Улстөр нийгэм
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Т.Энхтүвшин нар өнөөдөр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжтой нийцүүлэн боловсруулсан хэмээн төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж танилцуулав.
Тэрбээр, уул уурхайн салбар нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өсөлтөд томоохон үүрэг гүйцэтгэж байгаа чухал салбарын нэг. Улс орнууд дотоодын нийт бүтээгдэхүүн болон экспортоо нэмэгдүүлэх асуудлыг байнга анхаарлын төвдөө байлгаж боломжоо бүрэн дүүрэн ашиглаж байна. Улс эх орноо хөгжүүлэх, дотоодын нийт бүтээгдэхүүн болон экспортоо нэмэгдүүлэхийн төлөө улс орон бүр байгаа боломжоо бүрэн ашигладаг. Харин Монгол Улсын хувьд ийм боломжоо ашиглаж чадахгүй байна гэж дүгнэж болохоор байна.
Ашигт малтмалын тухай хуульд 2019 оны 3 дугаар сарын 26, 11 дүгээр сарын 22-нд орсон нэмэлт, өөрчлөлтөөр дээрх зорилтын амин сүнс, суурь бааз болох төмрийн болон жоншны хүдэр баяжуулах, нүүрс угаах, бусад анхан шатны боловсруулалт хийж, нэмүү өртөг шингээн үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгжид олоогүй орлогод өндөр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/-ийг ногдуулснаар алдагдалтай ажиллаж, үйл ажиллагаагаа зогсоосон. Судалгаагаар 30 орчим үйлдвэр хаалгаа барьж, 1500 орчим хүн ажилгүй, бага агуулгатай төмрийн болон жоншны хүдэр эдийн засгийн эргэлтэд орохгүй болжээ.
Засгийн газрын 2019 оны 214-р тогтоолоор батлагдсан “Хүнд үйлдвэрийн хөгжлийн үндэсний хөтөлбөр”, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлж, эрдэс түүхий эдийн боловсруулалтын түвшинг ахиулан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх” зорилт, “Алсын хараа-2050” хөгжлийн хөтөлбөрийн “Хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлэх”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын “Аж үйлдвэржилтийн сэргэлт”, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Олборлолтоос-Боловсруулалтад” уриалгыг хэрэгжүүлэхийн тулд татварын оновчтой зөв бодлого явуулах шаардлагатай. Өнөөдөр Монгол улс ашигт малтмалынхаа 90 гаруй хувийг түүхийгээр нь экспортод гаргаж байгаа. Өнөөгийн төрийн бодлого хүнд үйлдвэр хөгжүүлэх, эрдэс түүхий эдийг гүн боловсруулах, “Олборлолтоос-Боловсруулалт”… зэрэг зорилгоосоо буцаж, байгалийн баялгаа чулуу шороотой нь тээвэрлэн түүхийгээр нь хямд үнээр гаргаж хилийн цаана байгаа баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдийг дэмжиж байна. Төмрийн болон жоншны хүдрийг эцсийн бүтээгдэхүүн болгож үйлдвэрлэснээр үнэлгээг хэдэн 10 дахин нэмэгдүүлэх боломж алдагдсаар байна.
Гэтэл Австрали, Канад, Бразил, ОХУ, БНХАУ-ын роялтийн бодлого нь олборлолтын шатанд ногдуулдаг, дотоодын үйлдвэрлэгч компаниудынхаа өрсөлдөх чадвар, дотоодын бусад чиглэлийн үйлдвэрлэлүүдээ дэмжих бодлоготой уялдаж байна.
Бид уул уурхайн баялгаа баяжуулж, угааж, эцсийн бүтээгдэхүүн болгон экспортлох аваас валют олох маш их нөөц боломж байна. Иймд дотоодын экспортод бүтээгдэхүүн гаргадаг үйлдвэрлэгчдээ дэмжихгүй, өрсөлдөх чадварыг бууруулж, ажлын байрыг үгүй болгож, ядуурлыг нэмэгдүүлсэн, валютын нөөцөө нэмэгдүүлэх боломжоо үгүй хийж байгаа бодлогоо нэн даруй засах шаардлагатай байна. АМНАТ бол нөхөн сэргээгдэшгүй байгалийн баялгийг олборлосны /баяжуулах/ төлөө заавал төлөх нэг удаагийн төлбөр юм. Дэлхий нийтэд энэ татварыг хүдэр, баяжмал, бүтээгдэхүүн үйлдвэрлэх аль нэг шатанд дахин авдаггүй.
Эрдэнэт, Оюутолгой хүдрээ олборлолт хийж, баяжуулаад экспортлож буй бол АМНАТ-өө төлөх зүйн хэрэг. Харин АМНАТ шингэсэн, мөн НӨАТ-тай үнээр хүдэр, нүүрс худалдаж аваад экспортлоход дахин өндөр АМНАТ ногдуулж буй нь дэлхийн аль нэгэн улсад байхгүй зарчим юм. Ийнхүү давхардсан татвартай байгаа нөхцөлд баяжуулах үйлдвэрлэлийн салбарт дотоод гадаадын ямар ч хөрөнгө оруулагч орж ирэхгүй гэдэг нь өнгөрсөн хугацаанд харагдсан тул Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах замаар дээр дурдсан алдаа дутагдлаа засах боломж байна гэж үзэж байна гэлээ.
