгуулж байгаа болохыг онцлоод “Өнөөгийн Улаанбаатар хот нь стандарт алдагдсаны тод жишээ бөгөөд тухайн улсын нийт хүн амын 7-14 хувь нь нийслэлдээ оршин суудаг бол үүнийг стандарт хэмжээ гэж үздэг. Гэтэл Монгол Улсын нийт хүн амын 50 хувь нь нийслэл хотдоо амьдардаг. Энэхүү үзүүлэлт нь стандарт хэмжээнээс даруй 3.5-7 дахин их байна гэсэн үг. Стандарт бол нэг агентлагийн эсвэл нэг салбарын асуудал биш. Нийт улс орны эрх ашиг, ард иргэдийн аюулгүй байдлыг хангах чухал эд эс нь юм. Хаана стандарт бодитоор хэрэгжиж мөрдөгдөнө, тэнд амар тайван амьдрал, хөгжил дэвшил цэцэглэнэ. Хүн амын амьдралын чанар сайжирна. Харин хаана стандарт алдагдана, тэнд аюулын харанга дэлдэж, ажилгүйдэл ядуурал нэмэгдэж, хөгжил боомилогдож байдаг. Товчхондоо, Стандарт бол харилцан итгэлцэл, хариуцлагатай гүйцэтгэл, хяналт, үр дүнд суурилсан тогтвортой хөгжлийн үндэс. Монгол Улс 6000 гаруй стандарттай. Энэ бага тоо биш. Зөвхөн эрүүл мэндийн салбарт гэхэд хэрэгждэг, хэрэгждэггүй 700 гаруй стандарттай. Эдгээр стандартаа шат шатандаа мөрдөж хэвшье, заримыг нь шинэчилж цэгцэлье, орчин цагийн чиг хандлагатай уялдуулан илүү боловсронгуй болгоё гэдэг асуудлыг би Хотын дарга байхаасаа хөндөж ярьж эхэлсэн. Одоо Шадар сайдын хувьд, гамшгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хувьд салбар бүрт стандарт мөрдөж хэвшүүлэх тал дээр илүү бодит үр дүн гаргахыг зорьж, “Стандарт ба хөгжил” үндэсний хөтөлбөрийг боловсруулж, батлан хэрэгжүүлэх хүрээнд “Нэг улс-Нэгдсэн стандарт” үндэсний хөдөлгөөнийг орон даяар эхлүүлээд байна” гэлээ.
Улстөр нийгэм
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт нэгдэв
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газар нэгдэн орсныг баталж, Засгийн газрыг төлөөлөн харилцах байгууллагаар Эрчим хүчний яамыг томиллоо.
Олон улсын нарны эрчим хүчний холбоо нь 2015 онд байгуулагдсан. Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төвтэй төрийн бус байгууллага юм.
Тус байгууллага нь Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн үйл ажиллагаатай давхцахгүй, нарны эрчим хүчний нөөц ихтэй улс орнуудад тулгамдсан асуудлыг хамтран шийдэх, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт санхүүгийн эх үүсвэр бий болгоход дэмжлэг үзүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой ажээ. Энэхүү холбоонд нэгдсэнээр бүс нутгийн сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг дэмжих, үйлдвэрийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэх, хүлэмжийн хийг бууруулах зэрэг давуу талтай юм.
Улстөр нийгэм
ЗГ: Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн санхүүжилтийг шийдвэрлэв
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн гурван өртөө, дөрвөн зөрлөгтэй 87.2 км салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажилд дотоодын 63 аж ахуй нэгж, байгууллагын 2748 инженер, техникийн ажилтнууд ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар доод бүтцийн газар шорооны ажил 93,5, ус дамжуулаххоолойн ажил 81,4, гүүр барих ажил 84 хувийн гүйцэтгэлтэй байна.
Тус төслийн нэгдүгээр шатны бүтээн байгуулалтын ажлын санхүүжилт 850.4 тэрбум төгрөг байхаар баталсан бөгөөд үүнээс гүйцэтгэлийн төлбөрт 156.2 тэрбум төгрөг шилжүүлжээ. Үлдэгдэл санхүүжилтийг Олон улсын санхүүгийн корпорац (IFC)-тай хамтран шийдвэрлэхээр ажиллаж байгаа бөгөөд санхүүжилт шийдвэрлэгдэх хүртэл дотоодын зах зээлээс 300 тэрбум төгрөгийн санхүүжилтийн бонд гарган хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгаж, “Төмөр замын барилгын ажлын төслийн санхүүжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг баталлаа. Энэхүү санхүүжилтийг шийдвэрлэснээр төсөл амжилттай хэрэгжих нөхцөл бүрдэнэ.
Улстөр нийгэм
Дулаан хангамжийн 11 Г, Д гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөж, шинэчлэв
Улаанбаатар хотын гол магистраль 11 Г, Д шугамыг 1984 онд ашиглалтад оруулж байсан бөгөөд дулаан хангамжийн 30 хувийг дангаар бүрдүүлдэг.
Тус шугамыг 2024 оноос эхлэн хэсэгчлэн өргөтгөж байгаа юм.
Тодруулбал, 2024 онд Саппорогийн уулзвараас 25 дугаар эмийн сан хүртэлх 1.6 км хос шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон шинэчилсэн.
Харин энэ онд 25 дугаар эмийн сангаас төмөр замын "BSB" цахилгаан барааны дэлгүүр хүртэл 750 метрийг шинэчлэв.
Ингэхдээ хонгилын систем буюу туннелтэй болгож буй. Ингэснээр дараа нь засвар үйлчилгээ хийхдээ авто зам сэтлэхгүйгээр дотор нь орж засах боломжтой юм.
Тус 11 Г, Д магистралийг өргөтгөн шинэчилснээр дамжуулах сүлжээний гол магистраль шугамын нэвтрүүлэх чадвар 800 тн/ц-аар нэмэгдэж, хотын төв, Цирк, Бага тойруу, Төв номын сан, Багшийн дээд, 13-р хороолол орчмын хэрэглэгчдийн дулаан хангамж сайжрах ач холбогдолтой юм.
Мөн дулаан дамжуулах сүлжээний алдагдал 5-15 хувиар буурна.
-
Шударга мэдээ2022/11/18
Орон сууцны барилга барих гэж байсан газрыг нийтийн эдэлбэрт бүртгэхээр боллоо
-
Шударга мэдээ2024/05/29
Гэр орноосоо дайжсан хүүхдүүдийн ихэнх нь охид байна
-
Улстөр нийгэм2019/09/13
Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулганаар...
-
Улстөр нийгэм2021/03/11
Ашиггүй ажиллаж байгаа төрийн өмчит компаниудад өөрчлөлт хийнэ