Шударга мэдээ
Г.Тэмүүлэн: Татварын цогц шинэчлэлээр дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжинэ
Татварын цогц шинэчлэлийн эхлэлийг иргэд, ААН-үүдээс ирсэн саналд үндэслэн хийснээр бодитой үр дүнд хүрнэ гэж УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн мэдэгдлээ. Энэ хүрээнд эхний ээлжинд ААН-үүдэд хүндрэл учруулж байгаа хуулиас давсан дүрэм, журам, стандартуудыг цэгцэлж шийдэхээр ажиллаж байна. Мөн дотоодын үйлдвэрлэгчдээ татварын зөв бодлого, хөшүүргээр дэмжих нь ажлын байрыг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлнэ гэдгийг 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр “Баялаг тахиа” ХХК-ийн үйлдвэртэй танилцах үеэрээ онцлов. ААН-үүдийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж, татварын шинэчлэлд саналыг нь тусгах зорилгоор УИХ-аас дотоодын үйлдвэрүүдэд ажиллаж байна.
Сард 240 мянган тахиа үржүүлэх хүчин чадалтай иж бүрэн автомат үйлдвэр дотоодын тахианы махны зах зээлийн 10 хүртэл хувийг хангах боломжтой бөгөөд 150 тогтмол ажлын байр шинээр бий болгосон гэж “Баялаг тахиа” ХХК-ийн удирдлагууд танилцуулав. Мөн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх тооцоо судалгаа, шийдлүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, цаашид үйлдвэрлэлийн хүчин чадлаа тав дахин нэмэгдүүлж дотоодын тахианы махны хэрэглээний 50 хувийг хангах боломжтой гэсэн тооцоог танилцуулав.
Түүнчлэн татварын орчин дахь шударга бус байдлыг арилгах, үйлдвэрлэгчдэд ирж байгаа НӨАТ, татварын ачаалал, дарамтыг бууруулах шаардлагатай байгааг “Баялаг тахиа” ХХК-ийн ерөнхий захирал Д.Ангар хэлж байлаа.
Тэрээр, НӨАТ-ын шударга бус тогтолцоо, импортын хэт бага тариф баялаг бүтээгчдийг туйлдуулж буй тул бодитой шийдвэр богино хугацаанд гаргах хэрэгтэй байгааг уламжлав. Мөн иргэдээс НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх санал гарч, УИХ ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа нь далд эдийн засгийг илчлэх, татварын хамрагдалтыг нэмэгдүүлэх зэргээр эерэг өөрчлөлтийн эхлэл болж чадна гэж үзэж байгаагаа уулзалтын үеэр тодотголоо.
Хүнсний аюулгүй байдлын статистикаар Монгол Улс шувууны махны хэрэглээнийхээ 98.4 хувийг импортоор хангаж байна. 2022 онд 22.5 мянган тонн тахианы махыг 45.4 сая ам.доллараар импортолсон. Нийт тахианы махны 85 хувийг БНХАУ-аас импортолсон бол дотоодын үйлдвэрлэл ердөө 336 тонн байсныг Үндэсний статистикийн хорооны мэдээлэлд дурджээ.
Иргэдээ дотоодын үйлдвэрийн чанар стандарт хангасан, эрүүл аюулгүй хүнсээр хангахад төрийн татварын зөв бодлогоор дэмжлэг үзүүлэх зорилгоор УИХ, Засгийн газар татварын цогц шинэчлэл хийхээр хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллахаар болсон. Мөн УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Татварын орчинд дүн шинжилгээ хийх, нийгэм, эдийн засагт үүсээд байгаа эргэлзээтэй асуудлыг судалж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол татварын суурь шинэчлэл хийх шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг иргэд, ААН-үүдээс санал авах уулзалтуудыг зохион байгуулж эхэлсэн. Ажлын хэсэг цуврал уулзалтуудыг салбар тус бүрээр хийнэ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Шударга мэдээ
ЦЕГ: Гадаад улсын виз гаргуулахтай холбоотой 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна
Цагдаагийн байгууллагад 2026 он гарснаас хойш гадаад улсын виз гаргуулахтай холбоотой нийт 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагаас зөвхөн “Бүгд найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж иргэдийг залилсан 102 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг зөвхөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар албан ёсоор бүртгэж, сонгон шалгаруулалт зохион байгуулан илгээдэг.
Тус байгууллага нь Е-9 визийн ангиллаар БНСУ-ын аж үйлдвэрийн салбарт ажиллах иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл, сонгон шалгаруулалт, үр дүнгийн мэдээллийг албан ёсны сувгуудаар хүргэдэг бөгөөд энэ төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх цорын ганц эрх бүхий байгууллага юм.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр /Е-9 визийн ангилал/ аж үйлдвэрийн салбарт ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг 2026 оны гуравдугаар сард зохион байгуулж эхэлсэн. Залилагч этгээдүүд "Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт ажилладаг", "Найдвартай виз гаргаж өгнө", "Дараалал харгалзахгүй явуулна" гэх мэт худал мэдээлэл тараан иргэдийг хуурч, их хэмжээний мөнгө залилан авах гэмт хэрэг гарсаар байгаа аж.
Энэхүү гэмт хэрэг нь жил бүрийн хавар, намрын бүртгэлийн үеүдэд идэвхэжсэн юм байна. Иймд иргэд та бүхэн БНСУ-ын хөдөлмөрийн гэрээт ажилтны бүртгэл, шалгалттай холбоотой мэдээллийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас авах, танил талаар дамжуулан виз гаргаж өгнө, шалгалтгүй явуулна гэсэн амлалтад итгэхгүй байх, урьдчилгаа төлбөр, үйлчилгээний хураамж нэрээр мөнгө шилжүүлэхээс татгалзах, сэжигтэй зар мэдээлэл, залилангийн шинжтэй үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэхийг зөвлөлөө.
Шударга мэдээ
Боловсролын зээлийн сангийн зээлээс 10.2 тэрбум төгрөг эргэн төлөгджээ
Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор “Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сангаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүд хууль бусаар тэтгэлэг авч, эргэн төлөөгүй” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг шалгах ажлын хэсэг байгуулсан байна.
Ажлын хэсгээс хэрэг бүртгэлтийн 11, мөрдөн байцаалтын 2 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Үүнээс хэрэг бүртгэлтийн 1 хэргийг хааж, 1 хэргийг нэгтгэн, мөрдөн байцаалтын 1 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
Одоогоор Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд хэрэг бүртгэлтийн 1, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 8 хэрэг шалгагдаж байгаа аж. Мөн яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай ирүүлсэн 1 хэрэг прокурорын хяналтын шатанд хянагдаж байна.
Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт 694 суралцагчаас 3,054,210 ам.долларын гадаад зээлийн эргэн төлөлт хийгджээ. Энэ нь одоогийн ханшаар 10.2 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.
Шударга мэдээ
Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо
Боловсролын сайд Л.Энх-Амгалан Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын дарга, сайд Маркус Лайтнерыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Өнгөрсөн хугацаанд Швейцарын Холбооны Улстай тогтвортой хөгжлийн боловсрол, мэргэжлийн боловсрол, сургалтын чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирснийг уулзалтын үеэр онцлон дурдлаа.
Цаашид мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт түлхүү хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхээр болов.
Мөн Швейцарын Холбооны Улсын хэрэгжүүлдэг хүртээмжтэй боловсролын бодлогоос туршлага судлах зэрэг чиглэлээр талууд санал солилцлоо.
-
Улстөр нийгэм2024/07/19
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ, АНУ-ын Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа
-
Улстөр нийгэм2020/07/10
Монгол Улсын Төрийн далбааны өдөр тохиож байна
-
Цаг үе2020/09/18
Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зо...
-
Улстөр нийгэм2021/01/26
УИХ дахь Ардчилсан намын бүлэг Цэцийн дүгнэлтийг дэмжлээ
