Цаг үе
Төрийн банк: 2023 оны шилдэг санхүүгийн боловсрол олгогч банкаар шалгарлаа
Банкны салбарын хэмжээнд жил бүр уламжлал болгон хэрэгжүүлдэг “Дэлхийн хуримтлалын өдөр” 2023 онд 11 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж өндөрлөсөн. Ийнхүү зохион байгуулагчдын зүгээс аянд идэвхтэй оролцсон банк, санхүүгийн байгууллагууд болон бусад холбогдох байгууллагуудыг хүлээн авч шагнаж урамшуулан, талархлаа илэрхийллээ.
2023 оны хувь банк санхүүгийн салбараас Санхүүгийн боловсрол олгогч Тэргүүн банкаар Төрийн банк шалгарч шагналаа гардан авлаа.
Монгол Улсын хэмжээнд 2012 оноос хойш тэмдэглэж буй “Дэлхийн хуримтлалын өдөр” аянд Төрийн банк Монгол орны өнцөг буланд байрлах орон нутаг дахь салбар, нэгжүүдээрээ дамжуулан хуримтлалын ач холбогдлыг таниулах, хуримтлалтай иргэдийн тоог нэмэгдүүлэх, хадгаламжийн бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулах, үндэсний хуримтлалын бэлгэ тэмдэг болох “тэмээ”-г сурталчилж, олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаануудыг зохион байгуулан ажилласан байна.
Монголын банкны холбооноос “Санхүүгийн боловсрол олгогч Тэргүүн байрын банкаар”-аар тодруулан өргөмжилсөнд бид бүхэн маш их баяртай байна. Санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэх мэдлэг, ур чадвар нэмэгдсэнээр хувь хүний санхүүгийн сахилга бат сайжирч, аливаа эрсдэлээс сэргийлэх, эрсдэл тохиолдлоо гэхэд даван туулах чадварыг бид санхүүгийн боловсрол олгох сургалтаараа олгож хуримтлалыг зуршил болгон дадаж хэвшүүлэхийг эрмэлзэн ажилладаг. 2023 оны 12 сарын байдлаар Монгол улсын 20 аймаг, 9 дүүрэгт Төрийн банкны 301 сургагч багш болон 44 зөвлөх багшаараа дамжуулан ЕБСургууль, МСҮТ болон Их дээд сургуулийн нийт 132,000 гаруй сурагчид, 18,500 орчим бизнес эрхлэгчдэд биетээр болон онлайнаар нийт 2 сая 600 орчим иргэдэд санхүүгийн боловсролыг олгосон байна. Иргэд хуримтлалтай болж, санхүүгийн сахилга бат сайжирснаар улс орны эдийн засагт ч сайнаар нөлөөлдөг, өндөр ач холбогдолтой юм. Ирээдүйн шинэ үеийн иргэнийг бэлтгэхэд чамлахааргүй хөрөнгө оруулалт болно гэдэгт итгэлтэй байгаа талаараа Төрийн банкны Бизнесийн бодлого, төлөвлөлтийн газрын захирал Б.Одбаясал онцлон дурдсан байна.
Дундаж давхаргыг дэмжигч Төрийн банк
Цаг үе
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-д хийж байгаа ажлын айлчлалын хүрээнд Онцгой байдлын удирдлагын сайд Жан Чэнжунтай албан уулзалт хийлээ.
Уулзалтаар Шадар сайд Н.Номтойбаяр хоёр улсын Онцгой байдлын салбар гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2021 онд Гамшигтай тэмцэх санамж бичиг, 2022 онд Хил орчмын ой хээрийн түймэртэй тэмцэх хэлэлцээрийг тус тус байгуулсан бөгөөд уг гэрээ хэлцлийг шинэ түвшинд гаргах нь чухал гэдгийг онцлов. Тодруулбал, Хятадын баруун хойд хязгаартай хиллэдэг Монгол Улсын баруун бүс нутагт газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж буй, зүүн хязгаар бүсэд хуурайшилтын улмаас ой хээрийн түймрийн давтамж их байгаа тул учраас хил орчмын бүс нутагт хоёр орны онцгой байдлын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх шаардлагатай байгааг тодотголоо.
