Цаг үе
Соёлын өвийн сэргээн засварлалтад Япон Улстай хамтрана

Орхоны хөндийн соёлын дурсгалт газрыг ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэгдсэний 20 жилийн ойг тохиолдуулан Соёл, аялал жуулчлал, спорт, залуучуудын яам, Гадаад харилцааны яам болон ЮНЕСКО-ийн Зүүн Ази дахь төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр “Дэлхийн өв-түүх, соёлын дурсгалт газрын хадгалалт хамгаалалт” Монгол-Японы соёлын өвийн симпозиумыг Чингис хаан Үндэсний музейн танхимд (2024.07.29-30) зохион байгуулж байна.
Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын үл хөдлөх дурсгалуудын өнөөгийн байдал, цаашдын судалгаа шинжилгээ, хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалт, ашиглалт, хэрэглээ ба аялал жуулчлал, хот төлөвлөлтийн асуудлаар тус симпозиумаар ярилцана.
Япон Улсын Дэлхийн өв, аймаг, нийслэл болон улсын зэрэглэлтэй соёлын дурсгалт газарт хэрэгжиж буй археологийн малтлага, соёлын өвийн хадгалалт хамгаалалтын үйл ажиллагаатай танилцах, эртний хотын туурь, уран барилга, үл хөдлөх дурсгал оршиж буй газрын хууль эрх зүйн орчин, хот төлөвлөлт, стандарт, аялал жуулчлалын менежмент, эртний барилгын сэргээн засварлалт, сэргээн босголт ба бүтээн байгуулалттай холбоотой туршлага судлах, хоёр орны соёлын өвийн салбарт урт хугацааны хамтын ажиллагааг эхлүүлэхэд чиглэж буй.
Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хамгаалалтын захиргаа, Монголын соёлын өвийн хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалтын холбооноос хамтран зохион байгуулж буй арга хэмжээнд Япон улсын Соёлын өвийн Нарагийн Үндэсний судалгааны хүрээлэнгийн захирал тэргүүтэй соёлын өвийн сэргээн засварлалт, хадгалалт хамгаалалт хариуцсан мэргэжлийн судлаачид оролцож байна гэж Чингис хаан Үндэсний музей мэдээллээ.
Цаг үе
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ
Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ.
Тодруулбал, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 9 чиглэлд ирэх есдүгээр сарын 21-ний өдрийг дуустал хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллах юм. Энэ жилээс Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт эрүүл ажиллана. Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос аврах, урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл 15 дахь жилдээ ажиллаж байна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС
Цаг үе
Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна
Нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэх ажил үргэлжилж байна. Үүний нэг болох Сүхбаатарын талбайн хоёр талын 5012 ам.метр талбай бүхий явган хүний зам засварын байршилд холбогдох албаныхан ажиллалаа.
Тухайн байршилд ажилласан УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Нийслэл хотын хэмжээнд төв магистрал зургаан гудамжинд байгалийн чулуун хавтангаар явган хүний зам хийж байна. Тухайлбал, Төв шуудангийн уулзвараас Сүхбаатарын талбайг тойрсон явган хүний замыг тодорхой хэсгүүдэд хувааж, ажлыг үргэлжлүүлж байгаа юм. Ажил гүйцэтгэхдээ явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд иргэд чөлөөтэй зорчих гарцыг гаргасан” гэлээ.
Түүнчлэн явган замыг байгалийн боржин чулуун хавтангаар шинэчлэхдээ галаар шатаах, цохилттой дрилл ашиглан барзгар гадаргуу үүсгэх байдлаар технологийн шинэчлэлтийн ажлыг зарим шаардлагатай хэсэгт оруулж өгч байгааг ажил гүйцэтгэгчид хэллээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Цаг үе
Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар хэлэлцэж эхэллээ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны зургадугаар сарын 18-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, ард иргэдийн амьжиргааг хамгаалах нь Засгийн газрын нэн тэргүүний зорилт. Шинэ Засгийн газрын эхний хуралдаанаар төрийн үрэлгэн зардлыг багасгах, төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг хэлэлцэж байна. Сайд нар салбарын төсөвтэйгээ танилцаж ажиллахыг Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болгоод энэ сарын 20-ны баасан гаригт Засгийн газрын ээлжит бус хуралдаан зарлаж, дахин хэлэлцэж шийдвэрлэнэ гэдгийг мэдэгдлээ.
Тус төслөөр,
Нэгдүгээрт, оновчтой бүтэцтэй, цомхон, чадварлаг төрийн албыг бий болгоно. Ингэхдээ чиг үүрэг, бүтэц зохион байгуулалтыг сайжруулж, удирдах, гүйцэтгэх ажилтны зохистой харьцааг хангах өөрчлөлтийг оруулж, багш, эмчээс бусад төрийн албаны орон тоог есөн хувиар бууруулахаар тооцлоо.
Төрийн байгууллагуудын тэвчиж болох зардлыг хэмнэж, хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, арга хэмжээг хэмнэлтийн горимоор үргэлжлүүлэх, хэрэгжиж эхлээгүй хөтөлбөр, арга хэмжээний зардлыг бүрэн хэмнэх, цомхон, чадварлаг, бүтээмжтэй, цахим төрийг бий болгох арга хэмжээний хүрээнд нийт 1.9 их наяд төгрөгийг хэмнэхээр тооцжээ.
