Шударга мэдээ
Монголын шилдэг эмэгтэйчүүдийг шалгарууллаа
Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо энэ жил оны шилдэг эмэгтэйчүүдийг шалгаруулах "Алунгоо-2019" ёслолын арга хэмжээгээ “Архигүй баярын ширээ” уриатайгаар УДЭТ-т 12 дугаар сарын 21-ний өдөр зохион байгууллаа.
“Алунгоо” шагналтнаар дамжуулан жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйлсийг дэмжин сурталчлах, охид, эмэгтэйчүүдэд улс төр, эдийн засаг, нийгмийн эрх тэгш боломж олгох, улмаар дэлхий даяар тунхагласан Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад бодитой түлхэц болгох, тухайн асуудлуудыг нийгэмд таниулах зорилготой. Ирэх 2020 онд МЭХ эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахаар чиглэлээр нийгэмд тулгарсан хэд хэдэн асуудалд төвлөрч ажиллахын зэрэгцээ архи, архидалттай тэмцэхэд олон нийтийг уриалж, тууштай ажиллана гэж МЭХ-ны тэргүүн Б.Оюунгэрэл мэдэгдлээ.
2019 оны АЛАНГОО ЦОМЫН ЭЗЭД:
- Оны малчин эмэгтэй Хэнтий аймгийн Баянмөнх сумын 3-р багийн малчин Д.Оюунчимэг
- Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын оны эмэгтэй Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын тариаланч Ё.Саранцэцэг
- Боловсролын салбарын оны эмэгтэй Мандах их сургуулийн захирал Г.Нанжид
- Эрүүл мэндийн салбарын оны эмэгтэй ХСҮТ-ийн сувилахуйн албаны арга зүйч П.Долгорсүрэн
- Шинжлэх ухаан, инновацийн салбарын оны эмэгтэй "Гэрэгэ” системийг санаачлагч, ICG группийн гүйцэтгэх захирал Н.Энхжаргал
- Соёл, урлагийн салбарын оны эмэгтэй МУСТА, жүжигчин Г.Ундармаа
- Спортын салбарын оны эмэгтэй ОУХМ, Дэлхийн цомын эзэн М.Анхцэцэг
- Иргэний нийгэм, хүмүүнлэгийн байгууллагын оны эмэгтэй Ид шидийн орон хүүхэд хамгааллын төвийн ерөнхий зохицуулагч, сэтгэл зүйч Б.Аззаяа
- Бизнес эрхлэгч оны эмэгтэй /худалдаа үйлчилгээ, нийтийн аж ахуй/ Монос Косметик ХХК-ийн ТУЗ-ийн дарга Х.Солонго
- Банк санхүүгийн салбарын оны эмэгтэй ХХБ-ны гүйцэтгэх захирлын орлогч Б.Баярмаа
- Жижиг дунд үйлдвэрлэлийн салбарын оны эмэгтэй Lhamour брэндийн үүсгэн байгуулагч Д.Хулан
- Хүнд үйлдвэр, дэд бүтцийн салбарын оны эмэгтэй “Кэй Эйч Ти Эс” ХХК-ийн захирал, Авто замын мэргэшсэн инженер М.Цэцгээ
- Хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын оны эмэгтэй “Глори Кинг Инвесимент Групп” ХХК-ийг үүсгэн байгуулагч Х.Удвалцэцэг
Мөн тус арга хэмжээний үеэр ажил хөдөлмөр, үйлс бүтээлээрээ манлайлж буй шилдэг залуусын төлөөлөл Монгол Улсын гавьяат жүжигчин балетчин Д.Алтанхуяг, битбокс урлагийг хөгжүүлж буй Рэй буюу Б.Нарандэлгэр, залуу дуучин С.Гантогоо нар Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны “Соёлыг түгээгч элч” болж буйг танилцуулж, батламж гардууллаа.
Соёлыг түгээгчид нийгмийн хариуцлагын хүрээнд өсвөр үеийнхэнд зөв үлгэр дуурайл үзүүлэх, манлайллыг бий болгох, МЭХ-ноос санаачлан зохион байгуулж буй нийгмийн сайн сайхны төлөөх нөлөөллийн арга хэмжээг дэмжин, хамтарч ажиллах юм байна.
"Алунгоо-2019" ёслолын арга хэмжээний төгсгөлд МЭХ-ны анхны даргаар ажиллаж байсан их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн гэргий Дамдины Пагмадуламын амьдрал, намтраас сэдэвлэсэн "Жаргаагүй нар" түүхэн жүжгийг зочиддоо толилууллаа.
