Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Малайз Улсын Авлигын эсрэг хороотой хамтран ажиллах санамж бичиг байгуулна

Огноо:

,

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа Малайз Улсын Авлигын эсрэг хорооны дарга, тэргүүн комиссар Тан Шри Дато Шри Хажи Азам бин Бакигийн урилгаар тус хороонд албан айлчлал хийж байна.

Айлчлалын эхний өдөр Авлигатай тэмцэх газрын төлөөлөгч нар Путражаяа хотод байрлах Хорооны төв байранд ажиллаж, хорооны бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа болон авлигын гэмт хэрэг илрүүлэх, мөрдөн шалгах, авлигаас урьдчилан сэргийлэх, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний гүйцэтгэл зэрэг асуудлаар харилцан илтгэл хэлэлцүүлж, туршлага солилцов.

Малайз Улсын Авлигын эсрэг хороо нь 1967 онд байгуулагдсан дэлхийн хамгийн анхны авлигатай тэмцэх чиглэлийн тусгайлсан байгууллагуудын нэг бөгөөд өнөөдөр 2800 гаруй албан хаагчтай үйл ажиллагаа явуулж байна. Тус хороо нь БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонгконгийн Авлигын эсрэг бие даасан хорооны загвараар буюу авлигын гэмт хэрэг мөрдөн шалгах, урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах гэсэн үндсэн гурван тулгуурт зарчим, чиг үүргийг хэрэгжүүлдэг. 1200 мөрдөгч ажиллаж, жилд дунджаар 500 орчим эрүүгийн хэрэг, 300 гаруй хэрэг бүртгэлтийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг байна.

Тус өдөр Малайз Улсын Авлигын эсрэг хорооны дарга, тэргүүн комиссар, ноён Тан Шри Дато Шри Хажи Азам бин Бакитай хоёр талт уулзалт хийж, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр харилцан санал солилцож, энэ оны эхний хагаст багтаан Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулахаар үндсэн чиглэлүүдээ тохиролцлоо. Ноён Азам бин Баки “Хэдий богино хугацаанд үйл ажиллагаа явуулж буй ч гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх болон авлигын гэмт хэргийг илрүүлэн мөрдөн шалгаж, шүүхээр шийдвэрлүүлсэн хэргийн тоо тогтмол өсч амжилттай ажиллаж буй Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг өндрөөр үнэлдэг” хэмээгээд авлигатай тэмцэхэд ижил чиг үүрэгтэй байгууллага хоорондын нягт, тууштай хамтын ажиллагаа чухал болохыг тэмдэглэв.

Айлчлалын хүрээнд Малайз Улсын Авлигын эсрэг хорооны дэргэдэх Авлигын эсрэг академид зочлон, үйл ажиллагаатай нь танилцаж, академийн Хүндэт дэвтэрт Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа гарын үсэг зурав. Цаашид Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын албан хаагчдыг тус академиас зохион байгуулдаг тусгайлсан сургалтуудад үе шаттай сургахаар ярилцаж тогтов. 

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана

Огноо:

,

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-д хийж байгаа ажлын айлчлалын хүрээнд Онцгой байдлын удирдлагын сайд Жан Чэнжунтай албан уулзалт хийлээ.

Уулзалтаар Шадар сайд Н.Номтойбаяр хоёр улсын Онцгой байдлын салбар гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2021 онд Гамшигтай тэмцэх санамж бичиг, 2022 онд Хил орчмын ой хээрийн түймэртэй тэмцэх хэлэлцээрийг тус тус байгуулсан бөгөөд уг гэрээ хэлцлийг шинэ түвшинд гаргах нь чухал гэдгийг онцлов. Тодруулбал, Хятадын баруун хойд хязгаартай хиллэдэг Монгол Улсын баруун бүс нутагт газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж буй, зүүн хязгаар бүсэд хуурайшилтын улмаас ой хээрийн түймрийн давтамж их байгаа тул учраас хил орчмын бүс нутагт хоёр орны онцгой байдлын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх шаардлагатай байгааг тодотголоо.