Түүнчлэн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэхэд ашиглаж буй Хятадын дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж, хиймэл оюун ухаан, сансрын технологийн ашиглалт зэргийг судалж, худалдан авах талаар Шадар сайд Н.Номтойбаяр онцолж байна.
Тэрбээр, БНХАУ-ын Ус, цаг уурын орчны хүрээлэнд хэрэглэж буй гамшгийн мэдээллийн систем, радар болон онцгой байдлын салбарт ашиглаж буй дэвшилтэт, орчин үеийн технологи, тоног төхөөрөмжийг манай улс нэвтрүүлснээр бүс нутгийн хэмжээнд гамшгаас хамгаалах нөхцөл бүрдэнэ гэв. Мөн онцгой байдал, ус, цаг уурын алба хаагчдыг БНХАУ-д чадавхжуулах, сургах, удирдлага менежментийн арга барилыг мэргэжлийн түвшинд бэлтгэх чиглэлээр санал дэвшүүллээ.
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын сайд Жан хоёр улсын онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг Монгол Улс, БНХАУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны гол амжилтын нэг нь болгохыг хүсэж буйгаа онцлон тэмдэглэлээ.
Тэрбээр, Хятад Улс гамшигтай тэмцэх, гамшиг бууруулах, аюулгүй үйлдвэрлэл болон аврах ажиллагааны хөтөлбөрийн дагуу өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд гамшиг, ослын тоо, гарз хохирол 36-39 хувиар буурсан бөгөөд Монгол Улстай хил орчмын бүс нутгийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах чиглэлээр ажиллах бүрэн боломжтой хэмээв.
Хоёр орны онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаар хэрэгжүүлэх нэгдсэн үйл ажиллагааны хөтөлбөрийг нэн даруй боловсруулж, хэрэгжүүлэх ажлын жагсаалт гарган хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Мөн аврах ажиллагаа, дроны сургалт явуулах, Монгол Улсын онцгой байдлын алба хаагчдад гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр өөрсдийн ашиглаж буй дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжүүдийг танилцуулах, сургалт явуулахад хамтран ажиллаж, харилцаагаа өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

Цаг үе
Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөж байна
Шувууны томуу нь хүн болон амьтны эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй халдварт өвчин юм.
Иргэн бүр эрсдэлээс урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх нь чухал.
-Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байх
-Эрсдэлтэй бүс нутагт зорчихоос зайлсхийх
-Шувууны гаралтай түүхий бүтээгдэхүүнтэй харьцсаны дараа гараа сайтар угаах
-Шувууны аж ахуй, худалдааны газраар шаардлагагүй тохиолдолд зорчихгүй байхыг ЗӨСҮТ-өөс мэдээллээ.

Цаг үе
Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
Улсын хэмжээнд энэ төрлийн 174 хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагийн 163 буюу 93.7 хувь нь Нийслэл, дүүргийн, 11 буюу 6.3 хувь нь орон нутгийн прокурорын газрын хяналтад тус тус шалгагдаж байна.
Мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа 32 хэрэгт 1,283 хүнийг хохирогчоор тогтоож, 52 хүнийг яллагдагчаар татаж, 545,5 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, мөн хохирол нөхөн төлүүлэх зорилгоор 7,2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 490 сая төгрөгийн үнийн дүн бүхий эд хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээ аваад байна.
Хэргийн 93.7 хувь нь Нийслэлийн нутаг дэвсгэрт шалгагдаж байгаатай холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас ажлын хэсэг байгуулж, хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэх чиглэлээр прокурор болон мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллахаар болжээ.
Тодруулахад, 2024-2026 онуудад орон сууц худалдах, худалдан авах, түрээслэх нэрийдлээр бусдыг залилсантай холбоотой хэрэгт 10 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 44,6 тэрбум төгрөгийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч, 227,8 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилж хөрөнгө хамгаалах арга хэмжээ авсан байна.
Мөн 170 хэрэгт 3,651 хүнийг хохирогчоор тогтоож, 301 хүнийг яллагдагчаар татаж прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.
-
Цаг үе2024/06/13
Зуслангийн бүсэд зөвшөөрөгдсөн хогийн цэгээс өдөр бүр тээвэрлэлт хийж байна
-
Цаг үе2021/03/19
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн
-
Улстөр нийгэм2024/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан хот дахь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яа...
-
Цаг үе2021/04/01
Франц Улс болон АНУ-ын Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