Төрийн албаны орон тоог цомхон болгохтой зэрэгцүүлэн төрийн ажил үйлчилгээг цахимд шилжүүлэх, бүтээмжийг дээшлүүлэх инновац бүрийг салбар бүрийн онцлогт нийцүүлэн нэвтрүүлж, иргэдэд хүрэх төрийн үйлчилгээний чанарыг дордуулахгүй байх зарчим баримтална.
Төрийн байгууллагуудын тэргүүн дэд, дэд, орлогч дарга нарын тоог бууруулах өөрчлөлтийн төслийг боловсруулжээ.
Төрийн өндөр дээд түвшний зочин төлөөлөгч хүлээн авах, Төрийн өндөрлөгүүдийн гадаад айлчлалаас бусад гадаад албан томилолтын болон зочин төлөөлөгч хүлээн авах, төрийн бүх шатны байгууллагын тавилга, эд хогшил, урсгал засварыг тэвчих, төрийн цэргийн байгууллагаас бусад байгууллагын тээвэр шатахуун, дотоод албан томилолтын зардал зэргийг хэмнэхээр тооцжээ.
Хоёрдугаарт, гэрээ байгуулагдаагүй төслүүдэд хуулиар заасны дагуу хэмнэлт хийнэ.
Төрийн хэмнэлтийн тухай хуульд заасны дагуу 2025 оны тавдугаар сарын 31-ний дотор худалдан авах ажиллагааг бүрэн дуусгаж, гэрээ байгуулаагүй төслүүдийн санхүүжилтийг хэмнэлтэд тооцох, улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилтэд холбогдох хуулиудын хүрээнд гэрээ байгуулсан төслүүдийн санхүүжилтийг хөндөхгүй байх, худалдан авах ажиллагааны үр дүнд бий болсон тендерийн хэмнэлтийг хэмнэх зарчмыг тус тус баримталж нийт 328.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хэмнэлтэд тооцлоо.
Харин гадаад зээл, тусламжийн хувьд 2025 онд батлагдсан гадаад зээлийн ашиглалт 1.5 их наяд төгрөг, тусламжийн 417.0 тэрбум төгрөг, нийт 1.9 их наяд төгрөгийг бүрэн ашиглахаар хүлээгдэж буй тул төсвийн тодотголоор санхүүжилтийг өөрчлөхгүй. Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих, Мянганы сорилтын сангийн Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх зэрэг хөгжлийн төслүүдийн гадаад зээл, тусламжийн санхүүжилтийн өндөр дүнтэй ашиглалт энэ онд хийгдэнэ.
Гуравдугаарт, төсвийн зардлыг нэмэгдүүлж буй салбарын хуулиудыг цэгцэлнэ.
Төсвийн тодотголд нийгмийн даатгалын болон халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөн тэтгэмж, эм, эмнэлгийн хэрэгсэл, бүх шатны боловсролын байгууллагын хоол, үдийн хоолны зардал, Засгийн газрын зээлийн үйлчилгээний төлбөр, түүнчлэн төрийн албан хаагчийн цалин хөлс болон тэтгэвэрт гарахад нэг удаа олгох тэтгэмж, хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмжийн зардал зэрэг хууль, тогтоомжийн дагуу зайлшгүй санхүүжүүлэх зардлыг бууруулаагүй гэдгийг Сангийн сайд мэдэгдлээ.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй нийт 932 хуулиас 208 хуулийн 1028 заалт нь ямар нэг байдлаар төсвийн зарлагыг нэмэгдүүлж, тодотголоор хэмнэх боломжгүй болгож байна. Иймд төсвийн урсгал зардлыг хумих, сахилга бат, хариуцлагын тогтолцоог чангатгахад салбарын зарим хуулийг хүчингүй болгох, өөрчлөн найруулах зайлшгүй шаардлага үүсэж байгааг харгалзан холбогдох хуулийн төслүүдийг боловсруулсан байна.
Мөн Монгол Улсын Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлаж цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийг шинээр барьж байгуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, үүнд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, боловсролд хөрөнгө оруулахыг дэмжих бодлоготой уялдуулан анхаарч Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.9 дүгээр хэсэгт заасан татварын хөнгөлөлтөд өмчийн хэлбэр харгалзахгүй цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн зориулалтаар цэцэрлэг, сургуулийн барилга байгууламж шинээр барих үйл ажиллагааг нэмж тусгахаар хуулийн төсөл боловсрууллаа.
2025 оны төсөвт тодотгол хийснээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 2.3 их наяд төгрөгөөр бууруулж 31.2 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлагыг мөн 2.3 их наяд төгрөгөөр бууруулж 31.2 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл алдагдалгүй байх бодлогыг үргэлжлүүлнэ.
-
Үзэл бодол2021/12/14
Шинэ жилийн баярыг бүх шатны боловсролын байгууллагууд тэмдэглэхгүй байхыг үүрэг...
-
Улстөр нийгэм2022/06/27
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын даргад салбар хороод дүрмийн ...
-
Цаг үе2019/06/19
Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан
-
Урлаг спорт2023/10/02
О.Зулхүү хувийн амжилтаа шинэчлэв