Хуулийн төсөл хоёр зүйлтэй байхаар тусгагдсан ба 1 дүгээр зүйлд, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2 дахь заалтыг “47.1.2. Ашигт малтмал экспортлосон этгээд. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгдсөн хүдэр, нүүрсийг худалдан авч баяжуулж, боловсруулж, угааж нэмүү өртөг шингээж агуулгыг дээшлүүлсэн бол хамаарахгүй.”, 47 дугаар зүйлийн 47.7 дахь хэсгийг “47.7. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг бүтээгдэхүүний боловсруулалтын түвшингээс хамаарч хүдэр, баяжмал, бүтээгдхүүний аль нэгд давхардуулахгүйгээр ногдуулна.” гэж өөрчлөх бол 2 дугаар зүйлд, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Монголын Улсын биржийн үнээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцдог болох заалт нэмж байгаатай холбоотой зүйл, заалтын дугаар өөрчлөхөөр тусгажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Улстөр нийгэм
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт нэгдэв
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газар нэгдэн орсныг баталж, Засгийн газрыг төлөөлөн харилцах байгууллагаар Эрчим хүчний яамыг томиллоо.
Олон улсын нарны эрчим хүчний холбоо нь 2015 онд байгуулагдсан. Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төвтэй төрийн бус байгууллага юм.
Тус байгууллага нь Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн үйл ажиллагаатай давхцахгүй, нарны эрчим хүчний нөөц ихтэй улс орнуудад тулгамдсан асуудлыг хамтран шийдэх, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт санхүүгийн эх үүсвэр бий болгоход дэмжлэг үзүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой ажээ. Энэхүү холбоонд нэгдсэнээр бүс нутгийн сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг дэмжих, үйлдвэрийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэх, хүлэмжийн хийг бууруулах зэрэг давуу талтай юм.
Улстөр нийгэм
ЗГ: Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн санхүүжилтийг шийдвэрлэв
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн гурван өртөө, дөрвөн зөрлөгтэй 87.2 км салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажилд дотоодын 63 аж ахуй нэгж, байгууллагын 2748 инженер, техникийн ажилтнууд ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар доод бүтцийн газар шорооны ажил 93,5, ус дамжуулаххоолойн ажил 81,4, гүүр барих ажил 84 хувийн гүйцэтгэлтэй байна.
Тус төслийн нэгдүгээр шатны бүтээн байгуулалтын ажлын санхүүжилт 850.4 тэрбум төгрөг байхаар баталсан бөгөөд үүнээс гүйцэтгэлийн төлбөрт 156.2 тэрбум төгрөг шилжүүлжээ. Үлдэгдэл санхүүжилтийг Олон улсын санхүүгийн корпорац (IFC)-тай хамтран шийдвэрлэхээр ажиллаж байгаа бөгөөд санхүүжилт шийдвэрлэгдэх хүртэл дотоодын зах зээлээс 300 тэрбум төгрөгийн санхүүжилтийн бонд гарган хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгаж, “Төмөр замын барилгын ажлын төслийн санхүүжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг баталлаа. Энэхүү санхүүжилтийг шийдвэрлэснээр төсөл амжилттай хэрэгжих нөхцөл бүрдэнэ.
Улстөр нийгэм
Дулаан хангамжийн 11 Г, Д гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөж, шинэчлэв
Улаанбаатар хотын гол магистраль 11 Г, Д шугамыг 1984 онд ашиглалтад оруулж байсан бөгөөд дулаан хангамжийн 30 хувийг дангаар бүрдүүлдэг.
Тус шугамыг 2024 оноос эхлэн хэсэгчлэн өргөтгөж байгаа юм.
Тодруулбал, 2024 онд Саппорогийн уулзвараас 25 дугаар эмийн сан хүртэлх 1.6 км хос шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон шинэчилсэн.
Харин энэ онд 25 дугаар эмийн сангаас төмөр замын "BSB" цахилгаан барааны дэлгүүр хүртэл 750 метрийг шинэчлэв.
Ингэхдээ хонгилын систем буюу туннелтэй болгож буй. Ингэснээр дараа нь засвар үйлчилгээ хийхдээ авто зам сэтлэхгүйгээр дотор нь орж засах боломжтой юм.
Тус 11 Г, Д магистралийг өргөтгөн шинэчилснээр дамжуулах сүлжээний гол магистраль шугамын нэвтрүүлэх чадвар 800 тн/ц-аар нэмэгдэж, хотын төв, Цирк, Бага тойруу, Төв номын сан, Багшийн дээд, 13-р хороолол орчмын хэрэглэгчдийн дулаан хангамж сайжрах ач холбогдолтой юм.
Мөн дулаан дамжуулах сүлжээний алдагдал 5-15 хувиар буурна.