Түүнчлэн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэхэд ашиглаж буй Хятадын дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж, хиймэл оюун ухаан, сансрын технологийн ашиглалт зэргийг судалж, худалдан авах талаар Шадар сайд Н.Номтойбаяр онцолж байна.

Тэрбээр, БНХАУ-ын Ус, цаг уурын орчны хүрээлэнд хэрэглэж буй гамшгийн мэдээллийн систем, радар болон онцгой байдлын салбарт ашиглаж буй дэвшилтэт, орчин үеийн технологи, тоног төхөөрөмжийг манай улс нэвтрүүлснээр бүс нутгийн хэмжээнд гамшгаас хамгаалах нөхцөл бүрдэнэ гэв. Мөн онцгой байдал, ус, цаг уурын алба хаагчдыг БНХАУ-д чадавхжуулах, сургах, удирдлага менежментийн арга барилыг мэргэжлийн түвшинд бэлтгэх чиглэлээр санал дэвшүүллээ. 

БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын сайд Жан хоёр улсын онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг Монгол Улс, БНХАУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны гол амжилтын нэг нь болгохыг хүсэж буйгаа онцлон тэмдэглэлээ.

Тэрбээр, Хятад Улс гамшигтай тэмцэх, гамшиг бууруулах, аюулгүй үйлдвэрлэл болон аврах ажиллагааны хөтөлбөрийн дагуу өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд гамшиг, ослын тоо, гарз хохирол 36-39 хувиар буурсан бөгөөд Монгол Улстай хил орчмын бүс нутгийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах чиглэлээр ажиллах бүрэн боломжтой хэмээв.

Хоёр орны онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаар хэрэгжүүлэх нэгдсэн үйл ажиллагааны хөтөлбөрийг нэн даруй боловсруулж, хэрэгжүүлэх ажлын жагсаалт гарган хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Мөн аврах ажиллагаа, дроны сургалт явуулах, Монгол Улсын онцгой байдлын алба хаагчдад гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр өөрсдийн ашиглаж буй дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжүүдийг танилцуулах, сургалт явуулахад хамтран ажиллаж, харилцаагаа өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөж байна

Огноо:

,

Шувууны томуу нь хүн болон амьтны эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй халдварт өвчин юм.

Иргэн бүр эрсдэлээс урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх нь чухал.

-Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байх

-Эрсдэлтэй бүс нутагт зорчихоос зайлсхийх

-Шувууны гаралтай түүхий бүтээгдэхүүнтэй харьцсаны дараа гараа сайтар угаах

-Шувууны аж ахуй, худалдааны газраар шаардлагагүй тохиолдолд зорчихгүй байхыг ЗӨСҮТ-өөс мэдээллээ.   

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна

Огноо:

,

Улсын хэмжээнд энэ төрлийн 174 хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагийн 163 буюу 93.7 хувь нь Нийслэл, дүүргийн, 11 буюу 6.3 хувь нь орон нутгийн прокурорын газрын хяналтад тус тус шалгагдаж байна.

Мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа 32 хэрэгт 1,283 хүнийг хохирогчоор тогтоож, 52 хүнийг яллагдагчаар татаж, 545,5 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, мөн хохирол нөхөн төлүүлэх зорилгоор 7,2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 490 сая төгрөгийн үнийн дүн бүхий эд хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээ аваад байна.

Хэргийн 93.7 хувь нь Нийслэлийн нутаг дэвсгэрт шалгагдаж байгаатай холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас ажлын хэсэг байгуулж, хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэх чиглэлээр прокурор болон мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллахаар болжээ.

Тодруулахад, 2024-2026 онуудад орон сууц худалдах, худалдан авах, түрээслэх нэрийдлээр бусдыг залилсантай холбоотой хэрэгт 10 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 44,6 тэрбум төгрөгийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч, 227,8 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилж хөрөнгө хамгаалах арга хэмжээ авсан байна.

Мөн 170 хэрэгт 3,651 хүнийг хохирогчоор тогтоож, 301 хүнийг яллагдагчаар татаж прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох