Улстөр нийгэм
Төрийн өмчийн ЕБС-ийн захирлуудтай уулзаж, санал хүсэлтийг нь авч эхэллээ

Боловсролын сайд П.Наранбаяр зөвлөх Д.Гантулгын хамт Баянзүрх дүүрэг дэх төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирлуудыг хүлээн авч уулзан, бодлого төлөвлөлтөө танилцуулахын зэрэгцээ тэдний тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг сонслоо.
Боловсролын сайдын зүгээс багш нарын ачааллыг бууруулах, хүүхэд бүрийг тэгш хамран сургах, сурагчдад тулгардаг ачааллыг багасгах гэх мэт зорилгоор хэрэгжүүлж буй зохицуулалт, шинэчлэлүүдийн талаар мэдээлэл өгч, нэгдүгээр улирлын бие даалтын долоо хоногт сурагчдыг музей үзүүлэх бол гуравдугаар улирлын бие даалтын долоо хоногт гамшгаас хамгаалах сургалтад хамруулна гэдгийг онцлов.
Захирлуудын хувьд сургууль болон заалны барилгууд ашиглалт, стандартын шаардлага хангахгүй, хүртээмжгүй байгаа нь хамгийн том асуудал болоод байгааг онцолж, сургуулийн орон тооны нормативыг нэмэх, багш, ажилтнуудын цалинг өсгөх зэрэг хүсэлтийг илэрхийлсэн юм.
Засгийн газраас аль нэг салбарыг онцлох бус, төрийн албан хаагчдын цалинг нийтэд нь, инфляцтай уялдуулан үе шаттайгаар өсгөх бодлого баримталж буйг Боловсролын сайд хэлж, уулзалтын үеэр ирүүлж буй бүх хүсэлтэд хариу хүргүүлнэ хэмээв. Энэ мэтчилэн бүх дүүрэг дэх төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирлуудтай уулзалт зохион байгуулна.
Баянзүрх дүүрэгт төрийн өмчийн 33, төрийн бус өмчийн 34 ерөнхий боловсролын сургуульд 78,000 гаруй хүүхэд суралцаж, 7000 орчим багш, ажилтан ажиллаж байна. Энэ хичээлийн жилд тус дүүрэгт гурван ээлжээр хичээллэх эрсдэлтэй 16 сургуулийн 8138 сурагч байсан. Үүнээс 10 сургуулийн 6743 сурагчийг түрээсийн хичээлийн байранд хамруулж, 5 сургуулийн дотоод нөөц боломжийг ашигласан бол 1 сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орсноор дүүргийн хэмжээнд гурван ээлжээр хичээллэх асуудал шийдэгдсэн байна гэж Боловсролын яамнаас мэдээллээ.
Улстөр нийгэм
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт нэгдэв
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газар нэгдэн орсныг баталж, Засгийн газрыг төлөөлөн харилцах байгууллагаар Эрчим хүчний яамыг томиллоо.
Олон улсын нарны эрчим хүчний холбоо нь 2015 онд байгуулагдсан. Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төвтэй төрийн бус байгууллага юм.
Тус байгууллага нь Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн үйл ажиллагаатай давхцахгүй, нарны эрчим хүчний нөөц ихтэй улс орнуудад тулгамдсан асуудлыг хамтран шийдэх, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт санхүүгийн эх үүсвэр бий болгоход дэмжлэг үзүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой ажээ. Энэхүү холбоонд нэгдсэнээр бүс нутгийн сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг дэмжих, үйлдвэрийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэх, хүлэмжийн хийг бууруулах зэрэг давуу талтай юм.
Улстөр нийгэм
ЗГ: Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн санхүүжилтийг шийдвэрлэв
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн гурван өртөө, дөрвөн зөрлөгтэй 87.2 км салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажилд дотоодын 63 аж ахуй нэгж, байгууллагын 2748 инженер, техникийн ажилтнууд ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар доод бүтцийн газар шорооны ажил 93,5, ус дамжуулаххоолойн ажил 81,4, гүүр барих ажил 84 хувийн гүйцэтгэлтэй байна.
Тус төслийн нэгдүгээр шатны бүтээн байгуулалтын ажлын санхүүжилт 850.4 тэрбум төгрөг байхаар баталсан бөгөөд үүнээс гүйцэтгэлийн төлбөрт 156.2 тэрбум төгрөг шилжүүлжээ. Үлдэгдэл санхүүжилтийг Олон улсын санхүүгийн корпорац (IFC)-тай хамтран шийдвэрлэхээр ажиллаж байгаа бөгөөд санхүүжилт шийдвэрлэгдэх хүртэл дотоодын зах зээлээс 300 тэрбум төгрөгийн санхүүжилтийн бонд гарган хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгаж, “Төмөр замын барилгын ажлын төслийн санхүүжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг баталлаа. Энэхүү санхүүжилтийг шийдвэрлэснээр төсөл амжилттай хэрэгжих нөхцөл бүрдэнэ.
Улстөр нийгэм
Дулаан хангамжийн 11 Г, Д гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөж, шинэчлэв
Улаанбаатар хотын гол магистраль 11 Г, Д шугамыг 1984 онд ашиглалтад оруулж байсан бөгөөд дулаан хангамжийн 30 хувийг дангаар бүрдүүлдэг.
Тус шугамыг 2024 оноос эхлэн хэсэгчлэн өргөтгөж байгаа юм.
Тодруулбал, 2024 онд Саппорогийн уулзвараас 25 дугаар эмийн сан хүртэлх 1.6 км хос шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон шинэчилсэн.
Харин энэ онд 25 дугаар эмийн сангаас төмөр замын "BSB" цахилгаан барааны дэлгүүр хүртэл 750 метрийг шинэчлэв.
Ингэхдээ хонгилын систем буюу туннелтэй болгож буй. Ингэснээр дараа нь засвар үйлчилгээ хийхдээ авто зам сэтлэхгүйгээр дотор нь орж засах боломжтой юм.
Тус 11 Г, Д магистралийг өргөтгөн шинэчилснээр дамжуулах сүлжээний гол магистраль шугамын нэвтрүүлэх чадвар 800 тн/ц-аар нэмэгдэж, хотын төв, Цирк, Бага тойруу, Төв номын сан, Багшийн дээд, 13-р хороолол орчмын хэрэглэгчдийн дулаан хангамж сайжрах ач холбогдолтой юм.
Мөн дулаан дамжуулах сүлжээний алдагдал 5-15 хувиар буурна.