Ийнхүү Монголын шилдэг эмэгтэйчүүдийг шалгаруулах “Алунгоо-2019” ёслолын арга хэмжээг архи дарсгүй, тоглолт, жүжгийн цэнгүүнтэй зохион байгуулсанд ёслолд оролцсон эмэгтэйчүүд оюундаа хөрөнгө оруулсан, олон нийтэд зөв үлгэрлэсэн арга хэмжээ байлаа хэмээн талархан хүлээн авч байв.








Шударга мэдээ
ЦЕГ: Гадаад улсын виз гаргуулахтай холбоотой 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна
Цагдаагийн байгууллагад 2026 он гарснаас хойш гадаад улсын виз гаргуулахтай холбоотой нийт 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагаас зөвхөн “Бүгд найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж иргэдийг залилсан 102 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг зөвхөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар албан ёсоор бүртгэж, сонгон шалгаруулалт зохион байгуулан илгээдэг.
Тус байгууллага нь Е-9 визийн ангиллаар БНСУ-ын аж үйлдвэрийн салбарт ажиллах иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл, сонгон шалгаруулалт, үр дүнгийн мэдээллийг албан ёсны сувгуудаар хүргэдэг бөгөөд энэ төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх цорын ганц эрх бүхий байгууллага юм.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр /Е-9 визийн ангилал/ аж үйлдвэрийн салбарт ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг 2026 оны гуравдугаар сард зохион байгуулж эхэлсэн. Залилагч этгээдүүд "Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт ажилладаг", "Найдвартай виз гаргаж өгнө", "Дараалал харгалзахгүй явуулна" гэх мэт худал мэдээлэл тараан иргэдийг хуурч, их хэмжээний мөнгө залилан авах гэмт хэрэг гарсаар байгаа аж.
Энэхүү гэмт хэрэг нь жил бүрийн хавар, намрын бүртгэлийн үеүдэд идэвхэжсэн юм байна. Иймд иргэд та бүхэн БНСУ-ын хөдөлмөрийн гэрээт ажилтны бүртгэл, шалгалттай холбоотой мэдээллийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас авах, танил талаар дамжуулан виз гаргаж өгнө, шалгалтгүй явуулна гэсэн амлалтад итгэхгүй байх, урьдчилгаа төлбөр, үйлчилгээний хураамж нэрээр мөнгө шилжүүлэхээс татгалзах, сэжигтэй зар мэдээлэл, залилангийн шинжтэй үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэхийг зөвлөлөө.
Шударга мэдээ
Боловсролын зээлийн сангийн зээлээс 10.2 тэрбум төгрөг эргэн төлөгджээ
Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор “Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сангаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүд хууль бусаар тэтгэлэг авч, эргэн төлөөгүй” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг шалгах ажлын хэсэг байгуулсан байна.
Ажлын хэсгээс хэрэг бүртгэлтийн 11, мөрдөн байцаалтын 2 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Үүнээс хэрэг бүртгэлтийн 1 хэргийг хааж, 1 хэргийг нэгтгэн, мөрдөн байцаалтын 1 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
Одоогоор Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд хэрэг бүртгэлтийн 1, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 8 хэрэг шалгагдаж байгаа аж. Мөн яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай ирүүлсэн 1 хэрэг прокурорын хяналтын шатанд хянагдаж байна.
Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт 694 суралцагчаас 3,054,210 ам.долларын гадаад зээлийн эргэн төлөлт хийгджээ. Энэ нь одоогийн ханшаар 10.2 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.
Шударга мэдээ
Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо
Боловсролын сайд Л.Энх-Амгалан Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын дарга, сайд Маркус Лайтнерыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Өнгөрсөн хугацаанд Швейцарын Холбооны Улстай тогтвортой хөгжлийн боловсрол, мэргэжлийн боловсрол, сургалтын чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирснийг уулзалтын үеэр онцлон дурдлаа.
Цаашид мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт түлхүү хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхээр болов.
Мөн Швейцарын Холбооны Улсын хэрэгжүүлдэг хүртээмжтэй боловсролын бодлогоос туршлага судлах зэрэг чиглэлээр талууд санал солилцлоо.
-
Улстөр нийгэм2026/04/22
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод
-
Улстөр нийгэм2025/06/23
Ерөнхий сайд Г.Занданшатар Улсын Онцгой комиссын хуралдааныг зарлан хуралдууллаа...
-
Цаг үе2024/09/18
Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан
-
Улстөр нийгэм2022/10/26
Нийслэлийн удирдлагууд Азийн Хөгжлийн Банкны төв байранд ажиллаж байна
